| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0151/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 145
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч И.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт И.И-т холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1960 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаангом сумын 12 дугаар багт оршин суух, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш овогт И.И, регистрийн дугаар:.............
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч И.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч И.И нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1. Хохирогч Б.Г-ын “...Би Л гэх хүнтэй уулзаад ойрд уулзаагүй юм чинь гээд би дэлгүүрээс 500 граммын Хараа нэртэй архи аваад Ч гэдэг хүний хадлангийн талбай дээр очиход И, Б гэх хоёр хүн байсан. Тэгээд бид нар нөгөө архиа хувааж уусан юм. Тэгж байтал И ах зүгээр сууж байгаад чи мэддэг хүн юм уу, чаддаг хүн юм уу гээд над руу дайраад гараараа миний нүүр лүү 5-6 удаа цохиж миний хамар, нүд, чих, уруул зэргийг гар, хөлөөрөө цохиж гэмтээсэн бөгөөд намайг зодож байхад бид хоёрын хажууд Б, Л нар байсан. Тэгээд Б явчихсан. Харин Л бид хоёрын дундуур орж салгах гээд хүч хүрээгүй юм. Тэгээд сүүлд Л ах арай хийж намайг И ахаас салгахаар нь би гэрлүүгээ яваад гэрээсээ цагдаад дуудлага өгсөн. ...И.И-аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-7 дугаар хуудас/
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 610 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд хохирогч Б.Г-ын зүй бус үйлдлийн улмаас хоорондоо маргалдаж, шүүгдэгч И.И нь хохирогч Б.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул И.И-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Б.Г нь “...надад И.И-аас нэхэмжлэх зүйл байхгүй, И.Ит ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-ийн 7 дугаар хуудас/ гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол хор уршиггүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч И.И нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт И.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.И-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч И.И нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч И.И нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч И.И-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА