Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0422

 

“Д” ХХК-ийн гомдолтой,

Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын

улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Г.Билгүүн, Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн давж заалдах гомдлын дагуу “Д” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр: ”Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 232018034 тоот, “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” “Д” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

        Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

        Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлээд үндэслэлгүй дүгнэлт хийсэн, Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10а/1233, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/780 дугаар албан бичгүүдэд “хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалтын хасалт хийсэн нь тогтоогдсон” мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

        Татварын улсын байцаагч нар санхүүгийн баримтыг (буцаасан) хяналт шалгалт хийгээгүй, зөвхөн дээрх албан тоотуудыг үндэслэн шийтгэл оногдуулан татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг илт зөрчсөн, татварын улсын байцаагч нар хуульд заасан хугацаанд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн энэхүү шийтгэлийн хуудсыг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хянуулсан эсэх нь ч тодорхойгүй байхад үүнд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

        Гомдол гаргагч нь 2014-2016 онуудад “Б”, “Эк”, “А з” ХХК, “Д” ТӨХК, “Э” ТӨХК, УСУГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг бараа, ажил үйлчилгээг нийлүүлэх, гүйцэтгэхтэй холбогдуулан бусад аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан бараа материал бодитоор худалдан авч гэрээт ажлуудаа гүйцэтгэсэн, бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бодитоор худалдан авч төлбөрийг төлсөн учраас тус компани нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа залруулга хийх шаардлагагүй байсан.

        “Д” ХХК, “М э и” ХХК, “М р а” ХХК-аас 2016 онд гэрээ байгуулан бараа материал бодитоор худалдан авсан тухай санхүүгийн болон бусад баримт материалыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

        Шүүх хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Гомдол гаргагч “Д” ХХК-аас “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 232018034 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага гаргажээ.

        Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ““М р а” ХХК-аас 2016, 2017 онуудад худалдан авалт хийсэн хавсралтад дурдсан аж ахуйн нэгжүүдийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, хариуг ирүүлэх” талаар 10а-3/1233 дугаар албан бичгийг[1] хүргүүлсэнтэй холбогдуулж, Татварын ерөнхий газар уг албан бичгийн хавсралтад дурдсан тухайн аж ахуйн нэгжүүдийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж, үр дүнг ирүүлэх талаар аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 07/780 дугаар албан бичгийг[2] хүргүүлжээ.

        Улмаар дээрх албан бичгүүдийг үндэслэн Үндэсний татварын албаны 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23180300093 дугаар томилолт[3]-ын дагуу хариуцагч албан тушаалтнууд “Д” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалтыг явуулжээ.

        Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14.5 /Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй/-д зааснаар албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй бөгөөд татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1 /татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх/, 18.1.3 /анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах/-д зааснаар татвараа үнэн зөв тодорхойлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй.

        Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10а-3/827 дугаар албан бичиг, түүний хавсралт[4], Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичгээр[5] “Д” ХХК нь 2016 онд “М г э и” ХХК-аас 50,330,909.1, “Да” ХХК-аас 125,859,009.0, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар дүгнэлт, түүний 4 дүгээр хавсралтаар[6] “М р а” ХХК-аас 305,449,072.7, нийт 481,639,890.9 төгрөгийн бараа материал худалдан авч, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тайлагнасан нь тогтоогджээ.

        Тухайлбал, “Д” ХХК-ийн хяналт шалгалт хийх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалтаар гомдол гаргагч хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт бүхий падаанаар худалдан авалтын хасалт хийсэн нь дээр дурдсан баримтуудаар болон борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүйгээс гадна энэ нь татварын цахим тайлангийн системд авагдсан баримтуудаар мөн тогтоогджээ.

        Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 /зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол/-д зааснаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй үндэслэл тогтоогдсон бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх боломжтой.

        Хариуцагч албан тушаалтнууд “Д” ХХК-ийн татвар төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтаар нэгэнт илэрсэн холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн тул гомдол гаргагчийн “татварын хяналт шалгалтыг хийлгүйгээр зөвхөн Цагдаагийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын албан бичигт тус тус үндэслэн шийтгэл ногдуулсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Нөгөөтээгүүр, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор[7] ””М г э и” ХХК, “Д” ХХК-ууд 2016 онд нийт 1530 аж ахуйн нэгжтэй цахим баримтын системээс баримт бичиж, бичилт хийж, бусдад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон”-ыг тогтоосны дотор “Д” ХХК багтсан, өөрөөр хэлбэл, нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлангаар тайлагнаж, өөрийн борлуулалтад ногдох албан татвараас хассан нь тогтоогджээ.

        Хариуцагч албан тушаалтнууд гомдол гаргагч “Д” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж, 2016 онд дээр дурдсан анхан шатны баримт болон бусад баримтыг татварын хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлж, татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлолгүй нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн “2014-2016 онуудад “Б” ХХК, ... Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг бараа, ажил үйлчилгээг нийлүүлэх, гүйцэтгэхтэй холбогдуулан бусад аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан бараа материал бодитоор худалдан авч гэрээт ажлуудаа гүйцэтгэсэн, бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бодитоор худалдан авч төлбөрийг төлсөн” гэх давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй.

        Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 /Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ/, 4 /Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ/-д зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх учиртай.

        2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс дагаж мөрдсөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-д тодорхойлсон зөрчил, оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1 /Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварын нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна/-д заасантай ижил зохицуулагджээ.

        Үүнээс үзвэл хариуцагч албан тушаалтнууд “Д” ХХК-ийн зөрчил үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх торгууль ногдуулсан нь үндэслэлтэй.

        Анхан шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч “Д” ХХК-ийн зөрчил үйлдэх үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг тус тус баримтлан “Д” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 232018034 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                         ШҮҮГЧ                                                         Н.ДОЛГОРСҮРЭН

                                         ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

                                         ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

 

 


[1] 1 дэх хавтсын 81 дэх тал.

[2] 1 дэх хавтсын 61 дэх тал.

[3] 1 дэх хавтсын 40 дэх тал.

[4] 1 дэх хавтсын 84, 86, 87 дахь тал.

[5] 1 дэх хавтсын 68 дахь тал.

[6] 1 дэх хавтсын 217, 231 дэх тал.

[7] 2 дахь хавтсын 11 дэх тал.