| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/23321/И |
| Дугаар | 210/МА2026/00750 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00750
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 197/ШШ2026/03022 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******* холбогдуулан хуульд заасан хугацааг хэтрүүлж зохион байгуулсан гэх үндэслэлээр 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2023/03475 дугаар захирамжаар ********, ******* нараас 32,713,468.52 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг ********, ******* нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, ******** байр, 37 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ.
3.1. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгө болох ******* өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, ******** байр, 37 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр битүүмжилж, 05 дугаар сарын 08-ны өдөр хураан авсан байна.
3.2. Улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шинжээчээр Хаан үнэлгээ ХХК-ийг томилжээ.
Шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээний тайлангаар дээрх орон сууцыг 136,235,925 төгрөгөөр үнэлсэн.
3.3. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/11 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар товлосон ч төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын гаргасан саналын дагуу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 24280139/184-04 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 90 хоногийн хугацаагаар хойшлуулжээ.
3.4. Мөн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан төлбөр төлөгч ******* нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04552 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2025/00969 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байна.
Энэхүү шийдвэр, магадлал хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэлд энэ талаар тодорхой заасан, анхан шатны шүүх хуралдаанд талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
3.5. Дээрх шийдвэр гарсны дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9/6 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
3.6. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.
4. Нэхэмжлэгч нь хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэх зохицуулалт зөрчсөний улмаас өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж тайлбарласан.
4.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчийн тогтоосон үнэлгээ гарсны дараа нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байсан тул хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацаанд албадан дуудлага худалдааг явуулаагүй гэж дүгнэхгүй.
Мөн шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 68 дугаар зүйлийн 68.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан албадан дуудлага худалдаа зохион байгуулах хугацааны шаардлагыг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн шалтгаан арилсны дараа хариуцагчийг хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах шийдвэрийг 2025 оны 07 дугаар сарын 05-10-ны өдрийн хооронд заавал гаргах ёстой байсан гэж дүгнэх боломжгүй. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсны дараа хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд нийцүүлэн хэзээ зохион байгуулах эрх хэмжээ хариуцагчид ногдоно.
Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, Иргэний хуулийн 176, 177 дугаар зүйлд заасан журам зөрчигдсөн гэх гомдлыг хангахгүй орхив.
4.2. Хоёр дахь албадан дуудлага зохион байгуулахтай холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан ажиллагааны талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болохыг дурдвал зохино.
4.3. 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэр гаргах үед дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан өөрчлөлт орсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
4.4. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг заасан.
4.5. Иймд хариуцагч байгууллага нь хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцжээ.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт уг маргааныг шүүхээс шийдвэрлэхэд хамааралгүй хуулийн зохицуулалт баримталсан алдаа гаргасныг залруулж өөрчлөлт оруулна.
5. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлж шүүхэд хариу тайлбар ирүүлсэн байна.
Гэхдээ хариу тайлбар гаргах хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргах, өөрийн байр сууриа илэрхийлэх эрхийг бүхэлд нь хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, тайлбар гаргах эрх нь хуульд заасан хүрээнд хадгалагдана.
Иймд зөвхөн энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул холбогдох гомдлыг хангахгүй орхив.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 197/ШШ2026/03022 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 66 дугаар зүйлийн 66.1, 122 дугаар зүйлийн 122.5-д гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.БАДРАХ