Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/00593

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/08460 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилж, цалингийн зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 728/AO160067 АХГ-2022/22/НА-СТА-ТТЗ тоот сахилгын шийтгэл тооцуулах тухай албан шаардлага, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 729/40160067 АХГ-2022/22/НА-СТА-ТТЗ тоот сахилгын шийтгэл тооцуулах тухай албан шаардлага ирүүлснийг үндэслэн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль, тогтоомж, журам, зааврыг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, ажил гүйлгээг цаг тухай бүрт нь санхүүгийн тайланд үнэн зөв тусгах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахгүй байх, батлагдсан төсвийн хүрээнд холбогдох хууль, дүрэм, журмын зааврын дагуу үйл ажиллагaa явуулж, өр авлагыг үүсгэхгүй ажиллах, санхүүгийн нэгтгэсэн тайлан дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцон, сайжруулах арга хэмжээ авч ажиллах үүргээ биелүүлээгүй хэмээн даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар *******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулсан.

1.2 ******* нь батлагдсан төсвийн хүрээнд төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, гүйлгээг цаг тухай бүрт нь санхүүгийн тайланд бүртгэж, холбогдох хууль, дүрэм журмын дагуу ажиллаж ирсэн. Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 729/AO160067 АХГ-2022/22/НА-СТА-ТТЗ тоот албан шаардлагад ...Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга угсралтыг хийж гүйцэтгэсэн *******-д хамаарах 15,388,247,055 төгрөгийн албан шаардлага хэрэгжилт хангалтгүй, улсын комисст хүлээлгэж өгөөгүй тул гэрээний үүргийн биелэлтийн алданги 664,161,009 төгрөг, мөн сүүлийн 3 жилд 958,636,292.40 төгрөгийн ашиглалтын зардал төлж улсын төсөв үр ашиггүй зарцуулсан тул ....үндэсний аудитын газраас холбогдох албан тушаалтанд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах талаар дарга *******д даалгасан байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.4, 46.1.6 дахь хэсэгт зааснаар захиалагч үнэлгээний хороо байгуулж, гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй байхад дээрх үндэслэлээр даргын тушаалаар батлагдсан төсвийг гаргах үүрэг бүхий Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга *******д сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус.

1.3 Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 728/A0160067 АХГ-2022/22/НА-СТА-ТТЗ тоот албан шаардлагад ...Өмнөх албан шаардлагын сурагчийн 7,003,939.74 төгрөгийн авлагыг шүүх, хяналтын байгууллагад дахин хандаж шийдвэрлүүлээгүй, мөн Канад улсад нягтлан бодогчоор сурагчийн 121,951,949.18 төгрөг, АНУ болон Австрали улсад суралцуулахаар нэр бүхий оюутны төлбөрт 410,455,057.80 төгрөг төлсөн боловч 3 удаагийн сунгалт хийж, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, үр ашиггүй зардал гаргасан тул холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах талаар тусгасан. Сурагчийн 7,003,939.74 төгрөгийн авлагыг шүүх хяналтын байгууллагад дахин хандаж шийдвэрлүүлээгүй гэдэгт миний бие гэрээ цуцалсантай холбоотой үүссэн санхүү авлагыг буцаан гаргуулахаар хууль, эрх зүйн дүрмийн боловсролын газарт мэдэгдэл хүргүүлсэн.

Сургалтын төлбөр олгох асуудал болон сургалтын гэрээний хугацаа сунгахад даргын тушаалаар сунгах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргийг Сургалтын асуудал хариуцсан байнгын зөвлөл хариуцах, зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үүргийг Захиргаа удирдлагын газар хариуцдаг. Сургалтын төлбөр олгох асуудлыг даргын тушаалаар ******* нь сургалтын төлбөрийг олгодог байсан бөгөөд ******* нь дээрх төлбөрийг зохих дүрэм, журмын дагуу Ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр санхүүжүүлсэн, бие даасан шийдвэр гаргаагүй.

1.4 Иймд даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаартай *******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар эгүүлэн томилж, цалингийн зөрүү гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 728/AO160067 АХГ-2022/22/НА-СТА-ТТЗ тоот сахилгын шийтгэл тооцуулах тухай албан шаардлага нь гурван хүүхдийн гадаадад сурсан сургалтын төлбөрийн гэрээний үүргийн биелэлтийг хангалтгүй гэсэн акт юм. Гадагшаа сургалтад явж байгаа хүүхдүүд нь байгууллагаас сургалтын төлбөрөө төлүүлээд эргэж ирээд 5 жил ажиллах үүрэгтэй. Буцаан 5 жил ажиллана гэдэг нь мөнгөн хэлбэрээр юм уу, эсвэл манай байгууллагад аль нэгэн хэрэгцээ шаардлагатай ажлын байранд ажилласнаар төлсөн мөнгө нь төлж барагдаж дуусах юм. Гэтэл сургалтын төлбөрийг шууд зардалд бүртгээд, буцааж хэдэн төгрөг авах, хэзээ ирж ажиллаад түүнээс жилээр мөнгө нь хорогдоод явах бүртгэлийг хийгээгүй учраас сахилга хариуцлага тооцуулах тухай аудитын албан шаардлагад дурдагдсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж, орлогын үлдэгдлээ баталгаажуулж баримтжуулаагүйд *******г буруутгасан.

*******гийн ажиллаж байх үеийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн дөрөвдүгээр бүлэгт авлага, урьдчилгаа тооцооны бүртгэлийн бодлогын баримт бичгийн 4.2.2-т ажил үйлчилгээ үзүүлсэн бараа, бэлэн бүтээгдэхүүн борлуулсан эсвэл бусдад шилжүүлсэн аливаа зүйлтэй холбоотой нэхэмжилсэн бусдад шилжүүлсэн гэхээр сургалтын төлбөртэй холбоотой мөнгийг манайх шилжүүлсэн. Төлөгдөх хугацаа нь дуусмагц мөнгө болж хувирах зүйлийг авлага гэнэ гэж байгаа юм. Суралцагч нь сургалтын төлбөрийг төлсөн тухай бүрдээ зарлагаар хүлээн зөвшөөрөөд гаргачихсан нь эргээд бид нар энэ хүүхдүүдээс сургалтын төлбөрөө нэхэмжлэх, энэ шүүхийн маргааны явцад хүндрэл учруулаад, яг хэдэн төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн, хэдэн жилд нь ажилласан, хэдэн жилд нь ажиллаагүй гэдгийг гаргахад хүндрэлтэй байна. Байгууллагын болон сургалттай холбоотой асуудал, санхүүгийн асуудал тэр аяараа доголдчихсон.

2.2 Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 729/AO160067 АХГ-2022/22/НА-СТА-ТТЗ тоот албан шаардлагад бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын ажлын батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, удирдан зохион байгуулаагүй гэх агуулгатай. *******-ийн барилгын ажлын төлбөрт нийт 17,000,000,000 төгрөг шилжүүлсэн. Тус компанийн гүйцэтгэсэн ажил нь 11,000,000,000 төгрөг буюу зөрүү нь 5,100,000,000 төгрөг манай байгууллагаас илүү шилжүүлсэн байдаг. Үүнийг санхүү хөрөнгө оруулалтын газраас зарцуулахдаа хяналт тавиагүй. Албан тушаалын тодорхойлолтод заасан Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуульд заасан нэгдсэн удирдлагаар хангах гэдэг чиг үүргийг хэрэгжүүлээгүй.

******* албан тушаалын тодорхойлолтын 1.6-д батлагдсан төсвийг харьяа байгууллага бүрээр хуваарилж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллагаагүй. Энэ ажлаа дутуу гүйцэтгэсэн.

2.3 Сонсох ажиллагааг *******т ******* тухайн үеийн хүний нөөцөд оролцож байсан *******, хуулийн мэргэжилтэн ******* нар сонсох ажиллагааг хийсэн. Энэ сонсох ажиллагааны тэмдэглэл албажаагүй, сонсох ажиллагаа хийсэн талаар гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг гаргах үед сонсох ажиллагаа дээр маргаагүй гэх тайлбарыг нэхэмжлэгч өгч хүсэлтийг хангуулаагүй.

2.4 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт зааснаар тооцоо үлдэгдлээ хийж баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулаагүй зөрчсөн, *******гийн албан тушаалын тодорхойлолтын 1.1 буюу санхүүгийн бүртгэлийг цаг тухайд нь зөв хийх үүргээ хэрэгжүүлээгүй. Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 729/AO160067 АХГ-2022/22/НА-СТА-ТТЗ тоот албан шаардлагад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх хэсэгт заасан худалдан авах бараа, ажил үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах нь ******* даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт шууд хамаарч байгаа учраас аудитын дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан *******г Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаалын цалингийн зөрүүд тооцон нөхөн олговорт 56,629,068 төгрөгийг гаргуулан *******д олгож, мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч *******т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч 441,095 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 472/А0170067, 473/А0170067, 474/А0170067 тоот албан шаардлагуудыг дарга *******, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга ******* нарт хаяглан, даалгаж шаардсан байхад дараа жил буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн 728/АО/160067, 729/АО/160069 тоот албан шаардлагадаа өмнөх оны буюу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 472/А0170067, 473/А0170067, 474/А0170067 тоот албан шаардлагуудын хэрэгжилт хангалтгүй, шийдвэрлүүлээгүй, хэрэгжээгүй гэж дахин албан шаардлага тавьсан байгаа нь Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга нь албан тушаалын тодорхойлолт, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай болон бусад хуульд заасны дагуу бүрэн хэрэгжүүлээгүй байсантай холбоотой байна. Нэхэмжлэгч Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн бол жил дараалан Үндэсний аудитын газраас албан шаардлага гарахгүй буюу ирүүлэхгүй байх ёстой байсан.

Улмаар, даргаас Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, журам, зааврыг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, ажил гүйлгээг цаг тухай бүрд нь санхүүгийн тайланд үнэн зөв тусгах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахгүй байх, батлагдсан төсвийн хүрээнд холбогдох хууль, дүрэм, журам зааврын дагуу үйл ажиллагааг явуулж, өр авлагыг үүсгэхгүй ажиллах, санхүүгийн нэгтгэсэн тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцон, сайжруулах арга хэмжээ авч ажиллах үүргээ биелүүлээгүйгээс Үндэсний аудитын газраас ирүүлсэн албан шаардлагуудыг үндэслэн Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга *******д албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль, эрх зүйн үндэслэлтэй юм.

4.2 Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д дүгнэхдээ ...уг шаардлагын дагуу зөрчлийг арилгах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, зөрчлийг арилгах ажиллагааны явцад зөрчил гаргасан буруутай этгээдийг хэрхэн тогтоосон, ******* ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл буруу хэрэгжүүлж дээрх зөрчлийг гаргах болсон талаар хэн хэрхэн тогтоосон, энэ талаар ажил олгогчоос ажилтанд мэдэгдсэн, сонсох ажиллагаа хийгдсэн, зөрчлийг хэрхэн арилгах талаар үүрэг даалгавар өгсөн эсэх нь тодорхой биш, хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна гэсэн боловч нөгөө талаар Үндэсний аудитын газрын албан шаардлага үндэслэлгүй, эсхүл Үндэсний аудитын газрын албан шаардлагыг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга ******* бүрэн хэрэгжүүлж ажилласан эсэх талаар үйл баримтыг дүгнээгүй, ажил олгогч олгогчоос ажилтанд мэдэгдсэн, сонсох ажиллагаа хийгдсэн байдлыг нотлох зорилгоор гэрч асуулгаж, баримтад үзлэг хийлгэхээр хуульд заасан эрхийн дагуу гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, зохих ажиллагааг хийлгээгүй атлаа хэргийг шийдвэрлэхдээ нотлогдоогүй гэх байдлаар хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 гаргасан гомдолд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.6 дахь заалтууд болон Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн аудитын дүгнэлтийг үндэслэсэн гэж тайлбарласан. Уг үндэслэлээр *******г албан тушаал бууруулсан гэж мэдэгдэж байгаа боловч үндэслэлгүй. Учир нь дээрх аудитын дүгнэлт, албан шаардлагад эрх бүхий байгууллага буюу *******т хандаж, буруутай албан тушаалтанд холбогдох арга хэмжээ авах, зөрчил гаргасан этгээдэд албан тушаал бууруулах, ажлаас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Гэвч тухайн аудитын дүгнэлтэд хэнд, ямар зөрчилд, ямар арга хэмжээ авахыг тодорхой заагаагүй байхад шалгалт, хяналтын ажиллагаа явуулалгүйгээр шууд *******тэй холбон, түүнийг буруутай гэж үзэн арга хэмжээ авсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

Түүнчлэн, *******тэй холбоотой аливаа зөрчлийг тогтоох шалгалт явуулаагүй, сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. ******* нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн бөгөөд зөрчил гаргасан нь тогтоогдоогүй.

5.2 Мөн холбогдох санхүүжилт, үйл ажиллагаа нь даргын тушаалын дагуу хэрэгжсэн тул хууль зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд уг асуудлаар хийсэн шалгалтын дүгнэлт, нотлох баримт байхгүй. Иймээс анхан шатны шүүх *******г өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, албан тушаалын зөрүү цалин болох 56,629,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг зөв үнэлсэн, үндэслэл бүхий шийдвэр болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаартай *******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар эгүүлэн томилж, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Ажил олгогч ******* нь ажилтан *******тэй 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 01/27 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн өдрөөс эхлэн Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон байна. /1хх 93-95/

3.1 даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 123.3, 123.5, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 42.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3.29.1, 3.29.2, Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.2, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 1.1, 1.6, 2.7, 3.2, 3.4, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 728/АО160067 АХГ-2022/22/НА-СТА-ТТЗ тоот албан шаардлага, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 729/АО160067 АХГ-2022/22/НА-СТА-ТТЗ тоот албан шаардлагуудыг тус тус үндэслэн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, журам, зааврыг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, ажил гүйлгээг цаг тухай бүрт нь санхүүгийн тайланд үнэн зөв тусгах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахгүй байх, батлагдсан төсвийн хүрээнд холбогдох хууль, дүрэм, журам зааврын дагуу үйл ажиллагааг явуулж, өр авлагыг үүсгэхгүй ажиллах, санхүүгийн нэгтгэсэн тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцон, сайжруулах арга хэмжээ авч ажиллах үүргээ биелүүлээгүйгээс Үндэсний аудитын газрын аудит шалгалтаар зөрчил илэрч, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 728/АО160067 АХГ-2022/22/НА-СТА-ТТЗ, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 729/АО160067 АХГ-2022/22/НА-СТА-ТТЗ тоот албан шаардлага ирүүлсэн тул Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга *******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /2хх 75/

3.2 Улмаар, даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/103 дугаар тушаалаар *******г Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчоор 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс томилж, 01/134 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан. /2хх 76, 83-89, 91-97/

3.3 Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 728/АО160067 АХГ-2022/22/НА-СТА-ТТЗ тоот Сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлагаар ...Өмнөх оны аудитаар өгсөн 472/АО170067 дугаар албан шаардлагаас нэг суралцагчийн 7,003,939.74 төгрөгийн авлагыг шүүх хяналтын байгууллагад дахин хандаж шийдвэрлүүлээгүй, мөн оны 474/АО170067 дугаар албан шаардлагаас хэрэгжээгүй Канад улсад нягтлан бодогчоор суралцагчийн 121,951,949.18 төгрөг, АНУ болон Австрали улсад суралцуулахаар нэр бүхий хоёр оюутны төлбөрт 410,455,057.80 төгрөг төлсөн боловч 3 удаагийн сунгалт хийж, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, үр ашиггүй зардал зарцуулсан байна. ...Гадаад сургалтын авлагыг барагдуулж ажиллах, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, холбогдох журамд сунгалтын талаар нэмэлт өөрчлөлт оруулах, зөрчил гаргасан буруутай албан тушаалтанд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, албан шаардлагын биелэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг дарга *******д даалгав гэжээ. /1хх 206-207/

Мөн өдрийн Үндэсний аудитын газрын 729/АО160067 АХГ-2022/22/НА-СТА-ТТЗ тоот Сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлагаар ...Өмнөх аудитаар өгсөн 2021 оны 473/АО170067 дугаар Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга угсралтыг хийж гүйцэтгэсэн *******-д хамаарах 15,388,247,055.00 төгрөгийн албан шаардлагын хэрэгжилт хангалтгүй, Улсын комисст хүлээлгэж өгөөгүй тул гэрээний үүргийн биелэлтийн алданги 664,161,009.00 төгрөг, мөн сүүлийн 3 жилд 958,635,292.40 төгрөгийн ашиглалтын зардал төлж, улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байна. ...Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгыг хүлээн авч, ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах, зөрчил гаргасан буруутай албан тушаалтанд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, албан шаардлагын биелэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг дарга *******д хариуцуулав гэжээ. /1хх 208/

4. даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаалын агуулга нь нь ажилтан буюу нэхэмжлэгчийг Үндэсний аудитын газрын албан шаардлагад заасан сахилгын зөрчил гаргасан үндэслэлийг заажээ.

4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.

5. даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаалын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, Үндэсний аудитын газрын дээрх албан шаардлага нь Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, журам, зааврыг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, ажил гүйлгээг цаг тухай бүрт нь санхүүгийн тайланд үнэн зөв тусгах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахгүй байх, батлагдсан төсвийн хүрээнд холбогдох хууль, дүрэм, журам зааврын дагуу үйл ажиллагааг явуулж, өр авлагыг үүсгэхгүй ажиллах, санхүүгийн нэгтгэсэн тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцон, сайжруулах арга хэмжээ авч ажиллах үүргээ ажилтан ******* биелүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлийг нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, уг баримт нь нотолгооны хувьд нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлийг эргэлзээгүйгээр нотолж чадахгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Үндэсний аудитын газраас ирүүлсэн албан шаардлагуудыг үндэслэн Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга *******д албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль, эрх зүйн үндэслэлтэй. Үндэсний аудитын газрын албан шаардлагыг ажилтан хэрэгжүүлж ажилласан эсэх талаар үйл баримтыг дүгнээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.1 Санхүү, хөрөнгө оруулалтын газар 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05/12 дугаар албан бичгээр ... зардлаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 4 жил 6 сарын хугацаатай Канад улсын George Brown college-д Аэродром ашиглалт мэргэжлээр гэрээ байгуулан суралцаж байсан овогтой сургалтын гэрээ 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/286 тушаалаар цуцалсантай холбоотой үүссэн авлагын санхүүгийн баримтыг хүргүүлж байна гэх албан бичгийг Хууль, эрх зүйн дүрмийн боловсруулалтын газарт хүргүүлжээ. /1хх 224/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02110 дугаар шийдвэр, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2305 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/00424 дугаар тогтоолоор *******т холбогдох зардлаар Канад улсад суралцагчидтай байгуулах 3 талт гэрээнээс учирсан хохиролд 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******ийн үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч сургалтын тэтгэлэгт зарцуулсан 5,084,746 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх 134-148/

Дээрх баримтуудаар ажилтан *******г ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ эс биелүүлсэн гэх нөхцөл байдлыг нотлохгүй байна.

5.2 Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас албан тушаал бууруулсан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт зааснаар албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авсан ажил олгогчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаартай тушаал үндэслэлгүй гэж дүгнэн *******г Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

6. Ажил олгогчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/103 дугаар тушаалаар ажилтан *******г Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчийн ажил албан тушаалд томилсноор түүний өмнө авч байсан цалин хөлс буурсан тул зөрүү 56,629,068 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус нийцсэн байхаас гадна хариуцагч үүнийг баримтаар үгүйсгэж, мэтгэлцээгүй байна.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас *******г албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үед сонсох ажиллагаа хийсэн эсэх, сонсох ажиллагааны тэмдэглэлийн талаар асууж тодруулахаар гэрч асуулгах, үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШЗ2025/20171 дугаар захирамжаар гэрч нарын оршин суугаа хаяг тодорхойгүй, мөн *******ийн хувийн тэмдэглэлийн дэвтэрт зайлшгүй үзлэг хийх замаар нотлох баримтыг бэхжүүлэх шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. /1хх 169, 194/ Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ажил олгогчоос ажилтанд мэдэгдсэн, сонсох ажиллагаа хийгдсэн байдлыг нотлох зорилгоор гэрч асуулгаж, баримтад үзлэг хийлгэхээр хуульд заасан эрхийн дагуу гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, зохих ажиллагааг хийлгээгүй гэх гомдлыг хангахгүй.

8. Түүнчлэн, нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаалын талаарх гомдлоо дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан. /1хх 7-9/ Тус хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй гэж урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон. /1хх 108-110/ Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. /1хх 111-112/ Тус хорооны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар ажиллагааг дуусгавар болгосон. /1хх 113-116/ Улмаар нэхэмжлэгч нь мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/08460 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

М.БАЯСГАЛАН