Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 202/МА2026/00006

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 2026         03          16                                       202/МА2026/00006                                     

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

Ц.Б, Э.Т нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Ц.Ариунзул, шүүгч Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 137/ШШ2026/00030 дугаар шийдвэртэй, 

нэхэмжлэгч: *тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ц.Б  /РД:*, утас:*/,

*тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигин овогт Эрдэнэбатын Түвшиндэлгэр /РД:*, утас:*/,

хариуцагч: Дорноговь аймгийн *тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Д.П /РД:* , утас: * /-д холбогдох

тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 92,476,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн  2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгч Ж.Чимэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Энхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Нямцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: “Ц.Б миний бие эхнэр Э.Тийн /РД: */ хамт 2024 оны 10 дугаар сарын 23 өдрийн 13 цагийн орчимд өөрийн эзэмшлийн * улсын дугаартай, Тоёота мажеста кровн маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Дорноговь аймаг Замын-Үүд сумын чиглэлд явж байсан. 2024 оны 10 дугаар сарын 23 өдрийн 18 цаг 30 минутын орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багын нутаг дэвсгэрт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А-0102 автозамын 254/407 дахь километрийн шонгийн орчим өөрийн эзэмшлийн * улсын дугаартай, Тоёота мажеста кровн маркийн тээврийн хэрэгслээр зорчиж байтал, Д.Пгийн эзэмшил болох * улсын дугаартай Хуйндай верна маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн осол гаргасан. Замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөгчийн магадалгаа №009/2025, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр

Гурав. магадалгааны дүгнэлт хэсэг

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2. "зам тээврийн осол" тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэж гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал: гэж заасан учир уг үйлдэл нь зам тээврийн осол мөн байна.

* улсын дугаартай, Тоёота мажеста кровн маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.

Хуйндай верна маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: А/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал: гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Магадалгаа гаргасан: Монгол Улс Говьсүмбэр аймгийн цагдаагийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад цолтой Энхбаярын Майнбаяр,

Танилцсан: Мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн ахмад Н.Дашдондог 2024.02.14 өдөр:

Хуйндай верна маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас миний бие болон эхнэр Монгол улсын иргэн Жаргал овогтой Ц.Б РД:*, Э.Т РД:* нарт эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны гэм хор учруулсан.

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын 2025оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 15 Сүмбэр сум Прокурорын тогтоолд: Хэдийгээр иргэн Д.Аийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч улмаар хохирогч Э.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн өмчлөх эрхэд хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоо байх боловч Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар Д.А нь баруун цээжний хөндий дэх 2260 мл цус хуралтын улмаас баруун уушги шахагдсаны улмаас амьсгалын дутагдлаар нас барсан болох нь тогтоогдож байна. Иймд хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан яллагдагч, шүүгдэгч нас барсан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн. Дээр дурдсан хэрэг бүртгэлтийн хэргийг хааж Э.Т, иргэний нэхэмжлэгч Ц.Б нарын өөрт учирсан хохирлоо иргэний шийдвэрлэсэн нь хохирогч нэхэмжлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд уг эрх нээлттэй болохыг дурдсан. Иймд хариуцагч Хуйндай Верна маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч Д.Пгээс Иргэний хуулийн 499.1. "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн хуулийн 499.4. "Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй" гэснийг тус тус үндэслэн

1.Эмнэлгийн үзлэг болон бусад эм тарианд 970,120

2.Хэрэг бүртгэлт мөрдөн байцаах явцад мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах явцад гаргасан зардал. 460,738

3.Онцгой үнэлгээ ХХК-ийн авто машин, техник, * toyota crown тээврийн хэрэгсэлд хийсэн эвдрэл, хохирлын үнэлгээний хөлс 2,584,000

4.энэхүү үнэлгээ нь тухайн тээврийн хэрэгслийн кузов болон гаднах деталийн эд ангиудын үнэлгээ болно, мотор болон явах эд ангиуд нь ороогүй болно эдгээр эд ангиудыг шүүхийн шатанд нэмэлтээр оруулах болно.

5.2024-11-19 өдрийн Тээврийн хэрэгсэл худалдан авсан Нэткапитал финанс корпорац ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний хүү 6,831,970.63 төгрөг, цаашид гарах зардал 2025-05-15 өдөр 30 хоног хүүгийн төлбөр 1,349,176.80, 2025-06-13 өдөр 29 хоног хүүгийн төлбөр 1,288,852.14, 2025-07-09 өдөр 26 хоног хүүгийн төлбөр 1,138,728.88, 2025-08-15 өдөр 37 хоног хүүгийн төлбөр 1,592,677.09, 2025-09-15 өдөр 31 хоног хүүгийн төлбөр 1,324,361.42, 2025-10-15 өдөр 30 хоног хүүгийн төлбөр 1,264,245.80, 2025-11-14 өдөр 30 хоног хүүгийн төлбөр 1,245,132.04, 2025-12-15 өдөр 31 хоног хүүгийн төлбөр 1,266,320.64 гэх мэт цаашид гарах зөвхөн зээлийн гэрээний хүүд 2028 оны 11-15 хүртэл төлөх болж байна.

6.Toyota, crown 214 зах зээлийн үнэлгээ 55,000,000

7.Дорноговь аймаг Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамж 487,184

8.2024 оны 10-24 өдрөөс одоог хүртэл Говьсүмбэр аймгийн тээврийн цагдаагийн түр саатуулах байр * тээврийн хэрэгсэл байршиж буй хашааны төлбөр хэд болж байгааг мэдэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл цаашид ашиглах боломжгүй тул хариуцагчид хүлээлгэн өгөх болно. Нийт 2024 оны 04 сарын 15-ны байдлаар бидэнд учирсан хохирол 66,333,892 төгрөг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дугаар ЕГ0825/2461 Э.Тийн сэтгэцэд учирсан хохирлыг ...3 дугаар зэрэглэлд хамаарна..." гэснийг үндэслэн Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 01 өдрөөс мөрдөгдөж ирсэн тогтоолд зааснаар тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлс (660,000) төгрөгийг 13-аас 22,99% аар нэмэгдүүлнэ гэж заасны дагуу 15,173,400 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15 өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл худалдан авсан Нэткапитал финанс корпорац ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний хүүд 2025 оны 12 сарын 21-ний байдлаар 10,469,499 төгрөгийг төлсөн байна. 2025 оны 07 дугаар сарын 15 өдрөөс эхлэн хуваарьт төлбөрөө төлж чадахгүй өнөөдрийг хүртэл 129 хоног хэтэрч, 7,301,461 төгрөгийг төлөх ёстой болсон. Иймд өөрт учирсан хохирол болох 10,469,461 төгрөг, ШУТИС-ийн Механик Инженер, Тээврийн сургуулийн "Тээвэр логистикийн тэнхим" Техникийн шинжээчийн дүгнэлт дугаар ШЗ 09/03 ажиллагааны зардалд 500,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа 26,142,461 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 92,476,353 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилж байна.” гэжээ.

2.Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Өмнөх шүүх хуралдаан хойшлох үед 66,633,000 төгрөг нэхэмжилж байсан. Харин өнөөдрийн байдлаар нэмэгдсэн үнийн дүн нь ямар учиртай вэ гэвэл тухайн тээврийн хэрэгслийг Нэткапитал  ББСБ-аас худалдаж авсан. Зөвхөн тэр худалдаж авсан машины маань хүү нь өдөр өдрөөр сараар тооцогддог. Сар бүрийн 15-нд төлбөр төлөх ёстой боловч энэ асуудлаас болоод бид 2 болгонд төлбөрөө төлж чадахаа байсан. 2025 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар 129 хоногийн хугацаа хэтрэлттэй хүү болон хүүгийн алдангид орсон учраас Нэткапитал  ББСБ-д гэхэд 17,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг төлсөн одоо 7,000,000 төгрөгийн алдангитай яваад байгаа үүнийг төлж чадахгүй учраас тухайн тээврийн хэрэгслийг хураалгах хүртэл нөхцөл байдалд хүрч байна. Ийм учраас бодит нэхэмжилж байгаа үнийн дүн нь 26,000,000 төгрөг болж байгаа юм. Харин 55,000,000 төгрөг нь тээврийн хэрэгслийн үнэлгээ байгаа юм. Энэ үнэлгээ нь зөвхөн зах зээлийн ханшаар үнэлэгдсэн. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь зөвхөн тээврийн хэрэгслийн гаднах эд ангийг үнэлсэн. Өмнөх шүүх хуралд хүсэлтээ гаргаад Шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженерийн тээврийн сургууль, тээврийн логистикийн танхимаар шинжээчийн дүгнэлт гаргуулаад тухайн тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй гэдэг дүгнэлт гарсан учраас тээврийн хэрэгслээ зах зээлийн үнээр үнэлсэн. Иймээс нийт хариуцагчаас 92,476,353 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

3.Нэхэмжлэгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлээ дэмжиж байна. Шүүх шинжилгээний дүгнэлтээр сэтгэцийн хор уршгийн 3 дугаар зэрэглэлтэй гарсан. Одоо 22,99 дахин нэмэгдүүлснээр тооцон 15,173,400 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

4.Хариуцагч Д.П хариу тайлбар болон татгалзал, үндэслэлийн агуулга, тайлбартаа “Д.П миний бие Ц.Б, Э.Т нарын гаргасан гэм хорын хохирол нийт 66.333.892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. Талийгаач Д.А нь миний нэр дээр бүртгэлтэй * улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 10 сарын 23-ны өдөр жолоодон Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зорчиж явахдаа Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт * улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч Д.А нь өөрөө нас барсан байсан. Зам тээврийн ослын магадалгаагаар Д.А нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн шууд буруутай үйлдэл байхад надаас бүх төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний нэр дээр бүртгэлтэй * улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай байсан учир /Мөнх даатгал/ даатгалаас гарч болох төлбөрийг гаргуулж өгнө.” гэжээ.

5.Хариуцагч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлийн хүүг төлөхгүй. 100 хувь миний буруу биш. Талийгаач Алтанхуягийн 100 хувь буруу байсан тул би 19,365,000 төгрөгийг төлнө. 73,111,293 төгрөгийг татгалзаж байна.” гэжээ.

6.Иргэдийн төлөөлөгч А.Долгорсүрэн дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.

7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хариуцагч Д.Пгээс тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохиролд 38,920,946 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б, Э.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53,555,407 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэгч нарын төлсөн 775,446 төгрөгөөс 620,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Пгээс 352,555 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 155,144.24 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Б, Э.Т нарт олгож,

Хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

8.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан, хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудсанд авагдсан техникийн үнэлгээнд эвдрэл нь 38,000,00 төгрөг гэсэн байгаа, үүгээр шийдвэр гаргасан нь буруу байна, техникийн шинжээчийн дүгнэлтийн дээд талд нь зах зээлийн үнэ 55,000,000 төгрөг гээд бичээтэй байгаа, энийг шүүх анхаараагүй байдаг, учир нь шүүх шийдвэрээ танилцуулахад нь яагаад 38,000,000 төгрөгөөр гаргачхав гэсэн чинь 55,000,000 төгрөг гэдэг чинь нотлогдоогүй гэдэг, хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудсанд үнэлгээ байгаа энэний дээд талд зах зээлийн үнэ 55,000,000 төгрөг гэж байгаа гэсэн чинь, тийм юм байгаа юм уу гэдэг байдлаар тайлбарлаж байсан, тэгэхээр энийг шүүх анхаарч үзээгүй байна гэж үзсэн учраас 55,000,000 төгрөгөөр гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан, үндэслэл нь хавтаст хэргийн 128-131 дүгээр хуудсанд авагдсан техникийн шинжээч нарын дүгнэлтээр тээврийн хэрэгслийг устгалд оруулах шаардлагатай, дахин хэрэглэх боломжгүй байгаа, тийм учраас 55,000,000 төгрөгөөр гаргуулах нь зүйтэй гэж үзээд зөрүү 17,000,000 төгрөг дээр улсын тэмдэгтийн хураамж төлөөд давж заалдсан, энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж өгөөч, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд хязгаарлагдахгүйгээр давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянана, техникийн шинжээч нарын дүгнэлтэд 500,000 төгрөг төлсөн, үүнийг төлсөн баримтаа шүүхэд ирүүлээгүй гэдэг боловч шинжээч нар төлбөрийг нь төлсний дараа дүгнэлтийг ирүүлдэг тийм учраас энэ мөнгийг гаргуулах байсан гэж үзэж байгаа, 2,584,000 төгрөгийг нэхэмжилсэн, энэ дээр техникийн дүгнэлт гаргасан газар нь Ц.Б, Э.Т нарыг төлөөгүй байна гээд дүүргийн хялбар ажиллагааны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учраас энийг шийдвэрлэсний дараа тухайн хэргийн оролцогчоос нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн учраас энэ дээр давж заалдах гомдол гаргаагүй.” гэв.

9.Хариуцагчийн өмгөөлөгч С.Энхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж хууль ёсны үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж байгаа, нэхэмжлэгч талаас тухайн тээврийн хэрэгслийг 55,000,000 төгрөгөөр машины хохирлыг нэхэмжилдэг, гэтэл хэрэгт тухайн автомашины онцгой үнэлгээний тайлан авагдсан байдаг, энэ тайлан нь зөвхөн тухайн машины эвдрэл гэмтэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт 55,000,000 төгрөг гээд үнэлгээний дээд талд бичигдсэн байдаг, энэ нь болохоороо үнэлгээ хийлгэж байгаа хүнээс авсан мэдээллийг бичиж байгаа, энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний журмын дагуу гарсан шинжээчийн дүгнэлт, тэгэхээр үнэлгээ хийлгээд байгаа зорилго нь энэ үнэлгээ зөвхөн эвдрэл гэмтлийг үнэлж гарсан үнэлгээ тийм учраас анхан шатны шүүх бүрэн дүүрэн үнэлээд эвдрэл гэмтэл 37,834,000 төгрөг гарах нь үндэслэлтэй байна гээд шүүхийн шийдвэртээ заасан, тэгэхээр шүүхийн шийдвэрт авагдсан үндэслэл хууль ёсны гэж үзэж байгаа тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье, манай зүгээс анхан шатанд нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа хэмжээгээр 50 хувийг төлье, яагаад гэвэл шууд буруутай үйл ажиллагаа биш гэдэг байдлаар маргаж орсон боловч шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаад давах гомдол гаргаагүй.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэгээс гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагууд болон тэдгээрт холбогдуулан ирсэн нотлох баримт бүрийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн нутагт дэвсгэрт * улсын дугаартай “Hyundai Accent Verna” маркийн автомашиныг жолоодож явсан Д.А, * улсын дугаартай “Toyota Crown214” маркийн автомашиныг жолоодон явсан Ц.Б нар нь тус тус замын хөдөлгөөнд оролцож явахдаа мөргөлдөж зам тээврийн осол гаргасан ба ослын улмаас Д.А нас барж, Э.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Ц.Бгийн жолоодож явсан автомашин ашиглах боломжгүйгээр эвдэрсэн, осол болсон шалтгаан нөхцөлийг тогтоосон мөрдөгчийн магадалгаагаар “...жолооч Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2-т заасан заалтуудыг зөрчсөн буруутай, жолооч Батхолбоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй” гэж тодорхойлсон, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн Д.А гэмтлийн улмаас нас барсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан тул * улсын дугаартай “Hyundai Accent Verna” маркийн автомашины өмчлөгч нь Д.П тул түүнийг уг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар тогтоосон тул автомашины өмчлөгчөөс ослын улмаас үүссэн гэм хорын хохирол 92,476,353 төгрөгийг гаргуулахаар Ц.Б, Э.Т нар нэхэмжилсэн,

Иргэний хариуцагч Д.Пгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байсан боловч шүүх хуралдааны шатанд шинжээчийн дүгнэлтээр гаргасан машины эвдрэл, засан сайжруулахад гарах 37,834,000 төгрөгийн 50% буюу 19,365,060 төгрөгийг төлөх боломжтой гэж маргасан.

3.Анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар эмчилгээний зардалд гаргасан 770,000 төгрөг, автомашинд учирсан гэм хорын хохиролд эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 37,834,000 төгрөг, нотлох баримтаар тогтоогдсон замын зардалд 316,946 төгрөг бүгд 38,920,946 төгрөгийг иргэний хариуцагч Д.Пгээс гаргуулж, үлдэх 53,555,407 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

4.Тус шийдвэрийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч эс зөвшөөрч “...машины зах зээлийн үнэ болох 55,000,000 төгрөгийн үлдэгдэл зөрүү 17,166,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан.

5.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

5.1.Нэхэмжлэгч нар зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирлыг * улсын дугаартай “Hyundai Accent Verna” маркийн автомашины өмчлөгч Д.П/хх43,75-79/-д холбогдуулан нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасанд нийцсэн, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Гэм хорын хохиролд нэхэмжлэгч нар 1.Эмнэлгийн үзлэг болон бусад эм тарианд 970,120 төгрөг,

2.Хэрэг бүртгэлт мөрдөн байцаах явцад мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах явцад гаргасан зардал. 460,738 төгрөг

3.Онцгой үнэлгээ ХХК-ийн автомашин, техник, * “toyota crown214” маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн эвдрэл, хохирлын үнэлгээний хөлс 2,584,000 төгрөг,

4.Тээврийн хэрэгслийн кузов болон гаднах деталийн эд ангиудын үнэлгээ болно, мотор болон явах эд ангиуд нь ороогүй болно эдгээр эд ангиудыг шүүхийн шатанд нэмэлтээр оруулах болно.

5.2024.11.19-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдан авсан Нэткапитал финанс корпорац ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний хүүд төлсөн 6,831,970.63 төгрөг,

6.Toyota, crown214 зах зээлийн үнэлгээ 55,000,000

7.Дорноговь аймаг Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 487,184

8.2024.10.24-ний өдрөөс одоог хүртэл Говьсүмбэр аймгийн тээврийн цагдаагийн түр саатуулах байранд * улсын дугаартай тээврийн хэрэгсэл байршиж буй хашааны төлбөр, нийт 66,333,892 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг анх шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дугаар ЕГ0825/2461 Э.Тийн сэтгэцэд учирсан хохирлыг ...3 дугаар зэрэглэлээр тооцож 15,173,400 төгрөг, Нэткапитал финанс корпорац ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний зээлийн хүүд төлсөн 10,469,461 төгрөг, ШУТИС-ийн Механик Инженер, Тээврийн сургуулийн "Тээвэр логистикийн тэнхим"-ийн Техникийн шинжээчийн дүгнэлт дугаар ШЗ 09/03 ажиллагааны зардалд 500,000 төгрөгийг тус тус нэмж бүгд 92,476,353 төгрөг болгож нэхэмжилжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагуудаа Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны 15 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол/хх11/, осол болсон шалтгаан нөхцөлийг тогтоосон мөрдөгчийн магадалгаа/хх80-82/, мөрдөн байцаалтын ажиллагаанд иргэний хариуцагчаар Д.Пг тогтоож, түүнээс авсан мэдүүлэг/хх75-79/, эмнэлгийн үзлэг оношилгооны төлбөр, эмийн сангаас авсан эм тарианы баримтууд/хх15,18-19/ -д, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах зэргээр гарсан замын зардлын зардал/хх15-16/-уудын баримтууд, зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон мөрдөгчийн магадалгаа/хх80/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хийгдсэн эд хөрөнгийн болон техникийн шинжээчийн дүгнэлт болон төлбөр нэхэмжилсэн баримт/хх73, 83-85, 136, 170/, Автомашин зээлээр худалдан авах тухай Нэткапитал финанс ББСБ-ын зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь/хх24/, Э.Тийн эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт/хх169/ зэрэгт тус тус үндэслэсэн.

            Хариуцагч Д.Пгээс нотлох баримт гаргаж ирүүлээгүй.

            5.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 38 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх үндсэн дээр явагдах ба зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэх талаарх бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргийн дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагууддаа үндэслэж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй буюу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шаардлага бүрт холбогдох нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй орхигдуулсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

            5.3.Иймээс давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд, түүнд холбогдох нотлох баримтуудад дүгнэлт хийлээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаар 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р багийн нутаг дэвсгэрт болсон зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Э.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, нэхэмжлэгч Ц.Бгийн жолоодож явсан * улсын дугаартай “Toyota Crown214” маркийн автомашинд эвдрэл гэмтэл үүссэн.

Иймээс нэхэмжлэгч Ц.Б, Э.Т нарын ослын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай эмчилгээний зардалд зарцуулагдсан 970,120 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй байхад 770,000 төгрөгөөр хангасан нь үндэслэлгүй.

            Энэ тухай нэхэмжлэлийн шаардлага нь Э.Т, Ц.Б нарын цээжний , тархины зураг авахуулсан, хэт авиан шинжилгээний , хөхний клиникийн үзлэг, хүзүүний шугамын үзлэг, эм, тарианы баримтууд/хх15-19/ баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой байна.

            5.4.Нэхэмжлэгч нар нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тус тус хохирогчоор тогтогдсоны улмаас мөрдөн байцаалтын ажиллагаа болон бусад шаардлагаар гаргасан замын зардлын зардалд 460,738 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ гаргаж өгсөн баримтууд/хх174/-аар нэмж өгсөн шатахууны зардлуудыг нэмж тооцож, үүнээс анхан шатны шүүхийн хангасан 319,946 төгрөг дээр 381,590 төгрөгийг нэмж хангах боломжтой байна.

            5.5.Нэхэмжлэгч Ц.Бгийн жолоодож явсан * улсын дугаартай “Toyota Crown214” маркийн автомашины техникийн үнэлгээний тайланг мөрдөн байцаалтын шатанд “Онцгой үнэлгээ” үнэлгээний ХХК шинжилгээ хийж дүгнэлт гаргасан/хх83-92/ ба тайлангийн үнэлгээний зорилгоо зах зээлийн үнэлгээ, ослоос үүсэн хохирлыг тогтоох гэж тодорхойлох гэсэн хэсэгт заасан ба ингэхдээ зах зээлийн үнэлгээг тогтоохдоо осолд өртсөн уг автомашины үйлдвэрлэсэн он 2014, Монгол Улсад орж ирсэн 2024 он, мөн машины арлын дугаар..., өнгө..., хурдны хайрцаг..., автомашин эзэмшигчийг Ц.Б гэж тус тус дурдаж, уг машины зах зээлийн үнэлгээг 55,000,000 төгрөг гэж үнэлсэн, энэ нь уг автомашины зах зээлийн үнэлгээг шинжээч тогтоосон байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

            Анхан шатны шүүх уг 55,000,000 төгрөгийн үнэлгээний эх сурвалжийг нь шинжээч заагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

            Уг дүгнэлтийн хавсралтад 31 төрлийн эвдрэлийг зааж, засварын хөлстэйгөө нийлээд 37,834,000 төгрөгийн зардал гарна тодорхойлогдсон боловч нэхэмжлэгч тал шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад техникийн шинжилгээг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу ШУТИС-ийн Механик инженер, Тээврийн сургуулийн “Тээвэр, логистикийнх тэнхим”-ийг шинжээчээр шүүхээс томилж гаргасан дүгнэлт/хх128-135/-ээр “...Уг автомашин нь зам тээврийн осолд орох үед жолооч болон зорчигчийн ослын үеийн гэмтлийг багасгах зориулалттай системүүд ажилласан байна, ...дээрх эвдрэл, гэмтлийг засварласны дараагаар дахин шинээр үйлдвэрлэсний дараах бат бөх, аюулгүй байдлын түвшинд хүрэхгүй бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй, ...“Toyota” автомашин үйлдвэрлэгч дараах тохиолдолд засвар хийн, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог бөгөөд зохих журмын дагуу ашиглалтаас хасан, ашиглаж болох эд ангиудыг салган авч, эвдрэлтэй хэсгүүдийг дахин боловсруулалт хийн устгалд оруулахыг зөвлөсөн байдаг. Үүнд:

            -лонжеронд цохилт ирж, хэв гажилтад орсон,

            -бүхээгийн баганууд их хэмжээгээр гажсан тохиолдолд,

            -автомашины бүх хамгаалах хийн дэрнүүд ажиллаж, задарсан тохиолдолд,

            -жолооны доод аппарат, “Mac person”-ий гүүшин суурилагдах хэсэг гажсан, геометр хэмжээс алдагдсан зэрэг орно.

            “...* улсын дугаартай “Toyota Crown214” маркийн автомашинд учирсан дээрх эвдрэл, гэмтлийг засварлан замын хөдөлгөөнд оролцох нь сөрөг талуудтай, мөн үйлдвэрлэгч нь дээрх эвдрэл, гэмтэлтэй тохиолдолд засвар хийхийг хориглосон байгаа тул зохих журмын дагуу ашиглалтаас хасан, ашиглаж болох эд ангиудыг салган авч, эвдрэлтэй хэсгүүдийг дахин боловсруулалт хийн устгалд оруулах шаардлагатай гэж үзэж байна”/хх130-ийн доод хэсэг/ дүгнэсэн учраас “Онцгой үнэлгээ”-ний дурдсан зах зээлийн үнэлгээ 55,000,000 төгрөгөөр автомашины үнийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

            Анхан шатны шүүх ШУТИС-ийн Механик инженер, Тээврийн сургуулийн “Тээвэр, логистикийнх тэнхим”-ийн шинжээч нарын дүгнэлтийг үнэлэхгүй талаарх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

            Энэ нөхцөл нь нэхэмжлэгч Ц.Бгийн * улсын дугаартай “Toyota Crown214” маркийн автомашин нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр эвдэрч хэмхэрсэн байх тул “Онцгой үнэлгээ” ХХК-ийн зах зээлийн үнэлгээ нь 55,000,000 төгрөг гэсэн үнээр нь тогтоож, нэхэмжлэгчийн автомашины үнэ 55,000,000 төгрөгийг гаргуулах гэсэн энэ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзсэн.

            5.6.Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тус тус * улсын дугаартай “Toyota Crown214” маркийн автомашины техникийн шинжилгээг “Онцгой үнэлгээ” ХХК/хх80-92/, ШУТИС-ийн Механик инженер, Тээврийн сургуулийн “Тээвэр, логистикийнх тэнхим”/хх128-135/-ийн шинжээч нараар хийлгэсэн нь хэрэгт авагдсан ба эдгээр шинжилгээний үнэлгээг тус тус нэхэмжилсэн нь мөн хэрэгт авагдсан/хх73, 170/ Онцгой үнэлгээ ХХК/хх136-д ШУТИС-ийн шинжээч/, байх тул хангах үндэслэлтэй байна.

            Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын буруутай этгээд нь нас барсан тул шинжилгээний төлбөрүүдийг иргэний хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

            Хоёр удаагийн техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөр нь гэм хорын хохиролд орж тооцогдоно гэж мөн давж заалдах шатны шүүх үзсэн.

            Иймд Онцгой үнэлгээ ХХК-ийн шинжилгээний төлбөр 2,580,000 төгрөг, ШУТИС-ийн шинжээчийн төлбөр 500,000 төгрөг бүгд 3,080,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарт “Онцгой үнэлгээ” ХХК шинжилгээний үнийг нэхэмжлэх эрхийг олгоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

5.7.Хэрэгт “Нэткапитал финанс корпорац ББСБ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ авагдсан ба нэхэмжлэгч нар гэрээний дагуу зээлийн хүүд төлсөн 6,831,970.63 төгрөгийг анх нэхэмжилсэн, 10,469,461 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж 17,301,432 төгрөгийн хүү гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Автомашин худалдан авсан зээлийн гэрээний зүйл нь * улсын дугаартай “Toyota Crown214” маркийн автомашин биш 2024 оны 11 дүгээр сард худалдан авсан “Toyota Harrier-XU65” маркийн 66-23 УКК улсын дугаартай автомашины зээлийн гэрээний хүүг гэм хорын хохиролд хамаатуулан үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            5.8.Нэхэмжлэгч Э.Тт гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн гуравдугаар зэрэглэлээр хохирол учирсан болох нь шүүхийн шатанд хийлгэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ЕГ0825/2461 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх123-124/ гарсныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т заасанд үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ нэхэмжлэл нь гэм хорын шууд хохиролд хамаарахгүй юм.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4-т тус тус зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй хэдий ч Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т "...сэтгэцэд учруулсан гэм хорыг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан тул энэ үүрэг иргэний хариуцагч Д.Пд хамаарахгүй юм. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Тийн энэ тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, зөв болсон.

Мөн нэхэмжлэгч нар осолд өртсөн автомашины явах эд ангиудын үнэ Онцгой үнэлгээ шинжээчийн дүгнэлтэд ороогүй тул үнийг, мөн 2024 оны 10-24 өдрөөс одоог хүртэл Говьсүмбэр аймгийн тээврийн цагдаагийн түр саатуулах хашаанд байгаа * улсын дугаартай тээврийн хэрэгслийн хадгалалтын үнэ зэргийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтууд авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.

            Анхан шатны шүүх эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудад дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

            6.Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Б, Э.Т нарын 92,476,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас эмчилгээний зардалд зарцуулагдсан 970,120 төгрөг, замын зардалд зарцуулагдсан 701,536 төгрөг, машины зах зээлийн үнэ 55,000,000 төгрөг, техникийн шинжээчийн дүгнэлтүүдийн төлбөр /2,580,000+500,000/ бүгд 3,080,000 төгрөг буюу нийт 59,751,656 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, үлдэх зээлийн гэрээний дагуу хүүд төлсөн 17,301,432 төгрөг, Э.Тийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 15,173,400 төгрөг, Онцгой үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайланд тээврийн хэрэгслийн мотор болон явах эд ангиудын үнэ, Говьсүмбэр аймгийн тээврийн цагдаагийн түр саатуулах хашаанд байгаа * улсын дугаартай тээврийн хэрэгслийн хадгалалтын үнэ гаргуулах зэрэг, нийт 32,724,697 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 777,446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 59,751,656 төгрөгт төлөгдөх 456,708 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Д.Пгээс гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, шийдвэрлэхээр мөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлыг хангасан болно.

Эдгээр өөрчлөлт оруулах үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасанд нийцсэн.

7.Нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлыг хангасантай холбогдуулж, давж заалдах шатны шүүхэд төлсөн 243,780 төгрөгийг улсын орлогоос буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 137/ШШ2026/00030 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтад: “...Нэхэмжлэгч Ц.Б, Э.Т нарын хариуцагч Д.Пд холбогдох 92,476,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас эмчилгээний зардалд зарцуулагдсан 970,120 төгрөг, замын зардалд зарцуулагдсан 701,536 төгрөг, машины зах зээлийн үнэ 55,000,000 төгрөг, техникийн шинжээчийн дүгнэлтүүдийн төлбөр /2,580,000+ 500,000/ бүгд 3,080,000 төгрөг буюу нийт 59,751,656 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх зээлийн гэрээний дагуу хүүд төлсөн 17,301,432 төгрөг, Э.Тийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 15,173,400 төгрөг, Онцгой үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайланд тусгагдаагүй тээврийн хэрэгслийн мотор болон явах эд ангиудын үнэ, Говьсүмбэр аймгийн тээврийн цагдаагийн түр саатуулах хашаанд байгаа * улсын дугаартай тээврийн хэрэгслийн хадгалалтын үнэ гаргуулах зэрэг нийт 32,724,697 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            2 дугаар заалтад: “...нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 777,446 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, 456,708 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Д.Пгээс гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,780 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

А.САЙНТӨГС