| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00540/И |
| Дугаар | 130/ШШ2016/00595 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2016/00595
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, утас ****, РД:***********Н овогт Аын Гы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт хивс нэхэгчээр 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч А.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 224 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт хивс нэхэгчээр анх ажилд орсон юм. Намайг ажилд оруулах тус 224 дугаар тушаалд тус үйлдвэрийн дарга Т.Х гэдэг хүн гарын үсэг зурсан ба би хивс нэхэгчээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй 15 жил 11 сар 5 хоног ажилласан юм. Хөдөлмөрийн дэвтэрт намайг 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тус Ноос угаах үйлдвэрийн даргын 221 дугаартай тушаалаар ажилд орсон гэж бичилт хийж үйлдвэрийн тэмдэг дарсан байдаг. Харин үйлдвэрээс ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал болон тэмдэглэл энэ дэвтэрт бичигдээгүй байна. Бичигдээгүй учир нь миний бие 1996 оны болон 1997 оны хооронд ажиллах үед тус үйлдвэр татан буугдсан болон олон дарга удирдлага солигдож, мөн Ноос нэхмэл, А гэх мэт компани болж өөрчлөгдсөн бөгөөд энэ үед ажиллаж байсан удирдлага хариуцлагагүй хандаж хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгээгүй байсан ба би энэ дэвтрийг 1995 оны эхэнд олж аваад бичилт хийлгэж чадаагүй юм. Миний Ноос угаах үйлдвэрт нэхмэлчнээр ажилласныг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байдал, Үйлдвэрчний эвлэлийн дэвтэр, 5 жилийн гавшгайчийн шагнагдсан баримт, фото зураг, 3 хүний тодорхойлолт зэрэг гэрчилж нотолно. Иймд миний улсад 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Гы шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 389 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаанд аймгийн Ноос угаах үйлдвэрийн 1980-1995 оны тушаалыг архивд шилжүүлээгүй А.Гд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй гэсэн байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагч А.Гы №327480 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр нь энэ хэрэгт хамааралгүй тул, мөн А.Гы хамт олонтой авахуулсан гэх зураг хэдэн оных гэдэг нь эргэлзээтэй тодорхойгүй учир тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Иймээс хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хүсэлт гаргагч А.Гы ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрийн даргын 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 224 дугаартай тушаалаар гар хивсний цехт ажилчнаар орох хүмүүсийн нэрсийг 1 дүгээр хавсралтаар баталж 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсан ба хавсралтын 80 дугаарт А.Гы нэр бичигдсэн байна. /Ф№62, Д№01, хн-71, х-260/
-Мөн хавтаст хэрэгт авагдсан А.Гы 1979 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрийн дарга Х гэж бичээд тамга дарж баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтрийн 4-7 хуудасны ажлын тухай мэдээнд ноос угаах үйлдвэрийн даргын 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 224 дугаартай тушаалаар 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хивсний тасагт хивс нэхэгчээр томилогдсоныг тэмдэглэн бичиж тамга дарж баталгаажуулсан байна. Мөн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгосон гэсэн байна.
-Хүсэлт гаргагч А.Гы №473062 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн бат илэрхийлэхэд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл татвар төлж байсан талаар бичигдэн тэмдэг дарж баталгаажуулсан байна.
-Хүсэлт гаргагч А.Г нь ажлын төлөвлөгөөг биелүүлэн 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр VIII таван жилийн гавшгайч цол тэмдгээр шагнагдсан байна.
-Мөн хүсэлт гаргагч А.Гтай хамт ажилласан гэх РД:*****Ж овогт Сийн Ж, РД:****** Т овогт Хын С, РД:Б Ш овогт Хгийн Гүлсай нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Ноос угаах үйлдвэрт анх 1979 онд ажилд орж, А.Гтай хамт хивс нэхэгчээр тасралтгүй 1995 он хүртэл ажилласан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн байна.
Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч А.Г нь Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт хивс нэхэгчээр 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:***********Н овогт Аын Г нь Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт хивс нэхэгчээр 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Гы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК