| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 305/2025/01050/И |
| Дугаар | 215/МА2026/00009 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 215/МА2026/00009
Р.Д-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 305/ШШ2026/00047 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын *** дугаар баг, ******* оршин суух, О овгийн Р.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********* сумын ******** багийн ******* *** - *** тоотод оршин суух, Н овгийн Ш.Э, Б овгийн Н.Г нарт холбогдох,
Мал худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4,940,000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлахтай холбоотой гарсан зардал 70,200 төгрөг, нийт 5,010,200 (таван сая арван мянга хоёр зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Д нь Ш.Э, Н.Г нарт холбогдуулан мал худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4,940,000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлахтай холбоотой гарсан зардал 70,200 төгрөг, нийт 5,010,200 (таван сая арван мянга хоёр зуу) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг “...2024 оны 11 сард Говь-Алтай аймгийн ******** сумын *** дугаар багт байрлах гэрээсээ 40 хонь нэг бүрийг нь 130,000 төгрөгөөр, 24 төлгийг нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр, 3 ямааг нэг бүрийг нь 80,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Нийт 7,940,000 төгрөгөөр худалдахаар өгсөн юм байна лээ. Тэгээд малынхаа үнийг хэзээ өгнө гэсэн гэхээр нядалж зарчхаад 1-2 сарын дотор ямар ч байсан таны төлбөрийг төлье гэсэн боловч ерөөсөө төлөхгүй байсан. Ингээд араас нэхэл дагуул болсоор байгаад 2025 оны 7 сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг өгсөн. Сүүлд шүүхэд өгөхөөсөө өмнө би хариуцагч нартай холбогдоод энэ хүний малыг авчхаад мөнгө төгрөгийг нь өгөхгүй байгаа юм байна. Энэ мөнгийг нь өгөөч өгөхгүй бол би шүүхэд өгөх асуудал ярих гээд байна гэхэд 2,000,000 төгрөг 2025 оны 10 сарын 10-ны өдөр өгөөд нийт 7,940,000 төгрөгөөс нийт 3,000,000 төгрөг л төлсөн байгаад байгаа юм. Хэрэгт холбогдох дансны хуулга, баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд өгчихсөн байгаа. Тэгээд үлдэгдэл төлбөрөө хэзээ төлөх юм бэ гэдгийг ярихаар хэзээ төлөх нь тодорхойгүй. Дээрээс нь хариуцагч нарыг хаягаа өгөөч, хэзээ төлөхөө тодорхой хэлээд өгөөч гэхээр ерөөсөө тодорхой юм ярихгүй, мал ахуй нь туранхай эцэнхий байсан гэдэг юм яриад шүүхдээ хандаа л гэдэг асуудал ярьсан. Тэгээд шүүхэд өгсөн байгаад байгаа. Ер нь бол хариуцагч нарын хаягийг тодруулахын тулд эрэн сурвалжлах ажиллагаа хийлгээд 70,200 төгрөгийн зардал гарсан. Тэрийгээ нэмээд 5,010,200 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байгаа...” гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч Ш.Э, Н.Г нарын тайлбарын агуулга “...Миний бие Ш.Э би 2024 оны 11 дүгээр сарын 20-нд ********* сумын ******* багийн нэр бүхий 4 хүнээс мал худалдан авахаар тохиролцож малаа аваад ********** сумын төв рүү тууж явах замд ******* сумын ***** багийн иргэн мал өгч авалцах талаар тохироогүй байхад орой 19 цагийн үед зам дээр малаа ээрчихсэн маш их даарсан байдалтай байсан. Би Р.Д гуайгаас 67 толгой төлөг 1 толгойг нь 75.000 төгрөг, 3 толгой ямаа, 1 толгойг нь 80,000 төгрөгөөр тохиролцож малыг нь тоолж авсан. Ингээд бойнд өгсөн малын дундаж нь 12,8 кг байсан манай эхнэр ийм муу мал авахгүй малын дундаж жин бага байна. Жижиг малын мах зархад хэцүү бүгдийг шулхад зарлага их гарна 4,000,000 төгрөг-д авья гэсэн. Тухайн үед Р.Д даарсан байдалтай байхаар нь за настай хүн байна даа гээд сайхан сэтгэл гаргаад 5,000,000 төгрөгөнд авья гэхдээ энэ мах чинь зарагдсаны дараа мөнгийг нь өгч тооцоо хийе гэхэд за гээд тохирсон. Тухайн үед 265000 төгрөгийг бэлнээр Р.Д гуайд өгсөн, /нутгийн ард иргэд наад хөгшин чинь их зальтай шүү/ гээд байхаар нь бүх тооцоог нь бичээд 1 хувийг нь өөрт нь сайн хадгалаарай гээд гардуулж өгсөн. Өгөх ёстой мөнгөнөөс нийт 3,000,000 төгрөгийг өгсөн. Учир нь маш муу жин багатай мал өгөөд махыг шулаанд өгөөд ч үнэ хүрэхгүй малын мах байсан. Хэрэв өгвөл бид 1,000,000 төгрөг л өгөх боломжтой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэсэн агуулгатай тайлбарыг шүүхэд гаргажээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н овгийн Ш.Э, Б овгийн Н.Г нараас 4,700,000 (дөрвөн сая долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О овгийн Р.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 310,200 (гурван зуун арван мянга хоёр зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,200 (ерэн таван мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 4,700,000 (дөрвөн сая долоон зуу мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 90,150 (ерөн мянга нэг зуун тавь) төгрөгийг хариуцагч Ш.Э, Н.Г нараас гаргуулан нэхэмжлэгч Р.Д-т олгож, ..... шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Ш.Э, Н.Г нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 305/ШШ2026/00047 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Ш.Э, Н.Г бид нараас 4,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Д-т олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид малын өгсөн тоо толгой дээр маргаагүй бөгөөд Р.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 20-нд 67 толгой төлгийг 75.000 төгрөгөөр, 3 толгой ямааг 1 толгойг нь 80,000 төгрөгөөр тохиролцож малыг нь тоолж авсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хэлсэн үнийн дүнгээр тооцож улмаар нотлох баримтаар өгсөн тэмдэглэлийн дэвтэрт тусгасан үнийн дүнд өөр байдлаар үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэснийг ойлгохгүй байна.
Р.Д гуай бид хоёр 20 гаруй жил нөхөрлөж, бие биедээ очиж хонож өнжиж явдаг хүмүүс байсан. Тухайн жилд малын тарга хүчнээс шалтгаалж харилцан адилгүй үнэтэй байсан ба би тухайн малын тарга тэвээр царигт нь тохирсон үнийг өгсөн болно. Малын үнийн 1 хувийг цаасан хэлбэрээр хаяж болохгүй шүү гээд хадгалуулсан ба мал чинь их муу малууд байна гэхэд чи тохироод авчих, ямар ч байсан авчих гээд гуйгаад их орой болсон учир Р.Д гуайг өрөвдөөд туугаад ирсэн малыг авч сэтгэл гаргасан юм. Шүүх хуралд гэрчээр оролцсон 2 хүний нэг нь садан нь нөгөө нь хүргэн нь болохоор бодит байдлыг гуйвуулж тарга хүчтэй мал өгсөн гэж гүтгэж байгаад гомдолтой байна. 2024-2025 онуудад ******* сум гантай тарга хүч муутай байсан бөгөөд тэр тусмаа ********** баг, ************ баг, ******* баг маш их гантай, малчид их олон тооны малаа зарж, борлуулж байсан.
Р.Д гуай өөрөө хотод амьдардаг малыг хүүхэд нь хардаг, онд орохгүй малаа ялгаж өгсөн ба оторт явдаггүй тарга хүч муутай мал байсан. Р.Д гуай ярьж тохирч тэмдэглэлийн дэвтэрт Д 5,265,000 төгрөг гэж бичүүлж харилцан тохирчихоод 67 төлгөө 67 хонь болгож, илүү үндэслэлгүй мөнгө нэхэж байгаад гомдолтой байна. Би энэ настай хүн шиг аавтай хүн. Сайхан сэтгэл гаргаж тарга хүч муутай малыг авснаар өөрөө би хохирч байгаад гомдолтой байна. Хариуцагч талын хүлээлгэж өгсөн 67 хонь байсан нь малын А дансаар тогтоогдох ёстой байсан ч энэ баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй боловч гэрч болох хүргэн мөн садан болох Н нарын мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийн үнийн дүнгээр тооцож шийдвэрлэсэн нь бидний эрх ашгийг зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан нэхэмжлэлийн шаардлагаас 2,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Нэхэмжлэгч Р.Д нь Ш.Э, Н.Г нарт холбогдуулан мал худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4,940,000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлахтай холбоотой гарсан зардал 70,200 төгрөг, нийт 5,010,200 (таван сая арван мянга хоёр зуу) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
8. Үйл баримтын тухайд 2024 оны 11 дүгээр сарын 20-нд нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч Ш.Э, Н.Г нарт Говь-Алтай аймгийн ******* сумын ******** багт 40 хонь, 25 төлөг, 3 ямаа, нийт 68 толгой малыг аман хэлцэл хийж худалдсан байх бөгөөд уг мал дээр 2 толгой хонийг бэлэг болгон өгсөн болох нь зохигчдийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
9. Нэхэмжлэгч Р.Д-ийн Хаан банкны 53********* дугаартай харилцах дансны харилцагчийн хуулгаар хариуцагч Ш.Э, Н.Г нараас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн харилцах дансны харилцагчийн хуулгаар болон зохигчдийн тайлбараар тогтоогдож, зохигчид маргаагүй байна.
10. Харин хариуцагч Ш.Э, Н.Г нар нь татгалзалаа “...67 толгой төлөг 1 толгойг нь 75,000 төгрөг, 3 толгой ямаа, 1 толгойг нь 80,000 төгрөгөөр тохиролцож...” гэж тайлбарлаж, нэхэмжлэгч Р.Д нь “...40 хонь нэг бүрийг нь 130,000 төгрөгөөр, 24 төлгийг нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр, 3 ямааг нэг бүрийг нь 80,000 төгрөгөөр...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, малын тоо бус үнэ өөрөөр тайлбарлаж байгаа нь зохигчийн маргааны зүйл болжээ.
11. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “...худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заажээ.
12. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж зааснаар худалдан авсан бог малын үр шим эрсдэлийг хариуцагч нар хариуцахаар байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.
14. Анхан шатны шүүхээс хариуцагч Ш.Э, Н.Г нараас мал худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу 4,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас бэлнээр авсан 3 эм ямааны үнэ 240,000 төгрөгийг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 310,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 305/ШШ2026/00047 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэг...” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ш.Э, Н.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх нь хэргийг эцэслэн шийдвэрлэх болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ш.БАТТОГТОХ