Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00484

 

 

 

 

2026 03 04 210/МА2026/00484

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/10923 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* -т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 73,807,836 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 59,200,000 төгрөгийн жилийн 36 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар автомашин барьцаалсан зээл авсан. ******* нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

1.2. Иймд ******* -с үндсэн зээл 57,618,973.38 төгрөг, зээлийн хүү 15,708,504.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 468,857.99 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 73,807,836 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Би 2024 оны 06 дугаар сард ******* ХХК-иас 59,200,000 төгрөгийн зээлийг сарын 2,8 хувь, жилийн 33,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлийн дуусах хугацаа 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, 2013 онд үйлдвэрлэгдсэн 2024 оны 03 сард орж ирсэн Тоёота виллпайр ******* улсын дугаартай автомашиныг баталгаа болгож фидуцийн гэрээ байгуулсан.

2.2. Тус автомашиныг эхнэрийн ах, эгч 2 манай гэр бүлтэй хамтраад Орос улсаас жуулчин зөөх өрхийн бизнест хэрэглэхээр авч, миний нэр дээр зээл гаргуулсан. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК-иас 48 сарын хугацаатайгаар зээл гаргаад өгч болно гэж дуудахад нь ах, эгч 2 автомашинаа авч очоод автомашиныг 59,200,000 төгрөгөөр үнэлээд зээлийг олгосон. Автомашинаа авсны дараа зээл төлөх графикаа гаргах гэхэд эдийн засагч 48 сар гэсэн боловч 24 сарын хугацаанд төлөх график гаргаж та санхүүгийн өндөр чадамжтай тул бага сараар олгож байна гэсэн. Тухайн үед манай эхнэр уурлаж маргаан үүссэн ч тус автомашинаар жуулчин зөөвөл сард 10,000,000 төгрөг олох боломжтой байсан тул бид энэ асуудлыг өнгөрөөсөн.

2.3. Автомашинаа авч зориулалтын дагуу Улаан-Үд хотоос жуулчин зөөхөөр 06 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хиагтын хилээр нэвтрэхээр очиход Орос улсын талаас автомашины гэрчилгээ банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгааг хараад энэ банк бус санхүүгийн байгууллага нь 2022 оны 10 дугаар сард хилээр автомашин гаргаад оруулж ирээгүй учир гаргахгүй гэсэн. Энэ тухай банк бус санхүүгийн байгууллагад мэдэгдсэн боловч асуудлыг шийдвэрлээгүйгээс гадна зээл төлөх графикийг шинэчлэх хүсэлт гаргасан боловч зээл эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулаагүй.

2.4. 2024 оны 07 дугаар сард 3,400,000 төгрөгийн төлөлтийг төлсөн. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* ХХК-ийн ажилтан ******* , н.******* нар автомашинд үзлэг хийе гэж эхнэрийг дуудаж, автомашиныг ачиж явна гэж маргалдсаар шөнийн 1 цагт автомашиныг хураан авсан. Тухайн үед эхнэрийг жолооны ард байхад автомашиныг хүчээр ачин эзгүй хол хашаанд аваачсан. Автомашиныг аваачсан газар эхнэр маань буугаад банк бус санхүүгийн байгууллагын захиралтай уулзах гээд автомашиных нь бариулаас барихад автомашинаа огцом асааж чирэн жалга руу унагааж аарцагт нь хөнгөн гэмтэл учруулж 4, 5 хоног эмнэлэгт хэвтэж, төрж чадалгүй хийсвэрээр төрсөн.

Нэхэмжлэгч талаас хамаарах асуудлыг шийдэж өгөөгүй, эхнэрийн эрүүл мэнд, миний санхүүгийн байдалд хохирол учруулсанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь 59,200,000 төгрөгийн автомашинаа хурааж авчихаад 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш хүү, алданги бодсон нь зөв үү. Бүх зүйл нь эргэлзээтэй байгаа учир үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-с 73,807,836.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 526,989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон байж нэхэмжлэгчийн шаардах эрхийг буруу тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд. Анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл зээлийн үндсэн төлбөр 57,618,973.38 төгрөгийг нэхэмжлэх ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.1, 21 дүгээр зүйлд тус тус зааснаар манай байгууллага нь зээлийн үйл ажиллагааны дагуу үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй. Энэ талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд тодорхой заасан. Манай байгууллага Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан.

4.2. Шүүхээс зээлийн гэрээ болон түүний дагуу шаардах эрхийг буруу тодорхойлсон тухайд. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авч үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлсэн хэмээн зөв дүгнэлт хийсэн байж яагаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг огт ойлгосонгүй, зөрүүтэй дүгнэлт өгсөн. Учир нь: Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга болох үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийг тодорхойлсон. Энэ аргаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж, тодорхой эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах, түүний дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсний дараа буцаан өгөх талаар хуулиар тодорхойлсон. Энэ маргаанд бидний зүгээс анх 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээл олгохдоо №ΦΓ1220130112000503 тоот фидуцийн гэрээний дагуу ******* -с автомашиныг өөрийн өмчлөлд бүртгүүлж, харин гэрээний үүргээ ******* бүрэн биелүүлсний дараа өмчлөлийг шилжүүлж өгнө хэмээн тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний 4.2.1, 4.2.2, 7.3-т тус тус зааснаар манай зүгээс хэрэв фидуцийн гэрээгээр шилжүүлсэн автомашиныг худалдан борлуулах тохиолдолд зээлдэгчид урьдчилан бичгээр мэдэгдэх ёстой. Бидний зүгээс *******-с автомашиныг хураан авснаас хойш өнөөдрийг болтол автомашиныг худалдан борлуулах ажиллагаа хийгдээгүй, ******* -ийг зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж байсан. Ийм байхад анхан шатны шүүхээс фидуцийн гэрээтэй холбоотой маргаан байхгүй гэж дүгнэснээ зээлийн гэрээ шууд дуусгавар болсон гэж тодорхойлсон нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээ нь зээлийн гэрээг дагалдаж хийгддэг гэрээ бөгөөд зөвхөн зээлдүүлэгчийн үүргээ биелүүлэх, төлүүлэх арга хэмжээ авах хэрэгсэл болохоос шууд зээлийн гэрээг дуусгавар болгох үр дагаврыг үүсгэхгүй.

4.3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тухайд. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* -т зээл олгосон эдийн засагчтай харилцсан чат, мессежийг үзүүлснээ манай байгууллагыг буруутай мэтээр харагдуулсан байдаг. Учир нь ******* -т зээл олгосон эдийн засагчийг бидний зүгээс хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан. ******* -ийн зээлийг судлахдаа барьцаа хөрөнгө болох автомашины зах зээлийн үнэлгээг хэт өндрөөр үнэлж өндөр дүнтэй зээл олгосон, өөр бусад найдваргүй зээл олгосон асуудлаас үүдэж манай байгууллага ихээхэн хэмжээний алдагдал хүлээх эрсдэл үүссэн. Ийм байхад шүүгчид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн ажилтны чат мессежийг үзүүлж өөрт ашигтай байдал үүсгэсэн. Энэ үйл баримтыг үгүйсгэх баримтыг гарган өгөх боломжийг бидэнд олгоогүй. Мөн ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр жирэмсэн эхнэрийг нь жалганд унагааж, 5 хоног эмнэлэгт хэвтээд хийсвэрээр төрсөн гэсэн худал үгэнд нь итгэж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нөгөө талаар бид ******* -т өндөр дүнтэй зээл олгоод түүний 8 сар унасан автомашиныг одоо болтол түрээсийн хашаанд байлгаж, харуул хамгаалалт, хоног тутмын түрээсийн зардлыг төлж байгааг харгалзаж үзээгүй. Мөн ******* нь автомашиныг Алтанбулаг боомтоор гаргаж чадахгүй байгаа гэж худал хэлсэнд шүүгч итгэж байгаад үнэхээр гайхаж байна. Хариуцагчийн энэ тайлбарыг үгүйсгэх баримтуудыг бид бүрдүүлж өгөх бүрэн боломжтой. Манай Зээлийн үйл ажиллагааны журамд тодорхой заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй бөгөөд тус гэрээний 5 дугаар 5.14 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр байгаа болно. Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд барьцааны гэрээ хууль зөрчиж хүчингүй болсон ч зээлийн гэрээ нь дагаж хүчингүй болдогтой адилхан нөхцөл байдал юм.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд анхан шатны шүүх биднийг зээлийн гэрээний дагуу хэдэн төгрөг шаардах ёстойг зөрүүтэй бичсэн, мөн фидуцийн гэрээтэй маргаангүй гэж бичснээ нөгөө талаар түүнийг шууд үгүйсгэсэн тайлбар, эргэлзээтэй нотлох баримтууд, талуудын хэлсэн тайлбар зэргийн зөрүүг арилгахгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* -т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73,807,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, автомашин худалдан авч, бизнес хийхээр зээл авсан боловч нэхэмжлэгч талын буруугаас автомашинаараа бизнесээ хийж чадаагүй, зээл эргэн төлөх хуваарийг өөрчлөх хүсэлтийг шийдвэрлээгүй, фидуцийн зүйл болох автомашиныг хураан авсан, хураан авахдаа эхнэрт гэмтэл учруулсан, автомашиныг хураан авснаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоогоогүй гэх үндэслэлээр маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. 

 

3.1. Хариуцагч ******* нь ...2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд Фидуцийн гэрээ байгуулж, Тоёота виллпайр маркийн ******* улсын дугаартай автомашиныг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, ******* ХХК нь уг автомашиныг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хураан авсан гэсэн тайлбар гаргажээ.

 

3.2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан Фидуцийн гэрээ хэрэгт авагдаагүй байхад зохигч уг гэрээ байгуулсан талаар маргаагүй гэж дүгнэж, улмаар фидуцийн зүйлийн талаар дүгнэсэн нь буруу.

 

Талуудын хооронд байгуулсан Фидуцийн гэрээ-ний тохиролцоог гэрээний эх бичвэрт үндэслэн тогтоох тул уг гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт авсны дараа маргааныг шийдвэрлэх нь хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоно.

 

4. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/10923 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 526,989 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

 

Н.ОЮУНТУЯА