Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 218/МА2026/00008

 

  

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 310/ШШ2026/00094 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй, *******т хариуцагдах 450м2 газар, гэрчилгээний хамт гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: ...Миний бие *******тай хамтран амьдарч байх үедээ *******оос 2009 оны 05 сард Айргийн 11-06 тоотод байрлалтай 900 м2 газрыг хашаагүй, гэрчилгээгүй бид хоёр худалдан авсан. ******* нь газар зарахдаа 1 адуу, 12 эм ямаа, 1 хонь авсан. Үүнээс хойш ******* нь ******* надтай 11 жил хамтран амьдарсан. Миний бие дээрх газарт 2009 оны 05 сараас хойш одоог хүртэл амьдарч байна. ******* нь 2019 оны 10 сард дур мэдэн *******ид 900м2 газраас 450м2 газрыг буцаан зарсан байсан. ******* нь үлдсэн 450м2 газрыг *******ын нэр дээр шилжүүлсэн. Үлдэх 450м2 газрыг буюу Айргийн 11-6 тоотод байрлах газрыг гэрчилгээтэй нь хамт ******* надад гаргуулж өгнө үү... гэжээ.

1.1. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******тай 2009 онд танилцаж Айргийн 11-06 тоотод хамтран амьдрагчаар тухайн газар дээр амьдарсан. Удалгүй ******* гэдэг хүнээс 900 м/кв газар худалдаж авсан. Одоог хүртэл тухайн газар дээрээ амьдарч байна. 2021 оноос энэ хүний зан ааш хувирч тухайн газар амьдрахаа больсон. 2025 оны 04 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч *******аас нэхэмжлэх ёстойг ойлголгүй *******оос нэхэмжилсэн байсан. 2019 онд намайг оюутантайгаа хот руу явсан хойгуур надад мэдэгдэлгүйгээр *******ид буцааж өгсөн байсан. Бид 2 тухайн газрыг худалдаж авсан боловч гэрчилгээг нь нэр дээрээ шилжүүлж аваагүй. ******* тухайн 450 м/кв газрыг Баатар гэдэг хүнд зарчихсан байсан. Тухайн үед утсаар намайг доромжлоод байхаар нь ирсэн. Тэгэхэд Баатар гэдэг хүнд зарсан талаар мэдсэн. ******* тэгэхэд шүүхээр орж *******оос газрын гэрчилгээгээ гаргуулж авмаар байна гэж байсан. 2025 оны хавар намайг энэ газраа ав гээд буулгасан, одоо болтол би тэр газар дээр амьдарч байна. Иймд *******аас нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...миний бие нь уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р багийн Айргийн 11-6 тоотод байршилтай 900 м2 газрыг Н. *******оос худалдаж авсан. Уг газрын нэр одоо болтол шилжиж ирээгүй бөгөөд ******* нь уг газраас 450 м2 газрыг нь өөр хүнд зарсан байсан. Энэ газрын маргааныг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны хавар *******оос ******* надад олгогдохоор шийдвэрлэгдсэн байгаа. Энэ маргаан Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр ажиллагаа хийгдэх гээд байж байгаа. Энэ газар угаасаа *******гийн өмчлөлийн газар биш. Иймд *******аас 900 м2 газрын гэрчилгээг гаргуулж, *******д олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.1. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд *******тай танилцаагүй. 2017 оноос хойш хамт байсан. Ноднин хавар салахдаа би газар, мал хоёрынхоо аль нэгийг ав гэж хэлэхэд малаа авна гээд салсан. Миний бүх зүйлийг авсан. Одоо ганц үлдсэн газраа өгөхгүй, угаасаа миний нэр дээр газар байхгүй. Мөнгийг нь бүрэн өгч чадаагүй байгаа учраас миний нэр дээр шилжээгүй. Намайг олон удаа шүүхэд өгч байна. Шүүх дандаа *******гийн талд шийддэг гэжээ.

3. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн, *******аас Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айрагийн 11-6 тоотод байрлах 450 метр квадрат газар, газар эзэмших гэрчилгээний хамт гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлыг минь үнэн зөвөөр шийдэж өгнө үү. 450 метр квадрат газрыг буюу айргийн 11-06 тоотод байрлах газрыг гэрчилгээтэй нь хамт ******* надад гаргуулж өгнө үү. Бид 2009 онд танилцаад 2024 он хүртэл 16 жил амьдарсан. 2012 оны 05 сард хашаагүй 900 метр квадрат газрыг худалдаж авсан. Энэ хүн 2019 онд *******ид зарсан байсан. Бидэнд зарсан мөртлөө бид хоёрын хэний ч нэр дээр газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй. 2024 оноос хойш энэ хүн өөр хамтран амьдрагчтай болсон гээд намайг зодоод хөөдөг болсон. 2024 онд намайг *******оос газраа шүүхдээд ав гэж хэлсэн. Би тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* нь хэний ч нэр дээр гаргаагүй. 450 метр квадрат газраа *******аас гаргуулж авмаар байна гэв.

5. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ газрыг *******тай суухаасаа өмнө авсан. Энэ хүний юу ч ороогүй. 2021 оноос эхлээд 2026 он хүртэл энэ хүн надаас аваагүй юм байхгүй. Миний бүх цахилгаан барааг авсан. Би энэ хүнд газраа өгөхгүй гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т хариуцуулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг Айргийн 11-06 тоотод байршилтай 450м2 газрыг, газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг маргаж буй газар нь хэний өмчлөлд байгаа, нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

4. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

5. Хэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг Айргийн 11-06 тоотод байршилтай 450м2 газар нь хэний өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй болох нь баримтаар тогтоогдоогүй байна.

6.Хариуцагч ******* нь гуравдагч этгээд болох н.*******оос Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг, Айргийн 11-06 тоотод байршилтай 450 м2 газрыг худалдан авсан үйл баримтад маргаагүй боловч газар нь эзэмшигч болон өмчлөгч нь улсын бүртгэлд бүртгүүлснээр тодорхойлогддог зохицуулалттай хөрөнгө юм.

7. Зохигчдын анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 450 м2 газрыг эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хариуцагч ******* болон нэхэмжлэгч ******* нарын хэн алины нэр дээр шилжээгүй, бусад гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа болох нь талуудын мэтгэлцээнээр тогтоогдсон бөгөөд энэ нь нэхэмжлэгч *******г шаардах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэл болж байна.

8. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогч нарт эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байх ба талуудын хэн аль нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон татгалзлаа нотолсон баримтыг өөрсдөө шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул давж заалдах шатны шүүхээс Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 310/ШШ2026/00094 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 310/ШШ2026/00094 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.БАЯРДАВАА

 

ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

Г.МӨНХБАТ