| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0259/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/269 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/269
2019 10 17 2019/ШЦТ/269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч С.Насанбуян, шүүгч Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Иргэдийн төлөөлөгч Б.Энхжаргал
Улсын яллагч С.Алтай
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М
Хохирогчийн өмгөөлөгч В.Давааням
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...........овогт Год холбогдох 1921000000181 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........................... өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 1, .........................................оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаартай шүүгчийн захирамжаар 03 жил 02 сар 24 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, ............овогт Г. /РД: .........................../
Шүүгдэгч Г нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг Эрүүл мэндийн төвийн хойд талд иргэн М хэвлий, цээж хэсэгт хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 8731.231 төгрөг төлсөн...гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний хүү 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Гын гарт онц хэрцгийгээр алагдсан. Тэр өдөр хүүтэйгээ ярихаар залгахад эмч “эмнэлэгт муу байна” гэж хэлсэн. Эмнэлэгт хүүгийн минь амьсгалах, хөдлөх болгонд цус гарч, хэдэн цаг тарчилж байгаад нас барсан. Аймгаас эмнэлгийн тусламж авч чадаагүй. Миний хүү БНХАУ-д Хятад хэлний орчуулагч, Газарчин дээд сургуулийг уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн. Хэдийгээр дээд боловсролтой ч ажил төрөл хийлгүй, мал маллаж аав, ээждээ тусалж байсан. Би шүүгдэгч Гтой нэг нутаг усны хүн. Нутгийн хүмүүсийн ярианаас Гыг онц хэрцгий, харгис хүн гэж ойлгосон. Тэр өдөр хэн нэгнийг алах нь таарч, миний хүү өртсөн. Миний хүү тухайн өдөр морины комиссоор ажилласан болохоор архи дарс уугаагүй. Харин Г архи уучихаад хутга барьж хүн, амьтан ална гээд агсараад явж байсан гэсэн. Хүү орой ажлаа дуусгачихаад найзуудын хамт уусан. Би үнэхээр их гомдолтой байна. Г миний хүүг 2-3 удаа хутгалаагүй, 4 удаа амин газарт нь хутгалсан. Хэрэг гараад 4-5 сар болоход Гын ар гэрээс нэг ч хүн холбоо барьж хүн ёсоор хандаагүй учраас доромжлол гэж үзэж байна. Урьд нь хүн амины хэрэг үйлдэж туршлагажсан учраас хүний амь хөнөөчихөөд ямар ч гэмшсэн зүйлгүйгээр бидэнд хандаж байна. Хүний амь насыг мөнгөөр үнэлж болохгүй. Бид талийгаачийн ажил явдлын үеэр оршуулгын баримт бүрдүүлээгүй. Оршуулгын зардал 20 гаруй сая төгрөг болсон. Шүүгдэгч Г 8731.231 төгрөгийг дансанд хийсэн. Хохиролд өгч байгаа мөнгө нь зөвхөн өөрийгөө хамгаалах мөнгө гэж ойлгож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч намайг огт дуудаж уулзаагүй. Би хавтаст хэрэгтээ танилцахдаа зарим гэрчийг асуугаагүй байгааг хэлсэн. Миний хувьд хэргийн зүйлчлэл хөнгөдсөн гэж үзэж байна. Мөн Гын цусанд архи илрээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсныг гайхаж байна. Мөрдөн байцаагч шүүгдэгч Г хэргээ анхнаасаа хүлээсэн учраас хохирогч тал өмгөөлөгч авах шаардлагагүй гэж хэлж байсан. Гэрчийн мэдүүлэг дутуу, хүүгийн минь амин тус газар 3-4 удаа хутгалсан байгаа нь онц хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэж байгаа тул хэргийн зүйлчлэл таарахгүй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Г нь Мөнгөнтулгын амь насыг бүрэлгэсэн болох нь нотлох баримтууд, Гын хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, ДНХ-ийн шинжилгээ зэргээр нотлогдож байна. Хэргийг шүүх ажиллагаа нь аль нэг талыг бариагүй хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд хуулийн дагуу зохих хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэжээ.
Гэрч О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид хоёр дэлгүүрийн гаднаас ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй явж байхад сумын эмнэлгийн хашааны ар талд ногоон өвсөн дээр нутгийн ах нар гэх Э, О хоёр архи уугаад сууж байхыг хараад М тэр хоёр руу очъё гэж хэлэхээр нь би очсон юм. Тухайн үед М бид хоёр мэнд мэдээд хажууд нь суугаад ууж байсан архинаас нь 1-2 татсан юм. Ингээд бид дөрвийг юм яриад сууж байхад удалгүй эмнэлгийн зүүн талаас миний өмнө нь харж байгаагүй нутгийн залуу гэх Г нэлээд согтуу, нүүр царай нь шалбарчихсан, хоёр гараа дэвсэн байдалтай, хөөе хаая гэх зэргээр хашгирч бид нар дээр ирээд бараг газар суулгүй, мэнд мэдэлгүй Мтай маргалдсан. Учир нь юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна, ямар ч байсан нохой, гөлөг гэх зэргээр харааж нэг мэдэхэд тэр хоёр зууралдсан бөгөөд энэ үед хажууд байсан Э болон О хоёр тэр хоёрыг салгасан юм. Мөн удалгүй ахин тэр хоёр хоорондоо маргалдаад зууралдсан бөгөөд хоорондоо сүртэй зодолдсон зүйл ажиглагдаагүй, газарт унаад тэр хоёр бие биенийхээ дээр гарах гээд зууралдсан бөгөөд энэ үед би өмнө нь сууж байсан газраасаа архи даруулж ууж байсан ундаагаа аваад ирэхэд Э ах М-ыг аваад цааш явж байгаа харагдсан. Миний хувьд салгаад аваад явж байна гэж бодсон бөгөөд удалгүй Г Мөнгөнтулгыг хутгалчихсан байна гэж хэлэхээр нь мотоциклоо асаагаад эмнэлгийг тойрч урд нь ирж зогсоод эмнэлэг рүү ороход Г, О хоёр ирчихсэн байсан ... Харин Г гэх залуутай маргалдаж газарт унаад зууралдаж байгаад босч ирээд гэмтэл авсан. Мөн хажууд хамт байсан О, Э гэх хоёр залуутай ямар нэг байдлаар маргаж муудалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/
Гэрч О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би газарт сууж байсан бөгөөд гэнэт М, Г хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн, яг юунаас болж маргасныг нь анзаараагүй. Тэр үед Э-ын хувьд М-ыг, би Гыг барьж хорьж салгаад буцаад бүгдээрээ газарт суусан юм. Энэ үед би өмнө нь сууж байсан газартаа очиж ууж байсан ундаагаа авчираад О-ийн хамтаар ууж байхад ахиад Г, М хоёр хоорондоо маргалдаад бие биенийхээ өөдөөс түлхэлцээд бид нарын сууж байсан газраас ертөнцийн зүгээр хойш 3-4 метр зайд хоёулаа газарт унасан бөгөөд газарт байхдаа тэр хоёр бие биенийхээ дээр гарах гээд зууралдаж байхад нь Эрдэнэбадрах очиж салгасан бөгөөд гэнэт Эрдэнэбадрах хутгалчихсан байна ш дээ гэж хэлэхээр нь би Отгоогийн хамтаар очсон юм. Тэгэхэд М-ын гэдэс хэвлий орчмоос нь цус гарсан, өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан ба тэндээс шууд Эрдэнэбадрах М-ыг аваад эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/
Гэрч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд удалгүй хамт сууж байсан М, Г хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн бөгөөд яг юунаас болж маргасныг нь анзаараагүй юм. Тухайн үед миний хувьд Мөнгөнтулгыг, харин О Гыг бариад хорьж салгаад буцаад сууж архиа ууцгаасан юм. Тэр үед ахин тэр хоёр хоорондоо маргалдаад ямар ч байсан миний санахаар М түрүүлээд босч өөдөөс нь дайрсан шиг санаж байна. Тэгээд тэр хоёр бие биенийхээ өөдөөс цохилцоод зууралдаж түлхэлцээд бид нарын сууж байсан газраас ертөнцийн зүгээр хойш 4-5 метр зайтай газарт хоёулаа газарт унасан бөгөөд удалгүй тэр хоёр салаад босч ирэхэд М-ын цээж хэсэг цус болчихсон босч ирсэн юм. Тухайн үед би цус гарсныг нь хараад яасан бэ, хаанаас чинь цус гарч байна гэж асуухад намайг шаачихлаа гэж хэлэхэд нь миний уусан архи бараг гарсан байх, шууд М-ыг дагуулаад эмнэлэг орсон бөгөөд бид хоёрыг эмнэлэг явахад О, Г, О гурав тэр газраа үлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16, 17-20 тал/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 21/
-Гэрч Ц-ын мэдүүлэг /хх-ийн 38-40/
-Гэрч Э мэдүүлэг /хх-ийн 41-43/
-Гэрч Б мэдүүлэг /хх-ийн 48-49/
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58/
-Дорнод аймгийн Шүүхийн шилжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 435 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65 тал/
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-68/
-Дорнод аймгийн Шүүхийн шилжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-73 тал/
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79-82/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3921 дугаартай дүгнэлт /хх-ийн 85-86/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3922 дугаартай дүгнэлт /хх-ийн 89-90/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3527 дугаартай дүгнэлт /хх-ийн 92-93/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3529 дугаартай дүгнэлт /хх-ийн 98-99/
-Яллагдагч Гын мэдүүлэг /хх-ийн 126-127 тал/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140-145/ зэргийг шинжлэн судлав.
Эд мөрийн баримтаар: 1 ширхэг арчдас /А1/, хохирогч М хар хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн ханцуйтай цамц, хар өнгийн савхин куртик, хар өнгийн фудболка, хар өнгийн түрийтэй хос гутал, турсик, халбагатай төмөр эвхэгддэг хутга 1 ширхэг, хар шаргал бариултай эвхэгддэг хутга 1 ширхэг, яллагдагч Гоос хураан авсан хар өнгийн цамц, улаан алаг эрээн өнгийн цамц зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг Эрүүл мэндийн төвийн хойд талд хохирогч М хэвлий, цээж хэсэгт хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Би тухайн үед хаана, хаана нь хутгалсан гэдгээ мэдээгүй. Хатгасныхаа дараа л хаана нь хутгалсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Х.О, О, Э, Ц, Э, Б нарын мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 тоот шинжээчийн дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шилжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 435, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 85 тоот дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3921, 3922 дугаартай дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3527, 3529 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Год холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаартай шүүгчийн захирамжаар 03 жил 02 сар 24 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба хяналтын хугацаандаа санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 02 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 14 жил 02 сар 24 хоногийн хорих ялаар тогтоож, уг оногдуулсан 14 жил 02 сар 24 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Годод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас М амь нас хохирсон ба шүүгдэгч Г нь хохирогчийн төлөөлөгч М-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хэрэгт авагдсан нотлох баримтаар 8731.231 төгрөг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх, хохирогчийн төлөөлөгч М нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Гын цагдан хоригдсон 130 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг арчдас /А1/, хохирогч М хар хөх өнгийн женсэн өмд, саарал өнгийн ханцуйтай цамц, хар өнгийн савхин куртик, хар өнгийн фудболка, хар өнгийн түрийтэй хос гутал, турсик зэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, халбагатай, төмөр эвхэгддэг хутга 1 ширхэг, хар шаргал бариултай эвхэгддэг хутга 1 ширхэг, яллагдагч Гоос хураан авсан хар өнгийн цамц, улаан алаг эрээн өнгийн цамц зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Гын ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Гын цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............. овогт Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чонод овогт Гыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Год оногдуулсан 11 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 02 /хоёр/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 14 жил 02 сар 24 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Год оногдуулсан 14 жил 02 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гын цагдан хоригдсон 130 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг арчдас /А1/, хохирогч М хар хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн ханцуйтай цамц, хар өнгийн савхин куртик, хар өнгийн фудболка, хар өнгийн түрийтэй хос гутал, турсик зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, халбагатай төмөр эвхэгддэг хутга 1 ширхэг, хар шаргал бариултай эвхэгддэг хутга 1 ширхэг, шүүгдэгч Гоос хураан авсан хар өнгийн цамц, улаан алаг эрээн өнгийн цамц зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Гын ...................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8731.231 төгрөг төлсөн бөгөөд цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М-д мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсуга
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ
Б.БАТСАЙХАН
С.НАСАНБУЯН