| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/03506/И |
| Дугаар | 210/МА2026/00449 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00449
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/09956 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 134,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20/302 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, үнэт металл баяжуулах төхөөрөмж болох TU-1200 скруббер нэг ширхэг, тэжээлийн бункер хийлгэхээр тохиролцож, төлбөрийг бүрэн төлсөн.
1.2. Захиалсан төхөөрөмжийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр анх ажиллуулахад эвдрэл гарч гэрээнд заагдсан зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй болох нь мэдэгдсэн. Эвдрэл, гэмтлийн талаар 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хариуцагч компанид удаа дараа өргөдөл, мэдэгдэл хүргүүлж, улмаар хариуцагч компанийн зүгээс засвар хийж, дахин ажиллуулах гэж оролдсон боловч анхнаасаа алдаатай хийгдсэн учир зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан.
1.3. Хариуцагч компани Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ болон гэрээний 4.6-д заасан гэрээт ажлыг зохих норм, зурагт заасны дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүрэг, мөн гэрээний 4.9-т заасан биет байдлын болон эрхийн доголдолгүй бараа нийлүүлэх үүргийг зөрчсөн учир гэрээнээс татгалзаж, хариуцагчид төлсөн 134,400,000 төгрөгийг буцааж гаргуулна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК 2020 оны 03 дугаар сард манай компаниас скруббер 120 төхөөрөмж худалдан авах санал тавьсан ба бидний зүгээс стандартын дагуу үйлдвэрлэгдсэн бэлэн байгаа төхөөрөмжийг үзүүлэхэд өөрсдийн загвараар хийлгэнэ гэсэн саналыг хэлсэн. Улмаар талууд харилцан зөвшилцөж 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20/302 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч компанийн хүсэлтийн дагуу төхөөрөмжийн ажлын зургийг өөрчлөн батлуулж, уг ажлын зургийн дагуу төхөөрөмжийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.
2.2. Тухайн үед манай компанийн зүгээс танай ажлын зураг алдаатай, уг ажлын зургаар хийгдсэн тохиолдолд гол төхөөрөмж нь бусад эд ангидаа муугаар нөлөөлж болзошгүй, урт хугацаанд ажлын бүтээмж бага байх болно гэж урьдчилан хэлж, сануулсан. Скрубберыг үйлдвэрлэх явцад захиалагч талаас байнга утсаар болон биечлэн ирж уулзаж хяналт тавьж байсан. Бид 2020 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч компанийн өөрсдийнх нь гаргаж өгсөн ажлын зургийн дагуу төхөөрөмжийг хийж гүйцэтгэн бэлэн болгож, акт үйлдэн төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.
2.3. 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр танай төхөөрөмж болохгүй байна, ирж засварлаж өг гэсэн хүсэлтийг имэйлээр ирүүлсний дагуу бид 2020 оны 05 дугаар сарын эхээр нэхэмжлэгч компанийн уурхай дээр ажиллаж, төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн гэж үзэж байна. Төхөөрөмжийн эвдрэл гэмтэл гарах болсон үндсэн шалтгаан нь захиалагч тал өөрсдийн алдаатай ажлын зураг, захиалагчийн өгсөн зааварчилгаа нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлж байгааг урьдчилан хэлж сануулсаар байтал арга хэмжээ аваагүй.
2.4. Мөн гэрээний 1.5, 5.10-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хэрэгжээд нэгэнт дуусгавар болсон тул гэрээнээс татгалзах тухай ойлголт мөн адил дуусгавар болсон гэж үзэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 134,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 829,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 829,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/Ш32021/00523 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд уг захирамжаар ******, *******, ******* ******* нарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч гэрч *******ийг гэрчээр оролцуулалгүйгээр хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн биелэлт заавал хангагдах учиртай ба гэрчийн мэдүүлгийг авалгүйгээр хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэж буй нь хэргийн оролцогчийн эрхийг шууд хязгаарласан үйлдэл гэж үзэж байна.
4.2. Тус иргэний хэргийг өмнө нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх талуудын гаргасан гомдлоор давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэж магадлал гаргаж байсан. Уг магадлалын хянавал хэсэгт дурдсан зөрчлүүдийг анхан шатны шүүх залруулалгүйгээр дахин шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Уг магадлалд үзлэг, тэмдэглэл хийх журмыг зөрчсөн, гэрч оролцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу явуулсан зэрэг зөрчлүүдийг нэг бүрчлэн тухайлан заасан боловч анхан шатны шүүх дээрх зөрчлүүдийг арилгалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
5.1. 2023 онд анх иргэний хэрэг үүссэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаас хойш өнөөг хүртэл 3 жил болж байна. Хариуцагч тал *******ийг гэрчээр оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаанууд огт хийгдээгүй, хэргийг шийдвэрлэсэн гэсэн 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
5.2. Хариуцагч тал *******ийг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан тул *******ийг гэрчээр оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдааны явцад *******ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
5.3. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалд гэрчээр асуулгах хүсэлтийг шийдвэрлээгүй гэж дурдсан этгээд нь ******* бөгөөд уг хүн нь хариуцагч компанийн гүйцэтгэх захирал юм. Анхан шатны шүүх хариуцагч талаас *******г гэрчээр оролцуулах хүсэлтээ дахин гаргах уу гэж асуухад өнгөрсөн 3 жилийн хугацаанд дахин гэрчээр асуух хүсэлт гаргаагүй.
5.4. Давж заалдах гомдолд дурдсан аудио бичлэгийн тэмдэглэлийг нэхэмжлэгч тал гаргаж өгсөн. Уг тэмдэглэлийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлах шаардлагатай гэж үзсэн боловч шүүгч уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Тодруулбал, хэн хийсэн, хэзээ хийсэн, хэн яриад байгаа нь тодорхойгүй тул нотолгоо болж чадаагүй байна. Анхан шатны шүүх зөвхөн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.
5.5. *******, ******* нар нэг дүгнэлтийг хамтарч гаргасан шинжээч нар бөгөөд боломжтой нэг нь мэдүүлгээ өгсөн. Иймээс *******ийг дахин асууж, заавал хоёулаа мэдүүлэг өгөх шаардлагагүй. Миний бие *******аас асуух ёстой асуултаа тодруулж, хангалттай дүгнэлтийг нь тайлбарлуулсан учраас *******ийг дахин оруулах шаардлагагүй.
5.6. Хариуцагч тал татгалзлаа нотлох, гэрчээс мэдүүлэг авах зэрэг санаачилга гаргаагүй атлаа шүүх хуралдаан болох өдөр баахан хүсэлт гаргах байдлаар асуудлыг хүндрүүлж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхэд талууд өөрсдөө бичгийн мэтгэлцээнээр хэргийг шийдвэрлэх боломжийг олгохгүй байгаа учраас шүүх уг хэргийг шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрсэн.
5.7. Энэхүү маргаан нь гэрээнээс татгалзах, гэрээ цуцлахтай холбоотой маргаан бөгөөд доголдолтой хөрөнгийн асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гарсан, гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан, хүлээн авсан этгээдүүд тодорхой, мөн тухайн ажил хийгдээгүй нь процессын явцад хангалттай тогтоогдсон. Гэтэл гаргасан гомдолд дээрх маргааныг шийдвэрлэхэд хууль зүйн дүгнэлтэд хэрхэн нөлөөлөх тухай тодорхой үндэслэл, холбоос хийгдээгүй байна. Зөвхөн хэргийг буцаах тухай ерөнхий байдлаар дурдсан нь хангалтгүй.
5.8. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хууль зүйн үндэслэлтэй байвал тухайн шийдвэрийг хэвээр үлдээх шаардлага үүснэ. Энэхүү хэрэг өнөөдрийн байдлаар 6 жилийн хугацаанд үргэлжилж, давж заалдах шатны шүүхэд хоёр дахь удаа хэлэлцэгдэж байна. Ийм нөхцөлд дахин анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлгүй. Уг хэрэгт хийгдэх ёстой ажиллагаанууд хийгдсэн, маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн доголдолтой, ашиглах боломжгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, үнэт металл баяжуулах төхөөрөмжийн ажлын хөлсөнд төлсөн 120,000,000 төгрөг, нэмэлт ажил буюу тэжээлийн бункерын ажлын хөлсөнд төлсөн 14,400,000 төгрөг, нийт 134,400,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь нэхэмжлэгч компанийн гаргасан ажлын зураг алдаатай байсны улмаас ажлын үр дүн доголдолтой болсон, үүнд хариуцагч буруугүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20/302 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь Үнэт металл баяжуулах төхөөрөмж ТU-120 О скрүббер-ыг 120,000,000 төгрөгөөр, Тэжээлийн бункер-ыг 14,400,000 төгрөгөөр тус тус ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэж, нийлүүлэх, ******* ХХК нь ажлын хөлс 134,400,000 төгрөгийг ******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон;
3.2. ******* ХХК нь ******* ХХК ажлын хөлсөнд 134,400,000 төгрөгийг төлөхдөө урьдчилгаа төлбөр 24,000,000 төгрөгийг *******-ын дансанд, үлдэх 110,400,000 төгрөгийг 60,000,000 болон 50,400,000 төгрөгийн дүнтэй 2 удаагийн гүйлгээгээр *******ын дансанд шилжүүлэх байдлаар төлж барагдуулсан;
3.3. ******* ХХК нь ******* ХХК-д ажлын үр дүнг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Эд зүйл хүлээлгэн өгсөн акт нэртэй баримтаар хүлээлгэн өгсөн;
3.4. ******* ХХК нь ******* ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20/06 дугаартай албан бичгээр баяжуулах төхөөрөмжийг төслийн талбайд угсарч ажиллуулах үед бүтээгдэхүүний чанартай холбоотой доголдол гарсан талаар мэдэгдсэн, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 20/08 дугаартай албан бичгээр өмнө илэрсэн доголдлын улмаас төхөөрөмжийн редуктор хагарч эвдэрсэн, үүнийг гүйцэтгэгч компанийн зүгээс ирж сольсон боловч торхны зөв бус зууван хэлбэрээс шалтгаалан араанууд нь элэгдэж төхөөрөмж зогссон, ажиллах боломжгүй болсон талаар мэдэгдсэн, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 20/10 дугаартай албан бичгээр төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг засварлаж хэвийн ажиллагаанд оруулах шаардлага тавьсан, 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ирж ажилласан засварын багийн ажлыг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдсэн;
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна.
5. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, дээр дурдсан үйл баримтын талаар маргаангүй боловч захиалагчийн гаргасан ажлын зураг, буруу зааварчилгаа эсхүл гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийн алинаас нь шалтгаалж ажлын үр дүнгийн доголдол бий болсон нь талуудын маргааны зүйл болжээ.
5.1. Ажлын үр дүнгийн доголдол буюу баяжуулах төхөөрөмжийн эвдрэл гэмтэл нь төхөөрөмжийн торхны тэгш бус, зууван байдлаас шалтгаалсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон шинжээчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдсон байна.
5.2. Баяжуулах төхөөрөмжийн торх тэгш бус, зууван байдалтай болсон нь захиалагчийн гаргасан зураг, ажлын даалгавар, бусад үйлдэл, эс үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ажлын үр дүнгийн доголдол гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлээс шалтгаалсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагад нийцсэн байна.
5.3. Баяжуулах төхөөрөмжийн торхны тэгш бус зууван байдал нь хөдөлгүүрийн суурь болон хөтлөх, хөтлөгдөх араанд нөлөөлж байгаагийн улмаас урт хугацаагаар хэвийн ашиглах боломжгүй, төхөөрөмжид гарсан эвдрэл гэмтлийг засварлахад засварын өртөг нь нь шинээр худалдан авах өртгийн харьцаагаар тодорхойлогдохоор байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул гэрээнээс татгалзаж баяжуулах төхөөрөмжийн үнэ болох 120,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.
5.4. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэмэлт ажлаар тусгагдсан тэжээлийн бункерын ажлын гүйцэтгэл доголдолтой талаар хэргийн баримтаар тогтоогдоогүй, гэрээнд тэжээлийн бункер нь баяжуулах төхөөрөмжөөс тусдаа нэмэлт ажлаар тусгагдсан, тэжээлийн бункер болон баяжуулах төхөөрөмж нь хоорондоо хоршиж ажилладаг гэх боловч салгаж үл болох иж бүрдэл биш байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
5.5. Нэмэлт ажил буюу тэжээлийн бункерын ажлын гүйцэтгэлийг доголдолтой гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх уг ажлын хөлсөнд төлсөн 14,400,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 120,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсэг буюу 14,400,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхээс оруулна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх *******ийг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй, өмнө нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зөрчлийг арилгалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж тайлбарласан.
6.1. Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан *******ийг гэрчээр асуулгах хүсэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хангаж шийдвэрлэсэн байх ба гэрчийг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг удаа дараа явуулсан боловч гэрч шүүхэд хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын шүүхэд даалгаж шийдвэрлэсэн боловч тус шүүхээс даалгаврыг гүйцэтгэх боломжгүй талаар хариу ирсэн, улмаар гэрчийг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгах зэргээр шаардлагатай ажиллагаануудыг хийсэн боловч гэрч А.Алтанцэцэг нь шүүхэд хүрэлцэн ирж гэрчийн мэдүүлэг өгөөгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* нь үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд *******ийг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болох нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул *******ийг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нь анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд *******ийг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд дахин гаргасан байх ба шүүх уг хүсэлтийг гэрч асуулгах хүсэлтээсээ өмнө нь татгалзсан үндэслэлээр хангахгүй орхисон нь үндэслэл муутай болсон байх боловч уг хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах, тухайн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
6.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2023/01057 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/00434 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа хариуцагчийн өмгөөлөгч ******* нь *******г гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан, дуу бичлэгт үзлэг хийхдээ үзлэгийн тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт нийцүүлж хийгээгүй гэх үндэслэлийг заажээ.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаас хойш 2 жил 6 сарын дараа буюу 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба уг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байхгүй гэж шүүгчийн асуултад хариулсан, хариуцагчийн өмгөөлөгч нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан сидид буулгасан дүрс бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтээ шийдвэрлүүлэх, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлтэй холбоотой баримт гаргуулах, *******ийг гэрчээр асуулгах хүсэлтийг тус тус гаргасан байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд үзлэгийн тэмдэглэл нь хуульд заасан журамд нийцүүлж хийгээгүй гэж дурдсан үзлэг хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гарган шийдвэрлүүлж байсан ба хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд магадлалд заасны дагуу үзлэгийг дахин хийлгэх хүсэлтийг гаргаагүй, хариуцагчийн өмгөөлөгч нь мөн өдрийн шүүх хуралдаанд *******г гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байх тул уг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх өмнө гарсан давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг хийлгүй хэргийг хянан шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчилд хамааруулах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
6.3. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхино.
7. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2022/20202 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шинжээч *******, ******* нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, улмаар 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч ******* оролцоогүй, шинжээч ******* оролцсон байна.
7.1. Бичгээр гаргасан давж заалдах гомдолд дурдагдаагүй боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд талуудын тайлбарт дурдагдсан дээрх нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг хамтран гаргасан хоёр шинжээчийн нэг нь шүүх хуралдаанд оролцсон, тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор хүсэлт гаргагч талаас хоёр шинжээчийг хоёуланг нь оролцуулах хүсэлтийг гаргаагүй байх тул нэг шинжээчийг оролцуулан хуралдаан явуулахыг хүсэлт гаргагч зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй, тухайн нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй гэсэн дүгнэлтийг хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд хийсэн болохыг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/09956 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 120,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг ... 56.2 ... гэж, ... хариуцагч ******* ХХК-аас 829,950 төгрөгийг гаргуулж ... гэснийг ... ... хариуцагч ******* ХХК-аас 757,950 төгрөгийг гаргуулж ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 829,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Б.УУГАНБАЯР