| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 305/2025/00543/И |
| Дугаар | 215/МА2026/00008 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 215/МА2026/00008
Г.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 305/ШШ2025/00899 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Нийслэлийн ********* дүүргийн *** -р хороо, булгийн *** -р гудамжны *** тоотод оршин суух, Л овгийн Г.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багийн *** - *** тоотод үйл ажиллагаа явуулдаг “ ******** “ХХК-нд холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 35,200,000 төгрөг, алданги 17,600,000 төгрөг, нийт 52,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 35,200,000 төгрөг, алданги 17,600,000 төгрөг, нийт 52,800,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч Г.М нь “ ******** “ХХК /РД: *******/-тай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/01 дугаартай Техник хэрэгслийн түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу Дархан чиглэлийн замын нэгдүгээр хэсгийн ажилд 2 сарын хугацаатай өөрийн тээврийн хэрэгслийг түрээслэн, ажил үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцож тохиролцсон ажлаа гүйцэтгэж дууссан. Улмаар 35,200,000 /гучин таван сая/ төгрөгийн өглөгтэйг харилцан баталж тооцооны үлдэгдлийн баталгааг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хамтран үйлдсэн. Тус тооцоо нийлсэн актад дээрх төлбөрийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлнө гэж тохиролцсон боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй байна. Хариуцагч талаас төлбөрөө төлөхийг шаардах үөд эхлээд мөнгөө өгнө, хугацаа өгөөч гэж гуйж байсан ба дараа нь ор сураггүй алга болсон тул гэрээт ажлын хөлс болох 35,200,000 /гучин таван сая, хоёр зуун мянга/-н төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн гэрээний дөрөвдүгээр бүлгийн 5-т Түрээсийн төлбөрийг дээр дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд өдрийн 0,3 хувиар алданги тооцно, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг тус тус үндэслэн 17,600,000 /арван долоон сая зургаан зуун мянга/-н төгрөгийн алдангид тооцож, гэрээт ажлын хөлстэй хамт нэхэмжилж байна. Алдангийг бодохдоо төлбөр төлөх ёстой огноо болох 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 1024 хоногийн хугацаанд, хоног тутамд 105,600 төгрөгийн алданги буюу нийт 108,134,400 төгрөгийн алданги тооцсон. Улмаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн 17,600,000 болгон бууруулж нэхэмжилж байна. Иймд хариуцагч компаниас нийт 52,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч “ ******** “ХХК-ийн тайлбар: Манай компани нь 2021-2022 хооронд Дархан Улаанбаатар зам засвар шинэчлэл багц 1-1 чиглэлийн замын ажил гүйцэтгэхээр Х энд Б ХХК гэрээ байгуулан ажилласан. Тухайн хугацаанд иргэн Г.М-ын техникийг түрээсээр ажиллуулж байсан. 2022 оны 4 сараас хойш одоог хүртэл тус компаниас санхүүжилт авч чадаагүй тул Г.М-ын нэхэмжилсэн 35,200,000 /Гучин таван сая хоёр зуун мянган/ төгрөгний төлбөрийг төлөх боломжгүй байна. Мөн Г.М-ын гаргасан нэхэмжлэлд тусгагдсан 17,600,000 /Арван долоон сая зургаан зуун мянган/ төгрөгний алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “ ******** “ХХК-иас 35,200,000 (гучин таван сая хоёр зуу мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож, алданги 17,600,000 (арван долоон сая зургаа зуу мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,950 (дөрвөн зуун хорин нэг мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 35,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 333,950 (гурван зуун гучин гурван мянга есөн зуун тавь) төгрөгийг хариуцагч “ ******** “ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож, ..... шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг эхлэл хэсгээс төгсгөл хэсэг хүртэл үнэн зөв бодитойгоор дүгнэж чадаагүй. Зөвхөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрхэн яаж батлагдсан эсэхэд л төвлөрч шийдвэр гаргасан нь алдаатай шийдвэр гаргах гол үндэслэл болсон.
Хэргийн үйл баримтын тухайд: Нэг. Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/01 дугаартай Техник хэрэгслийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээний дагуу “ ******** “ХХК-ийн захиалгаар Иргэн Г.М нь өөрийн өмчлөлийн техник хэрэгслээр Дархан Улаанбаатар зам засвар шинэчлэл багц 1-1 чиглэлийн замын ажилд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ажил үйлчилгээ үзүүлсэн. Улмаар талууд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 22/01 дугаартай Техник хэрэгслийн түрээсийн гэрээний хүрээнд нэг бүрчлэн тооцоо нийлж, өглөг авлагаа баталгаажуулан, 2022 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлнө гэж харилцан тохиролцсон, тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн. Үүнээс хойш хариуцагч санхүүжилт орж ирэхээр өгнө гэдэг тайлбар хэлсээр ямар ч төлбөр төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахад санхүүжилт орж ирээгүй учраас үндсэн төлбөрийг төлөх боломжгүй, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан.
Хоёр. Хариуцагч “ ******** “ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан С.О болон одоогийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.М нар нь эхнэр нөхөр буюу гэр бүлийн гишүүд. Гэрээ байгуулагдах үед “ ******** “ХХК-ийн олон нийтэд нээлттэй мэдээлэл дээр эцсийн өмчлөгч Б.М, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал С.О гэж байсан. Түүнээс биш “ ******** “ХХК-ийн ажил хариуцагч инженер Б.М гэж байгаагүй. Хариуцагч талаас хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.М-ын талаар өмнө нь “ажил хариуцагч инженер” ажлын байр албан тушаалд ажиллаж байсан талаарх баримт гаргаж өгөөгүй. Хэрэв ажиллаж байсан бол Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалийн лавлагаа зэргийг шүүхэд гарган өгч, түүнийгээ нотлох, бодит үйл баримтыг үнэн зөвөөр тогтоолгох боломжтой байсан. Гэтэл шүүх зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслээд үйл баримтыг хариуцагчийн талд дүгнэсэн нь алдаатай шийдвэр гаргах нөхцөл болсон. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно.” гэж заасан ба заавал бичгээр төлөөлөх эрхийг олгох ёстой гэж хуульчлаагүй, амаар төлөөлөх эрх олгож болдог бөгөөд гэрээ байгуулах үед Б.М нь энэ компанийн эцсийн өмчлөгч, манай эхнэр гүйцэтгэх захирлаар нь ажилладаг, гэр бүлийн компани гэж тайлбарлаж байсан үйл баримтаас дүгнэхэд “ ******** “ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхийг Б.М-д олгосон гэж үзэх үндэслэлтэй. Шүүх зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслээд үйл баримтыг хариуцагчийн талд дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх журам зөрчсөн, зарим нотлох баримтыг үнэлээгүй байна.
Гурав. Хариуцагч “ ******** “ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны үе шатуудад “ ******** “ХХК, Б.М, С.О нарыг төлөөлж тайлбар гаргаад байдаг. Иргэний хуулийн 3, 4 дүгээр бүлэгт заасны дагуу “Монгол Улсын Иргэн”, “Хуулийн этгээд” зэрэг нь тус тусдаа хуулиар олгогдсон эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг эрх зүйн этгээдийг хэлдэг. Хууль зүйн хувьд хариуцагч “ ******** “ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь зөвхөн “ ******** “ХХК-ийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос биш Б.М, С.О нарыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар гаргах эрхгүй. Хэрэв Б.М, С.О нарын хүсэл зоригийн илэрхийлэл, тухайн үеийн болсон үйл явдал тайлбар зэргийг эдгээр хүмүүсээс тодруулах шаардлагатай гэж үзвэл хариуцагч гэрч асуух хүсэлт гаргаж улмаар тухайн гэрч нар нь гэрчийн тайлбар, мэдүүлэг өгч тэр нь нотлох баримтаар үнэлэгдэх учиртай. Гэтэл шүүх зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслээд үйл баримтыг хариуцагчийн талд дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх журам зөрчсөн. “ ******** “ХХК-ийн тамгыг Б.М гэх хүн ашиглаж байсан талаарх үйл баримтад дүгнэлт өгөөгүй. Б.М гэж хүн “ ******** “ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан, тооцоо нийлсэн акт үйлдсэн гэх үйл баримтад дүгнэлт өгөөгүй. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 305/ШШ2025/00899 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана." гэж заасантай нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь нэхэмжпэгчийн эрх ашгийг сэргээх бус улам дордуулсан шийдвэр болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 305/ШШ2025/00899 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, 17,600,000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 305/ШШ2025/00899 дугаар шийдвэр нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
8. Г.М нь “ ******** “ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 35,200,000 төгрөг, алданги 17,600,000 төгрөг, нийт 52,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Т ХХК /РД: ******/-тай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/01 дугаартай Техник хэрэгслийн түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу Дархан чиглэлийн замын нэгдүгээр хэсгийн ажилд 2 сарын хугацаатай өөрийн тээврийн хэрэгслийг түрээслэн, ажил үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцож тохиролцсон ажлаа гүйцэтгэж дууссан. Улмаар 35,200,000 төгрөгийн өглөгтэйг харилцан баталж тооцооны үлдэгдлийн баталгааг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хамтран үйлдсэн. Тус тооцоо нийлсэн актад дээрх төлбөрийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлнө гэж тохиролцсон боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй байна. Мөн гэрээний дөрөвдүгээр бүлгийн 5-т Түрээсийн төлбөрийг дээр дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд өдрийн 0,3 хувиар алданги тооцно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасныг тус тус үндэслэн 17,600,000 /арван долоон сая зургаан зуун мянга/-н төгрөгийн алдангид тооцож, гэрээт ажлын хөлстэй хамт нэхэмжилж байна. Алдангийг бодохдоо төлбөр төлөх ёстой огноо болох 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 1024 хоногийн хугацаанд, хоног тутамд 105,600 төгрөгийн алданги буюу нийт 108,134,400 төгрөгийн алданги тооцсон. Улмаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн 17,600,000 болгон бууруулж нэхэмжилж байна. Иймд хариуцагч компаниас нийт 52,800,000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.
9. Хариуцагч “ ******** “ХХК нь “…Манай компани нь 2021-2022 хооронд Дархан Улаанбаатар зам засвар шинэчлэл багц 1-1 чиглэлийн замын ажил гүйцэтгэхээр Х энд Б ХХК гэрээ байгуулан ажилласан. Тухайн хугацаанд иргэн Г.М-ын техникийг түрээсээр ажиллуулж байсан. 2022 оны 4 сараас хойш одоог хүртэл тус компаниас санхүүжилт авч чадаагүй тул Г.М-ын нэхэмжилсэн 35,200,000 /Гучин таван сая хоёр зуун мянган/ төгрөгний төлбөрийг төлөх боломжгүй байна. Мөн Г.М-ын гаргасан нэхэмжлэлд тусгагдсан 17,600,000 /Арван долоон сая зургаан зуун мянган/ төгрөгний алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй байна…” гэж маргажээ.
10. Нэхэмжлэгч Г.М хариуцагч “ ******** “ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/01 дугаартай техник хэрэгслийн түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээнд иргэн Г.М болон “ ******** “ХХК-ийг төлөөлж Б овогтой М гарын үсэг зурж, тамга дарж гэрээ байгуулсан байна.
11. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх удирдлагаар С.О-т бүртгэлтэй байсан байна.
12. Тухайн гэрээ байгуулагдах үед буюу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “ ******** “ХХК нь 1 гишүүнтэй буюу гүйцэтгэх захирлаар С.О ажиллаж байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдох бөгөөд инженерээр ажиллаж байсан Б.М нь тус компани эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хэдий ч компанийг шууд төлөөлж гэрээ, хэлцэл хийх эрхгүй байна. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно”, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан.
13. Нэхэмжлэгч Г.М хариуцагч “ ******** “ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/01 дугаартай техник түрээсийн гэрээг шууд байгуулах эрхийг зөвхөн С.О эдлэх бөгөөд Б.М гэрээ байгуулах эрхгүй, гэрээ байгуулах эрх олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
14. Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан Техник хэрэгслийн түрээсийн гэрээг байгуулах үед “ ******** “захирал С.О нь баталж, гэрээний зүүн дээд талд байрлах “Батлав” хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч тус гарын үсэг нь гүйцэтгэх захирал байсан С.О-ийн гарын үсэг биш болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ГОА0125/043 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт захирлаар ажиллаж байсан С.О нь тухайн гэрээг байгуулах үед мэдээгүй, ажил хариуцагч инженер Б.М нь хэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэж няцаагаагүй.
15. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “…хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор хуульчилсан хэдий ч мөн хуулийн 56.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж хуульчилжээ.
16. Техникээ түрээслүүлэн ашиглуулах хүсэл зоригийн илэрхийлсэн этгээд болох нэхэмжлэгч Г.М, нөгөө талаас тухайн техникийг ашигласныхаа үр дүнд тодорхой хөлс төлөхөөр тохиролцсон “Т” гэх хуулийн этгээд оролцсон байх бөгөөд уг гэрээний төрлийг талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар огт маргаагүй.
17. Харин тус Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр эсэх, зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийсэн эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэгдэх үед хариуцагч “Т” ХХК-ны гүйцэтгэх захирлаар тус гэрээг анх байгуулагдах үед инженерээр ажиллаж байсан Б.М нь 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр томилогдож, улсын бүртгэлд бүртгүүлжээ.
18. Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ” гэж хуульчилсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан “Техник хэрэгслийн түрээс”-ийн гэрээг тухайн үедээ зохих этгээдийн буюу гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүй байгуулсан инженер Б.М нь өөрөө 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш “Т” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ шүүхэд ирүүлсэн тайлбартаа “нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилсэн 35.200.000 төгрөгийн төлбөрийг ажил гүйцэтгэсэн компаниас санхүүжилт хугацаандаа орж ирээгүй” гэх шалтгаанаар төлөх боломжгүй гэж тайлбарласнаас бус огт уг төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй, харин зөвхөн алдангид нэхэмжилсэн 17.600.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
19. Гэвч хариуцагч “Т” ХХК-ны гүйцэтгэх захирал нь Б.М-ын дээрх тайлбараар талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/01 дугаартай техник хэрэгслийн түрээсийн гэрээг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн гэж үзэхгүй юм.
20. Тиймээс Б.М нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/01 дугаартай техник хэрэгслийн түрээсийн гэрээг байгуулахдаа хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх бүрэн эрхтэй хүний зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан, талуудад урьдчилан зөвшөөрөл олгосон талаар талуудад мэдэгдээүй байх тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
21. Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх ёстой болно
22. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.
23. Хэдийгээр нэхэмжлэгч Г.М хариуцагч “ ******** “ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/01 дугаартай техник хэрэгслийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл боловч иргэн Г.М-ын DOOSAN DX300 маркийн ** - ** УБ экскавотарыг хүлээлгэн өгсөн боловч техникийг түрээсээр ашигласны үндсэн төлбөр болох 35,200,000 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд хариуцагч “ ******** “ХХК нь уг төлбөр дээр маргаагүй. Харин нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу алданги 17,600,000 төгрөгийг нэхэмжилсэн нь зохигчийн маргааны зүйл болжээ.
24. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй”, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж тус тус хуульчилжээ.
25. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс мөнгөн дүнгээр тодорхойлсон техник түрээсийн үндсэн төлбөр 35,200,000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 17,600,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагч “ ******** “ХХК-иас 35,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 17,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
26. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 305/ШШ2025/00899 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ш.БАТТОГТОХ