| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/02983/И |
| Дугаар | 210/МА2026/00576 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00576
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******ы нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
260,000,000 төгрөг гаргуулах, мөн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1134 тоот дугаартай гэрээ цуцлах тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би, хариуцагч *******тай 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг 1,800,000,000 төгрөгөөр худалдахаар компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг хуваарийн дагуу хувааж төлөх, бүрэн төлж дууссанаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохирсон, ...улмаар миний бие 200,000,000 төгрөгийг төлсөн. Мөн энэхүү хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4.13-т эзэмшиж буй газрын 360 га талбайд намрын уринш, хөрс боловсруулалтыг зохих ёсоор худалдагч тал буюу ******* гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Гэтэл тэрээр намрын уринш, хөрс боловсруулалтыг огт гүйцэтгээгүй. Тиймээс худалдагч тал гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж буйгаа түүнд мэдэгдэж, бид хоёр 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээг цуцалсан. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь компанийн хувьцааг шилжүүлэн авахаар өгсөн 200,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг буцаан өгч, үлдэх 160,000,000 төгрөгийг өгөөгүй. Талуудын байгуулсан гэрээ цуцлах гэрээний 3.4-т уг төлбөрийг ******* нь компанийн хувьцаа, эсхүл тус компанийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийг бусдад шилжүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор буцаан өгнө гэж компанийн хувьцаа эзэмших эрх, газар эзэмших эрхийг заавал гуравдагч этгээдэд шилжүүлэх үүрэг хүлээлгэсэн нөхцөл тусгасан нь хуульд нийцэхгүй байх тул тухайн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.
Мөн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 200,000,000 төгрөгөөс үлдэх 160,000,000 төгрөг болон худалдагч тал уг гэрээний 4.13-т заасан эзэмшиж буй газрын 360 га талбайд намрын уринш, хөрс боловсруулалтыг зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцалсан тул гэрээний 5.4-т заасан 100,000,000 төгрөгийн торгуулийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай эхнэр бид хоёртой уулзаад үнэ ханш, нөхцөлөө тохиролцсон ба өөрийн хуулийн зөвлөх гэх нотариатч ажилтай *******ыг дуудан гэрээнд тусгах нөхцөлөө тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд төлбөрөө хийгээгүй тул ...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр очиж үүссэн нөхцөл байдлаа харилцан ярилцаад гэрээг цуцлуулахаар болсон ба талуудын хооронд өөр төлбөр тооцоо байхгүй, хэн алиндаа гэрээнд заасан алданги, хугацаа хэтэрсний торгууль тооцохгүй гэж тохиролцон гэрээг цуцалсан тухай баримтыг нотариатч *******аар үйлдүүлэн гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг тайлбарлуулж, уншиж танилцсан бөгөөд бусдын дарамт шахалт, хүчин зүйлд авталгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн нотариатчийн ажлын байранд, гэрээ цуцлах тохиролцоонд гарын үсэг зурж баталгаажуулсан.
Би, үүнээс 40,000,000 төгрөгийг нь буцаан шилжүүлсэн ба үлдэгдэл 160,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ цуцлах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн компанийн эрхийг бусдад шилжүүлсний дараа орж ирсэн төлбөрөөс төлөхийг хичээн санаа минь зовж явдаг. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
Бидний хооронд байгуулсан гэрээ цуцлах тухай гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний 3.4 дэх заалтыг хүчингүй болгох үндэслэлгүй. Учир нь, бид уг гэрээг байгуулахдаа хэний ч ятгалгагүйгээр, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон байсан. Гэрээг нэхэмжлэгчийн өөрийнх нь байнгын хуулийн зөвлөх, нотариатч ******* нь боловсруулж, бас баталсан. Гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг тэр нотариатч буюу өөрийнх нь итгэмжлэгдсэн найдвартай хуульч нь бидэнд тайлбарлаж өгсөн. Хэн нэгнээ хуурч мэхэлсэн, дарамталсан, хүчээр гэрээ байгуулсан асуудал гараагүй, ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй, талууд үүссэн нөхцөл байдлаа харгалзан гэрээг цуцалсан байдаг.
2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ цуцлах тухай гэрээний 3.4 дэх заалтад Талуудын хооронд өөр төлбөр тооцоо байхгүй. Гэрээнд заасан алданги торгууль тооцохгүй гэж тохирсон атлаа өөрөө гэрээгээ зөрчиж 100,000,000 төгрөгийг алданги гаргуулах гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1134 дугаартай Гэрээг цуцлах хэлцлийн 3.4 дэх хэсгийн ...******* уг компанийн хувьцаа эсхүл тус компанийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийг бусдад шилжүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор 200,000,000 төгрөгийг буцаан *******ы нэр дээр бүртгэлтэй ....тоот дансанд шилжүүлнэ.. гэх хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагч *******аас 160,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,028,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
...шүүхийн шийдвэрээр бидний хооронд байгуулсан Гэрээ цуцлах тухай гэрээ хүчин төгөлдөр учир уг гэрээний 3.4 дэх заалтыг хүчингүй болгох үндэслэлгүй. Учир нь,
2. Гэрээг нэхэмжлэгчийн өөрийнх нь хуулийн зөвлөх гэх нотариатч ******* боловсруулж, бас баталсан.
3. Гэрээний эхийг би боловсруулж очоод гарын үсэг зуруулж, гэрээ батлахыг тулгасан үйл гаргаагүй тул надад буруу байхгүй.
4. Гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг тэр нотариатч буюу өөрийнх нь итгэмжлэгдсэн найдвартай хуульч нь бидэнд тайлбарлаж өгсөн.
5. Хэн нэгнээ хуурч мэхэлсэн, дарамталсан, хүчээр гэрээ байгуулсан асуудал бидэнд байхгүй.
6. Ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй.
7. Талууд үүссэн нөхцөл байдлаа харгалзан харилцан тохиролцоод гэрээг цуцалсан.
Иймд, тус шүүхээс талуудын гэрээний чөлөөт байдалд халдахгүйгээр, хүсэл сонирхлыг нь хүндэтгэн, харилцан тохиролцож байгуулсан гэрээний заалтыг өөрчлөхгүй хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Гомдолд дурдагдсан үндэслэлийн хүрээнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Н.Энхбаатарын нэр дээр өмчлөлтэй газрыг зарах эрхийг хариуцагчаас авах байдлаар шийдвэрлэх боломжгүй. Өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулахыг хүлээвэл, 5-10 жил хүлээх шаардлагатай. Үүнийг хүлээх боломжгүй тул гэрээний 3.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцож, үлдэгдэл төлбөрөө авах саналтай байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 260,000,000 төгрөг гаргуулах, мөн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1134 тоот дугаартай гэрээ цуцлах тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 160,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хууль болон талуудын байгуулсан гэрээг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс хэлцлийн холбогдох заалтыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Талууд 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг компанийн хөрөнгийн хамт 1,800,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний төлбөрт 200,000,000 төгрөгийг төлжээ. /х.х-ийн 6-12/
3.2. Улмаар зохигч 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цуцлах тухай гэрээ байгуулж, дээр дурдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний төлбөрт тооцож авсан 200,000,000 төгрөгийг компанийн хувьцаа, аль эсхүл компанийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийг бусдад худалдан борлуулсан орлогоос буцаан төлөх, гэрээнд заасан алданги, торгууль тооцохгүй байхаар тус тус тохиролцсон байна. /х.х-ийн 20/
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Зохигч, талуудын хооронд компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, хожим тус гэрээг харилцан тохиролцож цуцалсан, ийнхүү гэрээ цуцалсантай холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн 200,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг түүнд буцааж өгсөн, үлдэх 160,000,000 төгрөгийг төлөөгүй талаар тус тус маргаагүй, харин 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг цуцлах тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан тохиролцоо хуульд нийцсэн эсэх, хариуцагчийн үлдэх төлбөрийг хэзээ төлөх үүрэг үүсэх эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
5. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, зохигчийн байгуулсан гэрээ, хэлцлийн зарим хэсгийг хуульд заасан үндэслэлээр шүүх хүчин төгөлдөр бус байх, аль эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох бөгөөд тийнхүү тооцсон нь хэлцлийг бүхэлд нь хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, талуудын тайлбараас үзвэл 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээг цуцлах тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчсөн буюу хууль зөрчсөн гэсэн агуулгаар мэтгэлцжээ.
6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тус тус заасан.
Энэхүү зохицуулалтыг Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолоор ...хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ..., тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй... гэж тайлбарлажээ.
Гэтэл анхан шатны шүүх зохигчийн байгуулсан гэрээ цуцлах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т Гэрээ цуцалснаар үүсэх үр дагавар: *******аас гэрээний төлбөрт 2023.12.25-ны өдрийн байдлаар 200,000,000 төгрөгийг *******т өгсөн. /Хөх бүрдний эх ХХК-ийн данснаас шилжүүлэг хийсэн/. ******* энэ компанийн хувьцаа, эсхүл тус компанийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийг бусдад шилжүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор 200,000,000 төгрөгийг буцаан *******ы нэр дээр бүртгэлтэй Хас банкны 5001973648 тоот дансанд шилжүүлнэ. Талуудын хооронд өөр тооцоо байхгүй болно. Гэрээнд заасан алданги, торгууль тооцохгүй гэж заасныг чухам ямар хуулийн хориглосон хэм хэмжээг илтэд зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.
7. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заажээ.
Талууд 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ийнхүү цуцлахдаа хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас тус гэрээний дагуу авсан 200,000,000 төгрөгийг буцаан төлөхөд ******* ХХК-ийн хувьцаа, аль эсхүл компанийн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд олсон орлогоос төлөх тухай эх сурвалжийг заасан агуулгатай тохиролцоо байх тул өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч /хэн нэгнээс/-ээс үл хамааран өөрийн эзэмшлийн хувьцаагаа бусдад худалдах, бэлэглэх, барьцаалуулах гэх зэрэг эрхтэй бөгөөд талууд уг эрхийг дээрх гэрээгээр хязгаарлаагүй, гагцхүү хувьцаагаа бусдад худалдсан тохиолдолд олсон орлогоос нэхэмжлэгчид худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан төлбөрийг буцаан өгөхөөр тохирчээ.
Тиймээс анхан шатны шүүхийн зохигчийн байгуулсан гэрээ цуцлах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтыг болзол тавьсан хэдий ч хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг дээрх байдлаар залруулна.
8. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
Талууд нэгэнт харилцан тохиролцож компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгосон тул дээрх хуульд зааснаар гэрээний дагуу өгсөн, авсан зүйлийг харилцан буцаах үүрэг хүлээнэ.
9. Хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчээс төлсөн 200,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 160,000,000 төгрөгийг төлөөгүй, худалдах, худалдан авах гэрээний зүйл болох компанийн хувьцаа хариуцагчийн өмчлөлд хэвээр байгаа болох нь тогтоогдсон тул хариуцагчаас 160,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэх тул энэ талаарх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ. /х.х-ийн 13-17/
Энэ тохиолдолд гэрээний талууд дээр дурдсан хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж зааснаар авсан болон өгсөн зүйлээ харилцан нэгэн зэрэг буцаах үүрэгтэй.
Тиймээс хариуцагч ******* нь зөвхөн ******* ХХК-ийн хувьцаа аль эсхүл компанийн эд хөрөнгийг бусдад худалдсан тохиолдолд нэхэмжлэгч *******д үлдэх 160,000,000 төгрөгийг төлнө гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас худалдах, худалдан авах гэрээний торгууль 100,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ дуусгавар болох тул гэрээний үүргийг шаардах эрх мөн адил дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, алданги нь үүргээ огт гүйцэтгээгүй, аль эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх бөгөөд үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгыг агуулах буюу бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсдэг шинжтэй тул үндсэн үүрэг хүчингүй болсон, эсхүл дуусгавар болсон бол алдангийн талаарх тохиролцоо хэрэгжих боломжгүй.
Түүнээс гадна зохигч 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ цуцлах тухай гэрээгээр алданги, торгууль тооцохгүй байх талаар тухайлан тохиролцсон байгааг үүгээр нэмж дурдана.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09128 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 160,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1134 дугаартай гэрээ цуцлах тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ...1,028,150 гэснийг 957,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Б.МАНДАЛБАЯР