| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0143/э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Б.Д-д холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 18-08 тоотод оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ял шийтгүүлж байсан, Т овогт Б.Д, регистрийн дугаар: .............
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Д нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Ц.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1. Хохирогч Ц.Б-ийн “...2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эгчийн тэтгэврийн мөнгө болох 170.000 төгрөгийг банкнаас аваад явж байгаад замдаа Э, Д нартай таараад 2 шил 0.75 литрийн Их монгол нэртэй архи дэлгүүрээс аваад гэртээ харьсан юм. Тэгээд манай гэрт Э, Д, Э гээд 3 хүнтэй хамт нөгөө 2 шил архиа хувааж уугаад би нэлээд согтсон. Тэгээд Д-той юм ярьж байгаад чи манай эгчийг ойрд оролдоод манай гэр орноор эргэлдээд байгаа шүү манай эгчээс хол байгаарай гэж хэлээд гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байтал гэнэт Д манай гэрт хоол хийж байсан төмөр халбагаар юу хуцаад байгаа юм бэ? гэж хэлээд миний толгой руу нэг удаа цохисон. Миний толгойгоос цус гараад эгчтэйгээ хамт Эмнэлэг орж толгойндоо оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
2. Гэрч Ц.А-ийн “...Манай гэрт Б, Э, Д нар архи ууж байсан юм. Тэд нар 750 граммын 2 шил Их монгол нэртэй архи ууж байсан. Тэр архиа ууж дуусгаад хоол хийх гэж байгаад гэнэт манай дүү Ц.Б нь Д-ийг чи манай эгчээс хол байгаарай, миний эгчийг дээрэлхэж чадахгүй шүү гэж маргалдаад эхэлсэн тэгж байгаад дүү Б гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байтал Д хоол хийж байгаад хоолны төмөр халбагаар нэг удаа цохиж толгойноос нь цус гаргасан. Бид нар салгаад би дүүгээ дагуулж аваад эмнэлэг явж боолт хийлгэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
3. 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “...Үзүүлэгч Ц.Б-ийн биед гэмтэл учирсан байна. Зүүн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 596 дугаартай дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 596 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Д нь архидан согтуурсны улмаас хохирогч Ц.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Б.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Ц.Б нь “...Б.Д-оос нэхэмжлэх зүйл, гомдол санал хүсэлт байхгүй, хохирлын ямар нэгэн баримт байхгүй. Б.Д бид хоёр эвлэрсэн...” /хх-ийн 20 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй болох нь тогтоогдож байна. Иймд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын санал гаргасан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоолны төмөр халбага 1 /нэг/ ширхгийг хохирогч буцаан авахгүй гэсэн санал гаргасан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоолны төмөр халбага 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА