Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 215/МА2026/00013

 


П.Ц-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай


  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
 Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 305/ШШ2026/00129 дугаар шийдвэртэй,
 Нэхэмжлэгч:  Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багт оршин суух П.Ц-ийн нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн *********** сумын ******* багийн *** - *** тоотод оршин суух, Б овогт Д.Ц, Б овогт Н.Н нарт холбогдох,
          5,635,000 (таван сая зургаан зуун гучин таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Н.Н, Д.Ц нараас цагаан идээний үнийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, хүү 635.000 гаргуулахаар нэхэмжилжээ.
 2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...Завхан аймгаас цагаан идээ авчирч зарахаар тохироод эдний машинтай явсан. Очоод авах гэхэд мөнгөгүй гээд миний 20 сая төгрөгөөр 1 тонн цагаан идээ авч, ирж эхлээд хамт зарж байснаа би хот явах ажил гарч айлын гражид үлдээсэн байсныг эднийх аваад зарж байя гэсний дагуу гаргуулж заруулсан. Хөдөө мал руугаа явах зэрэг шалтгаанаар цуг зогсож зарж чадаагүй. Мөнгөө шилжүүлж байгаад шилжүүлэхээ больсон, одоо үлдсэн цагаан идээний үнэ 5,000,000 төгрөг, хүү 635.000 төгрөг гаргуулна...” гэх агуулгаар тайлбарлав. 
3. Хариуцагч Н.Н татгалзлаа тайлбарлахдаа “...Завханаас энэ хүний 20 сая төгрөгөөр цагаан идээ авчирсан. ...Өдөрт хөөгөөд зогсоохгүй учраас энэ хүн хоёулаа ерөөсөө үндсэн үнээрээ зарчихъя, ашиг авахгүй гэж хэлээд зарсан байхгүй юу. Тэгээд өдөр өдөрт нь тооцоогоо хийгээд өгдөг мөнгөө өгөөд яваад байсан. Тэгээд үлдэгдэл бараагаа хоёулаа хувааж авъя гэж хэлээд 4 сая гаран төгрөгийн бараа хувааж аваад үлдэгдэл нэг сая гаран төгрөгийн барааг би яах вэ зараад мөнгийг чинь өгчихье л гэж хэлсэн болохоос биш өөр илүү дутуу би мөнгө өгье гэж хэлээгүй...” гэж тайлбарлав. 
 4. Хариуцагч Д.Ц татгалзлаа тайлбарлахдаа “...Би зүгээр машинаараа л явсан. Би энэ хоёртой зогсоогүй. Би машинаар явж өгсөн нь үнэн. Би цагаан идээ зарж байхад нь угаасаа очиж байгаагүй...” гэж тайлбарлав.
5. Хариуцагч нарын өмгөөлөгч М.Э тайлбартаа “... Нэхэмжлэл гаргасан үндэслэл нь хэнээс, ямар үндэслэлээр 5 сая төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна … Хэдэн килограмм, ямар төрлийн цагаан идээ хэнд хэзээ яаж хүлээлгэж өгсөн нь ойлгомжгүй байгаа. Мөн хэргийн материалд байгаа цагаан идээний үнийн дүнгийн тооцооны дэвтэр байна. Энэ нотлох баримтуудаар яг юуг нотлох гээд байгаа нь ойлгомжгүй байгаа. Нэхэмжлэгч хариуцагч хоёрын дунд хэдэн килограмм цагаан идээ зарах байсан, энэ нь ямар ч баримтаар нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлээд байгаа 5,000,000 төгрөгийг ямар нотлох баримтаар яг энэ хэмжээний мөнгөний авлагатай, өглөгтэй гэсэн ийм нотолгооны баримт байхгүй байна … Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж өгөөч. Өглөгтэй нь бол ойлгомжтой байгаа юм байна. 1,000,000 төгрөгөө бол өгнө гэж байгаа. Үлдэгдэл нотолгооны зүйлийг нотолж чадахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна…” гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Н-аас хамтран ажиллах гэрээний үүрэг болох цагаан идээний үнийн үлдэгдэл 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү 635,000 (зургаан зуун гучин таван мянга) төгрөг гаргуулах болон Д.Ц-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,110 (нэг зуун таван мянга нэг зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 5,000,000 (таван сая) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 (ерэн дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг хариуцагч Н.Н-аас гаргуулан нэхэмжлэгч П.Ц-д олгож, ..... шийдвэрлэжээ.
7. Хариуцагч Н.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 305/ШШ2026/00129 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Н.Н надаас цагаан идээний үнийн үлдэгдэл гэх 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ц-д олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Ц хариуцагч Н.Н-д хэдэн кг ямар төрлийн цагаан идээг хариуцагчид ямар байдлаар яаж хүлээлгэж өгсөн эсэх талаар баримт байхгүй. Нэхэмжпэгч, хариуцагч нарын дунд цагаан идээг яаж зарж борлуулах талаар хэлцэл хийгдсэн нь тодорхой биш байхад.нэхэмжлэгчийн амаар 5,000,000 төгрөг гаргаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч П.Ц нь цагаан идээ зарсан тэмдэглэл гэж баримт гаргаж ирсэн бөгөөд энэ баримт нь юуг нотлох гээд байгаагаа тодорхой тайлбарлаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг хэргийг дахин шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
  9. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
 10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 305/ШШ2026/00129 дугаар шийдвэр нь үндэслэлтэй, хариуцагч Н.Н-ын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
 11. Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Н.Н, Д.Ц нараас цагаан идээний үнийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, хүү 635.000 гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
 12. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Н, Д.Ц нар эс зөвшөөрч маргажээ.
 13. Нэхэмжлэгч П.Ц, хариуцагч Н.Н нар 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хамтарч П.Ц-ийн 19,820,000 (арван есөн сая найман зуун хорин мянга) төгрөгөөр Завхан аймгаас цагаан идээ авчирч зарж ашгаа хуваахаар тохиролцжээ. Ингэхдээ Д.Ц-ийн эзэмшлийн машинаар явсан үйл баримт тогтоогдож байгаа ба энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин зарсан цагаан идээний үнэ, үлдэгдэл цагаан идээний хэмжээ болон түүний үнийг шилжүүлж төлсөн эсэх болон үнийн дүн маргааны зүйл болжээ.  
  14. Нэхэмжлэгч П.Ц, хариуцагч Н.Н нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 476  дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж, 476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно.” гэж, 477 дугаар зүйлийн 477.1-д “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж, 477.2-т “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэж, 477.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна.” гэж, 477.4-т “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна.” гэж, 480 дугаар зүйлийн 480.1.1-т “хамтран ажиллах гэрээ нь гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болох”-оор, 480.3-т “Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна” гэж  тус тус заажээ.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчмаар явагдах ба, 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох баримтыг талууд өөрсдөө шүүхэд цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй.
16. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон нотолсныг хариуцагч няцаан үгүйсгээгүй байх ба мөн хариуцагч татгалзлаа нотлох үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Тодруулбал маргааны зүйлийн хувьд нэхэмжлэгч нь өөрийн гаргасан мөнгөн хөрөнгийн талаарх тайлбартай хариуцагч маргаагүй тул нотлогдож байна гэж үзэх ба тооцооны үлдэгдэл 5,000,000 (таван сая) төгрөг гэж нэхэмжлэгч тодорхойлсныг хариуцагч няцаан үгүйсгэж нотолж чадаагүй байна.
 17. Мөн талуудын харилцаа нь зээлийн гэрээний харилцаа биш байх тул хүү шаардах эрхгүй бөгөөд гэрээ байгуулах үедээ үүргийн гүйцэтгэлийг хангахад алданги хэрэглэхээр тохирч бичгээр гэрээ байгуулаагүй байна. 
 18. Хариуцагч Д.Ц-ийн хувьд гэрээний харилцааны оролцогч биш, ямар нэг үүрэг үүсээгүй болох нь тогтоогдож байх тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
 19. Анхан шатны шүүхээс хариуцагч Н.Н-аас цагаан идээний үнэ 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ц-д олгож, нэхэмжлэлээс хүү 635,000 (зургаан зуун гучин таван мянга) төгрөгийг гаргуулах болон Д.Ц-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. 
 20. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 305/ШШ2026/00129 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,110 (нэг зуун таван мянга нэг зуун арав) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх нь хэргийг эцэслэн шийдвэрлэх болохыг дурдсугай. 
  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

                                                         Ш.БАТТОГТОХ