Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ХШТ/96

 

                                                Б.Б-д холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Б.Батцэрэн даргалж, шүүгч Н.Батзориг, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н, хохирогчийн өмгөөлөгч И.Атарбямба, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалтай, Б.Б-д холбогдох 2238000000539 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн гаргасан гомдлоор 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт **** аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, РД: ****,

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой **** аймгийн **** сумын **** баг “****” гэх газарт **** улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С.Э-ыг дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцгийн битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас оршуулгын зардлын үлдэгдэл хохирол 1,771,189 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөг, нийт 84,271,189 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-д олгож, Эрүүгийн 2238000000539 дугаар хэрэгт битүүмжилсэн 3,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Приус-11” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Прокурор хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” үндэслэлээр хяналтын журмаар эсэргүүцэл бичив. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүгдэгч Б.Б-аас сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт 82,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна. Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, тусгай нөхцөл заасан нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

Нэгэнт хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байхад анхан болон давж заалдах шатны шүүх “... хуулийг буцааж хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчиж гэм хорын асуудлыг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 82,500,000 төгрөг гаргуулсугай...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тул гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 5-д “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас оршуулгын зардлын үлдэгдэл 1,771,189 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөг, нийт 84,271,189 төгрөгийг гаргуулж амь хохирогчын хууль ёсны төлөөлөгч Э.Н-д олгосугай” гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын дагуу амь хохирогчын хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирлыг иргэний хуулийн зүйл заалтыг баримтлан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хуулийг буруу хэрэглэсэн.

Б.Б-ын энэ үйлдэл нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой гарсан байхад дээрх тогтоол батлагдан гарахаас өмнө үйлдэгдсэн хэрэгт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал"-ын дагуу энэ журмыг хэрэглэн амь хохирогчын хууль ёсны төлөөлөгч Э.Н-д сэтгэцэд учирсан хохирол гэж 82,500,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Ингэж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан заалтуудыг хэрэглэсэн нь 2022 оны 12 дугаар сард Иргэний хуульд шинээр нэмэлт өөрчлөлтөөр орсон заалтуудыг баримтлан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгийн заалтууд нь хэрэг гарсны дараа Иргэнии хуульд нэмэлт өөрчлөлтөөр орсон нь Иргэний хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэх бас нэг үндэслэл болж байгаа юм.

Энэ нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой. Анхан болон давж заалдах шатны шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ыг янз бүрийн байдлаар, тухайлбал хэргийг шийдвэрлэх үед энэ хууль болон Дээд шүүхийн тогтоолоор баталсан дээрх аргачлал хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, зарим тохиолдолд Дээд шүүхийн тогтоолоор баталсан аргачлал батлагдахаас өмнө үйлдэгдсэн хэрэгт хэрэглэж байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй үлдээх гэх зэргээр хууль хэрэглээний зөрүү гарган шийдвэрлэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5-д заасан “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр эүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас оршуулгын зардлын үлдэгдэл 1,771,189 /нэг сая долоон зуун далан нэгэн мянга нэг зуун наян ес /төгрөг сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 84,271,189 /наян дөрвөн сая хоер зуун далан нэгэн мянга нэг эуун наян ес/ төгрөгийг гаргуулж амь хохирогчын хууль ёсны төлөөлөгч Э.Н-д олгосугай” гэсэнд өөрчлөлт оруулж, сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөг гэснийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хяналтын журмаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 453 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

2. Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой **** аймгийн **** сумын **** баг “****” гэх газарт **** улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С.Э-ыг дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцгийн битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон байна.

3. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, оршуулгын зардлын үлдэгдэл хохирол 1,771,189 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөг, нийт 84,271,189 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-д олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянаж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугласан ба хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, хоёр шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх 4.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, хуулийг зөв хэрэглэжээ.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэв.

4. Харин хоёр шатны шүүх сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болдог учиртай.

Харин хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан бол тэр хугацаанаас эхлэн хуулийг дагаж мөрддөг ба цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон тэр үеэс хойш тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлнэ.

Гэхдээ хуульд тусгайлан зохицуулсан бол хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тухайн хуулийн хэм хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болохын өмнө үүссэн харилцаа, болж өнгөрсөн үйл баримтын хувьд буцаан хэрэглэж болдог ба энэ нь эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

5. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилжээ. Уг хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэдэг байна. Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна.  

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, тусгай нөхцөл заасан нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

6. Нэгэнт сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх “... хуулийг буцааж хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчиж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-д сэтгэцэд учирсан хор уршигт 82,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-д олгохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус хангахаар хяналтын шатны шүүхээс тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт 82,500,000 төгрөг гаргуулсан шийдвэрийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас оршуулгын зардлын үлдэгдэл хохирол 1,771,189 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-д олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол болон Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус хангасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ                                              Б.БАТЦЭРЭН

                 ШҮҮГЧИД                                                  Н.БАТЗОРИГ

                                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                    Б.ЦОГТ