Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 218/МА2026/00009

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Баярдаваа, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 310/ШШ2026/00099 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй, *******ад хариуцагдах автомашин гаргуулж, өөрийн эзэмшилд шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 21,200,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагатай, *******ын, *******гаас 24,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: ...******* миний бие нь 2022 онд *******тай танилцан хамтран амьдарч байгаад 2023 онд Тоёота Виллфаер маркийн 75-97 УБЭ улсын дугаартай автомашиныг 37 сая төгрөгөөр худалдан авсан. Би уг машиныг авахад өөрийн унаж байсан Тоёота Приус-30 маркийн машинаа 17 саяд өгөөд дээр нь 10 сая төгрөг бэлнээр нийт 27 сая төгрөг гаргасан. Үлдсэнийг нь ******* гаргасан боловч би нэг ч удаа машинаа эзэмшиж ашиглаагүй. ******* эзэмшиж Улаанбаатараас Дундговь аймгийн хооронд хүн зөөж явдаг болсон. 2025 оны 05 дугаар сараас хоорондын таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдралаа хөөж амьдарч байгаа. Цаашид хамт амьдрахгүй болсон учраас машинаа авахаар удаа дараа санал тавьсан боловч ******* машиныг өгөхөөс татгалзаж байгаа тул уг машиныг *******аас гаргуулж ******* миний өмчлөлд шилжүүлж өгнө үү... гэжээ.

1.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ******* миний бие нь *******тай хэлцэл хийн өөрийн эзэмшлийн 75-97 УБЭ улсын дугаартай Тоёота Виллфаер маркийн авто машинаар хот хоорондын хүн болон карго тээвэр хийж орлогоо би 70 хувийг, ******* нь 30 хувийг авахаар тохирч, тээвэр хийсэн. Гэвч 2025 оны 06 сарын 01-ний өдрөөс хойш ******* надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй өдий хүрсэн. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэх товчоогоор нийт 106 удаа нэвтэрч түүний хураамж 262,000 төгрөгийг төлөөгүй мөн замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөний улмаас төгрөгийн торгууль уг тээврийн хэрэгслийн бүртгэл дээр цахим санд бүртгэгдсэн байна. Иймд би машинаа өөрийн эзэмшилдээ авч 06 сарын 01-ний өдрөөс хойш 21,000,000 төгрөгийн орлого олох байсан боломжоо алдаж байгаа тул *******аас 21,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

1.2. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******тай 2022 оноос хамт амьдарсан. 2023 онд машинуудаа зарж, би дүүгээс авсан 10 сая төгрөгөө нэмж машин авсан. Энэ хүний хувийн байдлаас болж 2 тийшээ болсон. Гэтэл энэ хүн миний машиныг унаад хагас жил орчим явсан. Тэр хооронд машинаа авах талаар хэлтэл би чиний машиныг өгөхгүй гээд яваад байсан тул аргагүйн эрхэнд нэхэмжлэл гаргасан. Одоо машин авахад оруулсан 10,000,000 төгрөгөө авна. Мөн миний өмнөх машин 16,000,000 төгрөгөөр бартерт орсон. Түүнийгээ авна гэж нэхэмжилж байгаа. Нэхэмжлэл гаргаснаас хойш 5 шард Сэнтий буудлын өмнө миний машиныг цоожлоод тавьсан байсан. Надад илүү түлхүүр байсан тул машинаа авсан байгаа. Машиныг надаас авч явсан буюу 2025 оны 06 сараас 11 сарын хугацаанд 6 сар унаж явсан учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд гаргуулж авна. Хариуцагч *******ын гаргасан 24,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ******* 2025 оны 06 сарын 01-нээс хойш орлогоо 70 хувийг надад, 30 хувийг өөртөө авахаар тохирсон боловч энэ хугацаанд Дундговь аймаг Улаанбаатар хоёрын хооронд 116 удаа тээврийн хэрэгслийн бүртгэлийн товчоогоор орсон, түүний төлбөр 252,000 төгрөг төлөөгүй мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 224,000 төгрөгийн торгууль гарсан ч төлөлт хийгээгүй байна. ******* машиныг авахад 13,000,000 сая төгрөг гаргасан. Уг Тоёота Виллфаер машиныг авахад би өөрийн Тоёота Приус-30 маркийн машинаа 17,000,000 төгрөгт бодож арилжаа хийж дээр нь 10,000,000 төгрөг дүүгээсээ авч өгсөн, машины нийт үнэлгээ 37,000,000 төгрөг болсон. ******* 10,000,000 төгрөгийг машин авахад өгч 3-4 сая төгрөгөөр машины засвар үйлчилгээ оношилгоо болон бусад зүйлд зарцуулсан. Эгчийнхээ газрыг зарсан гэдэг нь машин авснаас дараа жилийн хавар буюу 2024 оны хавар 9,000,000 төгрөгийг өөрсдийн өдөр тутмын хэрэгцээ хоол ундандаа зарцуулсан. Бид хоёр 2022 оноос 2025 оны 05 сар хүртэл хамт амьдарсан. Тухайн мөнгө нь бид хоёрын хэрэгцээнд л зарцуулагдсан тул үүнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй байна. Анх машин авах үедээ хот хооронд хүн болон карго зөөж мөнгө олно гэж л бид хоёр ярилцаад тус тусын машинаа зарж том гэр бүлийн машин авсан юм. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 21,200,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь 06 сараас хойш надад орох ёстой орлого боловч энэ хугацаанд надад мөнгө өгөөгүй, хамт амьдрахаа больсон болохоор өгөхийг хүсээгүй өөртөө зарцуулсан гэж бодож байна. Иймд *******ын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Машины торгууль, хураамжийг Е Mongolia хаягаар орж харах боломжтой байгаа. Газрын мөнгийг юунд зарцуулсан талаар банкны хуулганд тодорхой байгаа. Дандаа хамтдаа зарцуулсан. Эгчээс зээлсэн 5,000,000 төгрөгийг хамт зээлсэн байж байгаад буцааж төлсөн. Бүх л хэрэглээгээ хувааж төлдөг байсан. Амьдралаа сайхан болгоно гэж надаар машин авхуулснаа сүүлдээ өөрөө түүнийгээ захиран зарцуулаад явсан. Тэгтэл одоо надаас би л олж байсан гээд сонин зүйл нэхэмжлээд байна. гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* нь Тоёота Виллфаер маркийн авто машин гаргуулахаар нэхэмжилсэн. 2023 онд энэ машиныг худалдан авахад миний бие өөрийн мөнгөө оруулж авч байсан. Би өөрийн эзэмшлийн Тоёота Сай маркийн авто машиныг зарж, *******гийн дансанд 16,000,000 төгрөгийг шилжүүлж байсан. Мөн өөрийн төрсөн эгч *******ийн газрыг худалдан борлуулж, түүний үнэ болох 8,800,000 төгрөгийг *******гийн дансанд шилжүүлж байсан. Үндсэндээ миний бие 24,800,000 төгрөгийг гаргаж, ******* үлдэх 9,200,000 төгрөгийг гаргаж дээрх машиныг худалдан авсан. Ингээд авсан машинаараа Улаанбаатараас Дундговь хооронд хүн тээвэрт явж, олсон орлогоо бүгдийг нь *******гийн дансанд төвлөрүүлдэг байсан. Үүнээс гадна байрны мөнгө, өдөр тутмын хэрэглээний мөнгийг би олдог байсан. Бид 2025 оны 05 сараас тусдаа амьдарч байна. Тухайн нэхэмжилсэн машиныг миний бие *******д хүлээлгэн өгсөн. Иймээс Тоёота Виллфаер маркийн автомашиныг худалдан авахад оруулсан өөрийн мөнгө болох 24,800,000 төгрөгийг *******гаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.1. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тай 2022 оноос хойш амьдарсан. *******гийн Приус 30 машинаар хот хооронд хүн тээвэр хийдэг байсан. Миний Тоёота сай машиныг ******* хотод унадаг байсан. Бид 2 ярилцаж тохиролцоод машинаа томруулж хүн зөөе гэдэг шийдэлд хүрсэн. Тоёота сай машиныг 16,000,000 төгрөгт зарж, *******гийн приусыг зарж 34,000,000 төгрөгөөр машин авсан. Түүнээс хойш өдөр бүр тээвэр хийж өдөр бүрийн орлогоо энэ хүнд өгдөг байсан тул энэ хүнд мөнгө өгөх ёсгүй. Би 5000 төгрөгөөр ундаа, тамхи авдаг байсан. Энэ хүний дансаар бүх мөнгө орж гардаг байсан. Энэ хүн надаас машинаа авах гэж нэхэмжлэхэд нь болоогүй, өгөхгүй гэсэн. Учир нь энэ хүн хэзээ нэгэн цагт нэхэмжлэл гаргахыг мэдэж байсан. Цагдаагаар ч 2, 3 удаа яриулахад нь өгөхгүй гэсэн. Мөн өмгөөлөгч ярьсан. Одоо надаас машинаа авсан тул энэ машиныг авахад миний Тоёота сай машиныг зарж төлбөрт нь оруулсан мөнгөө нэхэмжилж байгаа. Би өдөр бүр нойр хоолгүй явж өдөр бүрийн орлогыг нь бүрдүүлж байсан тул мөнгөө гаргаж авна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мандлын 01-20 тоотод байршилтай газраа 8,800,000 төгрөгөөр зарсан. Түүнийг мөн *******гийн дансанд шилжүүлсэн тул гаргуулна. Тоёота веллфайр машиныг авахад миний Тоёота сай машиныг зарж олсон мөнгө орсон. ******* нь Тоёота веллфайр машинаа авсан тул тухайн машиныг худалдан авахад миний эзэмшлийн Тоёота сай машинаа зарж оруулсан 16,000,000 төгрөг болон өөрийн газраа 8,800,000 төгрөгөөр худалдан борлуулж *******гийн дансанд шилжүүлсэн нийт 24,800,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

3. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.9, 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь 75-97 УБЭ улсын дугаартай Тоёота веллфайр маркийн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсныг дурдаж, нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******аас 21,200,000 /хорин нэгэн сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар нэхэмжлэгч *******гаас 16,016,000 /арван зургаан сая арван зургаан мянган/ төгрөгийг гаргуулан хариуцагч *******ад олгож, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.3 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 606,950 /зургаан зуун зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******аас 281,950 /хоёр зуун наян нэгэн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч *******аас 342,500 /гурван зуун дөчин хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д, нэхэмжлэгч *******гаас 238,030 /хоёр зуун гучин найман мянга гучин/ төгрөгийг гаргуулан хариуцагч *******ад тус тус олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 310/ ШШ2026 /00099 дугаартай шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч *******гийн 2025 оны 05 дугаар сараас 2025 оны 11 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 7597 УБЭ улсын дугаартай Тоёота Виллфаер маркийн авто машинаар Улаанбаатар хот Дундговь аймгийн Мандалговь хот хүртэл маршрутаар 108 удаа явж зорчигч болон карго ачаа зөөсөн нь зам тээврийн шалган бүртгэх товчоогоор орж гарсан тухай нотлох баримтаар нотлогдож байх тул үүнийг нэг удаагийн явалтаар хэдэн төгрөгийн орлого олдог нь тодорхойгүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тухайн автомашин нь жолоочоос тусдаа 7 хүний суудалтай гэр бүлийн зориулалт бүхий хүн, ачаа тээвэрлэх боломжтой тээврийн хэрэгсэл юм. Нэг хүн Улаанбаатар Дундговь хоёрын хооронд 30.000-н төгрөгөөр зорчдог. Хариуцагч ******* нь хүн тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл зохих байгууллагаас аваагүй учир билет, тасалбаргүй шууд өөрөө мөнгөө хурааж үйлчилгээ үзүүлдэг байсан, хүн зөөдгөө хариуцагч, нэхэмжлэгч нар маргаагүй зөвшөөрдөг тул дээрх үйлчилгээ үзүүлдэг нь нотлогдож байна гэж үзэх үндэстэй байна. Бичгээр хийсэн гэрээ байхгүй ч хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч машинаа өгч хариуцагч хүн зөөсөн нь гэрээний стандарт шаардлагыг хангасан гэж үзэж байна. Банкны хуулга дээрээс Ш. *******ын машин зарсан мөнгө юу юунд зарцуулсан, машин авахад хэдэн төгрөг оруулсан, мөн автотээврийн шалган бүртгэх товчоогоор хэдэн удаа орж гарч байсныг нотлох баримт байхад харгалзаж үзэхгүй байгаад гомдолтой байна. Хот аймаг хоёрын хооронд хүн зөөдөг дээрээ маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа орлого олж байгаа гэх үндэслэл хангалттай байна.

Хариуцагч Ш. ******* нь сөрөг нэхэмжлэл гаргах үедээ улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр хийгээгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн нь гомдолтой байна. Ийм гомдлыг хүлээн авч хариуцагчаас нэхэмжилсэн 21,200,000 төгрөгийн 70 хувь болох 14,840,000 төгрөг, тус машин дээр дүрэм зөрчсөн торгууль 300,000 төгрөг, шалган бүртгэх товчоонд төлөөгүй 200,000 төгрөг нийт 15,340,000 төгрөгийг хариуцагч Ш *******аас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

5. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тай амьдардаг байхдаа хот хооронд явдаг байсан. Энэ хооронд явах нь миний эрх, зөвшөөрөл хамаагүй. Заавал хүн дүүргэж явдаггүй. Би өөрийнхөө машиныг зарж энэ машинд оруулсан. 16.000.000 төгрөг хийгээд би машин авсан. Тэгээд газраа зарсан. Газраа зараад дүүгээс чинь авсан өрийг өгч байгаа. Надаас мөнгө нэхэмжлэх шаардлага байхгүй. Би мөнгө төлнө гэж байхгүй. Би өөрийнхөө машины мөнгийг гаргаж авъя. Энэ хооронд 3 жил явахад би тооцоолж үзсэн. Би өчнөөн мөнгө хийж байж өдөр болгон тамхи болон ундааны мөнгөтэй үлддэг байсан. Би архи уудаггүй. Би хоол иддэггүй чи мэдэж байгаа. Би өөрийнхөө нэхэмжлэлийг дэмжиж байна. Би өөрийнхөө унаж явсан машиныг зараад машин авсан. Би 16.000.000 төгрөгийг чиний дансаар хийсэн. Би өөрийнхөө нэхэмжлэх зүйлээ нэхэмжилнэ. Гэр бүл хоорондоо муудчихаад нэгэндээ мөнгө өгөөд яваад байна гэж байдаггүй. Энэ хооронд машинд маш их зүйл хийсэн. Хроп 2 удаа эвдэрсэн. Дугуй бас сольсон. Өөртөө нэг ч зүйл наагаагүй. Надаас машин нэхэмжилж байна гээд Улаанбаатарын цагдаагаас 2-оос 3 удаа залгасан. Би өгөхгүй, болоогүй гэж хэлсэн. Өмгөөлөгч нь надтай ярихад би чадахгүй, шүүхээр шийдүүлнэ гэж хэлсэн гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдлоор хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан автомашин гаргуулж, өөрийнхөө өмчлөлд шилжүүлэх мөн 21,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 онд *******тай танилцан хамтран амьдарч байгаад 2023 онд Тоёота Виллфаер маркийн 75-97 УБЭ улсын дугаартай автомашиныг 37 сая төгрөгөөр худалдан авсан. Би уг машиныг авахад өөрийн унаж байсан Тоёота Приус-30 маркийн машинаа 17 саяд өгөөд дээр нь 10 сая төгрөг бэлнээр нийт 27 сая төгрөг гаргаж, үлдсэнийг нь ******* гаргасан. Иймд 75-97 УБЭ улсын дугаартай Тоёота виллфаер маркийн автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэх, 2025 оны 5 сараас 2025 оны 11 сар хүртэл хугацаанд олох байсан орлого 21,200,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Тоёота виллфаер маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн ба 21,200,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж, *******гаас 24,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслээ нэхэмжлэгч *******гаас автомашин худалдан авахад оруулсан өөрийн унаж явсан автомашины үнэ 16,000,000 төгрөг, хашааны үнэ 8,800,000 төгрөг, нийт 24,800,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон дарааллыг ноцтой зөрчсөн, энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн шийдэлд нөлөөлсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хариуцагч *******ын нэхэмжлэгч *******гаас 24.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэгчид сөрөг нэхэмжлэлийн хувийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардуулсан болох нь сөрөг нэхэмжлэл хүлээн авсан дардас /хх-ийн 33-р хуудасны ар/, хэргийн 41-рт авагдсан сөрөг нэхэмжлэл гардуулсан баримт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй боловч уг сөрөг нэхэмжлэл нь хуульд заасан бүрдүүлбэр, шаардлагыг хангасан байх ёстой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дугаар зүйлд Сөрөг нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн адил хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн байна гэж заасан атал анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад үндсэн нэхэмжлэлийн хамт хэргийг шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, дарааллыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Тухайлбал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, бүрдүүлбэр хангаагүй сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хуульд заасан шаардлагыг хангуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэлэлцсэн, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсний дараа улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дарааллыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 310/ШШ2026/00099 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, дарааллыг ноцтой зөрчсөнөөр зохигчид шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчмыг алдагдуулсан, хэргийн оролцогчийн нэг талд давуу байдал бий болгосон шинжтэй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 310/ШШ2026/00099 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА

 

 

Г.МӨНХБАТ