Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 131

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир                                                                                                                      

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Өсвөр насны хохирогч Б.Б

Хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Д.Х

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 2.3-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Год холбогдох эрүүгийн 1930002210158 дугаартай хавтаст хэргийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 38настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Уртын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй М.Г 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр бүрэн дунд сургуулийн урд талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн Даюунг маркийн 41-01 СҮЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолооч дараах зүйлийг хориглоно. а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй....”, мөн дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ. в/ “Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 10 жилийн урдуур зүүн тийш явж байхад замаар 4-5 хүүхэд явж байсан. Би сигналдхад хүүхдүүд хараад зогссон. Тэгээд би өнгөрөөчих юм байна гээд явж байтал гэнэт нэг хүүхэд өмнүүр ороод ирсэн ямар ч арга хэмжээ авч чадалгүй хүүхдийг мөргөөд ойчсон гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хүүхдийн эмчилгээн зардалд 1 020 000  төгрөг төлсөн. Хойшид үзүүлж, эмчилгшээ хийлгэх шаардалагтай тул 2 000 000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой гээд миний хүүхэд эрүүл болох биш ер нь дэндүү их хохироод байна гэв.

 

Өсвөр насны хохирогч Т.Бий “...2019 оны 05 дугаар сарын 09-ний өглөө дотуур байрнаасаа 07 цаг 20 минутын үед сургууль руугаа гарсан. Хичээлээ тараад шууд ангиараа Ж.Батсуурийн лекцэнд багштайгаа явсан. Лекц тараад дотуур байрруугаа явсан. Би ангийнхаа 6 хүүхэдтэй 1 дүгээр сургуулийн урд талын цагаан хашаа өнгөрөөд зам хөндлөн гарах үед бид нар жаахан бие биенээ тууж тоглож байгаад би ангийнхаа хүүхдүүдэд “за баяртай” гэж хэлээд замын хойд талаас хөндлөн урагш гүйсэн. Тэгээд юу болсноо мэдэхгуй байна. Бид нар 1 дүгээр сургуулийн урд талын цагаан төмөр хашааны зам хоёрын дунд зүүн тийшээ явж байхдаа тоглож явсан. З, Мөнхбаатар, Н, Ууганцэцэг, Ч, Х бид нар явж байсан. Би баруун тийш харсан. Намайг харахад машин, мотоцикль харагдахгүй байсан. Би эхлээд ганцаараа зам хөндлөн гарсан. Араас манай ангийн хүүхдүүд зам хөндлөн гарсныг мэдэхгүй байна. Хайс, хашлага, явган хүний гарц байгаагүй. Элэг, бөөрний хагалгаанд орсон. Эдгэрээгүй байгаа. Эмчилгээгээ хийлгэж байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р хуудас/

 

Гэрч М.Хийн “...Өнөөдөр 14 цаг 30 минутын үед намайг сургуулийн коридорт юм хийгээд байж байтал манай ангийн Ч, Н, Х нар ирээд Б мотоцикльтой хүнд дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гарсан чинь гадаа хүүхдүүд эмнэлэг аваад явсан гэж хэлсэн. Эмнэлэг дээр очиход эмч нар манай ангийн Бд яаралтай тусламжийн өрөөнд үзлэг хийж байсан. Намайг биеийг нь асуухад хүүхдийн бие хүнд байна, ар гэрт нь мэдэгд гэж хэлэхээр би ах Хурцбаяр руу нь залгаад хэлсэн. Мөн дотуур байрны багш Мандах руу залгаж хэлсэн. Тэгээд хэргийн газар руу шууд очсон. Манай ангийн Бий аав, ээж нь салаад Улаанбаатар хотод байдаг гэсэн. Б өвөө, эмээ дээрээ өссөн хүүхэд юм. Өвөө Төмөрбаатараар овоглодог. Өвөө, эмээ нь хөдөө байдаг. Манай анги өглөө ороод 12.30 цагт тараад шууд 13.00 цагт Хөгжлийн төврүү уулзалтанд оролцохоор явсан. Бүх 6 дугаар ангиуд багштайгаа явсан. Тэгээд 14.10 цагт уулзалт тараад 1 дүгээр сургууль руу би хүүхдүүдээ хариуцаад аваад явсан. Сургуулийн үүднээс ангиа тараасан. Дотуур байранд суудаг учраас Дэнжрүү явдаг хүүхдүүдтэй хамт явж байсан байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р хуудас/

 

Өсвөр насны гэрч Н.Хийн “...2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай анги тараад лекцэнд суусан юм. Тэгээд тэндээс тараад Н, Ч, З, Б бид нар 1 дүгээр сургуулийн урдуур зүүн тийшээ Б дэлгүүрийг чиглээд явсан. “Б” дэлгүүрийн ойролцоо явж байгаад эхлээд З, Мөнхбаатар 2 зам хөндлөн гараад Бийг хүлээж байсан. Бид 3 зам гараагүй байсан. Тэгтэл Б зам хөндлөн гарах үед баруун талаас мотоциклтой хүн ирээд мөргөсөн. Тэгээд бид нар ангийн багшид хэлээд эмнэлэг дуудсан. Би мотоцикльтой хүн замаар ирж байгааг хараагүй. Маш хурдтай ирсэн. Чанга дуугараад байсан. Б хойд талаас урагшаа зам хөндлөн гүйхэд мотоциклтой хүн яг баруун талын гар, хөлрүү нь мөргөсөн. Бий толгой, нүүрнээс цус гараад босохгүй хэвтээд байсан. Хараад байсан. Улаан өнгөтэй мотоцикль байсан. Жолоочийг танихгүй. Явган хүний гарц байгаагүй. Т.Б зам хөндлөн гарахдаа алхаж явснаа эргэж хараад бид нарыг баяртай гэж хэлээд цаашаа эргэтэл мотоцикль мөргөсөн. Замын урд талын боржурт ойрхон зогсож байсан” гэх мэдүүлэг./хх-ийн 16-р хуудас/

 

Гэрч М.Гын “...Би мотоциклтой таксинд явж амьдралаа залгуулдаг юм. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагийн үед би автобусны буудлын баруун талын мотоциклын зогсоол дээр ирсэн. Өнөөдөр 6-7 удаа таксинд явсан. Өдөр 14 цаг 30 минутын үед зүүн тийш Гөлгөөгийн бойноос такси авъя гэж утсаар ярихаар нь би 1 дүгээр сургуулийн урдуур засмал замаар явж байтал 5-6 хүүхэд замын хойд талд урагшаа чиглэлтэй гарах гээд зогсож байсан. Би хараад сигналдахад зогсож байсан. Ойртоод ирсэн чинь гэнэт 1 хүүхэд дундаас нь гүйгээд гараад ирсэн. Тэгтэл тормозоо гишгэж амжаагүй дайрсан. Мотоциклын гэрлийн урд талын хамгаалалтад хүүхэд гуядагдаад мотоциклын дугуйны урдуур орсон, мотоцикль баруун гар талруугаа унаад бид 2 гулгаад жаахан явсан. Тэгтэл зүүн өрхийн эмнэлгийн машин явж байгаа таараад түргэн дуудсан. Хүүхэд орилоод байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Би архи уудаггүй. Хурдаа жаахан хасаж байсан. Сигналдаад байсан чинь хүүхдүүд харсан. Тэгэхээр нь би гайгүй байх гэж бодоод чигээрээ явсан. Уг нь 2018 оны 05 дугаар сард жолооны курсэд 80.000 төгрөгөө өгч захиалсан боловч одоо болтол жолооны “А” үнэмлэх гараагүй. Миний өөрийн эзэмшлийн мотоцикль юм. Хүүхдийн толгой халцарсан, элэг эмтэрсэн, зүүн талын бөөр бяцарсан байна. Хагалгаанд орж байгаа. Миний зүүн талын өвдөг, тохой, 2 гар жаахан халцарсан байна. Би шүүх эмчид үзүүлэхгүй. Надад үзүүлэх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг,/хх-ийн 15-р хуудас/

 

Шүүх шинжилгээний  албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 259 дугаартай:Т.Бий биед хэвлийн битүү гэмтэл, баруун бөөрний урагдал, няцрал, элэгний эдийн няцрал, хэвлийн цус хуралдалт, нүүр, 2 сарвуунд зулгаралт, хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Хэвлийн битүү гэмтэл, баруун бөөрний урагдал, няцрал, элэгний эдийн няцрал, хэвлийн цус хуралдалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, нүүр, 2 сарвуунд зулгаралт, хуйханд язарсан шарх гэмтэл 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна гэх дүгнэлт, /хх-ийн 19-р хуудас/

 

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаартай:М.Гоос авсан цусанд этилийн спирт илрээгүй гэх дүгнэлт, /хх-ийн 53-р хуудас/

 

Техникийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай:Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Даюунг маркийн 41-01 СҮЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Г нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолооч дараах зүйлийг хориглоно. а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй....”, мөн дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ. в/ “Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Явган зорчигч Төмөрбаатар овогтой Б /ЛЮ07271710/ нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д зааснаар “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх дүгнэлт/хх-ийн 57-р хуудас/

 

Хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07/

Эмчлүүлэгчийн карт  /хх-ийн 22-50/

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 62-64/

Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 67/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хээс эмчилгээний зардал  нэхэмжилсэн хохирлын баримт  /хх-ийн 85/

         М.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр бүрэн дунд сургуулийн урд талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн Даюунг маркийн 41-01 СҮЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолооч дараах зүйлийг хориглоно. а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй....”, мөн дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ. в/ “Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч М.Гын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, өсвөр насны хохирогч Т.Б, гэрч М.Х, өсвөр насны гэрч Н.Х нарын  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 259 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

  

Шүүгдэгч М.Год холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг нотлогдож тогтоогдсон тул М.Гыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигчийг дайрч  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Год ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардалд 1020480  төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин хуулийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Гын  үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

         

Иймд шүүгдэгч М.Гын хувийн байдал,  шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг гарсан нөхцөл байдалд өсвөр насны хохирогч Т.Б нь “Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй, хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн, хохирогчид эмчилгээний зардалд 1020480 төгрөг нөхөн төлсөн нэмж 2 000 000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х гомдолгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч М.Год ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн эмчилгээний зардалд 1020480 төгрөг нөхөн төлсөн нэмж 2 000 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х гомдолгүй  гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч М.Гыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч М.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Год мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид эмчилгээний зардалд 1 020 480 төгрөг нөхөн төлсөн нэмж 2 000 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Д.Х  гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР