Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 670

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суух, 1959 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ59071570, Харчууд овогт Жамбын Орсоогийн нэхэмжлэлтэй,

       Төрсөн он зөвтгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Орсоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Ж.Орсоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1957 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн. Одоо миний иргэний үнэмлэхэд 1959 оны 7 дугаар сарын 15-нд төрснөөр буруу бүртгэгдсэн байдаг. Намайг 5 настай байхад ээж маань нас барсан ба ойр дотны хүмүүс намайг 1957 онд төрсөн гэж хэлсэн. Ингээд Улсын бүртгэлийн хэлтээс төрсөн бүртгэлийн лавлагаа гаргуулахад засвартай гарч ирсэн тул шүүхэд хандаж байна. Иймд намайг 1957 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү. Намайг 1957 онд Тариалан суманд төрснийг гэрчлэх Г.Маамуу, Б.Тошлой нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ж.Орсоо нь 1957 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн төрсөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

       Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/381 дүгээр тодорхойлолтод: “Иргэн Жамба овогтой Орсоо нь 1958 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн тухай бүртгэл шүүлгэж лавлагаа авахыг хүссэний дагуу шүүж үзэхэд Увс аймгийн Тариалан сумын 1960 оны төрсний бүртгэлийн журнал дээр Жамба овогтой Орсоог бүртгэхдээ засвартай бүртгэсэн тул лавлагаа гаргах боломжгүй байна. Төрсний бүртгэлийн журналын хуулбарыг хүргүүлэв” гэжээ.

        Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03-2/1004 дүгээр лавлагаанд: “Увс аймгийн Улаангом сумын 1989 оны хүн амын тооллогын бүртгэлийн 185 дугаар хуудсанд: Өрхийн тэргүүн Жамбын Орсоо, эрэгтэй, 29 настай, эхнэр Отгоны Тогтох 29 настай, хүү Орсоогийн Шинэбаяр, 6 настай, Орсоогийн Цэвээн, 4 настай, Орсоогийн Батмөнх, 0 настай, Орсоогийн Амарсанаа, 2 настай гэж бүртгэгдсэн байна” гэжээ.

      Түүнчлэн Ж.Орсоогийн 364800 дугаартай цэргийн батлахын хуулбарт: “Овог Жамба, нэр Орсоо, төрсөн огноо 1959 оны 7 дугаар сарын 15-ны өдөр” гэжээ.

       Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Маамуу, Б.Тошлой нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.Маамуугийн “Ж.Орсоогийн аав Жамбынх манай хоёр нэг нутаг усных, айл саахалт байсан. Жамбын эхнэрийн нэрийг санахгүй байна. Намайг Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар бригадад тоо бүртгэгчээр ажиллаж байхад буюу 1957 оны 7 дугаар сарын 10-ны үеэр Ж.Орсоо нь Жамбын 3 дахь хүүхэд болж мэндэлсэн. Ж.Орсоо нь хоёр ахтай байсан байхаа. Хоёр ахынх нь нэрийг сайн санахгүй байна” гэж, гэрч Б.Тошлойгийн “Ж.Орсоогийн аав Жамбынх манайхтай айл саахалт буюу Бошигт гэх газар намаржиж байсан. Жамбын эхнэрийн нэрийг сайн санахгүй байна. Ж.Орсоо нь 1957 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Жамбын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн ба миний бие нь хүйсийн боож авсан. Ж.Орсоо нь 2 ахтай байсан. Ж.Орсоогийн 2 ахынх нь нэрийг сайн мэдэхгүй байна. Зөвхөн Ж.Орсоогийн төрсөн он, сар, өдрийг нь сайн санаж байна” гэх мэдүүлгүүдийг шүүхэд өгчээ.

      Нэхэмжлэгч Ж.Орсоог Увс аймгийн Тариалан сумын 1960 оны төрсний бүртгэлд засвартай бүртгэсэн байх тул түүний хүсэлтээр Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас лавлагаа гаргуулахад Увс аймгийн Улаангом сумын 1989 оны хүн амын тооллогоор Жамбын Орсоо, эрэгтэй, 29 настай хэмээн тоологдсон байна.

       Мөн Ж.Орсоогийн 364800 дугаартай цэргийн батлахын хуулбарт түүнийг 1959 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрснөөр тэмдэглэжээ. 

      Түүнчлэн гэрч Г.Маамуу, Б.Тошлой нарын “Ж.Орсоо нь 1957 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Жамбын 3 дахь хүүхэд болж мэндэлсэн” гэх мэдүүлгүүд нь өөр нотлох баримтаар нотлогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.

     Иймд Ж.Орсоо нь 1957 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн төрсөн оноо зөвтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Харчууд овогт Жамбын Орсоогийн 1957 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.  

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ж.Орсоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ