Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1026

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Ж.Энхжаргал, шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Т-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00364 0301 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            А овогт Т-рын Б, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн механик инженер мэргэжилтэй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 1 дүгээр гудамж, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **********, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 25 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 23 дугаар байрны хойд замд улсын дугааргүй “Yamaha” загварын мопед жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Г-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч А овогт Т-ын Б нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 25 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 23 дугаар байрны хойд замд улсын дугааргүй “Yamaha” загварын мопед жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Г-г мөргөж бие махбодид нь “зүүн шаант ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: “....Гэм буруу дээр маргаангүй. Харин би хохирогчид урьд нь 700,000 төгрөг, саяхан 500,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг өгсөн. Өчигдөр хохирогчтой ярьж надад хохирол авсан талаарх бичиг хийж өгнө үү гэхэд хохирогч нь надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, гэхдээ би бичиг хийж өгөх боломжгүй байна, хөдөө орон нутагт явж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг;

            2. Хохирогч М.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гараад Хар хорин зах орохоор 23 дугаар байрны хойд талд байрлах явган хүний гарц тэмдэглэлээр ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүгт гарч явсан, охин М хамт явсан. Зорчих хэсгийн хойд талын урсгал машин ихтэй түгжирсэн, урд урсгал нь хөдөлгөөн байгаагүй нэг мэдэхэд түс тас гээд явсан. Мотоцикль машин сүлжээд явсан байх тухайн үед 2 тал руугаа сайн харахад харагдаагүй. Би яг явган хүний гарцан дээр хэвтэж байсан цагдаа ирээд түргэн дуудсан. 103 эмч ирж үзээд амин үзүүлэлт гайгүй байна гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүл гэсэн. Удалгүй замын цагдаагаас бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн дараа нь эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-07 дугаар хуудас);

            3. Гэрч П.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг 00 минутын орчимд зүүн зүгээс баруун зүгт Баянгол дүүргийн гал түймэр унтраах 18 дугаар анги орохоор 1 дүгээр хорооллын хойд замаар Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн байр өнгөрөөд “Toyota Pruis” загварын **** УНР улсын дугаартай автомашинтай ганцаараа явж байсан. Нэг мопед унасан хүн 2 дугаар эгнээгээр сүлжээд хажуугаар гараад 200 метр газарт явган зорчигч мөргөсөн. Тухайн газар явган хүний гарц байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас);

            4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6413 дугаартай: “...М.Г-гийн биед зүүн шаант ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 27 дугаар хуудас);

            5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 07-12 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Т.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 18 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 54 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53 дүгээр хуудас);

            7. Шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 27 минутын орчимд би өөрийн эзэмшлийн “Yamaha” загварын мопед улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны хойд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр яваад зохицуулдаггүй явган хүний гарцаар гарч явсан эмэгтэй явган зорчигчийг мопедийн баруун урд шаврын хаалтаар, дараа нь мотоцикпийн каск болон биеийн баруун хэсгээр явган зорчигчийн зүүн талын бие хэсэгт мөргөж унасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46-47 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Г-гийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Б-гийн үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Т.Б нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Т.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Б-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.Г нь хохирлын баримт ирүүлээгүй ба шүүгдэгч Т.Б нь хохирогчид нийт 1,200,000 төгрөг төлсөн хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгч байх тул шүүх шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдан хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн  харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хэмээн дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.А овогт Т-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Т.Б-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Хохирогч М.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА