Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 148

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Э.А-д холбогдох      .... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 02-нд Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эмээ, эгч, ах, дүүгийн  хамт Ховд аймгийн Жаргалант сум, Цамгарав багийн 2-14 тоотод оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дархан аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Э.А /РД: ....../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.А нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хохирогч Х.Ч-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.А нь хохирогч Х.Ч-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Э.Ч-ийн “...2019 оны 8 дугаар сарын 12-ны орой гадуур такси үйлчилгээнд явж байхад найз Г, З, үл таних 2 найзынх нь хамт Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бэлбулаг төвийн урд талын таксины зогсоолоос Улаангом сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байх Уулзвар дэлгүүрт хүргүүлсэн. Гэтэл үл таних 2 залуу намайг дуудсан. Тэгээд би очоод Н гэх зүс таних залуутай маргалдаж байтал хамт  явсан Э.Э гэдэг залуу намайг чи ямар том үгтэй бацаан бэ гэж хэлээд миний эрүү орчим газарт цохиход би урдаас нь Э.Э гэдэг залуугийн эрүү орчим газарт гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд тэнд зогсож байсан Н гэдэг залуу намайг та нар байж байл даа залуучууд больцгоо л доо гээд Э бид хоёрыг зодолдуулахгүй салгах гээд бид хоёрын дундуур ороод намайг тэврээд бариад авсан. Тэгтэл хажуунаас нь Э гэдэг залуу миний толгой, эрүү, цээж, гуяны хэсэгт 7-8 удаа цохисон. Тэр үед Б, З хоёр Э.А-ийг надаас салгаж авсан юм. ...Э.А-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, Э.А-д ямар нэгэн гомдол санал байхгүй, миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Э.А бид хоёр хоорондоо эвлэрсэн одоо хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

2. Гэрч З.Г-ийн “...2019 оны 8 дугаар сарын 12-ны ...шөнийн 01 цагийн үед би найз Х.Ч-ийн таксинд сууж Улаангом сумын 4-р багийн нутагт байрлах Уулзвар дэлгүүр орсон юм. Тэгээд бид нар уг дэлгүүрээс пиво аваад ...машин тал руу  явж байтал миний найз Х.Ч зоддог байна ш дээ гэж хэлсэн. ...Тэгээд бид нар гэрэлтэй газар ирээд харахад Х.Чийн уруул хавдаж, нүд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

3. Гэрч О.Н-ын “...2019 оны 8 дугаар сарын 12-ны ...шөнийн 01 цагийн үед би Х.Чийн хүзүүн дээр гараа тавьчихсан байдалтай Х.Ч бид хоёр энгийн юм яриад зогсож байтал надтай хамт явсан Э.Э гэдэг залуу Х.Ч бид хоёрыг маргалдаж байна гэж буруу ойлгоод ...болилдоо чи яах гээд байгаа юм бэ гээд ...Х.Чийг нэг удаа нүүр лүү нь цохичихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

4. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “...Үзүүлэгч Х.Ч-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 579 дугаартай дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

5. Шүүгдэгч А.Эийн яллагдагчаар өгсөн “...Х.Ч гэдэг залууг би нэг удаа эрүү орчим газарт нь цохисон юм тэгтэл уг Х.Ч гэдэг залуу миний ам руу нэг удаа гараараа цохисон юм. Тэгэхээр нь урдаас нь би Х.Чийн нүүр орчим газарт нь гараараа 3-4 удаа цохисон юм...” /хх-ийн 49-50 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 579 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.Э нь архидан согтуурсны улмаас хохирогч Х.Ч-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Э.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Э.Э гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Х.Ч-ийн “...Э.А миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Надад Э.А-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, ...ямар нэгэн гомдол санал байхгүй, Э.А бид хоёр эвлэрсэн.....” /хх-ийн 19 дүгээр хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын санал гаргасан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А.д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА