Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Хохирогч: Б.Г,

            Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Дийн Мд холбогдох  1935002640152 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын  19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 05-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 1-р багт оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил, 5 хоногийн хугацаагаар хорих ял, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй Ж овогт Дийн М / РД:............................/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Д.М нь Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Б.Гыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгч Д.Мийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.М нь Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Б.Гыг зодсон болох нь:

1. Хохирогч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны хавар 4 дүгээр сард гэрт байж байтал М гаднаас архи уучихсан ирээд “Чи хүүхдээ цэцэрлэгт өгөөгүй байна” гэж хэлээд миний үснээс татаж толгой руу болон нуруу тус газарт гараараа 3-4 удаа цохьчихоод хогны сав, түлээний төмөр сав над руу шидсэн боловч миний биеийг онож цохиогүй. Харин төмөр шанагаар миний нуруу тус газар руу 2 удаа цохисон юм. Тэгээд түүнээс хойш 2019 оны 06 сарын 23-нд цохисон. 2019 оны 06 сарын 23-нд М гэрээс гарч яваад буцаж ирэхдээ М, Б буюу Б, М, Б нарын хамт ирээд Б 1 ширхэг том пиво гаргаж ирэхээр нь би “Та нар пиво гадна гарч уу” гэхэд гэрээс гараад Мий машин дотор уусан. Тэд нар гарч яваад 1 цаг орчмын  дараа Бгийн утсаар М залгахаар нь “Чи хурдан ирээч. Хүний комьпютер хүргэж өгнө” гэхэд  “Байж бай” гэж хэлчихээд 30 минутын дараа ирээд комьпютер аваад гарахаар нь би араас нь гараад “Машинтай явж байж хурдан ир” гэтэл хүүхдийн тоглоом машин аваад над руу шидсэн боловч намайг оноогүй, би зугатаагаад гэртээ ороод хаалга хаагаад авахад М машинаа унаад гараад явсан. 10 минутын дараа Б манайд ирэхээр нь “Та нар яах гэж Мтэй архи уусан юм бэ?” гэхэд гараад явчихсан. 00 цагийн үед орондоо ороод хэвтэж байтал М ирээд миний толгой руу 2-3 удаа цохиод миний тэвэрч байсан жаахан хүүхдийн толгой руу 1 удаа цохихоор нь “Чи яаж байгаа юм бэ?” гэхэд “Чи Бд М намайг цохилоо гэж хэлсэн байна” гэж уурлаад намайг цохисон. Би тийм зүйл яриагүй тул Бийн утас руу залгахад авахгүй болохоор нь бид 2 гэрт нь очсон. Тэгээд би “Чамд М зодсон гэж яриагүй биз дээ” гэхэд тийм зүйл яриагүй гэсэн. Би нөхөртөө би “Бага хүүхэдтэйгээ Бийн ээжийн гэрт хононо. Чи хариад гэртээ 2 хүүхэдтэйгээ хоночих” гэтэл “Би чамайг заавал авч харина. Харихгүй бол энд чамайг зодоод алчихна. Тэгээд чи цагдаагаа дууд” гэж хэлээд миний үснээс татаад нуруу руу цохисон юм. Тэгтэл Бийн ээж манай нөхрийг “Чи болиоч. Чиний эмэгтэй дүү нартай адилхан хүн байгаа биз дээ” гэхэд “Миний эмэгтэй дүү нар бол өөр. Энэ олон хойд эцгийн гарын амтыг үзэж байсан” гэж хэлсэн. Тэгтэл Б манай нөхрийг надаас салгаад хашааны гадна гаргасан юм. Тэгтэл манай нөхөр М бага хүүхдээ аваад гэртээ харьсан. Би нөхрийнхөө ээж, эгч нарт  нь “М намайг зодож цохиж байна” гэхэд ээж нь “Удмын юм. Аав нь тийм хүн байсан юм”, эгч нь “Ухамсар нь тийм юм” гэж хэлсэн. Манай нөхрийн ээж нь над руу утсаар яриад “Чи ээжийнхээ гэрт багтахгүй болоод миний хүүхдийн гэрт ирчихсэн байгаа шүү. Чи миний хүүхдийг мөнгөгүй болохоор нь явчихдаг, мөнгөтэй болохоор нь хүрээд ирдэг” гэж хэл амаар доромжилсон юм. Бас манай нөхрийн эгч Окьтябрьт нь “Дүү чинь намайг зодоод байна. Та хэлээч” гэхэд “Чи өгдөг газартаа өгчихөөд явдаг газар руугаа яв” гэж хэл амаар доромжилсон юм. Миний толгой хааяа хааяа хатгаж өвддөг юм. 2019 оны хавар 4 дүгээр сард намайг зодоход нь би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Одоо хүүхэд бид хоёрын биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Манай нөхөр надаас уучлалт гуйж дахиж ийм зүйл гаргахгүй одоо хоёулаа сайхан амьдарна гэж байгаа бөгөөд одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10, 11-р тал/,

 

Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай эхнэр бид хоёр 2019 оны 4 дүгээр сард Мий гэрт очиход Г М хоёр маргалдаад М Гыг түлхэж унагаахаар нь би Мийг гэрээс нь аваад гарсан ба манай эхнэр Гыг аваад манай гэр лүү явсан юм. Би 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед сумын төвийн хөрөө рам дээр байж байтал манай сумын залуу Д.М өөрийн эзэмшлийн автомашинтай ирсэн. Тэгээд М, М, М бид нар 2 литрийн 1 том пиво хувааж уусан юм аа. Тэгээд бид нар Мтэй хамт Мий гэрт очиход Мий эхнэр нь Мд уурласан юм. Бид нар Мийд 1 том пивотой очоод Мий хашаа дотор машиных нь бүхээг дотор уучихаад гараад явсан ба М гэртээ үлдсэн юм. Тэгээд би гэртээ очиж байж байгаад 18 цагийн үед Мий гэрт очиход Г уйлчихсан гэртээ сууж байхаар нь юу болсон юм гэж асуутал М намайг цохичоод гэсэн үү, юм шидлээ гэсэн үү тэгж хэлэхээр нь би гараад сумын төвийн доод гудамжинд явж байтал М таарахаар нь чи яах гэж эхнэрээ цохисон юм бэ гэж хэлтэл надад юм хэлэхгүй гэрлүүгээ харьсан. Тэгээд би гэртээ хариад унтсан юм. Тэгтэл намайг унтаж байтал М, Г хоёр манай гэрт ирээд Г “Би чамд М цохилоо гэж хэлээгүй ш дээ” гэж хэлэхээр нь би та хоёр хэрүүлээ хийдэг газраа очиж хий би чиний хэлснийг хэлсэн юм ямар сүртэй юм гэж хэлчихээд би гэртээ ороод унтсан. М манай гэрт эхнэрээ цохиогүй ба Гын гараас бариад харья гээд чирээд манай гэрээс гарсан. Тэгтэл Г нь гэрлүүгээ харилгүй манай ээжийн гэрт орж унтсан байсан. М нь архи ууснаас болж хэрүүл маргаан болж хоорондоо зодолдсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

Гэрч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 4 сард яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна.  Нөхөртэйгээ Мий гэрт очоод байж байтал М гаднаас гэртээ орж ирсэн. Тэгээд М Гыг цэцэрлэгт хүүхдээ өгсөнгүй гэж хоорондоо хэрэлдсэн Тэгээд Г Мийг галын хайчаар нуруу тус газар нь цохиход М буцаад Гыг гараараа цохиж байх шиг байсан. Би тэдний хүүхдийг уйлаад байхаар нь тэврээд зогсож байсан болохоор М Гын биеийн аль хэсэгт цохисныг сайн хараагүй юм. Тэгээд манай нөхөр Б тэр хоёрыг салгаад би Гыг дагуулад гэр рүүгээ харьсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 6 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 02 цагийн үед хөдөө гэртээ унтаж байтал миний охин Г над руу утсаар яриад М согтуу намайг зодсон, би гэрээсээ гараад айлд ирчихсэн байтал миний араас ирж намайг цохичихоод явлаа гэж хэлсэн.  Тэгээд би маргааш нь буюу 6 дугаар сарын 24-ны өдөр сумын төв ороод охин Б.Гыг аваад аймгийн төв рүү орсон. Миний охин руу хүүхдийн тоглоом шидэж зүүн нүд рүү болон дух руу нь цохисон нь хөхөрсөн байсан. Мөн зүүн талын хавирга нь бас улайсан байсан. Тэр талаар Мий ээжид хэлэхэд “Удам нь тийм юмаа” гэж хэлсэн. Манай хүргэн Д.М охин Б.Гыг зодож цохидог юм. Тэгээд манай охиныг чи цагдаадаа өг би мөнгө төлөөд гарчихдаг юм гэж хэлж доромжилсон гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал манай хашааны гадна нэг эмэгтэй хүн явахгүй гээд орилоод байхаар нь орноосоо босоод гарч хартал манай сумын Г, М хоёр жоохон нялх хүүхэдтэйгээ байсан юм. Тэгээд юу болсон юм гэтэл Г би гэрлүүгээ харих юм бол М намайг гэрт очоод зодно шүү дээ намайг авраач гэж орилсон. Тэгтэл М нь Гын цамцнаас татаад гэрлүүгээ харья гэтэл Г харихгүй гээд байсан. Тэгээд Г манай гэрт орж хоносон юм. М нь нялх хүүхдээ аваад гэрлүүгээ харьсан. Г манай гэрт орж ирэхэд духны хэсэгт хавдсан байсан. Би цохисныг нь хараагүй гадна харанхуй байсан юм. М тухайн үед архи хэрэглэсэн байсан тэгэхдээ ухаан санаа нь хэвийн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

Гэрч Б.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай хөрш айл болох Д.М, Б.Г нар гэртээ хоорондоо гайгүй харьцаатай байдаг бөгөөд хааяа нэг буюу Д.М гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаг юм аа. Би айгаад гэр рүү нь ордоггүй юм аа. Хааяа нэг гэдэг нь улиралд нэг удаа хоорондоо хэрэлдэж маргалддаг гэрээс нь тэр хоёрын чанга чанга орилж хашгарсан дуу чимээ гардаг юм. Энэ айл заримдаа хөдөө явчихдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

Шүүгдэгч Д.Мий мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр сумын төвийн хөрөө рам дээр очиход М, Б, М гурав мотоцикльтой байсан юм. Тэгтэл М, Б хоёр ганц пиво уучихья гэхээр нь тэр гурвыг дагуулаад гэртээ иртэл манай эхнэр уурлаад чи архичид авч ирлээ гэхээр нь би тэр гурвыг дагуулаад өөрийнхөө машинд М, Б, М бид дөрөв 1 ширхэг 2.5литрийн Нийслэл нэртэй пиво уусан. Тэгтэл тог тасарч Б ажил руугаа яваад М, М бид гурав байж байгаад М гэр рүүгээ харьсан ба М, Б бид гурав гараад дэлгүүрээс 2 ширхэг 2.5литрийн Нийслэл пиво аваад ногооны талбайн доод талд хуваагаад уугаад сууж байтал манай эхнэр М болон цуг явсан хүмүүс рүү залгаад архичин, мулгуу гээд хамт явсан хүмүүсийг доромжлоод байхаар нь би гэр лүүгээ харьлаа гээд яваад гэртээ иртэл манай эхнэр хүнээс нөүтбүүк авсан байсан учир тэр нөүтбүүкний эзэн нь авч ирж өг гэж байна гэхээр нь би нөгөө нөүтбүүкийг хүргэж өгөх гээд гэрээс гартал манай эхнэр миний араас давс цацаад машинтайгаа онхолдож үх гэж хэлэхээр нь би хүүхдийн жижиг машин газарт байхаар нь аваад шидтэл манай эхнэрийн хажууд очиж унасан ба оноогүй юм. Тэгээд би нөүтбүүк хүргэж өгчихөөд М ахын гэрт очиход Б тэр хоёр 2.5литрийн  Нийслэл нэртэй пиво хувааж уугаад дуусч байсан. Тэгтэл Б намайг чи гэртээ ямар асуудал тариад ирэв гэхээр нь би зүгээр гэхэд би сая танай гэрт очиход танай эхнэр надад М намайг зодчихоод явлаа гээд уйлаад сууж байна гэхээр нь тэнд хөзөр тоглочихоод гэрлүүгээ харьтал манай эхнэр унтаж байхаар нь би хажуугаар нь ороод унтах гэтэл манай эхнэр намайг 2 удаа орноос өшиглөж унагаасан юм. Тэгэхээр нь би чи яагаад хүмүүст худлаа яриад байгаа юм бэ гэтэл манай эхнэр босоод ирэхээр нь би 2 удаа эхнэрээ хүүхэдтэйгээ хамт ор луу түлхэж унагаасан юм. Тэгчихээд тэр хүмүүстэй очиж нүүрэлдье гэж хэлээд дагуулаад Бгийн гэрт очиход Б гэрийнхээ хаалганы цоожлоод унтаж байсан. Бгийн гэрийн хаалгыг цохиход Бгийн ээж хаалгыг нь тайлаад одоо та хоёр харьж амарцгаа, нялх хүүхэд шөнө дагуулчихсан явж байдаг гэхээр нь би Бгээс нэг зүйл асууя гэж хэлээд Бгөөс чи надад Г намайг М цохьчихооод явлаа гэж хэлээ биз дээ гэтэл Б манай эхнэрийг чи надад М намайг зодоод явлаа гэж хэлсэн биз дээ гэтэл манай эхнэр үгүй тэгж хэлээгүй гэхээр нь би эхнэрээ одоо харьж амарья гэтэл манай эхнэр чи гэрт хариад намайг худал хэллээ гээд зодож цохино би харихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрээ гэрлүүгээ явья гээд 2-3 удаа чирэхэд манай эхнэрийн өмсөж явсан цамцных нь энгэр урагдсан юм аа. Тэгээд би хүүхдээ аваад гэрлүүгээ харьсан. Манай эхнэр Бгийн ээжийн гэрт үлдсэн юм. Би өөрийнхөө эхнэрийг зодож цохисон зүйл байхгүй 2 удаа ор руу түлхэж унагаасан. 2-3 удаа өмсөж байсан хувцаснаас нь чирсэн. Би 2019 оны 4 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна гадуур найзтайгаа 1 ширхэг 2.5 литрийн пиво уучихаад гэрлүүгээ харьтал манай хүүхэд цэцэрлэгт яваагүй байхаар нь би эхнэрээ чи хүүхдээ цэцэрлэгт хүргээд өгчихөж болоогүй юм уу гэтэл манай эхнэр чи архи ууж явахаар өөрөө хүргээд өгөхгүй яасан юм гэж хэлсэн. Тэгээд би зүүн талынхаа ор руу алхаж очоод суух гэтэл манай эхнэр галын хайчаар миний нуруу руу 3 удаа цохисон тэгэхээр нь би гэрээсээ гарч явлаа гэж хэлээд гарах гэтэл чамайг шоронд чинь хатаанаа гэж манай эхнэр хэлэхээр нь би хогны сав аваад эхнэрийнхээ нуруу хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгтэл намайг Б бариад гаръя хөгшин одоо боль гэж хэлээд намайг дагуулаад гарсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 470 дугаартай шинжээчийн “Б.Г-н биед духны хэсэг хавдалттай, зүүн нүдний зовхи, баруун ташааны орчимд  зөөлөн эдийн цус хуралт, няцрал гэмтэл үүссэн байна.  Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан болон хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Б.Гын биед урьд архаг хууч өвчин байхгүй бэртэл гэмтэл авч байсан гэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21-р тал/-ээр хохирогч Б.Гын биед 2019 оны 6 дугаар сарын 23-нд учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна”,

6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ”  гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Д.М, хохирогч Б.Г нар нь албан ёсны бүртгэлтэй, хамт амьдардаг гэр бүл буюу эхнэр, нөхөр болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.М нь хохирогч болох өөрийн эхнэр Б.Гыг 2019 оны 4 дүгээр сард нэг удаа, 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэг удаа, 2019 оны 6 дугаар сарын 23-24-нд шөнө нэг удаа нийтдээ гурван удаа зодсон үйл баримт тогтоогдож байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 3 буюу түүнээс дээш удаа зодсон үйлдлийг байнга зодсон гэж ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Гыг 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болон 2019 оны 6 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь 2019 оны 4 дүгээр сард зодсон үйлдэлтэй хамтдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг бий болгож байгаа тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Д.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.М урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил, 5 хоногийн хугацаагаар хорих ял, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Д.ССгийн өгсөн: “Манай багийн иргэн Д.М хүүхэд шиг цагаан цайлган сэтгэлтэй, даруу төлөв зантай, хүнд тусархаг, хатуу бор амьдрал үзсэн хагас өнчин өссөн, элдэв янзын муу зуршилгүй, ажил амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд эхнэр 3 хүүхэд, гэр орноо тэжээж авч яваа залуу юм аа. Архи согтууруулах ундааг хааяа нэг найз нөхөдийн хүрээнд хэрэглэдэг юм шиг байна лээ. Тамхи огт татдаггүй. Би хааяа нэг гэрт нь ороход Д.М эхнэр Б.Гтайгаа гэр орондоо эелдэг зөөлөн харьцаатай байдаг юм аа.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,  Гэрч Д.Цын өгсөн: “Миний хүүхэд Д.М нь төлөв даруухан ааштай, хүнтэй зөв боловсон харьцдаг, хүнийг ялгаж харьцдаггүй, хүнд тусархуу, тамхи татдаггүй харин архи согтууруулах ундааны зүйлийг хааяа нэг найз нөхөдтэйгээ хамт хэрэглэдэг юм шиг байсан. Мөн гэр орон хань ижилдээ халамжтай бөгөөд эхнэр Б.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй ба миний хүү ажил төрөл хийж гэр орон үр хүүхэд хань ижлээ тэжээдэг юм аа. Манай хүү Д.М эхнэр Б.Гтайгаа гэр орондоо эелдэг зөөлөн харьцаатай байдаг юм аа. Манай гэр хөдөө байдаг учир би хааяа нэг сумын төвд ирж хүүгийндээ хонодог юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөөс нэхэмжлэх хохирол байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, тэнссэн байх хугацаанд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/97 дугаартай шийтгэл тогтоолоор шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн/ эх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн байх бөгөөд тэнссэн хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасны дагуу шүүдэгч Д.Мд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/97 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж зүйтэй.

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт  Дийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүдэгч Д.Мд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ял  дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялыг нэмж нэгтгэн ялын нийт хэмжээг 1 /нэг/ жил хорих ялаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ