Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1662

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа, 

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Э.П /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 06212 2361  дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Э.П, 1992 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, Эхнэр 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 3 дугаар гудамж 86а тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Шүүгдэгч Э.П нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Шархадны 2-н автобусны буудлын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Болортуяаг машин дотроо маргалдан зодож биед нь тархи доргилт, дух, цохны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны язарсан шарх, зүүн гарын дунд хурууны язарсан шарх, баруун гарны дунд хурууны зулгаралт зэрэг түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Болортуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 00 минутын үед найз Одноогийн гэрт очсон. Одноо болон нөхөртэй нь бид 3 хоёр том савтай пиво хувааж ууж дуусаад Цайзад байдаг кароакед орж дуу дуулсан. Тэгээд тэндээсээ 02 цаг 00 минутын үед гарахад таксинаас манай нөхөр П бууж ирээд бид 4 Одноогийн гэрт очсон. Одноогийн гэрт П бид 2 маргалдсан. Тэгтэл Одноо намайг өмөөрч Птой хэрэлдээд байсан. П бид хоёр машиндаа суугаад гэртээ харих гээд явсан. Гэртээ харих гэж явах замдаа дахиад бид хоёр маргалдсан. Шархадны 2-н автобусны буудлын ойролцоо явж байгаад машинаа барьж явангаа миний толгой, нүүр рүү гараараа цохиод байсан. Тэгээд би айсандаа үсэрчихсэн. Тэгтэл П машинаа зогсоогоод машинаасаа бууж ирээд намайг үсдэж чирж машиндаа суулгахаар нь би айсандаа нөхрөөсөө уучлалт гуйхад П надад чи яагаад пялдагдаад байгаа юм гээд дахиад миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед миний толгой болон нүүр хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Миний толгойн хойд хэсэгт язарсан байна. Зүүн гарын дунд хуруунд 1 оёдол тавиулсан. Баруун талын нүд хөхөрч хавдсан байгаа. Би зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээ хийлгэхэд шаардагдах зардлыг нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хх 6-8/,

Яллагдагч Э.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... эхнэр машинаасаа бууж үлдэх гээд би үлдээхгүй гэр рүүгээ авч явах гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд хоорондоо хэрэлдэж байгаад би баруун гараа атгаж байгаад толгой хэсэг рүү нь цохисон. Хэдэн удаа цохисноо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 12-13/,

"... Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон зүйлсийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №12655 дугаартай дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн Б.Болортуяагийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх 26-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12655 тоот дүгнэлтэд: 

1. Б.Болортуяагийн биед тархи доргилт, дух, цохны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны язарсан шарх, зүүн гарын дунд хурууны язарсан шарх, баруун гарын дунд хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 18/,

Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 35-36/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.П нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Шархадны 2-н автобусны буудлын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Болортуяаг машин дотроо маргалдан зодож биед нь тархи доргилт, дух, цохны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны язарсан шарх, зүүн гарын дунд хурууны язарсан шарх, баруун гарны дунд хурууны зулгаралт зэрэг түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Болортуяагийн: “...Гэртээ харих гэж явах замдаа дахиад бид хоёр маргалдсан. Шархадны 2-н автобусны буудлын ойролцоо явж байгаад машинаа барьж явангаа миний толгой, нүүр рүү гараараа цохиод байсан. Тэгээд би айсандаа үсэрчихсэн. Тэгтэл П машинаа зогсоогоод машинаасаа бууж ирээд намайг үсдэж чирж машиндаа суулгахаар нь би айсандаа нөхрөөсөө уучлалт гуйхад П надад чи яагаад пялдагдаад байгаа юм гээд дахиад миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.П-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Болортуяа нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Э.П-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.П-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Э.П 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.П нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР