Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1646

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Ганбаяр,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903 01093 0458  дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Т.Х, 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сан” их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, өвөө, ах дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 28 хороо, Хужирбулан 4 дүгээр хэсэг, 64-2029 тоотод оршин суудаг урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Шүүгдэгч Х нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цаг 21 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Амгалан” захын урд замд “Тоёота приус-20” маркийн 48-12 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаагүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Я.Дөлгөөндалайг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Я.Дөлгөөндалай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...би 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Амгалан” захын урд замд явган хүний гарцаар эгч Анхтуяагийн хамт ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй зам хөндлөн гарч явахдаа автомашинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 Насанд хүрээгүй гэрч Х.Анхтуяа мөрдөн шалгах ажилллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Амгалан” захын урд замд явган хүний гарцаар дүү Дөлгөөндалайгийн хамт ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй зам хөндлөн гарч явахад Дөлгөөндалай машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 Иргэний хариуцагч С.Дамдинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Х нь миний ач хүү ба түүний жолоодон явсан “Тоёота приус-20” маркийн, 48-12 УНТ улсын дугаартай автомашиныг би Хгийн аав Дашжамцад авч өгч байсан. Бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч Х мөрдөн шалгах ажилллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Амгалан” захын урд замд “Тоёота приус-20” маркийн, 48-12 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан 13 настай хүүхдийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11519 дугаартай дүгнэлт:

1. Я.Дөлгөөндалайгийн биед баруун шаант болон тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 28/,

Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №400 дугаартай дүгнэлт:

1. Т.Приус маркийн 48-12 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Төмөрбаатар овогтой Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч 13 настай эрэгтэй Янжмаа овогтой Дөлгөөндалай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол хэрэг гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн үндэслэл тогтоогдохгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 42-43/, мөрдөгчөөс 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59/, хохирол төлбөрийг төлж барагдуулсан баримт /хх-90/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цаг 21 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Амгалан” захын урд замд “Тоёота приус-20” маркийн 48-12 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаагүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Я.Дөлгөөндалайг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Насанд хүрээгүй хохирогч Я.Дөлгөөндалайгийн: ”...би 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Амгалан” захын урд замд явган хүний гарцаар эгч Анхтуяагийн хамт ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй зам хөндлөн гарч явахдаа автомашинд мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

 Насанд хүрээгүй гэрч Х.Анхтуяагийн: “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Амгалан” захын урд замд явган хүний гарцаар дүү Дөлгөөндалайгийн хамт ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй зам хөндлөн гарч явахад Дөлгөөндалай машинд мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Я.Дөлгөөндалай нь эмчилгээний зардал, хохирол төлбөрөө авсан нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр тайлбар гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Т.Х-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Х-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР