Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00638

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/10518 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

 

Орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гэрээнээс учирсан хохирол болон торгуульд нийт 43,321,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай компани хариуцагч нартай 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* дүүрэг,*******дүгээр хороо, ******* хотхон,*******дүгээр байр,тоот хаягт байрлах 36.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж, орон сууцыг хүлээлгэж өгсөн. Гэтэл хариуцагч нар орон сууцны үлдэгдэл төлбөр болох 54,120,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн. Бид тэдгээрт үүргийн зөрчлийг арилгах талаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрчилгээгээ авч байж төлбөрийг төлнө гээд үүргээ биелүүлэхгүй компанийг хохироосоор байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь эхлээд заавал гэрээний үнийг төлж, түүний дараа худалдагч нь гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ. Иймээс бид хариуцагч нарт 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдэл хүргүүлж гэрээг цуцалсан. Үүнээс хойш хариуцагч нар өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй байх тул торгууль 10,821,000 төгрөг, орон сууцанд амьдарсан хугацааны хохирлыг 1 сарын түрээсийн төлбөрийг 1,300,000 төгрөгөөр тооцож 32,500,000 төгрөгийг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардаж байна

******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг өмчилдөг бөгөөд ХХК-ийн зүгээс тус компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр орон сууцыг бусдад худалдан борлуулах, түүнтэй холбоотой шаардлага гаргах эрхийг олж авсан. Тэгэхээр эдгээр компаниуд ашиг сонирхлын хувьд нэг учир ******* ХХК-ийг гэрээний торгуулийг шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

...Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг шүүх баримталж шийдвэрлэх ямар ч боломжгүй. Хэний буруугаас үл шалтгаалан гэрээнээс татгалзсан тохиолдолд торгууль төлөхөөр тусгасан нь гэрээнээс татгалзах, цуцлах эрхийг хязгаарлаж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан торгуулийн талаарх зохицуулалт нь үүргээ гүйцэтгээгүй бол үүргээ гүйцэтгүүлэх давхар хамгаалалт болгож хэрэглэнэ гэдэг агуулгатай зохицуулалт юм. Гэтэл энэ хуульд заасан эрхийг хязгаарласан гэрээний заалтын дагуу торгууль нэхээд байгаа нь үндэслэлгүй.

Гэрээ байгуулах үед орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 09 дүгээр сард багтаж өгнө гэж байсан учир орон сууцыг хүлээж авсан хэдий ч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй. Ингээд гэрчилгээ өгөхийг худалдагч талаас шаардсан боловч өгөхгүй байсан бөгөөд хожим тухайн орон сууц нь банкны барьцаанд байсныг мэдсэн тул үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан. Өөрөөр хэлбэл, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарч байж орон сууц бидний өмч болох учир зөвхөн эзэмшлийг нь шилжүүлж өгснөөр худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэх боломжгүй. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өгөөгүй болохоор захиран зарцуулах ямар ч боломжгүй байгаа тул эрхийн доголдолтой гэж үзэж байна. Маргаан бүхий орон сууц нь улсын бүртгэлд 80 хувийн дуусаагүй барилгын гэрчилгээ гарсан байдалтай байна. Иймээс гэрээнээс учирсан хохирол төлөх үндэслэлгүй.

Бид орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу энэ орон сууцыг эзэмшиж байгаа учир хууль ёсны эзэмшил гэж үзэж байх тул орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдох ******* дүүрэг,*******дүгээр хороо, ******* хотхон,*******дүгээр байр,тоот хаягт байршилтай 36.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, учирсан хохирол болон торгуульд нийт 43,321,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390,236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нэг. ...талууд орон сууцны үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх нөхцөлийн талаар удаа дараа уулзаж, харилцан байр сууриа илэрхийлсний дүнд хариуцагч нар төлбөрийг төлөхгүй гэсэн учир ХХК нь *******, ******* нартай байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан үйл баримт хэрэгт цугларсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогддог, гэрээ цуцлагдсан талаар хариуцагч нар маргаагүй.

...Анхан шатны шүүх хариуцагчийн илэрхийлээгүй байр суурийг дур мэдэн тодорхойлж, ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа хэвээр үргэлжилж буй бөгөөд нэхэмжлэгчээс гэрээг цуцалсан, аль эсхүл татгалзсан үйл баримт тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэрээгээр хариуцагч нарыг орон сууцыг эзэмшиж байна гэж дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримтыг үнэлэхгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчсөн, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан хариуцагч нарын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Хоёр. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/Ш32025/10062 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь ХХК-ийг байсныг ******* ХХК-иар сольсон. Гэвч шүүгчийн тус захирамж гарснаас хойш ХХК-ийн төлөөлөгчийг оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан нь процессын ноцтой алдаа болсон.

Гурав. ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч ******* ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хамтран нэхэмжлэгчээр ХХК-ийг оролцуулах хүсэлт гаргасан ба хүсэлтийн үндэслэлийн хувьд энэхүү компанийг хариуцагч *******, ******* нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан хуулийн этгээд тул гэрээний торгууль, гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхийг хэрэгжүүлнэ гэж тайлбарласан.

Гэтэл шүүх хамтран нэхэмжлэгчээр ХХК-ийг оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, нотлох эрхийг хязгаарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.3-т заасныг зөрчиж ,хариуцагч нарыг гэрээгээр орон сууцыг эзэмшиж байгаа тул хууль бус эзэмшил биш, иймээс гэрээний дагуу шаардах эрхтэй этгээд оролцох шаардлагагүй гэж хэргийн нөхцөл байдлыг урьдаас тогтоосон мэтээр шийдвэрлэсэн.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан өгнө үү гэжээ.

 

5.2. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэгдүгээрт, ...хариуцагч нар гэрээ цуцлагдаагүй гэж маргаж байсан. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын огт маргаагүй үндэслэлийн талаар шүүхээс дур мэдэн тодорхойлсон гэсэн нь үндэслэлгүй.

Хоёрдугаарт, ...2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар нэхэмжлэгчийг сольсон. ******* ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч учир хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг гаргах эрхтэй. Иймд, нэхэмжлэгчийг сольсон нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч солигдсоны дараа нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах, ихэсгэх, багасгах бүрэн эрх нь байсан. Нэхэмжлэгч тал өөрөө нэхэмжлэгчийг солиулах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг ханган шийдвэрлэж, хэргийг хянан шийдвэрлэж дууссаны дараа шүүхийг нэхэмжлэгчийг дураараа сольсон мэтээр буруутгаж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ХХК-ийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэлд ******* ХХК-ийн олгосон нэхэмжлэлийг хавсаргасан байдаг. Иймээс итгэмжлэл авагдаагүй байсан гэж маргаж байгаа бол энэ талаар өөрөө зөвтгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь анхнаасаа шүүхийг төөрөгдүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээр нэхэмжлэл гаргуулсан юм шиг, нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн атал шүүхийн шийдвэр гарсны дараа уг нөхцөл байдал нь шүүхийн буруу гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв төлөөлөгч ******* нь өөрийгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй этгээд гэж тодорхойлж байгаа бол түүний давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

ХХК нь нэхэмжлэл гаргаж, түүний хүсэлтээр нэхэмжлэгчийг сольсон. Гэвч дахин тус компанийг хамтран нэхэмжлэлээр оролцуулах хүсэлт гаргаж байгаа нь буруу юм. Өөрсдөө уг компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргуулчхаад буцаагаад хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт өгч байгаа нь процессын хувьд алдаатай болно. Нэхэмжлэгч нь аливаа хүсэлтээ нотлох, нухацтай хандах үүрэгтэй болохоос биш сүүлд гаргасан хүсэлт нь эхний хүсэлттэйгээ зөрчилдөж болохгүй. Тухайн асуудалд шүүхийг буруутгах боломжгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

5.2. Хариуцагч *******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...08 дугаар сард гэрээ байгуулсны дараа 09 дүгээр сард орон сууцны гэрчилгээ гаргаж өгнө гэж байсан боловч гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа ******* ХХК-тай холбоотой гэмт хэргийн мэдээллүүд гарч эхэлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор бид тус компаниас гэрчилгээ өгөх эсэх талаар лавлахад хариу өгөөгүй. Нэхэмжлэгч нь тайлбартаа хариуцагчид удаа дараа мэдэгдэл өгсний үндсэн дээр талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалсан гэсэн байна. Бид нэхэмжлэгчийн өгсөн мэдэгдэлд тухай бүр хариу тайлбарыг бичгээр өгч байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад энэ талаарх баримтыг нэхэмжлэгчээс гаргуулахаар хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн хэдий ч нэхэмжлэгч нь баримтыг өгөөгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гэрээнээс учирсан хохирол болон торгуульд нийт 43,321,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Бэрэнмотгэйж групп ХХК нь хариуцагч нарт 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан орон сууцыг хүлээлгэж өгсөн боловч хариуцагч нар орон сууцны үлдэгдэл төлбөр болох 54,120,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн тул торгууль 10,821,000 төгрөг, орон сууцанд амьдарсан хугацааны хохирлыг 1 сарын түрээсийн төлбөрийг 1,300,000 төгрөгөөр тооцож 32,500,000 төгрөгийг гаргуулна, харин ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг өмчилдөг тул орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардаж байна... гэсэн бол,

 

хариуцагч нар ... тухайн орон сууц нь банкны барьцаанд байсныг мэдэж, улмаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өгөөгүй болохоор захиран зарцуулах ямар ч боломжгүй байгаа тул эрхийн доголдолтой гэж үзэж байна, ...бид орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу энэ орон сууцыг эзэмшиж байгаа учир хууль ёсны эзэмшил гэж үзэж байх тул орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл үндэслэлгүй гэж татгалзсан байна.

 

3. Хэргийн баримтаас үзвэл:

 

3.1. Анх ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 22,254,000 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /х.х-ийн 1-2/

 

3.2. Улмаар ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* ХХК-ийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШЗ2025/10062 дугаар захирамжаар Бэрэн мортгэйж групп ХХК-ийг жинхэнэ нэхэмжлэгч Бэрэнгурпп ХХК-аар сольж шийдвэрлэжээ. /х.х-ийн 56/

 

3.3. Үүний дараа нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ХХК-ийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШЗ2025/37981 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. /х.х-ийн 79-80/

 

3.4. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 43,321,000 төгрөг болгосон байна. /х.х-ийн 73/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, энэ талаар зохигчийг бүрэн мэтгэлцүүлээгүйгээс гадна маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжтой эсэхийг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно гэж, 27.3-т Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэж тус тус заасан.

 

Тодруулбал, хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулахыг нэхэмжлэгчээс гадна хамтран нэхэмжлэгчээр оролцох этгээд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. 

 

4.1. Хэрэгт авагдсан баримтаар ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус компанийг хариуцагч нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь ******* ХХК-ийг гэх үндэслэлээр уг компанийг хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг солих ажиллагаа хийсэн нь буруу болжээ. /х.х-ийн 54-ийн ард тал/

 

Өөрөөр хэлбэл, ХХК-иас ******* ХХК-ийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих тухай хүсэлт гаргаагүй ба харин шүүх тухайн компанийг нэхэмжлэгчээр сольж, ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасныг зөрчсөн байна.

 

4.2. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ийнхүү солигдож орж ирсэн нэхэмжлэгч ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тул орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгжүүлнэ, гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхийг гэрээний нөгөө тал болох ХХК-ийг хэрэгжүүлнэ гэх үндэслэлээр тухайн компанийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж, улмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ ******* ХХК нь гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхгүй буюу гэрээний нэг тал биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зохигчийн мэтгэлцэх эрхэд нийцэхгүй.

 

******* ХХК болон ХХК нарын аль, аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлж, энэ тухай хүсэлт гаргасаар байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг сольж, хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчсөн гэж үзэхээр байна.

 

5. Үүнээс гадна ХХК болон хариуцагч *******, ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхад чухам ямар үндэслэлээр хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэж байгаа, гэрээний зөрчлийн улмаас гэрээ цуцлагдсан, тийнхүү цуцлагдсан нь үндэслэлтэй эсэх болон гэрээний дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах, гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирлыг нэхэмжилж байгаагийн аль нь болохыг тодруулах ёстой байжээ.

 

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ...хариуцагч нар орон сууцны үлдэгдэл төлбөр болох 54,120,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалсан... гэсэн бол,

 

хариуцагч нар ...Орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг худалдагч талаас шаардсан боловч гаргаж өгөхгүй байсан бөгөөд хожим тухайн орон сууц нь банкны барьцаанд байсныг мэдсэн учир бид үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан... гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогч нарт тэдгээрийн эрх, үүргийг тайлбарлах, маргааны зүйлийг тодруулах, тогтоох, мөн зохигчийн мэтгэлцэх хүрээ хязгаарыг тодорхойлох чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд талуудыг чиглүүлэх үүргээ хэрэгжүүлж худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны гэрчилгээ гарах боломжтой эсэх талаар тодруулах ажиллагаа хийгээгүй байна.

 

Эдгээр нөхцөл байдлыг үл харгалзан хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол болон маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/10518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,770 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД  Н.ГЭРЭЛТУЯА

 

Б.МАНДАЛБАЯР