Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/00595

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/11746 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 27,481,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 25,528,113 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 2024 оны 10 дугаар сард Ремакс-тай холбогдож, үйлчилгээний талбайн өмчлөгч гэх *******тай уулзан, *******, *******, ******* улсын гудамж, ******* цогцолбор хотхоны худалдаа, үйлчилгээний төвийн ******* хаягт байршилтай, 51,82 м.кв талбайг эхний 2 сарыг нэг сарын 5,500,000 төгрөгөөр, 3 сараас эхэлж сарын 7,000,000 төгрөгөөр түрээслэх, барьцаа нэг сарын түрээс 7,000,000 төгрөгийг барьцаалж, нийт 25,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан.

1.2 Ингээд уг хоосон талбайг миний бие 13,000,000 төгрөгөөр засварласан. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан боловч ******* хуулийн дагуу түрээсийн гэрээ байгуулахгүй байсан, мөн тухайн талбайн жинхэнэ өмчлөгч нь өөр хүн байсныг мэдсэн.

Иймд 1 сарын түрээсийн төлбөрт урьдчилж төлсөн 7,000,000 төгрөг, барьцаа 7,000,000 төгрөг, засварын зардал 13,481,000 төгрөг, нийт 27,481,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *******, *******, ******* улсын гудамж, ******* цогцолбор хотхоны худалдаа, үйлчилгээний төвийн ******* хаягт байршилтай, 51,82 м.кв талбайг *******д түрээслүүлэхээр тохиролцож, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Тус талбайг миний бие 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ-ний дагуу -аас худалдан авсан. Тухайн үед ******* үйл ажиллагаа явуулах талбайгаа тохижуулах хугацаа хэрэгтэй байна гэсэн тул түрээсийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тооцохоор хугацааг хойшлуулж, түүний хүсэлтээр эхний 2 сарын төлбөрийг хямдруулж 5,500,000 төгрөгөөр, 3 дахь сараас 7,000,000 төгрөг байхаар тохиролцсон.

2.2 Нэхэмжлэгч нь талбайг суллаж өгөхгүй, хаяг болон бусад эд зүйлээ хэвээр байлгаж байсан учир өөр үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүн дуудаж хаяг, ханын хавтан, гэрлийг буулгуулж, хөлс төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эд зүйлээ авч явснаар талбай суларсан. Иймд энэ хугацааны төлбөрийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй.

2.3 Түрээслэгч нь дотор заслаа өөрөө хийдэг. Хэрвээ намайг засварын зардлыг хариуц гэсэн бол би анхнаасаа гэрээ хийхгүй, өөр түрээслэгчид түрээслүүлэх байсан. Талбайн засвар тохижилтын зардлыг хариуцахаар гэрээ байгуулаагүй. Харин гэрээнд зардлыг түрээслэгч өөрөө хариуцахаар заасан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 2024 оны 12 дугаар сарын төлбөр 5,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын төлбөр 5,500,000 төгрөг, 02 дугаар сарын төлбөр 7,000,000 төгрөг, 03 дугаар сарын төлбөр 7,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгөөс түүний урьдчилгаа төлбөрт болон барьцаа төлбөрт шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг харилцан тооцвол түүнд буцааж өгөх мөнгөн төлбөр байхгүй.

3.2 Харин нэхэмжлэгч нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эд зүйлээ авч явснаар түрээсийн зүйл суларсан тул 2025 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр нийт 19,133,333 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх үүрэгтэй.

3.3 Түрээсийн гэрээний 3.2-т Түрээслэгч нь түрээсийн талбайн менежментийн болон ашиглалтын төлбөрийг холбогдох эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан, гэрээний хугацаанд хариуцан төлбөрийг төлнө гэж заасан. Гэвч ******* нь цахилгааны төлбөрийг төлөөгүй байсан тул түүний өмнөөс 194,780 төгрөгийг төлсөн. Мөн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр түүний эд зүйлийг буулгуулж, бусдад ажлын хөлсөнд 200,000 төгрөг төлсөн.

3.4 ******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан бол ******* талбайг түрээслүүлэхээр дахин зуучлагчид хандах шаардлагагүй байсан. 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, 6,000,000 төгрөг төлж хохирсон.

Иймд *******гээс түрээсийн төлбөр 19,133,333 төгрөг, цахилгааны төлбөр 194,780 төгрөг, эд зүйл буулгалтын төлбөрт 200,000 төгрөг, Centure 21-ын зуучлалын шимтгэл 6,000,000 төгрөг, нийт 25,528,113.65 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Засваргүй баригдсан талбай байсан тул засвар хийх хугацаа өгч 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл засвар хийхээр тохиролцсон. Ингээд засвар хийж 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дэлгүүр ажиллаж эхэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байгаагүй тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Улмаар, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүх бараагаа аваад лангуугаа үлдээсэн. Тавилгаа авна гэж хэлэхэд барьцааг өгнө гэсэн. 2025 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдөр талбайг бүрэн сулласан. Түлхүүрийг хажуу талын байрны жижүүрт орхи гэж хариуцагч хэлснээр орхисон. Гэрээг түрээс өндөр, гэрчилгээгүй байсан тул цуцалсан.

4.2 Түрээсийн гэрээг байгуулсан гэж үзэхгүй. 6 сар хоосон байна гэж байхгүй. Плита, нойл гэх мэт зүйл хийсэн. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гарсан байхад 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх цахилгааны төлбөр шаардаж байна. Иймд төлөх боломжгүй. Зуучлагчид өгсөн 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй.

Иймд эрхгүй этгээд гэрээ байгуулсан тул байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус гэрээ тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хариуцагч *******гаас 13,481,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******гээс 19,133,333 төгрөг гаргуулж, хариуцагч *******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,000,000 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,394,780.65 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 295,355 төгрөг, хариуцагчийн 385,591 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,355 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 253,616.66 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Түрээсийн талбайг шууд ашиглах боломжгүй байсан тул миний бие шалыг шинээр хийж, хана, тааз хоёрыг үйл ажиллагаа явуулахад боломжтой болгож засварлаж, огт байхгүй ариун цэврийн өрөө зэргийг өөрийн хөрөнгөөр буюу 13,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

******* нь гэрээ хийхгүй байсан би удаа дараа шаардаад, түрээсийн гэрээ хуулийн дагуу хийхгүй байсан тул өөр хүний өмчлөлийн талбай юм байна, энэ хүн худлаа ярьсан байна, жинхэнэ өмчлөгч ирвэл би ийм их хөрөнгө оруулчхаад дахиад, үнэтэй, түрээс чанартай үнэтэй, хурдан муудах хүнсний бүтээгдэхүүн авчхаад байж байтал жинхэнэ өмчлөгч ирээд намайг хөөчихвөл би хохирох юм байна гэдгээ ойлгоод *******тай яриад 2025 оны 02 дугаар сард талбайг чөлөөлж өгөөд түлхүүрийг нь жижүүрт хүлээлгэж өгсөн. Энэ талаар гэрч мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх хуулийн шаардлага хангаагүй, анхнаасаа хангах боломжгүй байсан гэрээг түрээсийн гэрээ гэж үнэлж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсгийг зөрчсөн.

6.2 Гэрч ...02 дугаар сард байрыг чөлөөлөөд өгсөн байсан гэж мэдүүлсэн байхад шүүх ...хариуцагч 06 дугаар cap хүртэл ашиглаагүй гэж зөвшөөрсөн тул 06 дугаар cap хүртэл түрээсэлсэн гэж үзнэ гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан зохигчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгийг огт үнэлэхгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.3 Нэхэмжлэгч нь хоосон талбайд шал хийж, нойл хийж, ханыг шинээр засаж одоог хүртэл хариуцагч ашиглаж байгаатай хариуцагч маргаагүй. Гэтэл шүүх ...маргаж буй талбайн засварт зарцуулсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Нэхэмжлэгч нь тухайн талбайд үйл ажиллагаа явуулсан бол буцааж хүлээлгэж өгөх үүрэгтэй. Хэрэгт талбай хүлээлцсэн баримт байхгүй. Нэхэмжлэгч 2025 оны 02 дугаар сарын 20-ны хэдний өдөр хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл гэрч зөөсөн эсэх талаар асуудлаар ярьдаг. Хүлээлгэж өгсөн гэдэг дээр бүрэн нотлоогүй.

Мөн тухайн үед *******гийн зүгээс үлдэгдэл эд зүйлийг авахад хаалгыг нь онгойлгож өгсөн н.Мөнхдэлгэр гэх хүн ...06 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл эд зүйлсээ авсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн зүгээс объектод үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан.

7.2. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй ч гэсэн нэхэмжлэгч өөрөө түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд холбогдох төлбөр тооцоо хийсэн гэжээ.

8. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1 Түрээсийн гэрээний 3.3-т Түрээслэгч нь түрээслүүлэгчтэй харилцан тохиролцсоноор түрээсийн талбайд өөрийн зардлаар дотор заслын ажлыг энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж болно ... гэж, 4.2.1-д Түрээслэгч нь түрээсийн талбай, түүний бүрдэл хэсэг... засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг бүрэн хариуцна гэж, 5.2-т Түрээсийн талбайд зураг, холбогдох дүгнэлт зөвшөөрлийн дагуу өөрийн зардлаар дотоод засвар үйлчилгээ тохижилт хийх эрхтэй, 5.5-д Энэхүү гэрээтэй холбоотой аливаа зардлыг түрээслэгч хариуцах мөн хөрөнгийн ашиглалтын бүхий л зардлыг хариуцах үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдаад байгаа шиг тохижуулсан зардлыг төлнө гэж тохиролцоогүй. Харин түрээслэгч нь өөрийн зардлаар хийхээр тохиролцсон.

8.2 Нэхэмжлэгч нь өөрийн үйл ажиллагаанд зориулан тохижуулаад, түрээсийн хугацаанд өөрөө хэрэглээд, дараа нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тохижуулсан эд зүйлээ өөрөө авч явсан байхад хариуцагчаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Засвартай холбоотой гэх хэрэгт нотлох баримтын шаардлага хангаагүй баримт авагдсан. Мөн нэхэмжлэгч нь рэйкийг 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буцаан авсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Хана, угаалтуур, шал, нойл бүгд үлдсэн, үүнд огт маргаагүй. Хийгдсэн засварыг дараагийн түрээслэгч нар ашиглаад явж байгаа. Үлдэж байгаа засварын зүйлийн төлбөрийг нэхэмжилсэн. Биет зүйлийг салгах боломжгүй суурин засвар хийсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан нийт 27,481,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ ...түрээсийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрөөс үлдэх 14,000,000 төгрөг, түрээсийн зүйлийг засан сайжруулсан зардалд 13,481,000 төгрөг тус тус гаргуулах гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...түрээсийн төлбөрт 19,133,333 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 194,780 төгрөг, эд зүйл буулгалтын төлбөрт төлсөн 200,000 төгрөг, зуучлалын хөлсөнд төлсөн 6,000,000 төгрөг, нийт 25,528,113.65 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

3. Талууд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2024/11-3 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч ******* нь *******, *******, ******* улсын гудамж, Ривер плаза цогцолбор хотхоны худалдаа үйлчилгээний төвийн ******* хаягт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 51,82 м.кв талбайг түрээслэгч *******д хүнс худалдаа явуулах зориулалтаар 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2027 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар, эхний 2 сарын түрээсийн төлбөрийг 5,500,000 төгрөгөөр, дараагийн сараас төлбөрийг 7,000,000 төгрөг байхаар түрээсийн төлбөрийн нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх 35-36/ Түрээсийн төлбөрт нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 25,000,000 төгрөгийг, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн зүйлийг тус тус шилжүүлсэн үйл баримтад зохигч маргаагүй.

4. Дээрх гэрээний дагуу талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.

5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тохиолдолд мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

5.1 Анхан шатны шүүх талуудын байгуулсан дээрх түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан буюу үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь, хариуцагч 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр -тай RPR167512B102B дугаартай Үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ-г байгуулж, тухайн түрээсийн зүйлийг худалдан авахаар харилцан тохиролцсон гэрээ хэрэгт авагдсан. /хх 30-33/ Улмаар, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн анхдагч өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь гэрчилгээгээр тогтоогдсон. /хх 38/ Өөрөөр хэлбэл, талууд түрээсийн гэрээг байгуулах цаг хугацаанд түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлээр хариуцагчид үүсээгүй байсан. Хожим тухайн хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүссэн нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй буюу өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байх цаг хугацаанд талуудын байгуулсан түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлага тавигдахгүй тул тухайн гэрээг мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иймд давж заалдах шатны шүүх талуудын байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэж дүгнэв.

6. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зохицуулсан.

6.1 Гэрээний дагуу хариуцагчаас түрээсийн зүйлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрт 5,500,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт 5,500,000 төгрөгийг, мөн оны 02 дугаар сарын түрээсийн төлбөрт 7,000,000 төгрөгийг барьцаа 7,000,000 төгрөгийн хамт, нийт 25,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 12, 14-ний өдрүүдэд тус тус хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байхаас гадна зохигч үүнд маргаагүй. /хх 3-4/

7. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах үндэслэлээ ...түрээсийн төлбөр хэт өндөр байсан, хариуцагч түрээсийн зүйлийн өмчлөгч биш байсан, гэрээг хуульд нийцүүлэн байгуулаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. Мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох үндэслэлийг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 294.1.3 дахь хэсэгт талууд хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалж болох талаар заасан. Түүнчлэн, мөн зүйлийн 294.2 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаанаар талууд гэрээг цуцалж болох талаар зохицуулсан байхаас гадна талууд гэрээний 8 дахь хэсэгт гэрээ цуцлах үндэслэлийг харилцан тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгчийн гэрээг цуцлах дээрх үндэслэл нь хууль болон гэрээнд заасан цуцлах үндэслэлд хамаарахгүй байх тул анхан шатны шүүх ...нэхэмжлэгчид гэрээний харилцаанаас татгалзах эрх үүсээгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

7.1 Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээслэгч нь түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид буцаан хүлээлгэж өгөх бөгөөд ийнхүү буцаан өгснөө түрээслэгч нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээ дуусгавар болох үндэслэлд мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3 дахь хэсэгт хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан гэх үндэслэл хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж буй тохиолдолд цуцалснаас үүдэх үр дагавар болох түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

7.2 Гэрч ...02 дугаар сарын 20-ны өдөр гарч байсан байх гэж, гэрч ...5, 6 дугаар сард байсан байх гэж, гэрч ...2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байсан гэж тус тус мэдүүлсэн нь гэрээ цуцлагдсан үйл баримтыг бүрэн нотолж чадаагүй байна. /хх 102-119/ Учир нь, дээрх гэрчийн мэдүүлгийн агуулга нь тухайн түрээсийн зүйлд байсан эд хөрөнгийг авсан, зөөвөрлөсөн талаарх үйл баримт байна.

8. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Харин мөн зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.

8.1 Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч нь түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө буюу түлхүүрийг хариуцагчид болон түүний нэрлэн заасан этгээдэд хүлээлгэн өгөөгүй нь тогтоогдож байхаас гадна Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг түрээсийн зүйлийг 2025 оны 02 дугаар сарын 25-26-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн байна.

8.2 Харин анхан шатны шүүх гэрээ цуцлагдсан хугацааг ...хариуцагчийн зөвшөөрч буй 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эзэмших эрхийг хүлээн авсан гэх тайлбараар тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Учир нь, хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан ...2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр буулгалтын хүнээр дотор байгаа эд зүйлийг буулгуулаад 06 дугаар сарын 22-ны өдөр эд зүйлээ авсан гэх тайлбараас үзвэл түрээслүүлэгчийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн зүйлийг буцаан авснаар мөн өдрөөр гэрээ цуцлагдсан гэж дүгнэхээр байна. /хх 106/ Иймд нэхэмжлэгчийн ...нэхэмжлэгч 2025 оны 02 дугаар сард байрыг чөлөөлчихсөн байсан, нэхэмжлэгч огт үйл ажиллагаа явуулаагүй түлхүүр хариуцагчид байсан гэдэг нь хангалттай нотлогдоно гэх гомдлыг хангахгүй.

9. Гэрээний 3.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ цуцлагдсан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нийт 39,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй. Үүнээс нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт болон урьдчилгаа төлбөрт төлсөн 18,000,000 төгрөг /5,500,000+5,500,000+7,000,000/ болон барьцаа гэх 7,000,000 төгрөг буюу нийт 25,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон хасч, үлдэх 14,000,000 төгрөгийг хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн хүрээнд гэрээ болон Иргэний хуулийн 318 дугар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт нэхэмжлэгчээс 14,000,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгосон өөрчлөлт оруулна.

10. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.

10.1 Гэрээний 3.3-т түрээслэгч нь түрээслүүлэгчтэй харилцан тохиролцсоноор түрээсийн талбайд өөрийн зардлаар дотор заслын ажлыг энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж болно. гэж, 5.2-т түрээсийн талбайд зураг, холбогдох дүгнэлт зөвшөөрлийн дагуу өөрийн зардлаар дотоод засвар үйлчилгээ тохижилт хийх эрхтэй гэж тус тус заасан. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлд засвар хийсэн үйл баримтад зохигчид маргаагүй.

10.2 Нэхэмжлэгч нь өөрийн зардлаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дотор заслын ажлыг хийж гүйцэтгэж болохоор талууд гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах гэх нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн зардлаар дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээ дуусгавар болоход тухайн засан сайжруулалтыг нэхэмжлэгч салгаж авах боломжгүй, хариуцагчид үлдсэн тохиолдолд ийнхүү засан сайжруулалттай холбоотой зардлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

10.3 Харин анхан шатны шүүх засан сайжруулалттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Учир нь, дээрх засан сайжруулалтай холбоотой гэх хэргийн 6-17 дугаар талд авагдсан зарлагын баримтууд болон 61-63 дугаар талд авагдсан Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар засан сайжруулалттай холбоотой нэхэмжлэгчээс 13,481,000 төгрөгийн зардал гарсан гэх үндэслэлийг бүрэн нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн баримтуудыг хэдийгээр хариуцагч баримтаар үгүйсгээгүй нь дээрх шаардлагыг уг баримтуудын хүрээнд бүхэлд нь хангах үндэслэл болохгүй.

Иймд хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан шалны плита, ариун цэврийн өрөөний суултуур, гарын угаалтуур, хана болон таазны эмульс зэрэг ажлыг нэхэмжлэгч хийсэн байсан бөгөөд уг ажил түрээсийн зүйлд үлдсэн гэх тайлбарыг үндэслэн хэргийн 6-17 дугаар талд авагдсан зарлагын баримтуудаас уг тайлбарт дурдсан засан сайжруулалттай холбоотой нийт 2,276,240 төгрөгийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна. /хх 6,7,12,15,16,17/ Харин зарлагын баримтуудаас үлдэх хэсэг нь мөн зүйлд заасан зайлшгүй зардал буюу салган авах боломжгүй засан сайжруулалттай холбоотой зардал гэж үзэх, мөн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулганд тусгасан мөнгөн зарлагыг тухайн салгаж үл болох засан сайжруулалттай холбоотой гарсан зардал гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагчаас 2,276,240 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

11. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас цахилгааны төлбөрт 194,780 төгрөг, эд зүйл буулгалтын төлбөрт 200,000 төгрөг, зуучлалын шимтгэлд төлсөн 6,000,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна хариуцагч уг шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийгээгүй болно.

Дээрх үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/11746 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 2,276,240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******гээс 14,000,000 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,204,760 төгрөг гаргуулах хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,528,113 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...225,355 гэснийг ...51,369 гэж, ...253,616.66 гэснийг ...227,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 400,855 төгрөг, хариуцагчаас төлсөн 225,355 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН