Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 167

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир                                                                                                                     

Улсын яллагч Э.Хосбаяр 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1930002440202 дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн,  20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Үхэр чулуун гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Б.М.    

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч  Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар  багийн нутаг дэвсгэр сумын төвд өөрийн эзэмшлийн Сани маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийн хориглоно. а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй”, 3.4-т жолооч дараах үүрэг хүлээнэ. в/ “Мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаадах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.3-т “ жолооч хөдөлгөөнд аюул саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч А.Э, А.Т, Г.М нарыг мөргөж А.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр А.Т, Г.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зөв гэв.

 

Эрүүгийн 1930002440202 дугаар хэргээс: 

 

Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ Би 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хөдөө гэрээсээ сумын төвд цэнхэр өнгийн улсын дугааргүй Санни маркийн мотоциклтой ирсэн. Орой 20 цагийн үед хөдөө гэр рүүгээ явах гээд сумын төвд байх О нэртэй дэлгүүр ороод юм авчихаад дэлгүүрийн хойд талд байх засмал замаар баруун зүг рүү явж байгаад хүүхдүүд хөндлөн гарахыг анзааралгүй, өөр тийш харж байгаад гэнэт тухайн хүүхдүүдийг харж тооромз дарсан боловч зогсоож чадалгүй Эгэх арай том хүүхдийг эхэлж мөргөж мотоциклтойгоо унасан. Харин эхэлж надад дайрагдсан хүүхэд унахдаа хамт явж байсан 2 хүүхдийг цаашаа мөргөж нийт 3 хүүхэд унасан. Мотоцикл баруун талаараа зам дээр унасан. Босоод ирсэн чинь Энь босч чадахгүй, хөл өвдөж байна гээд байсан. Нөгөө 2 хүүхэд нь хөдлөхгүй байж байснаа босоод ирсэн. Надад мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Энэ мотоцикл минийх бөгөөд улсын дугааргүй, би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан ба ослын улмаас надад гэмтэл учраагүй. Би өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би А.Эд эмчилгээний зардалд 1,070,000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн гомдол саналгүй болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 55 хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч А.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найзууд болох А.Т, Г.М нарын хамт сумынхаа Хэрлэн нэртэй хоолны газрын урд байх засмал замаар гарч байгаад гэнэт нэг мотоциклд мөргүүлсэн. Би ухаан алдаад эмнэлэгт сэрсэн. Манай аав ээж бас ирчихсэн байсан. Би Сүхбаатар аймаг руу маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр аав ээжийн хамт явж эмчилгээ хийлгэсэн. Миний 2 шүд хөдөлсөн, 1 шүд ойчсон, эрүү цууралттай, зүүн шанаандаа хавдсан, дунд чөмөг хугарсан, толгой доргисон, цус хуралттай байна гэсэн. Би Сүхбаатар аймагт очиж 20 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай гэрийнхэн миний эмчилгээний зардал гэж Б.Мөөс 1.070.000 төгрөг авсан. Миний бие одоо зүгээр байна.”...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гадаа тоглож байгаад зам тээврийн осолд орсон юм. Тэгээд эмнэлэг дээр очиход жоохон хавагнаад байсан тариа хийлгээд гайгүй болсон. Одоо ямар нэгэн байдлаар өвдсөн юм байхгүй.”...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Г.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрийнхээ хажуу талд байдаг дэлгүүрийн тэнд тоглож байгаад гэрлүүгээ харих гээд замын тэнд зогсож байтал мотоцикл ирээд намайг мөргөсөн. Одоо миний бие зүгээр өвдөж байгаа зүйл байхгүй.”...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/

  

Гэрч Ц.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “Манайх Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг Худалдааны гудамжинд байдаг. 2019 оны 05 сарын 23-ны өдөр дэлгүүрээ хаачихаад машинаа хашаандаа оруулж байх үед Мөнхбаяр нь дэлгүүрийн гадна хүүхдүүдтэй тоглож байсан. Удалгүй миний утас руу хүн залгаад танай хүүхэд мотоциклд дайрагдсан байна гэхээр нь гарч очиход манай дэлгүүрийн хойд талын засмал зам дээр 3 эрэгтэй хүүхдийг газар хэвтүүлсэн байсан. Манай хүүхэд зүүн захад нь хэвтэж байсан. Зам дээр улаан өнгийн мотоцикл байсан. Мөнхбаярын тохой, чих, нуруу хэсгээр халзарсан байсан. Одоо хэвтрийн дэглэм бариулж байгаа. Хоол ундандаа сайн, сэргэлэн цовоо байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/

 

Гэрч Г.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай гэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг Худалдааны гудамж Оргих нэртэй дэлгүүрт байдаг бөгөөд осол болсон газраас зүүн урд зүгт байдаг юм. Би 2019 дны 05 дугаар сарын 23-ны өдөр хөдөөгүүр явж байгаад 19 цаг 40 минутын үед хөдөөнөөс орж ирээд гэрийнхээ гадаа ирсэн чинь хүмүүс засмал зам дээр цуглаад байсан. Энд юу болсон талаар асуухад хүүхдүүд мотоциклд дайруулсан гэсэн бөгөөд удалгүй манай хүүхэд Тэмүүжин нь дайруулсан талаар мэдсэн юм. Очиход манай хүүг зам дээр хүн тэврээд сууж байсан. Тэгээд би хүүгээ аваад эмнэлэг явсан. Одоо манай хүүгийн духны баруун хэсэгт халцарч овойсон, баруун чамархайн ар хэсэгт овойсон байсан. Одоогийн байдлаар биеийн байдал сайн, хоол ундандаа сайн, сэргэлэн цовоо байна.” ...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/

 

Гэрч Х.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг Алтан овоо гэх газарт амьдардаг ба 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний төрсөн хүү А.Эг манай сумын залуу Б.М дайрч гэмтээсэн ба 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би хүүгээ Сүхбаатар аймаг руу авч явж эмчилгээ хийлгэсэн. Манай хүүгийн 2 шүд хөдөлсөн, 1 шүд ойчсон, эрүү цууралттай, зүүн шанаа хавдсан, дунд чөмөг хугарсан, толгой доргисон, цус хуралттай байна гэсэн. Сүхбаатар аймагт 20 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Б.Мөөс эмчилгээний зардал гэж 1.070.000 төгрөг авсан. Миний хүүгийн бие зүгээр аомдол санал байхгүй” ...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 293 тоот дугаартай: Амарсайхан овогтой Эзэнхүүгийн   биед “ тархи дОт, баруун талын дунд чөмөгний далд хугарал, дээд уруул буйлны урагдсан шарх, дээд үүдэн 1 шүдний булгаралт, зүүн чихний доод хэсгийн цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл  мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт  нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 35-36 хуудас/,

 

- Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 24, 29, 34 хуудас/,

 

- Техникийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаартай: Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд улсын дугааргүй улаан өнгийн Сани маркийн мотоциклийн жолооч Б.М нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийн хориглоно. а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ”, мөн дүрмийн 3.4-т жолооч дараахь үүрэг хүлээнэ. в/ “Мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх ”, мөн дүрмийн 12.3-т “ жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн  байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 40 хуудас/, 

 

- Хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-6 хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт /хх-ийн 57 хуудас/

 

- Шүүгдэгч Б.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 56 хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн албаны байцаагч Э.Бат-Үйлсийн тодорхойлолт /хх-ийн 56 хуудас/

 

- Насанд хүрээгүй хохирогч Х.Эзэнхүүгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 60 хуудас/

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 64 хуудас/

 

         - Шүүгдэгч Б.Мийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар  багийн нутаг дэвсгэр сумын төвд өөрийн эзэмшлийн Сани маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.в, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас  явган зорчигч А.Э, А.Т, Г.М нарыг мөргөж А.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Мийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч А.Э, насанд хүрээгүй гэрч А.Т, Э.Мөнхбаяр, гэрч Ц.С, Г.У, Х.У нарын мэдүүлгүүд, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 293, техникийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаартай дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж  заасан бөгөөд шүүгдэгч Б.Мийн үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.М  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч Б.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгч Б.М нь насанд хүрээгүй хохирогч А.Эд учирсан хохирол эмчилгээний зардалд 1 070 000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.У гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Мд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлсөн  зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Мд ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.Мийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.Мийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.У гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон бичгийн  баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.У гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Буянтогтохын Мөнхжилийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Мд тэнссэн хугацаанд  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх  зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,  үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Мд мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.У гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчээс  хохирогчид    гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 070 000 төгрөг төлсөнийг  тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА