Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, хохирогч М.Э, шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Э.Г-д холбогдох 1935002030104 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, одоогоор эрхлэсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, аав ээж дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 18-05 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж байсан, Улсаас авсан гавьяа шагналгүй Ш овогт Э.Г, Регистрийн дугаар: .................

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Г нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг, 18-5 тоотод байрлах хохирогч М.Э гэрт 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн аав хохирогч М.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн төрсөн аав, хохирогч М.Э-ыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.Г нь хохирогч М.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болон гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн эцэг М.Э-ыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

1. Хохирогч М.Э-ы “...Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг 18-05 тоот... гэртээ З, А хоёрын хамт би өөрөө авч ирсэн нэг шил 0,75 литрийн Их монгол гэдэг нэртэй архи ууж байтал ...миний хүү Г А З бид гурвын ууж байсан Их монгол гэдэг архийг барьж аваад газарт шидэж хага цохиод тэгээд намайг гараараа шууд миний нүүр лүү нэг удаа цохиод, ...намайг унагааж байгаад миний толгой нүүр орчим газарт хоёр удаа өшиглөж, дэвссэн юм. Тэгээд намайг газарт унагаад миний дээрээс ...дарж байгаад миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон юм. Тэгээд би тэр үед хэсэг манараад зүгээр болсон тэр үед миний толгойноос цус их гарсан юм. ...Миний хүү Г нь урьд намайг хоёр удаа зодож захиргааны журмаар 30 хоногоор баривчлах шийтгэл шүүхээс хүлээж байсан юм. Миний хүү Г нь намайг гэртээ байх үед 2019 он гарснаас хойш намайг хэд хэдэн удаа зодож байсан. ...2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт миний эхнэрийг гэртээ байхад зодсон, мөн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бас гэртээ байхад зодсон, энэ 5 сард 3 удаа намайг зодсон юм. Миний хүү Г намайг ажил хий гэж хэлсэн үед би ажил хийж чадахгүй гэж хэлээд намайг зоддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

2. Гэрч Ж.Д-ын “....манай хүү Г нь манай гэрийн баруун талын орон дээр сууж байгаад гэнэт босож ирээд тэд нарын ууж байсан архийг аваад газар луу шидэж хага цохиод, ...аав Э-ыгаа барьж аваад толгой руу нь 2-3 удаа гараараа цохиод авсан юм. ...Тэр үед манайд байсан З, А хоёр миний нөхөр Эыг зодож байсан хүү Г-г салгаж орхичихоод манай гэрээс удалгүй гараад явчихсан юм. ...Урьд өмнө нь миний хүү Э.Г нь миний нөхөр М.Э-ыг ... хэд хэдэн удаа зодож цохиж байсан. 2017, 2018 онд хоёр удаа зодож баривчилгаанд орж байсан, 2019 он гарснаас хойш 5 сарын 10-ны өдөр бас миний нөхөр Э-ыг зодсон, түүний дараа бас зодсон юм. Бид нар хүү Э.Г-гээс байнга айдаг, гэртээ байсан үед байнга айдас түгшүүртэй байдаг юм. ...Манай хүү Э.Г нь 2016 оны 7 дугаар сард намайг нэг удаа цохисон. Тэр үед миний нөхөр М.Э байсан учраас арай гэж намайг салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

3. Гэрч Н.А-гийн “...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэг хашаанд хамт амьдардаг З, М.Э хоёрын хамт М.Э-ы дэлгүүрээс авч ирсэн Их монгол гэдэг 0,75 литрийн архийг ...бид гурав ...ууж байтал М.Э-ы охин С нь З-той хэрүүл маргаан үүсгэсэн юм. ...гэрт эргээд ороход Э.Г нь аав М.Э-ыг зодчихсон, М.Эы толгойноос цус гарсан байдалтай... Э.Г нь аав Э-ыгаа дээрээс нь дарсан байхад би Э.Г-г найз М.Э-ы дээрээс салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

4. Гэрч   Э.С-ийн “...би 2019 оны 05 сарын 16-ны өдөр аав М.Эы гэрт очсон байхад ....аав Э, А, З гэдэг хоёр ахтай нэг шил архи ууж эхэлж байтал Э.Г нь босож ирээд аав М.Эы ...ууж байсан архийг нь авч шидэж газарт хагалаад, гараараа аав М.Э-ыг толгой руу нь цохиод хэд хэдэн удаа үстэж унагаж цохисон. Тэгээд аав Э-ы нүүрнээс цус гараад тэгээд А, З хоёр салгасан. ...Урьд өмнө нь Э.Г нь аав М.Э-ыг ... хэд хэдэн удаа ...зодож цохиж байсан, он сарыг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

5. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Үзүүлэгч М.Эы биед гэмтэл учирсан байна. Духанд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэг зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 382 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/

7. Шүүгдэгч Э.Г-гийн “...Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байгаад өөрийн аавын жижиг гэрт 14 цаг өнгөрч байхад ...орсон юм. Тэдний гэрт аав М.Э, ээж Д, дүү С, А, З нар байсан юм. ...Миний аав М.Э намайг согтуугаар намайг ажил төрөл олж хийхгүй байна гэж надад хэлсэн би урдаас нь надад ажил олдохгүй байна гэж хэлсэн юм ...миний аав М.Э нь намайг архи уусан үедээ байнга хэл амаар доромжлоод намайг цагдаад өгнө гэдэг, урьд бас хэд хэдэн удаа намайг цагдаад өгч баривчлуулж байсан юм. Тэгээд намайг доромжлоод байхаар нь миний уур хүрээд би аав М.Э-ыг гараараа хоёр удаа толгой руу нь дух орчим газарт нь цохичихсон юм...

...Би өөрийн төрсөн эцэг М.Э-ыг 2019 оны 5 дугаар сарын 10, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрүүдэд зодож цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Манай аав намайг ажил төрөл хий гээд шахаж шаарддаг, мөн намайг хэл амаар доромжлоод гадуурхаад, шоронд явуулан гэх мэтээр сүрдүүлээд байхаар нь би аавтайгаа хэрэлдэж, маргалдаж байгаад ааваа 2 удаагийн үйлдлээр зодож цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 146-147 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 382 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Г-гийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг, 18-5 тоотод хохирогч М.Э-ыг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн төрсөн эцэг М.Эыг 2019 оны 5 дугаар сарын 10, 13, 16-ны өдрүүдэд зодсон, урьд нь төрсөн эцэг М.Э, эх Ж.Д нарыг удаа дараа согтуугаар хэл амаар гутаан доромжилж, заналхийлсэн гэх үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаартай шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дугаар зүйлийн 221.1-д зааснаар 30 хоногийн хугацаагаар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эцэг М.Э, эх Ж.Д, дүү Э.С нарыг зодож Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 120 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн хугацаагаар тус тус баривчлагдсан байна. Аюулын зэргийн үнэлгээний маягтаар эрсдэлийн түвшин өндөр гарсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г, хохирогч М.Э нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу аав, хүү учир уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д уг хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж тодорхойлсон байна. Шүүгдэгч Э.Г-гийн эцэг М.Э-ыг удаа дараа буюу байнга зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Э нь “...Миний хүү Э.Г нь одоо хүртэл надаас уучлалт гуйгаагүй миний хүү Э.Г бид хоёр эвлэрээгүй байгаа, ...эмчилгээний зардлын талаар нэхэмжлэх зүйл байхгүй, харин миний хүү Э.Г намайг зодсонд би гомдолтой байна...” /хх-ийн 16 дугаар хуудас/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Э.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э.Г урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдэж Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацааг тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул оногдуулсан ялыг тэнсэх боломжгүй байна.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Шаавай овогт Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.

         

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА