Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
Хэргийн индекс | 177/2019/0122/э |
Дугаар | 124 |
Огноо | 2019-08-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, Улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч С.Б, Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт С.Б, К овогт Ц.Т нарт холбогдох 1935002860147 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт С.Б, 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 37 настай эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн багш мэргэжилтэй, одоо Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуульд багш ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, регистрийн дугаар: ............,
Монгол Улсын иргэн, К овогт Ц.Т, 1962 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 57 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо өндөр насны тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, регистрийн дугаар: ...................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Ц.Т-тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх,
Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн нутагт хохирогч С.Б-тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.Б, Ц.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б нь хохирогч Ц.Т-г, шүүгдэгч Ц.Т нь хохирогч С.Б-ийг тус тус зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ц.Т-гийн хохирогчоор өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед гэртээ хоол хийх гээд манай доод талын хөрш айл болох Цын гэрээс сонгино асуух гээд ороход Ц гэртээ Л, Б нартай “Экс” нэртэй 0.75 литрийн архи уугаад дуусаж байсан тэгэхэд Л нь надад та морьтой явна гээд ...архи амсуулсан. Тэгээд би Цын гэрээс гарахад Л намайг дагаж гараад намайг гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би дагуулаад ...явж байхад Л нь би явж чадахгүй юм байна танайд ороод амарчихъя гэж хэлэхээр нь би гэртээ авч ирээд гэрийн баруун талд газраар хэвтүүлээд гэрээс хайч аваад Ц-ын гэрийн хашаанаас сонгинын гуурс тастаж авах гээд гарахад гэрийн хаалган дээр Б таарсан. Тэгэхээр нь би хажуугаар нь зөрөөд хашаан хаалгаар гараад Ц-ын гэрийн зүг явж байхад Б нь миний баруун гараас татаад эргүүлсэн. Тэгэхэд Б нь миний баруун чихэн дээр нэг удаа цохиод “Чи Л-т далдганасан” гэж хэлчхээд “Чи намайг хайчаар бүлэх гэлээ” гээд утсаа гаргаж ирээд зураг авахаар нь би уурлаад Бийг нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
2. Шүүгдэгч С.Б-ийн хохирогчоор өгсөн “...Т-гийн гэрт очиход Л нь гэрийн баруун талд газраар хэвтэж байсан. Тэгэхээр нь би Тг “Та яагаад намайг хаячаад явчхав, захиргааны даргыг нь аваад намайг хаячаад явлаа” гэхэд Т нь босож ирээд над руу уурлахаар нь би гэрээс нь гараад хашаан хаалга тийшээ эргээд явж байхад Т нь миний толгой руу араас хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд Тгийн эхнэр нь Тгийн араас татаад “намайг чи яв” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 дугаар хуудас/,
3. Гэрч Л.Н-гийн “...Б манай гэрийн үүдэн дээр ирээд зогсчихсон надаас мэнд асуухаар нь “би наашаа гэр лүү ор” гэхэд оролгүй манай нөхрийг дагаад цаашаа эргээд явсан. Тэгээд удалгүй манай нөхөр Т-гийн дуу нь чанга гараад байхаар нь юу болсон юм бол гэж бодоод гарахад Б, Т нар нь барьцалдаад авчихсан байсан. Тэгэхээр нь би салгаад нөхрөө хашаа руугаа оруулах гээд явж байхад Б-ийн дүү Б манай хашаа даваад гүйгээд ороод ирсэн. ...Б манай нөхөр Тг “чи 2 хүн алсан, чи одоо намайг хайчаар алах гэж оролдлоо. Би одоо чамайг цагдаа дуудаж бариулан” гэж орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
4. Гэрч С.Б-ийн “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед гэрийн гадна өөрийн авто машинаа угаагаад зогсож байхад Т, Б нар нь Т ахын хашаан гадна барьцалдчихсан зогсож байсан. Манай гэр Тгийн арын хороолол байгаа юм. Тэгээд би гүйгээд очиход Б ахын хамраас цус гоожсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
5. Шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Үзүүлэгч Ц.Тгийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, баруун чихний орчимд эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь мохоо хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 519 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 7 дугаар хуудас/,
6. Шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Үзүүлэгч С.Бийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, толгойн хуйханд хавантай тэмтрэлтээр эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 534 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч Ц.Т-гийн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн үед маргалдаж байгаад хамар тус газар нь нэг удаа цохисон. Тэгэхэд хамраас нь цус гарсан тэгээд бид хоёр хашаанд ойрхон барьцалдаж аваад байж байхад Б нь хашаа мөргөсөн байж магадгүй, тэрнээс өөрөөр зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
8. Шүүгдэгч С.Б-ийн “...Надад сонгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Т нь уурлахаар нь би гарын алгаараа баруун чихэн дээр нь нэг удаа цохисон. ... Би ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Би ...Тгийн гэрт очоогүй бол ийм асуудал үүсэхгүй байсан тэрнээс болоод энэ хүнийг хэрэгт холбогдуулсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 519, 534 дугаартай дүгнэлтүүдийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Ц.Ттэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон, шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн нутагт хохирогч С.Б-тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тус тус тогтоогдсон, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Б, Ц.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 519 дугаартай дүгнэлтээр, хохирогч С.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 534 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Ц.Т-гийн “...С.Б нь миний аймаг ирж явсан зардал болох 120.000 төгрөгийг надад барагдуулж өгсөн, бид хоёрт одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, хохирогч Ц.Т-гийн “...Одоо С.Б-д гомдолгүй. Миний унааны зардал 120.000 төгрөг барагдуулсан тул хойшид гомдолгүй...” /хх-ийн 44 дүгээр хуудас/ гэх хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ц.Т-гээс хохирогч С.Б нь хохирол нэхэмжлээгүй болох нь хохирогч С.Бийн “...Надад одоо Т-гээс нэхэмжлэх зүйл байхгүй, надад одоохондоо ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, хохирогч С.Б-ийн “...иргэн Т-д ямар ч гомдол байхгүй...” гэх хүсэлтээр /хх-ийн 43 дугаар хуудас/ тус тус тогтоогдож байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэж, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Б, Ц.Т нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 53 дугаар хуудас/ тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 74 дүгээр хуудас/ тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт С.Б, К овогт Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Ц.Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Б, Ц.Т нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хавсаргасан хохирогч С.Б-ийн 3 хуудас бүхий “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”, “Б толгой СТ” гэх 1 ширхэг дискийг тус тус хэргийн хамт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА