| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/07566/И |
| Дугаар | 210/МА2026/00450 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00450
*******, *******, *******, *******
нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/10080 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 109,139,884 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь 2021 онд үүсгэн байгуулагдсан тээвэр, ложистикийн үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд тус компани нь ******* ******* гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа эзэмшигч ******* нь компанийн үйл ажиллагааг тогтвортой, доголдолгүй, тасралтгүй явуулахын тулд мөнгөн хөрөнгө шаардлагатай байгаа талаар нэхэмжлэгч нарт тухай бүрд санал тавьсны дагуу нэхэмжлэгч нар нь ******* ХХК-д нийт 109,139,884 төгрөгийн зээлийг олгосон.
1.2. Учир нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******ын хувьд нэхэмжлэгч нарын ойрын хамаарал бүхий хүн бөгөөд тодруулж хэлбэл нэхэмжлэгч *******ийн эхнэр, *******ийн нөхрийн эгч, *******ын нагац эгч, *******тай хамтран ажиллаж байсан харилцан хамааралтай хүн байсан учир нэхэмжлэгч нар нь тус компанид зээл олгосон байдаг.
1.3. ******* нь 20,000,000 төгрөг, ******* нь 49,800,000 төгрөг, ******* нь 4,000,000 төгрөг, ******* нь 21,540,000 төгрөгийг тус тус ******* ХХК-ийн ******* банкин дахь ******* тоот дансаар шилжүүлсэн. Түүнчлэн, ******* нь ******* ХХК-ийн оффисын дрожны төлбөр болох 5,141,500 төгрөгийг гэрээлэгч компани болох ******* ХХК-ийн ******* банкин дахь ******* тоот дансаар, ******* ХХК-ийн оффисын тавилгын төлбөр болох 7,003,500 төгрөгийг ******* ХХК-ийн ******* банкин дахь ******* тоот дансаар, ******* ХХК-ийн оффист хийсэн шилэн хаалтын урьдчилгаа төлбөр болох 1,654,884 төгрөгийг ******* ХХК-ийн ******* банкин дахь ******* тоот дансаар тус тус шилжүүлсэн. Нэхэмжлэгч *******гаас ийнхүү ******* ХХК-ийн өмнөөс түүний гэрээлэгч компани руу шилжүүлсэн төлбөр нь мөн адил тус компанаас санал тавьсны дагуу шилжүүлсэн зээлийн төлбөр байсан.
1.4. Нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* ХХК-тай хэдийгээр бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй ч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд зээлийн мөнгөн төлбөр төлөхийг тус компанаас удаа дараа шаардсан ч өнөөдрийг хүртэл хугацаанд огт төлөөгүй. Түүнчлэн, хувьцаа эзэмшигч *******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох зээлийн үүрэгт 197,452,434 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/01075 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрт энэхүү нэхэмжлэлд дурдсан зээлийг ******* ХХК нь нэхэмжлэгч нараас авснаа хүлээн зөвшөөрдөг хэдий ч тус зээлийн төлбөрийг ******* нэхэмжлэх эрхгүй болохыг тогтоосон.
1.5 Иймд хариуцагч ******* ХХК-аас нийт 109,139,884 төгрөгийг гаргуулж, 20,000,000 төгрөгийг *******ид, 49,800,000 төгрөгийг *******ад, 4,000,000 төгрөгийг *******т, 35,339,884 төгрөгийг *******д тус тус олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Талуудын хооронд мөнгө шилжсэн асуудал байгаа ч нэр бүхий 4 иргэн болон ******* ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан уу, үгүй юу гэдгийг шалгах ёстой. Нэхэмжлэгч нар нь ******* ХХК-ийг мэдэхгүй, гүйцэтгэх захирал ******* гэдэг хүнтэй харилцаж байгаагүй. Бүгд *******ын хамаарал бүхий этгээдүүд бөгөөд нэхэмжлэлдээ ******* санал тавьсан учраас, ******* мөнгө хэрэгтэй гэсэн учраас *******ын хүсэл сонирхол байсан учраас ******* ХХК-д мөнгө өгсөн гэдэг юм ярьдаг. Дээрх харилцаанд ******* ХХК байхгүй, харин ******* болон нэр бүхий 4 иргэдийн хооронд зээлийн харилцаа үүсээд байна гэж харж байгаа.
2.2. Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актад зээл гээд биччихсэн байгаа боловч талууд нь нэг талаас ******* ХХК, нөгөө талаас нь ******* байдаг бөгөөд нэхэмжлэгч 4 иргэнтэй холбоотой зээлийн асуудлыг бичсэн зүйл байдаггүй.
2.3. ******* гэдэг хүн ******* ХХК-ийг төлөөлж зээл авах, зээлийн мөнгөн хөрөнгийг компанийн дансанд оруулах эрхтэй хүн биш. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-т зааснаар гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагааг явуулах бөгөөд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч 4 иргэнээс зээл авсан асуудал байхгүй.
2.4. ******* энэ хүмүүст санал тавиад компани руу мөнгө хийлгэсэн бол үүнтэй холбоотой харилцааг ******* өөрөө биеэ дааж шийдэх ёстой. Нэхэмжлэгч нар *******тай ямар нэгэн байдлаар зээлийн харилцаагаа тооцохгүйгээр шууд компанаас мөнгө нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй.
2.5. *******тай ******* ХХК байгуулагдаагүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга аваагүй байхад нэр бүхий 4 компани руу компанийн нэрийн өмнөөс мөнгө шилжүүлчихээд уг мөнгийг ******* ХХК-аас нэхэмжилж буй нь мөн үндэслэлгүй.
2.6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас нийт 109,139,884 төгрөгийг гаргуулж, үүнээс 20,000,000 төгрөгийг *******ид, 49,800,000 төгрөгийг *******ад, 4,000,000 төгрөгийг *******т, 35,339,884 төгрөгийг *******д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 704,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 704,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нарын зүгээс шүүхэд компанид олгосон гэх зээлийг буцаан төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн маргааныг хянан шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үүрэг үүссэн эсэхийг тогтоохын тулд эд хөрөнгийг олж авсан этгээдийн хөрөнгө нэмэгдсэн байх, уг эд хөрөнгийг олж авсан үйлдэл нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх нөхцлийг хуулиар шаардсан байна.
4.2. Гэтэл талуудын хооронд үүссэн харилцаанд шууд үүрэг үүсээгүй боловч нэхэмжлэгч нар нь хувьцаа эзэмшигч *******ын тавьсан саналаар *******ын нэрийн өмнөөс компанийн дансанд 95,340,000 төгрөгийг ******* дараа тооцоо гэсэн утгатай шилжүүлсэн, 13,799,884 төгрөгийг компани байгуулагдаагүй байхад гуравдагч этгээдийн данс руу бараа материалын төлбөр болгон шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч *******аас хариуцагчид хүргүүлсэн зээл шаардсан баримтад *******аас бэлнээр авсан 4 сая төгрөгийг танай дансанд *******ын нэрийн өмнөөс зээл хэлбэрээр дараа тооцоо гэж шилжүүлэв, зээлийн мөнгийг ******* өгсөн гэж бичсэн байдаг.
4.3. Дээрх бодит нөхцөл байдал, нотлох баримтаас харахад хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд аливаа эрх зүйн харилцаа үүсээгүй, харин хувьцаа эзэмшигч ******* болон нэхэмжлэгч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааны дагуу *******ын нэрийн өмнөөс түүний даалгаврыг нь биелүүлэн мөнгө болон хөрөнгийг хариуцагч компанид шилжүүлсэн гэдэг тодорхой харагддаг. Нэхэмжлэгч нар нь *******ын компанид хөрөнгө оруулах үүргийг нь биелүүлж мөнгө, хөрөнгийг компанид шилжүүлсэн, түүнийгээ өөрсдөө баталдаг, нотлох баримт нь байсаар байтал шүүхээс хариуцагч компанийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
4.4. ******* ХХК болон тухайн компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч ******* нарын хоорондын хөрөнгө оруулалтын харилцааны хүрээнд орж ирсэн мөнгөн болон биет хөрөнгийг компани санхүүгийн тайландаа *******ын дараа тооцоо, урт хугацааны өглөг гэж бүртгэснээс гадна *******тай тооцоо нийлсэн акт үйлдсэн тул тухайн шаардаад байгаа 109,139,884 төгрөг нь бүгд ******* болон компани хоорондын өглөг авлагын асуудал юм гэдэг нь илэрхий харагдаж байгаа. ******* тухайн мөнгийг бүрдүүлэхдээ гуравдагч этгээдтэй холбогдсон, тухайн этгээдүүд нь түүний нэрийн өмнөөс даалгавар гүйцэтгэсэн нь илэрхий бөгөөд тухайн мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх эх үүсвэрт хариуцагч компани оролцох боломжгүй, үүрэг амлалт өгөөгүй, мэдээгүй байхад анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хууль зүйн үндэслэл, зарчмыг шүүхийн зүгээс анхаарч үзэлгүй тухайн мөнгийг компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүйг харуулж байна.
4.5. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа мөнгөн хөрөнгийг *******ын хөрөнгө оруулалт гэж үзэн дээр дурдсанчлан санхүүгийн тайландаа нэг бүрчлэн үнэн зөвөөр бүртгэсэн бөгөөд тухайн этгээдийг хууль ёсоор хөрөнгө оруулалтын үүргээ гүйцэтгэж байгаа гэж үзэж ойлгож байсан тул компанийн үйл ажиллагаанаас олсон ашиг, орлогыг шударгаар хуваарилдаг байсан. Тодруулбал, 2022-2023 оны хооронд 120,000,000 төгрөгийг ногдол ашгаар, 2021 оны 05 дугаар сараас 2023 оны 05 дугаар cap хүртэл хугацаанд 31,430,160 төгрөгийг цалин нэрээр, 45,500,000 төгрөгийг түрээс нэрээр, нийт 196,930,160 төгрөгийг ******* болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлсэн.
4.6. ******* нь 197,000,000 төгрөг компанид хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулчихлаа гэж итгүүлээд дараа нь буцаагаад 196,000,000 төгрөгийг гаргуулж авмагцаа шүүхэд нэхэмжлэл гарган компанийн дансыг жил гаран бүрэн царцаан, үйл ажиллагааг нь бүрэн доголдуулсны үр дүнд 77,000,000 төгрөгийг гаргуулж авсан. Үндсэндээ ******* гэдэг этгээд нь компанид нэг ч өдөр, нэг ч секунд ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй байтлаа аль хэдийн 273 гаруй сая төгрөг гаргуулан авсныхаа дараа өөрийнх нь өмнөөс компанид хөрөнгө оруулах үүргийг нь гүйцэтгэж мөнгө, хөрөнгө шилжүүлсэн нөхөр, хүүхэд, бэр, хамаатнуудаараа дамжуулан дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хувийн эрх зүй дэх итгэлийг хамгаалах зарчмыг хөсөрдүүлсэн үйлдэл болсныг шүүхийн зүгээс анхаарч үзээгүйгээс гадна хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй.
4.7. Түүнчлэн, нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж нэхэмжлэл гаргасан тул зохигчид тухайн шаардлагын хүрээнд өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ гаргаж, холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн шүүх хуралдааны явцад мэтгэлцсэн.
Гэтэл шүүх нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлоогүй, дурдаагүй, дэмжээгүй, талууд шүүх хурлын явцад харилцан огт мэтгэлцээгүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ гаргаагүй байсан үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн үндэслэлийг санаачлагаараа гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс хальж, заавал ямар нэгэн аргаар тухайн мөнгө, хөрөнгийг хариуцагчаас гаргуулах ёстой мэтээр шийдвэрлэснийг огтоос хүлээн зөвшөөрөх аргагүй байна.
4.8. Хэрэв үнэхээр талуудын хоорондын харилцаа нь үндэслэлгүй хөрөнгөжих шинжийг агуулсан гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэх байсан бол тухайн шилжсэн мөнгөн хөрөнгөтэй холбоотойгоор хариуцагчид учирсан үр дагаврыг буюу Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дахь хэсэгт заасныг харгалзан үзэж хариуцагчид аливаа хэлбэрээр нэмэлт зардал, хохирол гарсан эсэх асуудлыг тодруулан нэг мөр шийдвэрлэх ёстой байсан атал зөвхөн нэг талын эрх, ашиг сонирхлыг харгалзаж хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг үгүйсгэж байна.
4.9. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар юу авсан түүнийгээ буцаан шилжүүлэхээр харагдаж байх атал нэхэмжлэгч нараас *******ын нэрийн өмнөөс хариуцагч компанийн дансанд мөнгөн дүнгээр 95,340,000 төгрөг ******* дараа тооцоо гэсэн утгатайгаар, 13,799,884 төгрөг нь компани байгуулагдаагүй байхад гуравдагч этгээдийн данс руу бараа материалын төлбөр болгон шилжүүлснийг шүүхээс анхаарч үзэлгүйгээр бүхэлд нь мөнгөн хэлбэрээр хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримтыг зөв үнэлээгүйг харуулж байна.
4.10. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. 4 нэхэмжлэгчээс шилжүүлсэн төлбөр нь хувьцаа эзэмшигч *******ын дансанд бус хариуцагчийн компанийн дансанд орсон. Компанийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг авахын тулд дээрх мөнгийг авсан.
5.2. Хариуцагч нь 13,000,000 төгрөгийг компани байгуулахаас өмнө гарсан мөнгө гэж тайлбарладаг. Компани 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дүрмээ баталсан. Компанийн гэрчилгээ нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталгаажиж гарч ирсэн. Нэхэмжлэгч *******ийн зүгээс шилжүүлсэн дрож, шилэн хаалтын төлбөрүүд нь дээрх хугацаанд хамаарч байгаа. Компанийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хөрөнгө шаардлагатай байсан.
5.3. Тухайн үед хариуцагчийн компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан ******* нь өөрийн хамаарал бүхий этгээдүүдээс тусламж хүссэний дагуу 4 нэхэмжлэгч нь компанийн дансанд мөнгийг шилжүүлж зээлдүүлсэн. Хариуцагч компани нь тус мөнгийг үйл ажиллагаандаа зарцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компанийн 2022, 2023, 2024 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг гаргуулсан. Нэхэмжлэгч нараас шилжүүлсэн төлбөрийг урт хугацааны зээлийн өр төлбөр гэж бүртгэсэн. Хариуцагч компани нь тухайн мөнгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч баталгаажуулсан.
5.4. Мөнгөн дүнгийн тоо хэмжээ болон хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй. Хувьцаа эзэмшигч *******ын хөрөнгө оруулалт гэх агуулгаар маргадаг. Гэтэл талуудын хооронд хөрөнгийн оруулалтын гэрээ байгуулагдаагүй. ******* нь эхний 2 жил ноогдол ашиг авч байсан. 200,000,000 төгрөгийн ноогдол ашгийг буцааж өгсөн гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан. Анх зээлсэн өр төлбөрийг буцааж өгсөн зүйл огт байхгүй. Хувьцаа эзэмшигч нарын хооронд өр төлбөрийн асуудал үүсээгүй. Хөрөнгө оруулалтын талаар хувьцаа эзэмшигч нар тохиролцоогүй. Компанийн үйл ажиллагааг явуулахын тулд хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай байсан.
5.5. Хувьцаа эзэмшигч ******* өөрийнхөө зүгээс зээл олгосон. Мөн хамаарал бүхий этгээдүүд нь шилжүүлсэн. ******* нь 2024 оны 08 дугаар сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрээр 4 нэхэмжлэгчийн шилжүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 109,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй болохыг дурдсан. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин шийдвэрлэсэн зүйл байхгүй.
5.6. Нэхэмжлэгч нар нь хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч *******ыг таньдаг байсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу мөнгийг компанийн дансанд шилжүүлсэн бөгөөд мөнгийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нарын хувьд *******аас удаа дараа мөнгийг шаардаж байсан. ******* нь хариуцагч компаниас шаардаж байсан болох нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэрээр нотлогдоно. Хувьцаа эзэмшигч ******* нь хариуцагч компанитай тооцоо нийлж акт үйлдсэн. Энэхүү тооцоо нийлсэн акт нь хавтаст хэрэгт авагдсан. Тухайн тооцоо нийлсэн актад 4 нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрүүд тусгагдсан бөгөөд хариуцагч компани үүнийг хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч компанийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөсөн өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тус компанийн хувьцаа эзэмшигч *******ын хүсэлтээр ******* 20,000,000 төгрөгийг, ******* 49,800,000 төгрөгийг, ******* 4,000,000 төгрөгийг, ******* 35,339,884 төгрөгийг тус тус ******* ХХК-д зээлдүүлсэн гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт нийт 109,139,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэгч нараас нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг зээлж аваагүй, эрх зүйн харилцаанд ороогүй, нэхэмжлэгч нар болон тус компанийн хувьцаа эзэмшигч ******* нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь хариуцагч компанид хамааралгүй, нэхэмжлэгч нараас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг *******ын компанид оруулах хөрөнгө оруулалт гэж ойлгож хүлээн авсан, компанийн хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг компани хариуцахгүй тул нэхэмжлэгч нар болон хувьцаа эзэмшигч ******* нарын хооронд үүссэн харилцааны үр дагаврыг компани хариуцах үндэслэлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. *******ээс ******* ХХК-ийн эзэмшлийн ******* банкин дахь ******* тоот дансанд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг ******* дараа тооцоо гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн;
3.2. *******аас ******* ХХК-ийн эзэмшлийн ******* банкин дахь ******* тоот дансанд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 49,800,000 төгрөгийг ******* дараа тооцоо гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн;
3.3. *******аас ******* ХХК-ийн эзэмшлийн ******* банкин дахь ******* тоот дансанд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөгийг *******-с дараа тооцоо гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн;
3.4. *******гаас ******* ХХК-ийн эзэмшлийн ******* банкин дахь ******* тоот дансанд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 21,540,000.00 төгрөгийг *******аас дараа тооцоо гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн;
3.5. *******гаас ******* ХХК-ийн эзэмшлийн ******* банкин дахь ******* тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 7,003,500 төгрөгийг Nice move logistics furniture ******* гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн;
3.6. *******гаас ******* ХХК-ийн эзэмшлийн ******* банкин дахь ******* тоот дансанд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1,654,884 төгрөгийг NM logistics LLC shilen hiits uridchilgaa гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн;
3.7. *******гаас ******* ХХК-ийн эзэмшлийн ******* банкин дахь ******* тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг Nice move logistics droj uridchilgaa гэсэн гүйлгээний утгатайгаар, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 3,141,500 төгрөгийг ******* /РД-*******/ дрож үлдэ гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн;
3.8. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/01075 дугаартай шийдвэрээр *******ын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 197,452,434 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэж, хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 77,412,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120,039,884 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;
4. Зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаангүй боловч нэхэмжлэгч нар нь хариуцагчаас нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4.1. Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардаж буй нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч *******ын тавьсан саналын дагуу хариуцагч компанид мөнгөн хөрөнгийг зээлдүүлсэн гэх үндэслэлээр тайлбарлажээ.
4.2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжилж буй мөнгөн хөрөнгийг хариуцагч компанид тухайн компанийн хувьцаа эзэмшигч *******ын тавьсан саналын дагуу шилжүүлсэн нь нэхэмжлэгч нарын тайлбар болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 191/ТМ2025/01465 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл дэх нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, даргалагч шүүгчийн асуултад хариулсан хариулт зэргээр тогтоогдож байна.
4.3. Нэхэмжлэгч нар нь мөнгөн хөрөнгийг хариуцагч компанийн хувьцаа эзэмшигчийн тавьсан саналын дагуу дараа тооцоо гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагчийн дансанд шилжүүлж байсан нь хариуцагчид бүрмөсөн шилжүүлээгүй, тодорхой хугацааны дараа буцаан авах хүсэл зорилготой шилжүүлснийг илтгэж байна. Гэтэл анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэхдээ талууд анхнаасаа зээл олгох зорилгоор эрх үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгоход чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглэсэн хүсэл зоригоо илэрхийлээгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэл муутай болсон байх ба нэхэмжлэгч нар хариуцагч компанид нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэх хүсэл зоригтой байсан гэж үзнэ.
4.4. Харин хариуцагч компанид мөнгөн хөрөнгийг зээлдүүлэх хүсэл зоригийн хүрээнд нэхэмжлэгч нар нь хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхгүй этгээд буюу тухайн компанийн хувьцаа эзэмшигч *******тай хэлэлцэн тохиролцсон нь тухайн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болно.
4.5. Нэхэмжлэгч нар нь хариуцагч компанид мөнгөн хөрөнгө шилжүүлэхдээ компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлэлцэн тохиролцож шилжүүлсэн, уг тохиролцоо нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхийн хууль зүйн үндэслэл нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн зохицуулалтаар тодорхойлогдоно.
4.6. Хариуцагч нь нэхэмжлэгч ******* 13,799,884 төгрөгийг компани байгуулагдаагүй байхад гуравдагч этгээдийн данс руу бараа материалын төлбөр болгон шилжүүлсэн байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй мөнгөн хэлбэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн гэх үндэслэлийг давж заалдах гомдолд дурдсан.
Нэхэмжлэгч *******гаас ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт шилжүүлсэн 13,799,884 төгрөгөөс ******* ХХК-д шилжүүлсэн 7,003,500 төгрөг нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу хариуцагч компани үүсгэн байгуулагдахаас 2 хоногийн өмнө, ******* ХХК-д шилжүүлсэн 2,000,000 төгрөг нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буюу хариуцагч компани үүсгэн байгуулагдахаас 1 хоногийн өмнө, бусад мөнгөн шилжүүлэг нь хариуцагч компани үүсгэн байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шилжсэн нь хэргийн баримтаар тогтоогддог.
Гэсэн хэдий ч тухайн мөнгөн шилжүүлгийн үр дүнд бий болсон эд хөрөнгийг хариуцагч компани өөрийн өмчлөлд шилжүүлэн авч ашиглаж байгаа нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн өмчлөлд шилжсэн бараа материалын үнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан шаардах эрхийн хүрээнд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.
4.7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
4.8. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч компанийн нэрийг ******* ХХК гэж алдаатай бичсэн байгааг ******* ХХК гэж залруулсан өөрчлөлтийг оруулна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/10080 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... ******* ХХК-аас ... гэснийг ... ******* ХХК-аас ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 704,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Б.УУГАНБАЯР