Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ХШТ/90

 

Б.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар магадлалтай, Б.Ц-д холбогдох 2236003890018 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ..... аймгийн ..... сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б.Ц

Шүүгдэгч Б.Ц нь ...... аймгийн ...... сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг /Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно/-ийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж тус тус заасныг зөрчиж сумын цагдаагийн хэсэгт согтуурал шалгах багаж худалдан авсны зөрүү 1,500,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сард бэлнээр хүлээн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Ц-ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,500,000 төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Очирбат нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Б.Ц-ийн хувьд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт гэм буруугийн талаар маргадаггүй. Болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлж, алкотест 6820 загварын согтуурал шалгах төхөөрөмжийн зөрүү мөнгө 1,500,000 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирлын 1,500,000 төгрөгийг сайн дураар төлж барагдуулсан. Энэ гэмт хэргийн улмаас ашиг олоогүй болно.

Гэтэл давж заалдах шатны шүүх “... гэтэл шүүгдэгч Б.Ц нь нийтийн албан тушаалтан байхдаа хэрэг үйлдэх замаар 1,500,000 төгрөгийн ашиг олсон нь нотлогдсон байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглээгүй байна” гэж дүгнэсэн. Өмгөөлөгч би ашиг олно гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, мөнгийг бусдад зарж, зарсан зүйлээс ашиг олж байгаа үйлдэл гэж ойлгож байна. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээс үзэхэд Эрүүгийн хуулийн 17, 18 дугаар бүлэг, 20 дугаар бүлгийн зарим заалт, 22, 24, 25 дугаар бүлгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд бүгдийг нь ашиг олсон гэж үзэж хохирлыг нь төлүүлж, хохиролтой тэнцэх хэмжээний мөнгийг улсын төсөвт дахин төлүүлэхээр байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээг хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан.

Б.Ц-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой байтал анхан шатны шүүх хэрэглээгүй.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: ..... аймгийн ..... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус сумын цагдаагийн хэсэгт согтуурал шалгах “Алкотест 7510” загварын төхөөрөмжийг 7,000,000 төгрөгөөр худалдан авах шийдвэр гарч, “Б” ХХК-ийн захирал А.С, Засаг дарга Б.Т нарын хооронд захиалгын гэрээ байгуулсан байна. Гэрээнд заасан “Алкотест 7510” загварын согтуурал шалгах төхөөрөмжийг нийлүүлэх боломжгүй болсон тул оронд нь 3,500,000 төгрөгийн үнэ бүхий “Алкотест 6820” загварын төхөөрөмж худалдан авч, зөрүү 1,500,000 төгрөгийг Б.Ц нь 2022 оны 06 дугаар сард А.С-аас бэлнээр авч, хувьдаа зарцуулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Уг үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргээр зүйлчилж, шүүхэд шилжүүлснийг хоёр шатны шүүхээс хэргийн зүйлчлэл тохирсон хэмээн дүгнэж, шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэжээ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд, тус төхөөрөмжийн санхүүжилтийн зардлыг орон нутгийн хөгжлийн сангаас гаргасан бөгөөд сангийн үйл ажиллагаа нь Төсвийн тухай хууль болон журамд зааснаар орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсвийг хэрхэн зарцуулах талаар шийдвэр гаргаж, Засаг дарга түүнийг биелүүлэхээр журамласан байна. Тухайн үед шүүгдэгч Б.Ц нь ..... аймгийн ...... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан бөгөөд цагдаагийн хэсэгт согтуурлыг шалгах 7,000,000 төгрөгийн багажийг худалдан авах шийдвэр, үйл ажиллагаа нь хууль, журамд нийцэж гарсан байдаг. Энэхүү шийдвэр гарах үйл ажиллагаанд шүүгдэгч Б.Ц эрх мэдэл, хуулиар хүлээсэн үүргийг зөрчсөн зөрчил байхгүй. Харин хурлын шийдвэр гарч, мөнгө “Б” ХХК-ийн данс руу шилжиж орсноос хойш захиалсан төхөөрөмж байхгүй гэдгийг мэдэж, оронд нь 3,500,000 төгрөгийн төхөөрөмж худалдан авч, илүү 1,500,000 төгрөг гарсныг орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт буцаан тушаалгүйгээр шунахай сэдэлтээр хувьдаа авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Давж заалдах шатны шүүхээс 1,500,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон орлогын аль нь болохыг ялгаж дүгнэхгүйгээр шүүгдэгчээс давхардуулан 1,500,000 төгрөгийг гаргуулахаар  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Б.Ц-д холбогдох хэргийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэж дүгнэвэл зүйлчлэлийн хувьд эрүүгийн хариуцлага хүндрэхээр байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар .... аймгийн ...... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Ц нь ..... аймгийн ..... сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ..... дүгээр захирамжаар тус сумын цагдаагийн хэлтэст 7,000,000 төгрөгөөр согтуурал шалгах багаж худалдан авахаар төсөвлөсөн мөнгөнөөс худалдан авалт хийхэд гарсан үнийн зөрүү 1,500,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сард бэлнээр хүлээн авч, хувьдаа зарцуулсан болох нь нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

3.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д зааснаар “төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгох бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч байхаар хуульчилжээ.

Гэтэл ..... аймгийн ....... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ц нь сумын Засаг даргын шийдвэрээр явагдсан худалдан авах ажиллагаанд оролцож, үнийн зөрүүнээс бий болсон мөнгийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь нийтийн албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасан хориглосон үйл ажиллагаа бөгөөд тэрбээр албаны эрх нөлөөг ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон байх тул албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байна.

4.Хоёр шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэн Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

5.Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Б.Ц-аас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн гэх гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, түүнээс бий болсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг хураах, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулах эрүүгийн хариуцлагын төрөл юм.

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдэж олсон 1,500,000 төгрөгийг төлсөн баримт нь хэргийн 1 дүгээр хавтасны 212 дугаар хуудаст авагдсан байх бөгөөд тэрбээр энэ мөнгөнөөс ашиг олсон байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байна.   

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж зааснаас үзвэл энэ зүйлийн “... ашиг, орлого ...” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөөс бий болсон үр шим, үр төл, түүнчлэн эдийн засгийн эргэлтэд оруулж олсон ашиг, орлого зэргийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг эзэмших, ашиглах явцад бий болсон хөрөнгө хамаарна.

Давж заалдах шатны шүүх дээрх хуульд заасан хөрөнгө, орлогын ялгаатай шинжид тодорхой тайлбар хийхгүйгээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөөс ашиг олсон мэтээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч магадлалын зохих хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар магадлалын 1 дэх заалтаас Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Ц-аас 1,500,000 төгрөг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлоос “... Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг хэрэглэж өгнө үү ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                    Н.БАТЗОРИГ

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

Б.ЦОГТ