| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 183/2024/02283/И |
| Дугаар | 210/МА2026/00489 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00489
2026 03 04 210/МА2026/00489
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Д.Хулан, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10300 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* -д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* оролцож,
2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 172, 173, 174, 175, 176, 177, 178, 179, 180, 181, 182, 183, 186, 202, 203 дугаар гэрээнүүдээс татгалзаж, үр дагаварт 255,000 ам.доллар буюу 830,246,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* , хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хариуцагч ******* -ын төрсөн охин Б.Г******* , хүргэн Д.С******* нар нь АНУ-ын Иллинойс мужид байрлах хувийн орон сууцыг манай компанийн хувьцаа эзэмшигч Ц.Э-д худалдахаар харилцан тохиролцон, Б.Г******* -т урьдчилгаа төлбөр болгон 15,000 ам.долларыг бэлнээр төлж, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тухайн орон сууцыг худалдан авах гэрээг Б.Г******* , Д.С******* нартай байгуулсан.
1.2. Улмаар хувьцаа эзэмшигч Ц.Э******* нь Б.Г******* -т дээр дурдсан хувийн сууцны төлбөртөө тооцон, манай компанийн барьсан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх санал тавьсныг Б.Г******* нь зөвшөөрч, эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн төрсөн эх А.Ц******* -ын нэр дээр шилжүүлж өгөх талаар 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр "Г******* ХХК-д бичгээр хүсэлт гаргасан болно. Ц.Э******* нь "Г******* " ХХК-иас өөрийн эзэмшиж буй хувьцаанд ноогдох ногдол ашгийг урьдчилан, үл хөдлөх хөрөнгөөр авах хүсэлтийг хувьцаа эзэмшигчдийн хуралд гаргаснаар, "Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан ******* байрны зоорийн давхарт байрлах бусдад худалдан борлуулаагүй байсан 172, 173, 174, 175, 176, 177, 178, 179, 180, 181, 182, 183, 186, 202, 203 тоот хаягт байрлах нийт 15 ширхэг автозогсоолыг 225,000 ам.долларт тооцон Ц.Э******* -ын ногдол ашигт шилжүүлэх тухай" тогтоол гарч, холбогдох гэрээ хэлцлийг байгуулсан байна.
1.3. "Г******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дээрх тогтоолыг үндэслэж, иргэн А.Ц******* -тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр "Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих, бариулах гэрээ"-нүүдийг байгуулснаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хаяг бүхий 15 автозогсоол нь А.Ц*******-ын өмчлөлд шилжсэн болно. Ийнхүү "Г******* ХХК нь иргэн Ц.Э******* -ын ногдол ашигтаа урьдчилан тооцож авсан 15 ширхэг автозогсоолыг 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан худалдан авах гэрээний төлбөрт төлсөн юм.
1.4. Гэвч хувьцаа эзэмшигч Ц.Э******* нь худалдан авсан хувийн сууцыг өмчлөлдөө авч, гэрээ хэлцлээ дүгнэснээр ногдол ашгаа хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байсан тул дээрх автозогсоолуудын төлбөр нь манай компанийн санхүүгийн балансад бусдаас авах авлагад бүртгэлтэй хэвээр байгаа болно. Учир нь хариуцагчийн охин Б.Г******* , түүний нөхөр Д.С******* нар нь худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх ёстой байсан АНУ дахь орон сууцаа 2021 оны 07 дугаар сард бусдад худалдан борлуулсан болохыг хувьцаа эзэмшигч Ц.Э******* нь 2023 оны 9 дүгээр сард олж мэдсэн бөгөөд уг гэрээ хэлцэл хэрэгжих ямар ч боломжгүй болсон байна. Мөн манай компаниас өмчлөлд шилжүүлсэн маргаан бүхий автозогсоолуудыг А.Ц******* нь хамгийн сүүд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.С******* 12 дугаар сарын 28-ны өдөр Т.Э******* нарт худалдсан болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул бид үл хөдлөх эд хөрөнгүүдээ биет байдлаар нь буцаан авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд "Г******* ХХК болон А.Ц******* нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан "Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай бариулах" тухай 172, 173, 173, 175, 176, 177, 178, 179, 180, 181, 182, 183, 186, 202, 203 тоот гэрээнүүд нь хэрэгжих боломжгүй болсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсан үр дагаврыг арилгаж, гэрээний хохиролд 255,000 ам.доллар буюу 830,246,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын агуулгад Г******* ХХК-ийн 25 хувь эзэмшигч Ч.Э******* нь А.Ц******* -ын АНУ-д амьдардаг охин Б.Г******* -с хувийн сууцыг нь худалдан авах гэрээг 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, 320,000 ам.доллараар худалдаж авсан бөгөөд тодорхой хэмжээний мөнгө бэлнээр өгч, төлбөрөө төлж хаусыг хүлээн авах боломжгүй тул ашиглалтын зардалд автомашины дулаан зогсоол өгч, түүнийг нь А.Ц******* зарж борлуулан охиндоо мөнгийг нь шилжүүлжээ. Ч.Э******* нь АНУ-д байрлах Б.Г******* болон түүний нөхөр S******* нарын өмчлөлийн хаусыг авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулаад уг хаусны төлбөрийг төлөхгүй, хүлээн авахгүй удсан бөгөөд Б.Г******* болон түүний нөхөр өөр хот руу нүүсэн тул худалдсан хаусны сар бүрийн төлбөр, ашиглалтын зардал 2500-3500 ам.доллар гарч байсан. Б.Г******* нь 2013 оны зун Монгол улсад ирж Ч.Э******* -ыг худалдаж авсан хаусныхаа төлбөрийг төлөөд хүлээн ав, төлөхгүй бол сар бүр ашиглалтын зардал өндөр гарч байгааг хэлэн уулзахад хаусыг хүлээн авах, төлбөрийг төлөх боломжгүй байгаа, харин уг хаусын ашиглалтын зардалд одоо ашиглалтад орж байгаа барилгаас автомашины зогсоол өгье, та нар уг зогсоолыг зарж, ашиглалтын зардлаа төлж бай гэсэн болно. Б.Г******* нь уг зогсоолуудын гэрээг хийж амжихгүй АНУ-руу буцсан тул ээж А.Ц******* 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр уг зогсоолуудын гэрээг Б.Г******* -ийг төлөөлөн байгуулан, зогсоолуудыг хүлээн авч, худалдан борлуулаад орж ирсэн бүх төлбөрийг өөрийн охин Б.Г******* рүү шилжүүлсэн бөгөөд Б.Г******* нь Ч.Э******* -д худалдсан хаусны ашиглалтын зардлыг уг зогсоолын төлбөрөөр барагдуулсан болно. Ч.Э******* болон Б.Г******* нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь иргэн А.Ц*******-д хамааралгүй, гэрээний нэг тал биш тул тайлбар хийхгүй болно.
2.2. Г******* ХХК болон иргэн А.Ц******* нарын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан "Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай бариулах тухай" 172-183, 186, 202, 203 дугаартай нийт 15 гэрээнд талууд харилцан гарын үсэг зурсан нь хүсэл зоригоо илэрхийлсэн, хэлэлцэн тохирсон гэж үзэхээр байхаас гадна 2 талын гэрээ тул компанийн оролцоогүйгээр хийгдэх боломжгүй бөгөөд гэрээний зорилгоо биелүүлэх гэж хаусны ашиглалтын зардлыг төлөхөөр компани хүсэж хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг зөвшөөрөхгүй. Уг гэрээг А.Ц******* нь Б.Г*******-ийг төлөөлөн хийсэн тул уг хэлцэл нь Ч.Э******* болон Б.Г******* нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан үндсэн гэрээтэй хамааралтай гэж үзэж байна. Харин Г******* ХХК нь А.Ц******* -д холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны Өдрийн 172, 173, 174, 175, 176, 177, 178, 179, 180, 181, 182, 183, 186, 202, 203 дугаар гэрээнүүдээс татгалзаж, үр дагавар 255,000 ам.доллар буюу 830,246,400 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Гэтэл Г******* ХХК болон Ч.Э******* нар нь хуульд заасны хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасныг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
3.1. Иргэн Ц.Э******* нь А.Ц******* -ын охин Б.Г******* , хүргэн Д.С******* нарын хувийн орон сууцыг худалдан авахаар тохиролцон 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба гэрээний урьдчилгаа төлбөрт 15,000 ам.долларыг бэлнээр өгсөн. 2013 оны 11 дүгээр сард Б.Г******* орон сууцны төлбөрөө авмаар байна гэсэн бөгөөд Ц.Э*******-ын зүгээс төлбөрийг шууд өгөх боломжгүй байна, өөрийнхөө хувьцааг нь эзэмшдэг "Г******* ХХК-ийн барьсан "С*******" хотхоны 15 автомашины зогсоолын талбайг АНУ дахь хувийн орон сууцны төлбөрт тооцож өмчлөлд нь шилжүүлэх саналыг тавихад Б.Г******* нь зөвшөөрсөн байдаг. Дээрх хаягт байрлах 15 автозогсоолыг 225,000 ам.долларт тооцон урьдчилан шилжүүлж авах, улмаар эдгээр хөрөнгийг иргэн Б.Г*******-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлэх хүсэлтийг бусад хувьцаа эзэмшигчдэд гаргаж, хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийг гаргуулж, "Г******* ХХК-тай холбогдох гэрээ хэлцлийг байгуулсан юм.
3.2. Үүний дагуу Б.Г******* нь удахгүй АНУ-руу буцах тул 15 автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн эх А.Ц*******-ын нэр дээр гаргуулж өгөх хүсэлтийг гарган 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр "Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих, бариулах гэрээ"-нүүдийг байгуулж, иргэн Б.Г******* болон түүний нөхөр Д.С******* нартай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлж өгсөн ч өнөөдрийг хүртэл ногдол ашиг ч үгүй, үл хөдлөх эд хөрөнгө ч үгүй болж хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж хохирсон хэвээр байна. Дээрх байдлаар 15 автозогсоол нь хариуцагч А.Ц*******-ын өмчлөлд бүрэн шилжсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Гэтэл Б.Г*******, Д.С******* нар нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрт Ц.Э*******-с 15,000 ам.долларыг бэлнээр, мөн төрсөн эх А.Ц******* нь 9,000 ам.доллар, 10,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр авч, дээрээс нь "Г******* ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 15 автозогсоолыг шилжүүлж авсан атлаа АНУ-д байрлах хувийн орон сууцыг 2021 оны 07 дугаар сард бусдад худалдан борлуулсан болохыг 2023 онд олж мэдсэн бөгөөд дээрх гэрээ хэлцэл нь хэрэгжих боломжгүй болсон гэж үзэж байна. Мөн маргаан бүхий 15 автозогсоолыг А.Ц******* нь бусдад худалдсан болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд "Г******* ХХК-ийн иргэн А.Ц*******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ц*******-д холбогдох 2013 оны 11 сарын 25-ны өдрийн 172, 173, 174, 175, 176, 177, 178, 179, 180, 181, 182, 183, 186, 202, 203 дугаар гэрээнүүдээс татгалзаж, үр дагаварт 255,000 ам.доллар буюу 830,246,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч Б.Г*******-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,309,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг зөв дүгнээгүй. Хариуцагч ******* нь "Г******* ХХК-тай маргаан бүхий гэрээнүүдийг байгуулсан эсэх, үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч захиран зарцуулсан эсэх болон гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдалтай маргадаггүй ба "Г******* ХХК-иас гэрээгээр шилжүүлж авсан 15 ширхэг автозогсоолыг 2013-2023 онд бусдад худалдан борлуулсан болох нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувийн хэргийн баримтуудаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт Эдгээрээс дүгнэхэд Г******* ХХК болон А.Ц******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байна... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь "Г******* ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Э*******-д 15 автозогсоолыг компаниас авах ногдол ашигт урьдчилан тооцон шилжүүлэх шийдвэрийг гаргаж байсан боловч энэхүү шийдвэрийн дагуу иргэн Ц.Э*******-д тухайн хөрөнгүүдийг захиран зарцуулах эрх бодитоор үүсээгүй болно. Тодруулбал Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч А.Ц*******-тай маргаан бүхий 15 худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орсноор эдгээр хөрөнгүүд А.Ц*******-ын өмчлөлд шилжсэн байдаг. Ингээд Г******* ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ц.Э*******-ын бусадтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцохоор ногдол ашигт урьдчилан өгсөн хэдий ч биетээр Г******* ХХК-ийн санхүүгийн тооцооноос хасагдаагүй, санхүү бүртгэлийн тайланд бусдаас авах авлагаар бүртгэгдэн, иргэн Ц.Э******* өөрөө ногдол ашгаа аваагүй, худалдаж авахаар тохирсон үл хөдлөх эд хөрөнгөө ч авч чадалгүй хохирсоор явна. Гэтэл иргэн А.Ц******* Г******* ХХК-ийн дээрх эд хөрөнгийг ямар ч төлбөр тооцоо хийлгүйгээр худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан өөрийн нэр дээр болгосон төдийгүй бусдад худалдан борлуулж ашиг олж, Г******* ХХК-ийг хохирсоор байгаа төдийгүй ямар ч үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч хөрөнгөжиж, улмаар бусдад худалдан борлуулснаа нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг. Гэвч анхан шатны шүүх эдгээр үйл баримт болон нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэлгүй, нэхэмжлэгч "Г******* ХХК нь иргэн А.Ц*******-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой аливаа байдлаар шаардах эрхээ хэрэгжүүлэх, түүнчлэн гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй этгээд байтал нэхэмжлэгч Г******* ХХК-ийг шаардлага гаргах этгээд биш гэж үзсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Энэ маргаан Ц.Э*******, Б.Г******* нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээний үр дагавар. Уг гэрээгээр хувийн сууцыг 320,000 ам.доллараар худалдах, худалдан авахаар тохиролцсон боловч 15,000 ам.долларыг төлсөн. 2012 онд Б.Г******* тухайн хувийн сууцнаас нүүж орон сууцны ашиглалтын сарын төлбөр 3,500 ам.доллар төлөх болсон. Ц.Э******* нь би Г******* ХХК-д хувьцаа эзэмшдэг бөгөөд чиний үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахыг болиулсан учир ашиглалтын зардалд 15 ширхэг автозогсоолыг чиний нэр дээр шилжүүлье гэж тохиролцсон. Б.Г*******-ийн гаргасан хүсэлтэд надад өгөх 15 ширхэг автозогсоолыг миний ээж А.Ц********-ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн байдаг. Үүнээс биш А.Ц******* нь худалдах, худалдан авах гэрээний нэг тал болоогүй. Хэрэгт авагдсан 15 гэрээнд төлбөр 100 хувь төлөгдсөн гэж бичигдсэн. Тухайн төлбөр нь ашиглалтын зардалд тооцогдсон. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй.
6.2. Г******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Э******* болон Б.Г******* нарын хооронд байгуулагдсан үндсэн гэрээг дүгнээгүй учраас нэхэмжлэл үндэслэлгүй. Ц.Э******* нь Б.Г*******-т холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхтэй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Тухайн 15 ширхэг автозогсоолыг Б.Г*******-ийн зөвшөөрлийн дагуу А.Ц*******-д шилжүүлж, А.Ц******* зарж борлуулаад төлбөрийг нь Б.Г*******-т шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч А.Ц*******-д холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 172, 173, 174, 175, 176, 177, 178, 179, 180, 181, 182, 183, 186, 202, 203 дугаар гэрээнүүдээс татгалзаж, үр дагаварт 255,000 ам.доллар буюу 830,246,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ц.Э*******, Б.Г******* нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрт Б.Г*******-ийн хүсэлтээр 15 ширхэг автозогсоолыг шилжүүлэн авч, худалдан борлуулаад төлбөрийг Б.Г*******-т шилжүүлсэн, гэрээний оролцогч биш, гэрээг Б.Г*******-ийг төлөөлөн байгуулсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шаардах эрхгүй гэж маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Э******* нь нэхэмжлэгч Г******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцсон байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу үнэлж, зохигчийн маргааны зүйл, эрх зүйн харилцааг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
4. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.1. АНУ-ын иргэн S*******, G******* нар нь Ц.Э*******-тай 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр худалдан авах гэрээг байгуулж, 907 *******хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 320,000 ам.доллараар худалдах, урьдчилгаа 15,000 ам.долларыг авч, худалдан авах төлбөрийн нэмэлт 35,000 ам.долларыг 2012 оны 06 дугаар сард төлөхөөр, нийт үнэ төлөгдөж дуусах өдөр Ц.Э******* нь үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж эхлэхээр тохиролцжээ. /1хх-17-18х/
4.2. Ц.Э******* нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Г******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд хүсэлт гаргасныг Г******* ХХК хүлээн авч, Г******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тоот орон сууцны барилгын 15 ширхэг автозогсоол /нэг бүрийн үнэ 15,000 ам,доллар, нийт 225,000 ам,доллар/-ын өмчлөх эрхийг хувьцаа эзэмшигч Ц.Э*******-д ногдол ашигт тооцон шилжүүлж, хувьцаа эзэмшигч Ц.Э*******-с гаргасан хүсэлтийн дагуу 15 ширхэг автозогсоолыг иргэн А.Ц*******-д шилжүүлэх, холбогдох гэрээ хэлцлийг байгуулахыг гүйцэтгэх захирал Ц.Б*******, хувьцаа эзэмшигч Б.С******* нарт даалгажээ. /2хх-64-65х/
4.3. Б.Г******* нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Г******* ХХК-д хандан 15 ширхэг автозогсоолыг өөрийн ээж А.Ц*******-ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хүссэн хүсэлтийг гаргажээ. /2хх-63х/
4.4. Г******* ХХК нь Ц.Э*******-тай 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Автомашины дулаан зогсоолын талбайг ногдол ашигт тооцон өгөх тухай гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ******* байрны зоорийн давхарт байрлах, 286 машины нэгдсэн гаражийн зогсоолоос 15 ширхэг автозогсоолыг Г******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Э*******-ын ногдол ашигт тооцон өгөх, уг 15 ширхэг автозогсоолыг хувьцаа эзэмшигч Ц.Э*******-ын худалдан авахаар тохиролцсон АНУ-ын 907 ******* хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт G*******-ийн хүсэлтийн дагуу түүний төрсөн эх А.Ц*******-ын өмчлөлд Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих бариулах гэрээ-г байгуулж шилжүүлэх, ...ногдол ашигт тооцон шилжүүлэх 15 ширхэг автозогсоолын нэг бүрийн үнэ 15,000 ам,доллар буюу 26,188,950 төгрөг, нийт 225,000 ам.доллар буюу 392,834,250 төгрөг байхаар тохиролцжээ. /2хх-66х/
4.5. Г******* ХХК нь А.Ц*******-тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 172, 173, 174, 175, 176, 177, 178, 179, 180, 181, 182, 183, 186, 202, 203 дугаар Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих бариулах гэрээ-нүүдийг байгуулж, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Г-40 дүгээр байрны зоорийн 2 давхарт байрлах 172, 173, 174, 175, 176, 177, 178, 179, 180, 181, 182, 183, 186, 202, 203 тоот автомашины дулаан зогсоолыг А.Ц*******-ын өмчлөлд шилжүүлж, нэг бүрийн үнэ 15,000 ам.доллар буюу 26,188,950 төгрөгийг бэлэн төлөхөөр тохиролцжээ. /1хх-24-54х/
4.6. А.Ц******* нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай *******дүгээр байрны зоорийн 2 давхарт байрлах 172, 173, 174, 175, 176, 177, 178, 179, 180, 181, 182, 183, 186, 202, 203 тоот автомашины дулаан зогсоолуудыг өмчлөлдөө шилжүүлэн авч, бусдад худалдан борлуулсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/14598 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. /1хх-119-2хх-40х/
5. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г******* ХХК нь нэхэмжлэлээр шаардаж буй 15 ширхэг автозогсоолыг хувьцаа эзэмшигч Ц.Э*******-д ногдол ашигт тооцож өгсөн байх бөгөөд хувьцаа эзэмшигч Ц.Э*******-ын хүсэлтийн дагуу түүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан Б.Г*******-ийн ээж А.Ц*******-тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих, бариулах гэрээ-нүүдийг байгуулж, 15 ширхэг автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлжээ.
Нэхэмжлэгч Г******* нь 15 ширхэг автозогсоолыг ногдол ашигт тооцож хувьцаа эзэмшигч Ц.Э*******-д хүлээлгэн өгөх үүргийн хүрээнд түүний хүсэлт зөвшөөрлөөр А.Ц*******-д үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн ...нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасанд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, Г******* ХХК нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоол болон Ц.Э*******-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Автомашины дулаан зогсоолын талбайг ногдол ашигт тооцон өгөх тухай гэрээ-ний дагуу Ц.Э*******-д ногдол ашигт 15 ширхэг автозогсоол шилжүүлэн өгөх үүргээ үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна.
6. Иймээс анхан шатны шүүхийн Г******* ХХК болон А.Ц******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэх дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Ц.Э*******-с *******-тэй байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнийхээ төлбөрт шилжүүлсэн 15 автозогсоолыг нэхэмжлэгч Г******* ХХК нь буцаан шаардах эрхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь дүгнээгүй, нэхэмжлэгч Г******* ХХК нь А.Ц*******-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой аливаа шаардах эрхээ хэрэгжүүлэх, гэрээнээс татгалзах эрхтэй байтал шаардлага гаргах этгээд биш гэж хуулийг буруу тайлбарласан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7 Г******* ХХК нь А.Ц*******-тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих бариулах гэрээ-нүүдийг байгуулсан нь Ц.Э*******-ын хүсэл зоригоор түүнийг төлөөлж байгуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Г******* ХХК нь А.Ц*******-тай гэрээ байгуулж, 15 ширхэг дулаан зогсоолыг түүний өмчлөлд шилжүүлснээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, иргэн Ц.Э*******-д тухайн хөрөнгүүдийг захиран зарцуулах эрх бодитоор үүсээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Нэхэмжлэгч ******* ХХК нь манай компани А.Ц*******-тай гэрээ байгуулж, түүний өмчлөлд 15 ширхэг автозогсоолыг шилжүүлсэн учраас хувьцаа эзэмшигч Ц.Э******* нь худалдан авсан хувийн сууцыг өмчлөлдөө авч гэрээг дүгнэснээр ноогдол ашгаа хүлээн авсан гэж үзэх байсан тул 15 ширхэг автозогсоолын төлбөр нь манай компанийн санхүүгийн блансад одоо хүртэл бусдаас авах авлагад бүртгэлтэй хэвээр байгаа, манай компани Ц.Э*******-ын ногдол ашгийг өгөөгүй гэх үндэслэлээр хамтран хариуцагчаар Б.Г*******-ийг, гуравдагч этгээдээр Ц.Э*******-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, шүүхээс Б.Г*******-ийг албадан ирүүлэх ажиллагаа хийсэн боловч оршин суугаа газар нь тодорхойгүйгээс оролцуулах боломжгүй болж нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Б.Г*******-ийг оролцуулах хүсэлтээсээ татгалзжээ. /2хх-91-93, 96-116х/
Нэхэмжлэгч Г******* ХХК нь ногдол ашигт тооцон 15 ширхэг автозогсоолыг Ц.Э*******-д шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн болохыг дээр дүгнэсэн тул 15 ширхэг автозогсоолын төлбөр компанийн санхүүгийн баримтад авлагаар бүртгэлтэй гэх байдал нь компанид шаардах эрх үүсгэхгүй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Ц.Э*******-ын АНУ-ын иргэн S******* нартай 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй дурдах нь зүйтэй байна.
Мөн дээр дүгнэсэнчлэн Г******* ХХК нь А.Ц*******-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Захиалгаар автомашины дулаан зогсоолын талбай барих бариулах гэрээ-нүүдийн 15 ширхэг автозогсоолын төлбөр 225,000 ам.долларыг Ц.Э*******-ын АНУ-ын иргэн S******* нартай байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн тул Ц.Э*******-д дээрх гэрээний 15 ширхэг автозогсоолын төлбөр 225,000 ам.долларыг АНУ-ын иргэн S******* нартай байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардах эрх үүссэн болохыг дурдах нь зүйтэй байна.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,309,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Н.ОЮУНТУЯА