| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 305/2025/00808/И |
| Дугаар | 215/МА2026/00010 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 215/МА2026/00010
“ ********** “ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 305/ШШ2025/00856 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********** сумын ****** баг, ********* гудамж, *** - *** тоот “ ********** “ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь “ ********** “ холбогдох,
Дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 34,010,788.44 төгрөг, алданги 117,005,394.22 төгрөг, нийт 151,010,799.66 (нэг зуун тавин нэгэн сая арван мянга долоон зуун ерөн есөн төгрөг, жаран зургаа мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 34,010,788.44 төгрөг, алданги 117,005,394.22 төгрөг, нийт 151,010,799.66 (нэг зуун тавин нэгэн сая арван мянга долоон зуун ерөн есөн төгрөг, жаран зургаа мөнгө) төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “ ********** “ХХК бол Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттайгаар хангах зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос авч, Говь-Алтай аймгийн дулаан хэрэглэгчдийн 80 гаруй хувийг ханган ажилладаг. Нэг нь бол энэ ********* байгаа юм. Энэ дулааны эрчим хүчээр хангах гэрээ буюу Эрчим хүчний тухай хуульд заасан дулааныг худалдах, худалдан авах тухай энэ гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн байгуулж мөрдөж байгаа. Манай байгууллагын зүгээс бол гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байсан боловч хэрэглэгч байгууллага нь гэрээний 3.2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй 2025 оны 3, 4, 5 дугаар сарын төлбөр 234,010,788.44 төгрөгийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 09 дүгээр сарын 15-ны өдөр 200 сая төгрөгийг төлсөн байдаг. Тэгээд манай зүгээс гэрээний үүргээ удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлага ***********-тай байгуулсан дулааны эрчим хүчээр хангах гэрээний өр 234,010,788.44 төгрөгөөс үлдэгдэл 34,010,788.00 төгрөгийг гэрээний 4.5 дахь хэсэгт зааснаар буюу энэ дээр тодруулж хэлэхэд Эрчим хүчний тухай хуулийн 31.3-д заасан алданги болох 130,217,011.74 төгрөг гарч байгаа. Эндээс гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй тул 117,005,390.22 төгрөг нийт 151,010,799.66 төгрөгийг гаргуулж манайд олгож өгнө үү гэсэн тийм шаардлагыг дэмжиж оролцож байна гэжээ.
3. Хариуцагчийн тайлбар: Нэгдүгээрт алдангийн тухай яръя. Манайх тамгын газраас санхүүжилт авдаг. Яг энэ ашиглалттай холбоотой зардал дээр, санхүүжилт орж ирсэн тухай бүрд нь гүйлгээг хийдэг. Гэхдээ санхүүжилтийг Төрийн сангийн зүгээс дутуу олгож байсан. 04 сарын 01-ний байдлаар бол өртэйгөө мэдээд 03 сарын 31-нд дулаарсан учраас манайх халаалтаа Эрчим хүчний тухай хуулийн 32.2.1, дулааны эрчим хүчээр хангах гэрээний 5.10.1 дэх заалтуудад өр төлбөртэй байгууллагыг халаалтаар хангахгүй гэдэг эдний гэрээний заалт, мөн эрчим хүчний хууль байгаа л даа. Энэ хуулийн дагуу манайх ингээд өртэй байна, өрөө төлж чадахгүй нь энэ 04 сарын 01-нээс манай халаалтыг зогсоож өгөөч, манайх өрөө төлье гэдэг албан бичгийг өгсөн. Эднийх бол зогсоохгүй явсаар байгаад 05 сарын 15 гээд халаалт дууссан. Хэрвээ энэ үед манайх зогсоосон бол энэ өрөө төлөх бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа. Тэгээд тэр үнэ нэмэгдүүлсэн шийдвэрийн тухайд 2025 оны төсвийн төсөл бол 2024 оны 07 дугаар сард хийгддэг учраас 2025 оны 03 сард үнэ нэмэгдэх юм байна гэдгийг харж тооцоолж төсөвт өгөх боломжгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Төсвийн тухай хуульдаа ч гэсэн төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зардал нэмэгдүүлэх аливаа үр дагавартай холбоотой бодлогын шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс эхлүүлдэг байх гэж заасан байгаа. Энэ заалтын дагуу манайх энэ нэмэгдүүлсэн тарифыг 2026 оноос л мөрдөх боломжтой гэж үзэж байгаа гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Говь-Алтай аймаг дахь ************-аас дулааны эрчим хүчээр хангаж, хэрэглэх тухай гэрээний үүрэг буюу нэмэгдсэн тарифын зөрүүнд 34,010,788.44 (гучин дөрвөн сая арван мянга долоон зуун наян найман төгрөг, дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан “ ********** “ХХК-д олгож, алданги 117,005,390.22 (нэг зуун арван долоон сая таван мянга гурван зуун ерөн дөрвөн төгрөг, хорин хоёр мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 913,004 (есөн зуун арван гурван мянга дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 34,010,788.44 (гучин дөрвөн сая арван мянга долоон зуун наян найман төгрөг, дөчин дөрвөн мөнгө) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 328,003.94 (гурван зуун хорин найман мянга гурван төгрөг, ерөн дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймаг дахь **********-аас гаргуулан “ ********** “ХХК-д олгож, ..... шийдвэрлэжээ.
5. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 305/ШШ2025/00856 дугаар шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 6.2.5 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна. Шүүхээс тогтоосон нэмэгдсэн тарифын зөрүү болох 34,010,788.44 төгрөгийг манай сургуулиар төлүүлэхээр шийдсэн нь Төсвийн тухай хуулийн 6.2.5 дахь хэсэгт төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэж заасны дагуу тус “ ********** “ХХК-ны нэхэмжилж буй халаалтын нэмэгдлийн зөрүү болох 34,010,788.44 төгрөгийг төлөх боломжгүй болно. Нэмэгдсэн үнэ тарифаар төлөхөөр гэрээ болон гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй болно. Иймд тариф нэмэгдсэн зөрүү болох 34,010,788.44 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Нэхэмжлэгч *********** ХХК нь Говь-Алтай аймаг дахь “ ********** “ холбогдуулан дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 34,010,788.44 төгрөг, алданги 117,005,394.22 төгрөг, нийт 151,010,799.66 (нэг зуун тавин нэгэн сая арван мянга долоон зуун ерөн есөн төгрөг, жаран зургаа мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
8. Хариуцагч Говь-Алтай аймаг дахь ********** нь төсвийн жилийн дундуур орлого, зарлага бууруулах аливаа шийдвэрийг дараагийн жилд хэрэгжүүлдэг. Төсөв мөнгө байхгүй байгаа мөн алданги төлөх боломжгүй гэж маргажээ.
9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
10. Талуудын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөн дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурж тамга дарагдсан байна.
11. Нэхэмжлэгч ********** ХХК нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь **********-ийг дулааны эрчим хүчээр хангасан үйл баримтад маргаагүй.
12. Зохигчдын хооронд Худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эрчим хүч" гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг ойлгоно гэж, мөн хуулийн 3.1.34-д "эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээ гэж хуульчилжээ.
13. Хуульд заасны дагуу хариуцагч Говь-Алтай аймаг дахь ************ нь дулааны төлбөрийг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу гэрээгээр тохирсон үнийг нэхэмжлэгч ********* ХХК -д төлсөн байх ба энэ талууд маргаагүй байна.
14. Харин талуудын хооронд “тайлант жил буюу 03 сарын 01-ний өдөр халаалтын тариф нэмэгдсэн” тул энэ мөнгийг төлөх санхүүжилт нэхэмжлэгчид байхгүй мөн алданги төлөх эсэх нь маргааны гол зүйл болсон ба тарифын үнэ нэмэгдсэнээс хойш нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд дахин гэрээ байгуулаагүй мөн хуучин байгуулсан гэрээнд зохих өөрчлөлт оруулаагүй нь талуудын тайлбар бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
15. Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай тариф батлах тухай тогтоолоор Говь-Алтай аймгийн ********* сумын хэрэглэгчдэд борлуулах дулаан эрчим хүчний тарифыг тус тус нэмэгдүүлэн тогтоосон болох нь уг тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 1/1138 дугаартай улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх тогтоолуудын дагуу дулаан эрчим хүчний тариф нэмэгдсэн тул нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн ************-аас 2025 оны 03, 04, 05 дугаар саруудын үнэ нэмэгдсэн зөрүү 34,010,788.44 (гучин дөрвөн сая арван мянга долоон зуун наян найман төгрөг, дөчин дөрвөн мөнгө) төгрөг, алданги 117,005,394.22 (нэг зуун арван долоон сая таван мянга гурван зуун ерөн дөрвөн төгрөг, хорин хоёр мөнгө) гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс төсөвт суугдаагүй тул төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй, гэрээг нэмэлтээр байгуулаагүй гэж тайлбарлан татгалзаж байгаа нь үндэслэлтэй байна.
16. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т "төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан
17. Хариуцагч Говь-Алтай аймаг дахь ************** нь төсвийн байгууллага болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд санхүүжилт орж ирээгүйн улмаас хариуцагч байгууллага халаалтын зардлын хугацаандаа төлж чадаагүй болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, төлбөрийн хүсэлтүүд, Төсвийн хэлбэлзлийн тайлангаар тогтоогдож байна.
18. Тодруулбал хариуцагч нь төсвийн байгууллага тул төсвөөс олгогдсон санхүүжилтийн хүрээнд төлбөрийг төлөх боломжтой ба 2025 оны 03, 04, 05 дугаар саруудад нэмэгдсэн тарифаар түлш халаалтын зардлын санхүүжилт байгууллагад олгогдоогүйгээс дулааны хэрэглээний төлбөрийг тухайн саруудад нэмэгдсэн тарифаар бүрэн төлж чадаагүй болох нь тогтоогдсон ба нэгэнт санхүүжилт олгогдоогүй тохиолдолд төлбөрийг төлөх боломжгүй юм.
Ийнхүү төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэнд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, тэрээр хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээх үндэслэлгүй буюу алданги төлөх үүрэггүй байна гэж анхан шатны шүүх үндэслэлтэй тайлбарласан байна.
19. Иймд Говь-Алтай аймаг дахь **********-аас 2025 оны 03, 04, 05 дугаар саруудын дулааны үнэ нэмэгдсэн зөрүү 34,010,788.44 (гучин дөрвөн сая арван мянга долоон зуун наян найман төгрөг, дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах *********** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 305/ШШ2025/00856 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...төгрөгийг гаргуулан ********** ХХК-д олгож, ...” гэснийг хасч,
2 дахь заалтын “ ...үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 34,010,788.44 (гучин дөрвөн сая арван мянга долоон зуун наян найман төгрөг, дөчин дөрвөн мөнгө) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 328,003.94 (гурван зуун хорин найман мянга гурван төгрөг, ерөн дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймаг дахь *************-аас гаргуулан “ ********** “ХХК-д олгосугай.” гэснийг “.. үлдээсүгэй.” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Говь-Алтай аймаг дахь **************-ийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 329,903 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ц.ОЮУН-ЭРДЭНЭ