Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.АнхБс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Д.Б-д холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мал аж ахуй эрхэлдэг, Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суудаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д.Б, регистрийн дугаар:.............

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.Ятай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Хохирогч Н.Я-гийн “...2019 оны 8 дугаар сарын 27-ны орой 23:00 цагийн орчимд манай хамаатны 5 залуу манай гэрт ирсэн бөгөөд тэр хэдэн залуучууд манайд ирэхдээ согтуу байсан. ...Хатуу- архи байвал өгчихтөн гэж хэлэхээр нь би авдраас нэг шил Улаанбаатар нэртэй 0,5 литрийн архи гаргаж өгчхөөд хажууд нь байж байсан. ...Б гэдэг залуу хажууд байсан хүмүүстэйгээ хэрүүл маргаан хийгээд манай гэрийн авдар сав, гэрийн хан очиж толгойгоороо мөргөж хажууд байсан аяга авч өөрийнхөө толгой дээр цохисон, хажууд байсан савтай ааруул авч асгаж, жаран литрийн савтай айраг авч асгахаар нь хажууд нь байсан залуучуудыг аваад гар гэхэд гарч байхдаа гэрийн хаалга өшиглөсөн юм. Би гэрээс гараад яаж байгаа юм бэ гээд гэрийн унь аваад айлгах гэхэд Д.Б нь над руу дайрч ирээд миний зүүн талын нүдний доод хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би хойшоо саваад унахад хажуугаас гүйж ирээд миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн тэгээд хажууд байсан хүмүүс нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

2. Гэрч С.Э--ын “...Д.Б гаднаас орж ирэхдээ замд байсан жарын савтай айраг асгачхаад бүгдийг чинь ална гэж хэлсэн мөн хажууд байсан аяга авч өөрийнхөө толгой дээр цохисон мөн авдар хөлөөрөө өшиглөөд байхаар нь бид нар гэрээс аваад гарсан гадна гараад Я ах болиоч гэж Д.Бд хэлэхэд урдаас нь дайрч нүүр лүү нь нэг цохиход Я ах хойшоо савж унахад нь дээрээс нь хөлөөрөө нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

3. Гэрч Ц.Ц-ын “...Би тухайн үед гэр дотор асгарсан айраг янзалж байхад гадна хүмүүс шуугиад байхаар нь гарахад Д.Б нь намайг хэл амаар доромжилсон юм. ...Хэн зодож цохисныг хараагүй. Н.Я хэлэхдээ Д.Б намайг цохичихлоо гэж хэлсэн. Д.Б нь тухайн үед согтуу, хүн болгоныг зодох гэж дайрч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

4. 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “...Үзүүлэгч Н.Ягийн биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, хоёр нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 607 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 607 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Б нь архидан согтуурсны улмаас хохирогч Н.Я-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Н.Я нь “...Би Тэс сумаас хоёр удаа аймгийн төв рүү орж ирж эмчилгээ хийлгэсэн миний хамар хугарсан байсан. ...Надад баримтгүй 600.000 төгрөгийн хохирол учирсан...” /хх-ийн 7 дугаар хуудас/ гэж хохирол нэхэмжилсэн байна. Хохирогч Н.Ягийн Хаан банк дахь 5815075099 дугаарын дансанд шүүгдэгч Д.Бгаас 600.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт Хаан банкны орлогын мэдүүлгээр /хх-ийн 68 дугаар хуудас/ тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын санал гаргасан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА