Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 169

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир, 

Улсын яллагч Л.Мөнхбаяр, 

Хохирогч Т.Б, 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат, 

Гэрч Б.Т, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, 

Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Эт холбогдох эрүүгийн 1830003600153 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Зуугийн овоо гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Л.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Наран саран гэх газарт хохирогч Т.Бийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, нуруун тус газар нь гар болон хөлөөрөө цохисны улмаас эрүүл мэндэд нь “дээд баруун 1-р шүдний хугарал, уруулын дотор талын язарсан шарх, тархины эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч  Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өглөөний 09 цагийн үед босоод адуугаа харахад манай адуу Бийн гэрийн ойролцоо байсан бөгөөд  морьтой хүн урагшаа тууж байгаа харагдсан. Тэгэхээр нь би мотоцикльтой яваад очиход Б мориноосоо буугаад явган сууж байсан. Намайг очиход морь нь үргээд алдуурсан. Би  “чи яагаад миний адууг туугаад байгаа юм бэ?” гэхэд адуу чинь манай бэлчээрийг идээд байна гээд  Б намайг бооход миний ухаан балартсан. Нэг харахад Бийн үүдэн шүднээс цус гарч байсан. Тухайн үед Б.Т хажууд хараад мотоцикльтойгоо байсан. Өөр хүн байгаагүй гэв.

 

Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  10-11 цагийн хооронд Эрдэнэбаярын адуу манай хужир, шүү хийсэн онгоцон дээр ирсэн. Урьд шөнө нь мөн Эрдэнэбаярын адуу гэрийн гадаа ирэхээр нь би босож хөөсөн. 11 дүгээр сарын 08-ны  өглөө би  Эрдэнэбаярын адууг хоньтойгоо цуг хөөгөөд бэлчээрт нь гаргасан. Гэтэл Эрдэнэбаяр мотоцикльтой давхиж ирээд шууд намайг мөргөсөн. Тэр үед би морио алдсан. Эрдэнэбаярт мөргүүлээд шүднээс гарсан цусаа арчиж байхад Т мотоцикльтой ирсэн. Тийг ирсний дараа миний өмсөж байсан цамцнаас татаж доош нь дарж байгаад нуруу руу 5-6 удаа цохьсон. Би морио барих гээд явган явж байхад араас Эрдэнэбаяр ирсэн. Би морио бариад гэртээ ирэхэд бие нэг л эвгүй байхаар нь эмнэлэгт үзүүлэх гээд аймгийн төвөөс дүүгээ дуудсан. Мөн Мөнххаан сумын төлөөлөгчид утсаар мэдэгдэхэд Уулбаян суманд албан ажлаар явж байна гэж хэлсэн. 

Би Мөнххаан сумын эмнэлэгт үзүүлээд өглөөний 04 цагт хүртэл эмчилгээ хийлгэсэн. Маргааш өглөө нь сумын хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасан. Мөнххаан сумын эмч намайг үзээд таны энэ гэмтэл нуруу, нугасанд нөлөөлдөг дахин сайн үзүүлээрэй гэж хэлэхээр нь Улаанбаатар хот руу явж нуруу, нугасанд сайн гэсэн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэн хэвтсэн гэв.

 

Гэрч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өглөө манай гэрийн зүүн урд талд адуу байсныг морьтой хүн урагшаагаа хөөж байсан. Би ямар хүн адуу хөөдөг билээ гээд хойд талаас нь яваад очтол, зүүн талаас Эрдэнэбаяр ах ирсэн. Б Эрдэнэбаярын адууг урагшаа хөөж байсан бөгөөд Эрдэнэбаяр ах яагаад адуу хөөгөөд байгаа юм бэ? гэхэд Б “чамд өмчлөөд өгсөн газар юм уу пизда минь” гэж хэлсэн. .Б нь морин дээрээсээ бууж ирээд Л.Эыг заамдаад бооход Эрдэнэбаярын нүүр нь цонхийгоод урагшаа сөхрөөд суусан. Эрдэнэбаяр боогдоод унахад Б шүд хөдөлчихлөө, пясдаг ална гээд байсан гэв.

 

1830003600153 дугаар хэргээс: 

 

Гэрч Н.Бы: “ ...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг Наран саран гэх газарт Баруун-Урт сумын иргэн Төмөрсүх гэх хүний малыг маллаж амьдардаг юм. Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн үед гэрээсээ 2 километрт хонинхоо араас явж байтал миний явж байсан газраас урагш 500 метрт байх өндөр довон дээгүүр Т.Бийн унаж байсан алаг морь эмээлтэйгээ гарч ирсэн. Тэгээд би Т.Бийн морийг авч явах гээд явж байхад Т.Б нь Л.Эын мотоциклын ар талд сундалдаад ирсэн. Би Т.Бд морийг нь өгөхөд Т.Бийн нүүр цус болсон, үүдэн шүд унасан байдалтай байсан. Тэгэхээр нь би чи яасан юм бэ? гэж асуухад Т.Б надад хэлэхдээ “ сая Л.Э намайг мотоциклоосоо буугаад цохичихлоо “ гэж надад хэлсэн. Өөр зүйл надад яриагүй. Би Т.Бийн нүүрэн дээрх цусыг цасаар арчиж өгөөд хониндоо явсан. Би Т.Бийг Л.Эт зодуулж байхыг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/

 

Гэрч П.Дын “...Би Т.Бтэй гэр бүл болоод 30 жил болж байна. Манай нөхөр Т.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед бусдад зодуулж үүдэн нэг шүд нь хугарсан, дээд уруул нь язарсан, хувцас нь цустай гэртээ орж ирсэн. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай нөхөр бусдад зодууулахаас өмнө бүх шүд нь бүрэн байсан. Манай нөхрийн шүд урьд нь ямар нэг гэмтэлгүй байсан. Харин хойд талын 2 араа унасан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/

Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “Т.Бд учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Л.Э нь Бд боогдож байгаад урагш унахдаа түүний шүдийг мөргөж шүдийг нь хугалах боломжгүй. Боолгож унахдаа биеийн хүч нь суларч идэвхтэй хөдөлгөөнгүй болсон байх ба цохилтын хүч үйлчилж байж шүдний хугарал үүсэх боломжтой ” гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/

 

Шинжээч эмч А.Болор-Эрдэнийн “Тархины эдийн няцралт бүхий гэмтэл нь тархи доргилтын нэг хэлбэр юм. энэ гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  593 дугаартай “1. Т.Бийн биед  баруун 1-р шүдний хугарал, уруулын дотор талын язарсан шарх зэрэг гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 61 хуудас/ 

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  593/1 дугаартай “1. Т.Бийн биед  тархины эдийн няцралт бүхий гэмтэд тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 62 хуудас/ 

 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн эмч Ариунтөгсийн тодорхойлолт /хх-ийн 56 хуудас/

 

Улаанбаатар хот Багануур дүүргийн соронзон резонанст томографийн оншилгооны эмч Д.Уян-Эгшигийн бичсэн дүгнэлт /хх-ийн 57-59 хуудас/

 

Т.Бийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулга /хх-ийн 60 хуудас/

 

Хохирогч Т.Бийн хохирлын баримт /хх-ийн 17-21 хуудас/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 8 дугаар багийн Засаг даргын 08/606 дугаар тодорхойлолт /хх-ийн 98 хуудас/

 

Шүүгдэгч Л.Эын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 хуудас/ 

 

Шүүгдэгч Л.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 хуудас/ 

 

Шүүгдэгч Л.Эын өвчний талаарх эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэр  /хх-ийн 106-108 хуудас/ 

 

2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5/10 дугаартай хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 134 хуудас/ 

 

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 142 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судласан болно. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Наран саран гэх газарт хохирогч Т.Бийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, нуруун тус газар нь гар болон хөлөөрөө цохисны улмаас эрүүл мэндэд нь “дээд баруун 1 дүгээр шүдний хугарал, уруулын дотор талын язарсан шарх, тархины эдийн няцрал“ бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Т.Б, гэрч Б.Т нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Н.Б, П.Д,  шинжээч эмч С.Эрдэнэцэцэг, А.Болор-Эрдэнэ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 593 дугаар дүгнэлт,  2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 593/1 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч Л.Э түүний өмгөөлөгч Т.Хүдэр нар нь  хохирогч Т.Бд шүүгдэгчээс гэмтэл учруулсан нь хангалттай тогтоогдоогүй харин хохирогч Т.Бийн довтолсон довтолгооноос шүүгдэгч Л.Э өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн тул аргагүй хамгаалалт гэж үзнэ гэсэн зохицуулалт байдаг тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Л.Эын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Т.Бийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч Л.Эын шүүхийн хэлэлцүүлэгт “...Нэг харахад Бийн үүдэн шүднээс цус гарч байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Тийн  шүүхийн хэлэлцүүлэгт  ”... Б шүд хөдөлчихлөө ...гээд байсан”  гэх мэдүүлэг,  гэрч Н.Бы “ Би Т.Бд морийг нь өгөхөд Т.Бийн нүүр цус болсон, үүдэн шүд унасан байдалтай байсан. Тэгэхээр нь би чи яасан юм бэ гэж асуухад Т.Б надад хэлэхдээ “сая Эрдэнэбаяр намайг мотоциклоосоо буугаад цохичихлоо “ гэж  хэлсэн.  Би Бийн нүүрэн дээрх цусыг цасаар арчиж өгөөд хониндоо явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/, гэрч П.Дын ”.. Миний нөхөр Б нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед бусдад зодуулж үүдэн нэг шүд нь хугарсан, дээд уруул нь язарсан, хувцас нь цустай гэртээ орж ирсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  593 дугаартай  дүгнэлтэнд “1. Т.Бийн биед  баруун 1-р шүдний хугарал, уруулын дотор талын язарсан шарх зэрэг гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  593/1 дугаартай “1. Т.Бийн биед  тархины эдийн няцралт бүхий гэмтэд тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна . 

 

Шүүгдэгч Л.Эын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Эын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгч Л.Эын үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийн улмаас 2 897 682 төгрөгийн хохирол учирсан тул гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хохирогч Т.Б гаргасан бөгөөд үүнээс эмчилгээний зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон унааны зардал нийт 1 836 132 төгрөгийг шүүгдэгч Л.Эаас гаргуулан хохирогчид олгох, бензиний үнэ, буудлын зардал, бусад зардал 937 150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, гэм хор учруулсанаас үүссэн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Прокуророос Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Л.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх дүгнэлт гаргасан,  шүүгдэгчийн өмгөөлөгч  торгуулын ялыг багасгаж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн  торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв. 

 

Шүүгдэгч Л.Эт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

 Шүүгдэгч Л.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

 Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Эын орлого олох боломжийг харгалзан 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 897 682 төгрөг нэхэмжилснээс  937 150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, 

1 836 132 төгрөгийг шүүгдэгч Л.Эаас гаргуулан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч Т.Бд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Л.Эт авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 7. Ялтан Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Б нь цаашид гэм хор учруулснаас үүссэн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА