| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 317/2025/00138/И |
| Дугаар | 223/МА2026/00010 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 223/МА2026/00010
2026 3 12 223/МА2026/00010
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 317/ШШ2026/00064 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “ЗББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С,
Хариуцагч: Ннарт холбогдох,
Гэрээний үүргийн биелэлтэд 15,835,905.06 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар баг ***байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг “ЗББСБ” ХХК-нд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК-ийн захирал Ч.Агаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тус шүүхэд хэргийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа,
Хариуцагч З.С, Б.Н,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК-ний нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Иргэн 3.С, Ннар нь ЗББСБ ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлийн №ЗГ/2302/03 гэрээг байгуулж 8,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Энэхүү гэрээний хугацаанд З.Саас өөрийн фэйсбүүк хаяг (Soyl Zorigt)-аар болон гар утас ***, утсаар өмнөх зээлийн дүн дээр нэмж зээл авахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны хооронд 6 удаагийн давтамжаар 500,0000-3,500,000 төгрөгийн хэмжээгээр нийт 9,000,000 төгрөгийг нэмж зээлж, зээлийн дүн 17,000,000 төгрөг болсон. Зээл олгосон тухай бүр 3.Сын гар утас, фэйсбүүк мессенжерт зээл олгосныг мэдэгдэж, зээлийг шилжүүлсэн төлбөрийн баримтыг явуулж байсан. 3.С, Ннар нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр 22-ны өдрийн хугацаанд нийт 16,777,914 төгрөг буцаан төлснөөс зээлийн хүүнд 9,735,321.68 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 5,916,854.26 төгрөгийг суутгасан. Энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү огт тооцоогүй. Зээлийн гэрээний 2.2.5-д заасны дагуу, зээлдэгчийн төлсөн төлбөрөөс эхлээд зээлийн хүүг суутгасан. 3.С нь 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш төлбөр хийгээгүй бөгөөд тус байгууллагаас зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх, зээл, хүүний төлбөрийг төлөх шаардлагыг байгууллагын зүгээс олон удаа тавьж ирсэн. Хариуцагч тал 9,000,000 төгрөгийг бичгээр гэрээ хийгээгүй гэж хүү төлөхгүй гэсэн. Гэтэл ковид цар тахлын үеийн журмаар цахимаар зээл олгох журам үйлчилж байсан. Мөн өмнөх 8,000,000 төгрөгийн зээл дуусаагүй байх хугацаанд авсан тул гэрээ үргэлжилж байгаа гэж ойлгоно. 2025 оны 9 дүгээр сарын 09-ний байдлаар, үндсэн зээлийн үлдэгдэл 11,083,145.74 төгрөг, зээлийн хөрөнгийг ашигласан 944 хоногт тооцсон хуримтлагдсан хүү 2,536,130.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,216,629.15 төгрөгийн хамт нийт 15,835,905.06 төгрөг гаргуулахаар шаардсан боловч бид дахин тооцоолж зээлийн үлдэгдэл нь 6,482,669 төгрөг, хүү 5.808.494 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,296,533 төгрөг, нийт 13.587.698 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зөрүү 2,248,207 төгрөгөөс татгалзаж байна. Төлбөрийг мөнгөөр төлөөгүй тохиолддолд барьцаа хөрөнгө болох З.Сын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
Харин 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ дуусаагүй үргэлжилж байгаа тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
2.Хариуцагч З.Сын тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “Миний хувьд “ЗББСБ” ХХК-аас 2023 онд 8.000.000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй зээлсэн. Энэ дээр ямар нэгэн маргаан байхгүй. Энэ зээлээ жилийн хугацаанд төлж, жилийн дараа нэмж зээл авч болох уу гэтэл болно гэсэн. 1-2 сарын хугацаа хэтрэлттэй зээлээ төлж байсан нь үнэн. Гэрээ байгуулахад эднийхээс хүү тооцоолсон програм байсан. Хамгийн сүүлд 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл зээлээ төлсөн. Ингэж явсаар нэг удаа Зуун-дэлгэрэх ХХК ББСБ-аас зээлийн үлдэгдлээ асуутал 9,300,000 төгрөг байна гэж хэлсэн. Яагаад ийм байгаа юм бэ? гэхэд нэмж зээл авсан тул үндсэн төлбөр чинь хасагдахгүй, чи зөвхөн хүү л төлж байгаа гэсэн. Тэгэхээр нь хэрэв тийм бол надад хугацааг нь сунгаж өг гэсэн. Эсхүл би бүх насаараа хүү төлж амьдрах юм байна гэдгийг хэлэх ёстой байсан. Үүнээс л маргаан эхэлсэн. Улмаар “ЗББСБ” ХХК-ийг Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн. Гэтэл нэмж авсан 9.000.000 төгрөгт хүү, алданги төлөх үндэслэлгүй гэсэн. Яагаад гэхээр Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны А/224528 дугаартай тушаал, Сангийн сайдын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 106/298 дугаар тушаалын дагуу нэмж гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй, гэрээнд нэмж өөрчлөлт ороогүй тул тухайн авсан 9,000,000 төгрөгт хүү алданги төлөхгүй юм байна лээ. Эхлээд 8.000.000 төгрөгийн зээлийг авахдаа 5,224,772 төгрөгийн хүүгийн төлбөр нийт 13,224,772 төгрөгийг төлж дуусахаар гэрээтэй байсан. Гэвч 16,777,514 төгрөгийг төлчихсөн. Энэ дүнг хасахаар 3.552.742 төгрөг гарч байна. Энэ мөнгө 9,000,000 төгрөгөөс хасаад үлдэх 5,500,000 орчим төгрөг төлнө.
Бид Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар хорооны 20 дугаар байрны 27 тоотод орон сууц зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхийг нэхэмжлэгч байгууллагад даалгуулах хүсэлтэй байна. Учир нь энэ орон сууц нь эхэлж авсан 8.000,000 төгрөгийн барьцаанд байсан. Бид уг 8,000,000 төгрөгийн зээлээ төлчихсөн. Гэтэл барьцаанаас чөлөөлж өгөхгүй байна. Харин 9,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр 5,447,258 төгрөгийг бид төлнө, энэ зээл дээр барьцаа хөрөнгө байхгүй” гэжээ.
5.Хариуцагч Б.Ннь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЗББСБ” ХХК-ийн зээлийн ажилтан зээл нэмж авч байхад яагаад нэмж гэрээ байгуулаагүй, төлбөрийн хуваарь өөрчлөгдөж байгаа талаар сануулж хэлээгүй, жилийн дараа гэрээний хугацаа дуусчихсан байхад та нар хүүгээ л төлсөн, үндсэн зээлээ төлөөгүй, та нар өөрсдөө энэ талаар мэдэх ёстой, зээлийн ажилтан та нарт тайлбарлах ёсгүй гэх мэтээр уурлаж байсан. 9,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлчихсөн байхад нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. 17,000,000 сая төгрөгийн зээл авсанд зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаагүй...” гэжээ.
6.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452.2, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч 3.С, Б.Ннараас 5,447,258 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ЗББСБ" ХХК-д олгож, үлдэх шаардлага 8,140,440 төгрөгийг гаргуулах тухай болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,248,207 төгрөгөөс татгалзсан болохыг дурдаж,
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160 дугаар зүйлийн 160.3-д зааснаар нэхэмжлэгч "ЗББСБ" ХХК, хариуцагч 3.С, Б.Ннарын хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БГ/2023/03 дугаартай барьцааны гэрээгээр 3.Сын нэр дээрх нэг хүний өмчийн, Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг, Нацагдоржийн ***тоот 3 өрөө байрыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч "ЗББСБ" ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 3.С, Б.Ннараас 102,106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ЗББСБ" ХХК-д олгож, нэхэмжлэгч "ЗББСБ" ХХК-ний төлөгдөөгүй улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж,
Хариуцагч З.Сын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч "ЗББСБ” ХХК-наас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч 3.Ст олгож шийдвэрлэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “З.С, Б.Ннар нь 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 8,000,000 төгрөгийн зээлийг 4.5 хувийн хүүтэй зээлж авч, зээлийн гэрээ байгуулсан байгаа. Үүний дараа нэмэлтээр 9,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг. Нийт 17,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний нөхцөлийн дагуу манай байгууллага 9,000,000 төгрөгийн зээл үргэлжилж байгаа гэж тооцсон боловч анхан шатны шүүхийн шийдвэрээр уг 9,000,000 төгрөг дээр гэрээ байгуулаагүй тул хүү тооцохгүй гэж дүгнэн шийдвэр гаргасан. З.С нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 805 хоногийн хугацаанд 16,777,514 төгрөг төлсөн байна. Манай байгууллагын тооцооллоор, 8,000,000 төгрөгийн зээлээс хүүгийн хамт 4,241,650 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн 9,000,000 төгрөгийн хувьд 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 4,000,000 төгрөг төлсөн бөгөөд гүйлгээний утгад үндсэн зээлээс хасах гэж бичсэн байдаг. Иймд Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1, 212.3, 216 дугаар зүйлийн 216.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасны дагуу уг 4,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцоход 9,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ингээд 8,000,000 төгрөгийн зээлээс үлдсэн 4,241,650 төгрөг, мөн 9,000,000 төгрөгөөс үлдсэн 5,000,000 төгрөгийг нэмж тооцоход нийт 9,241,650 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс үндсэн зээлийн төлбөр 3,758,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,121,178 төгрөг бөгөөд нийт 4,241,650 төгрөг нь 8,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
8.Хариуцагч З.С шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “13,224,772 төгрөг гэдэг нь эхний 8,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр, мөн 5,224,772 төгрөгийн хүүгийн төлбөрийн нийлбэр юм. Энэ талаар 2 тал маргаан гараагүй. Нийт 16,777,514 төгрөгийг төлсөн. Энэ дүнгээс эхний гэрээний үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг хасахад 3,553,742 төгрөгийн илүү төлөлт гарч байгаа. Үүнийг 9,000,000 төгрөгөөс хасахад 5,447,258 төгрөг болж байна. Банк бус санхүүгийн байгууллагын гаргасан тооцоололд нэхэмжлэл дээр зээлийн төлбөр 8,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,233,905 төгрөг гэж дурдсан байна. Гэтэл 8,000,000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөр нь 5,224,772 төгрөг байх ёстой. Энэ дүнг яагаад 6,233,905 төгрөг гэж тавьсан талаар би тайлбар гаргасан байгаа. Энэ талаар хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд Excel файлаар хүсэлт гаргасан. Нийт дүн нь тэр дээр зөрөөгүй харагдаж байгаа. Мөн тухайн үед манайд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэмж төлөх талаар хугацаа тэдэн хоногоор хэтэрсэн тул ийм хэмжээний мөнгө төлөх шаардлагатай гэж нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Зарим саруудад боломж, бололцооны байдлаас шалтгаалан төлбөр хэдэн хоног хоцрох, заримдаа нэг сар хоцрох тохиолдол байсан. Гэхдээ 560,565 төгрөгийн төлбөрөө төлж байсан, зарим тохиолдолд бүр нэг сарын төлбөрийг урьдчилж төлж байсан тохиолдол ч бий. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан дүн 5,447,258 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
9.Хариуцагч Б.Ндавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйл байхгүй” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
1.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон ч хэргийн үйл баримтад үндэслэл бүхийдүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.
2.Нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа “Хариуцагч нар анх гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Энэхүү гэрээний хугацаанд З.Саас өөрийн фэйсбүүк хаяг болон гар утаснаасаа өмнөх зээлийн дүн дээр нэмж зээл авахаар гаргасан хүсэлтийг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны хооронд 6 удаагийн гүйлгээгээр 500,000-3,500,000 төгрөгийн хэмжээгээр нийт 9,000,000 төгрөгийг зээлийг нэмж олгон, зээлийн дүн 17,000,000 төгрөг болсон. Хариуцагч тал 9,000,000 төгрөгийн гэрээг бичгээр хийгээгүй тул хүү төлөхгүй гэсэн. Гэтэл ковид цар тахлын үеийн журмаар цахимаар зээл олгох журам үйлчилж байсан. Мөн өмнөх 8,000,000 төгрөгийн зээл дуусаагүй байх хугацаанд авсан тул гэрээ үргэлжилж байгаа гэж ойлгоно. 3.С, Б.Ннар 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр 22-ны өдрийн хугацаанд нийт 16,777,914 төгрөг буцаан төлсөн. Үүнээс зээлийн хүүнд 9,735,321.68 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 5,916,854.26 төгрөгийг суутгасан. Шүүхэд гаргасан шаардлагаа дахин тооцоолж үзэхэд зээлийн үлдэгдэл 6,482,669 төгрөг, хүү 5,808,494 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,296,533 төгрөг, нийт 13,587,698 төгрөг гаргуулна, зөрүү 2,248,207 төгрөгөөс татгалзаж байна. Төлбөрийг мөнгөөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэсэн агуулгаар тодорхойлсон. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, учир нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ дуусаагүй үргэлжилж байгаа тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй” гэж тайлбарласан,
хариуцагч З.С нь нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж маргахдаа “...бид 8,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй зээл авсан. Уг зээлийн хугацаа дуусаагүй байхад 9,000,000 төгрөг зээлсэн ба энэ үед бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү тооцох ёсгүй. Бид 8,000,000 төгрөгийн зээлд нийт 16,777,514 төгрөгийг төлсөн бөгөөд 3,553,742 төгрөгийг илүү төлсөн. Үүнийг сүүлд авсан 9,000,000 төгрөгөөс хасч үлдэх 5,500,000 гаруй төгрөгийг төлнө гэж мэтгэлцсэн. Эхний 8,000,000 төгрөгийг төлсөн учраас барьцааны хөрөнгийг чөлөөлж өгөхийг даалгах шаардлага гаргаж байна. 9,000,000 төгрөгийн зээлд барьцаа хөрөнгө байхгүй” гэж тайлбарласан.
Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн, 8,000,000 төгрөгийг шилжүүлж авсан эсэх үйл баримтын талаар маргаагүй байна.
3.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, хариуцагч Б.Н, З.С нар “ЗББСБ” ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 24 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 8,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан, барьцаанд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Нацагдоржийн 20 дугаар байрны 57 тоот 3 өрөө байрыг барьцаалсан. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 6 удаагийн гүйлгээгээр утсаар болон фэйсбүүкээр дамжуулан холбогдож нийт 9,000,000 төгрөгийн зээлийг дахин авсан нь маргаагүй, үйл баримтаар тогтоогдсон байна.
4.Иймд зохигчдын хооронд харилцан үүрэг хүлээсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн нь эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон гэж үзэх үндэслэл болж байна.
5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийн хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж тус тус зааснаар талуудын шаардах эрх үүснэ.
Иймд нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК нь зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдэл хүү тооцож шаардах эрхтэй.
6.Хариуцагч нар 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 24 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй авсан 8,000,000 төгрөгийг хүүний хамт төлсөн, мөн 9,000,000 төгрөгийн зээлнээс үлдсэн 5,800,000 төгрөгийг буцаан төлнө гэж мөнгөн дүнгийн талаар маргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолгооны үүрэг хуваарилагдана.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан.
Нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК нь бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч З.Сын Хаан банкны ***тоот данс руу 8,000,000 төгрөг болон 6 удаагийн гүйлгээгээр авсан 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасны дагуу зээлийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь эрх зүйн маргааны төрлийг зөв тогтоосон гэж үзэх үндэслэл болов.
6.1.Нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 15,835,905.06 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн үлдэгдэл нь 6,482,669 төгрөг, хүү 5,808.494 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,296,533 төгрөг, нийт 13,587,698 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Давж заалдах шатны шүүх шинжлэн судлагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 8,000,000 төгрөгийн гэрээг бичгээр байгуулахдаа буцаан төлөх хугацааг тогтоосон байх ба хүү, нэмэгдэл хүүний талаар тохиролцсон. Харин нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр хариуцагч нартай утсаар болон фэйсбүүкээр дамжуулан холбогдож нийт 9,000,000 төгрөгийг олгохдоо бичгээр гэрээ байгуулаагүй байна.
Иймд нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК нь хуульд зааснаар 8,000,000 төгрөгийн гэрээний үүрэг хүү, нэмэгдэл хүүг шаардах эрхтэй. Харин 9,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хүүг шаардах эрх үүсэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн хариуцагч тал 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 8,000,000 төгрөгийг зээлсэн гэрээний үүргийг биелэлтэнд үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүү 5,224,772 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,044,954 төгрөг, нийт 14,269,726 төгрөг төлөх ёстой байснаас 16,777,414 төгрөгийг үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу төлж эхний гэрээний үүргийг гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 31, 48/ болон хариуцагч Б.Нын Хаан банкны ***тоот дансны хуулга /хх-ийн 57-78/ зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэх дараалал болох хүү төлөх талаар маргаж байгаа тул хариуцагч нар эхлээд 8,000,000 төгрөгийг, дараа нь 9,000,000 төгрөгийг төлөх үүргийн дарааллын дагуу тооцоход 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн, харин 9,000,000 төгрөгийн зээлийг хүүгүй төлөх тул уг гэрээний үүргээс 2,507,688 төгрөгийг биелүүлсэн гэж үзэхээр байна.
6.2.Анхан шатны шүүх “...9,000,000 төгрөгийг амаар байгуулсан гэрээ нь өмнөх гэрээний үргэлжлэл гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний 7.3-д “гэрээнд нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр хийх бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр тооцогдоно. Ийнхүү оруулсан нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хуулийн хүчинтэй байж гэрээний салшгүй нэг хэсэгт болно гэж заасантай зөрчилдсөн, нэхэмжлэгчийн тайлбарласан Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасан зохицуулалт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хамааралгүй. Иймд бичгээр байгуулагдаагүй гэрээний үүрэгт хүү тооцож нэхэмжлэх үндэслэлгүй” гэх, мөн сөрөг нэхэмжлэлийн талаар “ ...хариуцагч З.С нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/2302/03 дугаартай зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн, тус гэрээ дуусгавар болсон тул барьцааг чөлөөлөх үндэслэлтэй” гэх дүгнэлт хийсэн нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл болж байна.
7.Гэрээний талууд цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж, цахим гарын үсгийн тухай хуульд зааснаар гарын үсэг зурсан, эсхүл хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, албан бичиг, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан бол бичгээр хийх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 2-д заасан.
Мөн нэхэмжлэгч утас болон фэйсбүүкээр гэрээ байгуулсан гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 7.3-д “Гэрээнд нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн бичгээр хийх бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр гэж тооцогдоно. Ийнхүү оруулсан нэмэлт, өөрчлөлт нь энэхүү гэрээний адил хуулийн хүчинтэй байж, гэрээний салшгүй нэг хэсэг болно” гэж гэрээ сунгагдах талаар тодорхой тусгасан байна.
Нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК нь хариуцагч Б.Н, З.С нарт 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаагийн үйлдлээр утсаар болон фэйсбүүкээр дамжуулан холбогдож нийт 9,000,000 төгрөгийг зээлүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй тул тухайн зээлэнд хүү шаардах эрхгүй.
Хариуцагч нараас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг заасан хугацаанд биелүүлсэн зөрүү төлсөн 2,507,688 төгрөгийг 9,000,000 төгрөгийн зээлээс хасч тооцон, үлдэх 6,492,312 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,343,593 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
8.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А “...үндсэн болон нэмэлт зээлийн гэрээний төлбөрийн тооцоо зөрүүтэй, тооцооллын үндэслэл тодорхойгүй, гэрээний болон барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах шаардлага нөхцлийг бүрэн харгалзаагүй, ...шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан.
8.1.Анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний биелэлтэд 16,777,514 төгрөг төлсөн, үүнээс 3,553,742 төгрөгийг илүү төлсөн гэж тооцооллын алдаа гаргасныг зөвтгөж, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.
9.Түүнчлэн анхан шатны шүүх тухайн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, 2 дахь заалтыг хасаж,
4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 3.С, Б.Ннараас 118,827 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ЗББСБ" ХХК-д олгохоор өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Адавж заалдсан гомдлын зарим хэсгийг хангав.
10.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,338 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
11. "ЗББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх ба анхан шатны шүүх шийдвэрийг бичихдээ Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын бүтэц, аргачлал”-д заасныг баримтлаагүй байгааг анхааруулан тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.4, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 317/ШШ2026/00064 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452.2, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч 3.С, Б.Ннараас 5,447,258 /таван сая дөрвөн зуун дөчин долоон мянга хоёр зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК-д олгож, үлдэх шаардлага 8,140,440 /найман сая нэг зуун дөчин мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулах тухай болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг
“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч 3.С, Б.Ннараас 6,492,312 /зургаан сая дөрвөн зуун ерөн хоёр мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,343,593 /есөн сая гурван зуун дөчин гурван мянга таван зуун ерөн гурав/ төгрөгт холбогдох хэсгийг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
2 дахь заалтад “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,248,207 /хоёр сая хоёр зуун дөчин найман мянга хоёр зуун долоо/ төгрөгөөс татгалзсан болохыг дурдсугай” гэснийг хасч,
4 дэх заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 3.С, Б.Ннараас 102,106 /нэг зуун хоёр мянга нэг зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК-ийн төлөгдөөгүй улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэснийг
“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,375 /хоёр зуун гучин долоон мянга гурван зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 3.С, Б.Ннараас 118,827 /нэг зуун арван найман мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК-д олгосугай...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, дугаарлалтыг 1-6 болгож, нэхэмжлэгч "ЗББСБ” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЗББСБ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 134,338 /нэг зуун гучин дөрвөн мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар зохигч давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.