Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/00529

 

 

 

 

 

 

 

 

2026 03 11 210/МА2026/00529

 

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/10840 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 43,403,900 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь Б.А*******, С.С******* нартай 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 33,6 хувь /сарын 2,8 хувь/-ийн хүүтэйгээр, эхний 6 сар хүү төлөөд 7 дахь сараас үндсэн зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцож зээл олгосон.

1.2. Уг зээлийг авснаас хойш 4 удаагийн төлөлтөөр зээлийн хүүд 3,542,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нар нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй 13 сарын хугацаа хэтэрсэн бөгөөд манай байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь элдэв шалтаг шалтгаан хэлж зээлийг төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

1.3. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19, 20, 21 дүгээр зүйл, зээлийн гэрээнд тус тус заасныг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 12,751,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 652,200 төгрөг, нийт 43,403,900 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Бид 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөгийн зээлийг авсан ба зээлийн төлөлтөд 3,542,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 43,403,900 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч энэ асуудлаар 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрсдийн хариуцлагагүй байдлын улмаас тус нэхэмжлэл буцаагдсан ба энэ үеэс хойш хүү, алданги тооцож байгаа нь хууль зөрчиж байна. 2025 оны 03 дугаар сард нэхэмжлэгч тал 36,439,808 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул энэ дүнг зөвшөөрч байна. Зээл төлөгдөөгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ дуусгавар болсон тул үүнээс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

2.2. Хамтран зээлдэгч Б.А******* хүнд өвчтэй буюу элэгний хорт хавдартай. Хүү Х.С******* нь ээжийнхээ эмчилгээний зардалд мөнгө зарцуулж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлээ төлж чадаагүй. Хариуцагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шүүх зээлийн хүүг багасгах эрхтэй тул энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С*******, Б.А******* нараас 43,403,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.С*******, Б.А******* нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ******* ХХК нь барьцааны зүйл болох Б.А******* өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, ******* тоот хаягт байршилтай 40,61 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 486,866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С*******, Б.А******* нараас 486,866 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч С.С*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээс 6,964,092 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Хамтран зээлдэгч Б.А******* нь хорт хавдар тусаж эмчилгээний зардал маш их гарч санхүүгийн байдал хүндэрсэн байсан тул зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч нь удаа дараа зээлээ төлөхийг шаардаад, өөрийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд 36,439,808 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл юм. Хариуцагчаас энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 36,439,808 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн.

4.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 36,439,808 төгрөгийг гаргуулах шаардлагаа хэлэлцүүлэхээс татгалзаж шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх нэхэмжлэлийг буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тэгш эрхийг хангасан үйлдэл юм. Энэ утгаараа нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзаад эцсийн байдлаар гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг 36,439,808 төгрөгөөр тооцох нь шударга ёс, тэгш байдалд нийцэх атал нэхэмжлэгчийн шүүхэд удаа дараа нэмэгдүүлсэн 43,403,900 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа нь банк бус санхүүгийн байгууллагын эрх ашиг дээгүүр тавигдаж, тэгш байдал алдагдсан гэж үзэж байна.

4.3. Шүүхэд маргаан үүссэнээр талууд тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх, нотлох баримт цуглуулахад цаг хугацаа зарцуулагдах бөгөөд энэхүү ажиллагаа нь талуудын нотлох баримтаа өөрөө цуглуулах, шүүхэд нэхэмжлэл, татгалзлаа нотлох үүрэгтэй шууд холбогдож байх бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зогсохгүй үргэлжилж, мөнгө нь өсөж байгааг шүүх хөндлөнгийн субъектийн хувьд хэзээнээс гэрээний үргэлжлэх хугацааг зогсоох вэ, нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирэхгүй удаа дараа нэхэмжлэлээ буцаалгавал энэ нь урт хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авах зорилготой шунахай сэдэлтэй байсан эсэхэд давж заалдах анхан шатны шүүх анхаарч дүгнэлт хийж өгнө үү.

4.4. Монголчууд хорт хавдар хэмээх өвчнөөр олноор өвчилж, хөрөнгө мөнгөгүй нь ам насаа алдах, орон байртай нь байраа зарж, барьцаалж зээл авч эмчилгээ хийлгэж байгаа аргагүй нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж энэрэнгүй, шударга шийдвэр гаргах нь шүүхэд олгогдсон эрх нь атал банк, банк бус санхүүгийн байгууллагаас шүүхэд удаа дараа нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээгээр шүүх зээлийн гэрээг цуцлагдсанд тооцож тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх шийдвэр гаргах өдрийн өмнөхөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд гэрээг цуцалсан болохыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж байгаа нь гэрээ цуцлах хүсэл зоригийн илэрхийллийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрээр хангагдсан 43,403,900 төгрөгөөс 6,964,092 төгрөгийг хасаж 36,439,808 төгрөгийг хариуцагч нар төлөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зээлийн гэрээний төлбөр тооцоо болон талуудын гаргасан тайлбар зэргийг үндэслэж хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч нар гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй учир гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн. Хариуцагч 36,000,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй, харин 43,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарладаг. Зээлийн ашигласан хугацааны хүүг төлөх үүрэгтэй гэдгийг хариуцагч нар ойлгодоггүй.

5.2. Мөн хариуцагч талын зүгээс нэг хариуцагч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тухайн зээлийг төлж чадаагүй учир зээлийн хүүг 6,000,000 төгрөгөөр бууруулъя гэдэг. Энэ нь Иргэний хуульд заасан зээлийн хүүг бууруулах нөхцөлд хамаарахгүй. Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банкнаас зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4,5 хувь байна гэж тогтоосон. Манай компани сарын 2,8 хувийн хүүтэй зээлийг олгосон бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан. Хариуцагч талд зээлээ төлөх боломж өнөөдрийг хүртэл байсан. Гэвч хариуцагч талын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцээгүй, бид өвчтэй зовлонтой байсан, мөн банк бус санхүүгийн байгууллагууд ард иргэдийг шулж байна гэх байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч С.С*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.А*******, С.С******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,403,900 төгрөг гаргуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь ...36,439,808 төгрөг төлөхийг зөвшөөрч, ...нэхэмжлэгч нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд зээлийн төлбөр 36,439,808 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч өөрсдийн хариуцлагагүй байдлын улмаас нэхэмжлэлийг буцаасан. Гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болсон тул энэ үеэс хойш хүү, алданги нэмж тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч Б.А*******-ийн эрүүл мэндийн байдлыг харгалзан шүүх зээлийн хүүг багасгах эрхтэй тул хүүг багасгаж өгнө үү гэсэн үндэслэлээр маргажээ.

 

3. ******* ХХК нь С.С*******, Б.А******* нартай 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ00031733 дугаар Зээлийн гэрээ-г байгуулж, зээлдүүлэгч нь 30,000,000 төгрөгийг 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нар нь гэрээний хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу эхний 6 сар зээлийн хүүг төлж, 7 дахь сараас үндсэн зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-11-13х/

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ҮХБГ2403190043 дугаар Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, Б.А*******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ******* тоот хаягт байршилтай 40.61 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. /хх-15-17х/

 

4. Анхан шатны шүүхийн талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан Барьцааны гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр талаар эрх зүйн дүгнэлт зөв.

 

5. Зээлдүүлэгч ******* ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөгийг зээлдэгч *******-ийн дансанд шилжүүлж, зээл олгох үүргээ биелүүлсэн ба зээлдэгч С.С*******, Б.А******* нар нь зээлийн гэрээний хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу эхний 6 сар зээлийн хүүг төлж, 7 дахь сараас үндсэн зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон боловч зээлийн хүүгийн төлбөрт 3,542,000 төгрөгийг төлж, 2024 оны 08 дугаар сараас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй үүргийн зөрчил гаргажээ. /хх-10, 14, 28х/,

 

6. Зээлдүүлэгч К******* ХХК нь зээлдэгч С.С*******, Б.А******* нарт зээлийн төлбөрөө төлөхийг шаардсан албан бичгийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн боловч зээлийг төлөөгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.2-д зааснаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаардсан. Энэ талаар хариуцагч маргаагүй.

 

7. Хариуцагч нар нь зээлийн гэрээг цуцалснаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй эсэх талаар маргажээ.

 

7.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэг, талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 10.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч С.С*******, Б.А******* нараас зээлийн төлбөр 43,403,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй.

Тодруулбал, хариуцагч нар нь зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүйн улмаас зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар цуцалсан ч зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү 43,403,900 төгрөг төлөх үүрэгтэй.

 

7.2. Зээлийн гэрээг цуцалснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг илүү нарийвчлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж заасны дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөх хүртэл зээлийн хүүг тооцохоор зохицуулжээ.

 

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан зарчмаар гэрээний үүргийг шударгаар биелүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн өмнө нь нэхэмжлэлийг буцааж байсан зэрэг үндэслэлээр зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

7.3. Иргэний хуулийн 44 дүгээр бүлэг, Хоёрдугаар дэд хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэж тусгай зөвшөөрлийг үндэслэн зээл олгох мэргэжлийн арилжаа эрхлэгчээс олгох зээлийн гэрээний харилцааг зохицуулжээ. Уг зохицуулалт нь тусгай харилцааг зохицуулсан гэрээний төрөл тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний хүүг багасгах нийтлэг зохицуулалтыг хэрэглэхгүй тул хүүгийн хэмжээг багасгах талаар давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан алдааг залруулж, тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтаас дээрх хуулийн зохицуулалтыг хасаж, зээлийн гэрээний хүү шаардах эрхийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт нэмж баримтална.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч С.С*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/10840 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Иргэний хуулийн 451.1 гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.1, гэж нэмж, 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг хасаж,

2 дахь заалтаас 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1 гэснийг хасаж, тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч С.С*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.С*******-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 486,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

Н.ОЮУНТУЯА