| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0159/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2019-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 157
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Д.Ц-д холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Аз холдинг ХХК-д ажилладаг, ам бүл 5, эх, эгч, ах, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 11-33 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Д.Ц, регистрийн дугаар:..........
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 9 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө хохирогч Э.Бг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1. Хохирогч Э.Б-гийн “.....2019 оны 9 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Улаангом сумын 12-р багийн нутагт байрлах ЭМ СИ ЭС грүппийн ажилчдын байрладаг гэр дотор унтаж амарч байтал 01 цаг 30 минутын үед урьд нь надтай хамт ажиллаж байсан Д.Д гэх залуу согтуу орж ирсэн... Д-гийн төрсөн дүү Д.Ц шөнийн 01 цаг 45 минутын үед ирсэн. Тэгээд манай гэрт орж ирэхэд Д.Д нь дүүдээ хандаж энэ залуу намайг урьд нь зодож байсан гэж хэлсэн. Д.Ц өө энэ юм уу гээд жижиг түлхүүр атгасан гараараа намайг газарт дээш хараад хэвтэж байхад шууд миний дээрээс баруун нүдэн дээр нэг удаа цохиод дараа нь босоод сууж байхад зүүн нүдэн дээр нэг удаа цохисон юм. Тэгээд дараа нь миний баруун талын шанаа, чих, эрүү орчим газарт 2-3 удаа цохисон юм. Д.Ц намайг гаръя гэхэд би дагаад гарсан тэр үед Д.Ц миний гэдсэн дээр аймхай орчим газарт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
2. Гэрч Э.Б-ын “...танихгүй 2 залуу ирсэн. Тэгээд миний хажууд байсан Э.Бтэй ах нь дүүтэйгээ уулзаатай ирсэн гээд яриад байсан. Урьд нь тэр хоёр хүн хоорондоо жаахан асуудалтай байсан юм шиг байна. Тэгээд нэг залуу нь дүүтэйгээ яриад ахыгаа ирээд авчих гэж хэлсэн. Тэр Д.Д гэдэг залуу тухайн үед согтуу байсан. Удалгүй гаднаас нэг залуу орж ирсэн. Тэр залуу аль нь миний ахыг зодсон юм бэ гэж асуугаад миний хажууд газраар зассан модон орон дээр хэвтэж байсан Э.Б-гийн дээрээс гараараа шууд нүд, нүүр орчим газарт нь хэд хэдэн удаа цохисон юм. Тэгээд Э.Б-г дагуулаад гэрээс гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
3. Гэрч Б.М-гийн “...Д.Д бид хоёр 2019 оны 9 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Улаангом сумын 12-р багийн нутагт байрлах шинээр барьж байсан ЭМ СИ ЭС грүппийн агуулахын хашаанд дотор байсан гэрт очсон. ...Д.Ц нь Э.Бг гэрийн баруун хойд талд газраар зассан байсан модон орон дээр хэвтэж байхад шууд явж очоод гараараа дээрээс нь Э.Бгийн нүүр орчим газарт 3-4 удаа цохисон. ...Э.Б хувцасаа өмсөөд гарсан юм. Тэгээд би гэрээс гарах гэхэд Д.Ц-тай хамт явсан найз нь та яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд залуучууд гэрээс гарангууд Э.Б зугтаад явчихсан. Түүнээс өөр ямар нэгэн зодоон болоогүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
4. 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “...Үзүүлэгч Э.Бгийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, баруун ухархайн дотно ханын хугарал, хамрын муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун шанаад арьсан доор хий хуралдалт, баруун нүдний доод зовхинд өнгөц зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 633 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 633 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Ц нь урьдын таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Д.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Э.Бгийн “...Д.Ц надад 100.000 төгрөгөөр нэг удаа миний эрүүл мэндийн даатгалыг төлж, хамар гаргахад 40.000 төгрөгийн эм тариа авч өгсөн. Одоо Д.Ц-д ямар нэг гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” мэдүүлгээр /хх-ийн 6 дугаар хуудас/ тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын санал гаргасан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск нэг ширхгийг хохирогч Э.Б-д шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА