Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/272

 

 

 

 

 

 

 

 

2019        10          17                                               2019ШЦТ/272

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Ш, Г, Н, Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт Ш, ............ овогт Г, ........ овогт Н, ................овогт Т нарт холбогдох 1921000840087 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....................... өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, .................................. оршин суух,  гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 10 хоногийн баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус шийтгэгдэж байсан, ............... овогт Ш. /РД: ..................../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .................. өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, .......................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,................. овогт Г. /РД: ..................../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....................... өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, .................................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт тус тус зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, ............ овогт Н. /РД: ............../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .................. өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ........................ оршин суух,  гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................... овогт Т. /РД: ....................../

 

Шүүгдэгч Ш нь Ж, Г, Т нарын хамт 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах 24 дүгээр байрны баруун талын 2 дугаар орцны гадна иргэн Г Самсунг Тренд маркийн гар утас, түрийвчтэй 273000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза карт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн авч хохирогчид 328000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Нын хамт 2019 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах Восток рестораны гадна иргэн Э.Гд хүч хэрэглэн өмдний халааснаас нь Самсунг эс-5 маркийн гар утас, 15000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн авч, хохирогчид 145000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  Г нь Ш, Н.Ж, Т нарын хамт  2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах 24 дүгээр байрны баруун талын 2 дугаар орцны гадна иргэн Г Самсунг Тренд маркийн гар утас, түрийвчтэй 273000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза карт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн авч хохирогчид 328000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н нь Шийн хамт 2019 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах Восток рестораны гадна иргэн Э.Гд хүч хэрэглэн өмдний халааснаас нь Самсунг эс-5 маркийн гар утас, 15000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн авч, хохирогчид 145000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Т нь Г, Ш, Н.Ж нарын хамт  2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах 24 дүгээр байрны баруун талын 2 дугаар орцны гадна иргэн Г Самсунг Тренд маркийн гар утас, түрийвчтэй 273000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза карт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн авч хохирогчид 328000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Н.Ж, Т, Г нарын хамт 24 дүгээр байрны ар талд хохирогч Г түрүүвчийг булааж авсан. Бид нар хохирогчийг зодоогүй. Би очоод хохирогчийн түрүүвчийг булааж авсан. Тэгээд талийгаач Н.Жгийн гэрт очоод 20.000 төгрөг өгсөн. Т, Г хоёрт 20.000 төгрөг өгөөд архинд явуулсан. Бичиг баримтыг нь хаячихаарай гэж өгсөн. Хаяхгүй явж байгаад цагдаад баригдсан байсан. Н Э.Гтэй таараад “миний танидаг хүн байна, нэг шил архи авч өгөх гэж байна, чи араас хүрээд ирээрэй” гэсэн. Тэгээд намайг очиход Э.Г Ныг заамдаад зогсож байсан. Би араас нь очоод Э.Гийг татаад хамт газар унаад өнхөрч байгаад боссон. Бид хоёрыг босоход Н байгаагүй. Э.Г “Н чинь миний түрийвчийг аваад явчихлаа” гэж надад хэлсэн. Би түрийвчийг нь аваагүй байсан болохоор Э.Гтэй хамт цагдаагийн газар очсон. Би Э.Гтэй зууралдах үедээ цус нөж болсон болохоор цусаа бооно гээд гарч явсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр Жавхаа, Т, Ш бид хэд 24 дүгээр байрны хажууд зогсож байтал хажуугаар нэг согтуу хүн өнгөрсөн. Тэрийг Жавхаа очиж дэгээдэж унагаад юмыг нь авсан.Гэм буруугаа зөвшөөрч байна...гэв.

 

Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр бааранд бүжиглэж байгаад Э.Гтэй таарсан. Тэгээд ганц шил архи авахуулахаар болоод хамт гарсан. Э.Гтэй хамт архи ууж байхдаа бид хоёр маргалдаж зууралдсан. Намайг заамдаад байж байхад Ш ирээд би хоёрыг салгахаар нь зугтаад гэртээ харьсан. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн...гэв.

 

Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Н.Ж, Ш, Г нарын хамт 24 дүгээр байрны ар талд хохирогч Г.Гыг дээрэмдсэн нь үнэн...гэв.

 

            Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой 22 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны баруун талд хойд талаасаа 2 дахь орцны үүдэнд үл таних 4 хүнд Самсунг тренд маркийн 2 сим ордог гар утас, бэлэн мөнгө 273.000 төгрөг, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны виза карт зэрэг эд зүйлсээ дээрэмдүүлсэн. Тэр залуучууд 24 дүгээр байрны зүүн талаас намайг дагаж эхэлсэн. Намайг дэлгүүрт үйлчлүүлж байхад тэр залуучууд дэлгүүрт зогсож байсан, намайг бэлэн мөнгөтэй явсныг тэнд харсан. Намайг араас түлхэж унагаах үед миний дух, хамрын хэсэгт зулгарсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн миний биед гэмтэл гараагүй...” гэжээ. /хх-ийн 24-25 тал/

           

            Хохирогч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Парис бааранд ганцаараа орсон. Ороод 3 шил пиво уучихаад 23 цаг өнгөрөөгөөд тухайн баарнаас гарсан. Гараад яг хойшоо чигтээ алхаж байхад 30 орчим насны эрэгтэй хүн /сүүлд нэрийг нь мэддэг болсон Н/ намайг нааш ир гэж дуудаад хоёулаа чинь нэг нутаг юм шиг байна гэж ойр зуурын зүйл ярьж байхад араас нэг залуу /сүүлд нэрийг нь мэддэг болсон Ш/ миний хоолойг боогоод газарт унагаасан. Тэр үед Н гэх залуу нь миний халаасыг ухаад байсан бөгөөд ухаж байгаад гэнэт гүйгээд буюу зүүн урагшаа СМУ-ийн хороолол чигтээ явсан. Тэгээд би босоход намайг боосон ах баруун зүг рүү гүйх гэхэд нь араас нь би хоолойгоор нь боож аваад шууд цагдаагийн газарт хамт очсон. Тухайн үед бол миний халаасанд Самсунг эс-5 маркийн гар утас, бэлэн 15.000 төгрөг байсан юм. Тэгээд цагдаа дээр ирээд тухайн залууг хүлээлгэж өгөөд би яваад өгсөн. Миний биед гэмтэл учраагүй...” гэжээ. /хх-ийн 163 тал/

           

            Гэрч П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой 22 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар баг 25 дугаар байрны хамгийн зүүн талын орцноос машиндаа суух гээд гарч ирж байхад нэг согтуу эрэгтэй хүн над руу ирээд 24 дүгээр байрны баруун талд сая хэдэн залуучууд миний виза карт, мөнгө зэргийг дээрэмдчихлээ, танд гар утас байна уу цагдаад дуудлага өгөх гэсэн юм гэхээр нь надад тухайн үед гар утас байгаагүй учир тэр хүнийг Дорнод-80 дугаар байрны үсчинд ороод дуудлага өгчих гэж хэлэхэд намайг дээрэмдсэн хүмүүс тэнд явж байна гэж надад зам хөндлөн гарч байгаа хүмүүсийг зааж өгөхөөр нь тэр хүмүүсийг нь харахад 4 залуу 24 дүгээр байрны зүүн талын хар замаар хөндлөн зүүн тийшээгээ СМУ-ийн хороолол чигтээ алхаж байсан. Тэгэхээр би тэр хүмүүсийг тогтоож харахад манай байрны орцонд байнга архи уугаад байж байдаг Жикаанаа хочтой Ж гэх залуу, Ш гэх хоёр хүн, бас танихгүй хоёр эрэгтэй хүний хамтаар явж байсан...” гэжээ. /хх-ийн 42-43 тал/

 

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28, 29, 159 тал/

            - Гэрч Г.БатТийн мэдүүлэг /хх-ийн 44-45/

            - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102 тоот дүгнэлт /хх-ийн 49/

            - Шийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-63, 176-177 тал/

            - Н.Жгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-68 тал/

            - Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-73 тал/

            - Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-78 тал/

            - Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 149/

            - Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 160-161/

            - Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 178-179/

            - Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 226-227/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Ш, Н.Ж, Г, Т нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах 24 дүгээр байрны баруун талын 2 дугаар орцны гадна хохирогч Г Самсунг Тренд маркийн гар утас, түрийвчтэй 273.000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза карт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн авч, хохирогчид нийт 328.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Н нь Штой бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах Восток рестораны гадна хохирогч Э.Гд хүч хэрэглэн өмдний халааснаас нь Самсунг эс-5 маркийн гар утас, 15.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн авч, хохирогчид нийт 145.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Г, Э.Г, гэрч П, А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Н.Жгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Ш, Г, Н, Т нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ш, Г, Н, Т нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Шид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял, шүүгдэгч Г, Н, Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш, Г, Н, Т нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Ш, Г, Н, Т нарын цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Шийн .............. тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Гийн ................. регистрийн дугаартай, шүүгдэгч .................. регистрийн дугаартай, шүүгдэгч Тийн ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............... овогт Ш, ............ овогт Г, ............. овогт Н, .............. овогт Т нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г, Н, Т нарыг тус бүр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шид оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Г, Н, Т нарт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш, Г, Н, Т нарын цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч шүүгдэгч Шийн ................ тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Гийн ................. регистрийн дугаартай, шүүгдэгч Нын ................ регистрийн дугаартай, шүүгдэгч Тийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш, Г, Н, Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.БАТЖАРГАЛ