| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 192/2025/05390/И |
| Дугаар | 210/МА2026/00530 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/00530
2026 03 11 210/МА2026/00530
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10590 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ХХК, ******* нарт холбогдох,
2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/002 дугаар гэрээг цуцалж 190,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч К******* ХХК-ийн төлөөлөгч А.Э*******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Б.Х*******] , түүний өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч К******* ХХК-ийн төлөөлөгч А.Э*******, хариуцагч К******* ХХК-ийн өмгөөлөгч Г.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Б******* ХХК-ийн захирал Б.Г******* нь 2022 оны 06 дугаар сард тус компанийн барьж байгаа орон сууцны барилгаас 3 өрөө орон сууцыг "Т*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Ш.Б*******-д худалдах, хариу төлбөрт Т*******" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ******* улсын дугаартай Volvo.FH 460 маркийн зүтгүүр болон 2354АР улсын дугаартай Kogel.SVKT24 маркийн хөргүүртэй тээврийн хэрэгслүүдийг авахаар тохиролцсон.
1.2. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/002 дугаар Бүтээгдэхүүн худалдан авах, нийлүүлэх гэрээ-ний 1.1, 3.1, 3.3-т тус тус заасны дагуу манай компани К*******" ХХК-д дээрх тээврийн хэрэгслүүдийг худалдаж, түүний оронд 300 маркийн 826 м2 бетон зуурмаг авах, "К*******г" ХХК нь тус тээврийн хэрэгслүүдийг иргэн Б.Х*******-т худалдан борлуулж улмаар 190,000,000 төгрөгт тооцож бетон зуурмаг нийлүүлэх үүргийг хүлээж гурван талт гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээний 2.1, 3.4-т заасны дагуу "К*******" ХХК нь бетон зуурмаг нийлүүлээгүй төдийгүй 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 23/016 албан тоотоор бетон зуурмагийг нийлүүлэх боломжгүй гэж тус гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг хүлээн авсан даруй Б.Х*******-аас гэрээний зүйл болох тээврийн хэрэгслүүдийг шаардсан боловч шилжүүлж өгөөгүй.
1.3. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/002 тоот гэрээний дагуу Б.Х*******-т шилжүүлсэн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгохоор "Т*******" ХХК нь нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/04805 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2025/00240 дугаар магадлалаар Б.Х******* нь тус тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр тогтоогдсон.
1.4. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь хэсэгт зааснаар дээрх 3 талт гэрээгээр тээврийн хэрэгслүүдийн үнэ болох нийт 190,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр буцаан өгөх үүрэг үүсэж байна. Мөн гурван талт гэрээний 6.2, 6.3, 9.1, 10.1-д тус тус заасны дагуу Б.Х******* нь К******* ХХК манай компанид бетон зуурмаг нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж бетон зуурмаг нийлүүлээгүй тохиолдолд тээврийн хэрэгслүүдийг үл маргах журмаар шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ гүйцэтгээгүй.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/002 дугаар гэрээний 8.3, 8.4-т тус тус заасны дагуу гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсаар байхад "К******* ХХК нь гэрээний үүргийг биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул К******* ХХК, Б.Х******* нарыг 50, 50 хувийн тэнцүү үүрэг хүлээсэн гэж үзээд К*******-г ХХК-иас 95,000,000 төгрөг, Б.Х*******-с 95,000,000 төгрөг буюу нийт 190,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч "К******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. "К******* ХХК-ийн захирал ******* миний бие 2023 онд Б.Х*******, Д.Ө*******, н.Ц******* нартай уулзаж бид Б******* ХХК-д зуурмаг нийлүүлэх хэрэгтэй байгаа талаар ярилцаж зуурмаг нийлүүлж, оронд нь цемент авна гэж тохиролцоод Б*******ХХК-ийн захирал Б.Г*******-тай гурвалсан уулзалтыг хийсэн.
2.2. Манай компанийн гол түүхий эд болох цемент, хайрга, элс, түлш зэргийг хангаж өгвөл манайх зуурмаг нийлүүлэх боломжтой гэж 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн гэрээг байгуулах үед Б******* ХХК-ийн захирал цемент буугаагүй тохиолдолд гэрээ шууд цуцлагдана гэсэн. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр албан тоот хүргүүлж гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Б******* ХХК үе үе залгаж цемент буулгаж байгаа эсэх талаар асууж байсан боловч хэнтэй нь ч холбогдоогүй.
2.3. Миний бие Б******* ХХК, Д.Ө*******, Б.Х******* нараас урьдчилгаа, түүхий эдийн мөнгө аваагүй. Миний хувьд уг гэрээнд хариуцлага хүлээгээгүй тул надад хамааралгүй, гэрээнд тамга дарах үед гэрээг сольсон гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Б.Х*******-н татгалзал, тайлбарын агуулга:
3.1. Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би 2022 онд Д.Ө*******-с ******улсын дугаартай Volvo. FH 460 маркийн зүтгүүр болон 2354 АР улсын дугаартай чиргүүлийн хамт худалдан авч, Д.Ө*******-д төлбөрийг төлж барагдуулсан. Миний худалдан авсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхгүй хэмээн тээврийн хэрэгслийг буцаан авахаар "Т*******" ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийн дагуу ******* улсын дугаартай зүтгүүр болон ******* улсын дугаартай чиргүүл миний нэр дээр шилжиж ирсэн. Өөрөөр хэлбэл зүтгүүр болон чиргүүлийг худалдах, худалдан авахтай холбоотой маргаан 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, үйл баримтыг бүрэн тогтоосон болно. Гэтэл ийнхүү уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
3.2. "Б*******" ХХК нь иргэн Д.Ө*******-с тээврийн хэрэгслийн оронд 826 м.куб бетон зуурмаг авах ёстой байсан ба уг зуурмагийг "К*******" ХХК нь тухайн үед нийлүүлэхээ илэрхийлж байсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/002 дугаар "Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, нийлүүлэх гэрээ"-г байгуулах үед нь Б.Х******* миний бие гэрээний аль нэг талаар оролцоогүй. Уг гэрээ нь "Б*******" ХХК болон "К*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан бөгөөд намайг хууль, эрх зүйн мэдлэггүйг далимдуулан гарын үсэг зуруулсан. Би тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурдан шилжүүлж авах юмсан гэдэг хүсэл зоригоор очиж байлцаж, гарын үсэг зурсан. Би Д.Ө******* болон "К*******г" ХХК-тай ямар нэгэн холбоо хамааралгүй бөгөөд эдгээр этгээдүүдийн өмнөөс хариуцлага хүлээж өөрийн худалдан авсан тээврийн хэрэгслийг барьцаа, дэнчин болгох үндэслэл байхгүй.
3.3. Уг тээврийн хэрэгслийг надад К******* ХХК худалдаагүй бөгөөд Д.Ө*******-тай үнэ тохиролцон худалдан авсан. Тухайн үед зүтгүүр болон чиргүүл нь "Т******" ХХК-ийн нэр дээр байсан бөгөөд тус компанийн захирал Ш.Б******* нь тээврийн хэрэгслийг надад хүлээлгэж өгөөд төлбөр тооцоог нь Д.Ө********-тай хийгээрэй гэсэн. "Т*******" ХХК-ийн захирал Ш.Б******* нь уг тээврийн хэрэгслийг багын найз болох "Б*******" ХХК-ийн захирал Б.Г*******-д өгч 3 өрөө орон сууцаар сольж байгаа гэж байсан. Харин "Б*******" ХХК-ийн захирал Б.Г******* нь тээврийн хэрэгслийг Д.Ө*******-д өгч оронд нь 826 м.куб бетон зуурмаг авахаар тохирсон байсан. Ингээд авсан тээврийн хэрэгслээ Д.Ө******* нь зар тавьж борлуулах үед нь би фэйсбүүк зарын дагуу очиж худалдан авсан болно.
Иймд "Б*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь би биш бөгөөд 23/002 дугаар гэрээний аль нэг тал биш, зүтгүүр, чиргүүлийн өмчлөл, эзэмшлийн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Х*******-с 95,000,000 төгрөг, хариуцагч К******* ХХК-иас 95,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 1,107,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х*******, К******* ХХК нараас 1,107,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Батманхан ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч К*******г ХХК-ийн төлөөлөгч А.Э*******-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т хийгдсэн дүгнэлт нь хэргийн үнэн бодит байдлаас хэт зөрүүтэй болсон. Учир нь уг тээврийн хэрэгсэл нь Б******* ХХК, Б.Х******* нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2022 оны 06 дугаар сард Т******* ХХК болон Б******* ХХК нарыг төлөөлж Д.Ө*******, Б.Х******* нар 158,384,000 төгрөгөөр үнийг тохиролцон акт үйлдэн хүлээлцсэн байдаг. Гэтэл манай компанитай хамааралгүй этгээд болох Д.Ө******* тээврийн хэрэгслийн төлбөрийг авсан байхад манай компанийг авсан мэтээр дүгнэж нэг талын эрх ашгийг барьж, нотлох баримтыг бүрэн гүйцэд судлалгүй маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
5.2. 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 23/002 дугаар Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, нийлүүлэх гэрээ байгуулах үед түүхий эд болох цементийн хэрэгцээ их байсан. Энэ үед Д.Ө*******, Б.Х*******, Б******* ХХК-ийн захирал Б.Г******* нар ирж уулзаад Д.Ө******* нь цемент нийлүүлье, Б******* ХХК-д бетон зуурмаг нийлүүлчих, барьцаа нь Б.Х*******-ын ******* дугаартай зүтгүүр, ******* дугаартай хөргүүр гэх мэт зүйл ярьж гэрээ байгуулсан. Гэтэл гэрээний зорилго өөр байсныг шүүх хуралдааны үед мэдсэн. Д.Ө******* гэгч нь уг тээврийн хэрэгслийн төлбөрийг авчхаад манай компанийн бетон зуурмагаар төлүүлэх сонирхолтой намайг хуурч мэхэлсэн гэрээ байсан. Өөрөөр хэлбэл нэг тээврийн хэрэгслийг 180,000,000 төгрөгөөр зарна гэчхээд 158,384,000 төгрөгөөр зарчихсан хэрнээ манай компаниас 190,000,000 төгрөгийн бетон зуурмаг авахаар гэрээ байгуулж залилан мэхэлсэн үйлдэл юм. Энэ тухай шүүхэд тайлбарласан боловч огт авч хэлэлцээгүй хэргийн гол оролцогч Д.Ө*******-г дуудаж асуулгүй гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэхэд эргэлзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Давж заалдах гомдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус, өөр гэрээ хэлцлийг халхавчилж хийсэн гэх агуулга яригддаг. Өөр хэлцэл байхгүй, энэ гэрээнд талууд оролцож гарын үсэг зурсан. Хариуцагч гэрээний хуудсыг сольсон, ямар нэгэн байдлаар өөр гэрээ гарч ирсэн гэх агуулгаар тайлбар хэлсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч тал бид бетон зуурмаг нийлүүлэх боломжгүй болсон гэж энэ гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн.
6.2. Д.Ө*******, Б.Х*******, К******* ХХК нарын авсан мөнгөний асуудалд Б******* ХХК ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэдгийг гэрээний 3.5-д дурдсан байдаг. Мөн 131,000,000 төгрөгийг К******* ХХК авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Д.Ө******* гэх хүн К******* ХХК-ийг төлөөлж мөнгө авсан гэдгийг тогтоосон. Б******* ХХК нь тээврийн хэрэгслийг буцааж авъя гэхээр өөр этгээдүүдэд зарсан учраас бид мөнгийг нь шаардсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч К******* ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Б******* ХХК нь хариуцагч К******* ХХК, Б.Х******* нарт холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/002 дугаар гэрээг цуцалж 190,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч К******* ХХК нь гэрээний тал биш, зуурмаг нийлүүлж, оронд нь цемент авахаар тохиролцсон боловч цемент аваагүй тул маргаанд хамааралгүй гэж, хариуцагч Б.Х******* нь зүтгүүр болон чиргүүлийг Д.Ө*******-гаас худалдан авч, үнийг төлсөн, зүтгүүр болон чиргүүлийг худалдах, худалдан авахтай холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон, нэхэмжлэлийн хариуцагч нь би биш, тухайн үед гэрчилгээг шилжүүлж авах зорилгоор гэрээнд гарын үсэг зурсан гэж тус тус маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
3.1. Нэхэмжлэгч Б******* ХХК нь Д.Ө*******-аар дамжуулж К******* ХХК-тай холбогдсон, Д.Ө******* нь К******* ХХК-ийн өмнөөс Б.Х*******-с тээврийн хэрэгслүүдийн төлбөрийг авсан гэж тайлбарладаг.
Хариуцагч Б.Х******* нь Д.Ө*******-тай холбогдож тээврийн хэрэгслүүдийн төлбөрийг Д.Ө*******-д бүрэн төлж худалдан авсан гэж, хариуцагч К******* ХХК нь Д.Ө******* манай компанид хамааралгүй, манай компанид цемент нийлүүлэх үүрэг хүлээсэн гэх агуулгаар тайлбар гаргасан. /хх-105-109х/
Иймд хэргийн оролцогчийн дээрх зөрүүтэй тайлбарт нэр дурдагдаж буй Д.Ө******* нь талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/002 дугаар Бүтээгдэхүүн худалдан авах, нийлүүлэх гэрээ-нд ямар эрх үүрэгтэй, ямар оролцоотой байсан, энэ гэрээ хэрэгжих нь түүний үйл ажиллагаанаас шалтгаалах байсан эсэх талаарх байдлыг тодруулж хэргийг шийдвэрлэх нь гэрээний хүчин төгөлдөр байдал болон үүргийн зөрчлийг тогтооход ач холбогдолтой байна.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулах, хэргийн талаар тодруулах, чиглүүлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс хэргийн нөхцөл байдал бүрэн, бодитой тогтоогдоогүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамааруулан үзнэ.
Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10590 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч К******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Н.ОЮУНТУЯА