| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00442/И |
| Дугаар | 671 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 671
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, 1979 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО79091560, Харагчууд овогт Нацагийн Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт оршин суух, 1975 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО75071814, Шангас овогт Баатарын Баттулгад холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Оюунгэрэл, хариуцагч Б.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Баттулга гэгчтэй сайн дурын үндсэн дээр 2004 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болж, 10 жил хамт амьдрах хугацаанд охин Б.Сувд-Эрдэнийг 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрүүлсэн, хүү Б.Бадар-Ууганыг 2008 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрүүлсэн. Хүүхдүүд маань эрүүл саруул, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бөгөөд цаашид суралцах боломжтой. Баттулга бид хоёр 2 хүүхдийнхээ ирээдүйн амьдрал хүмүүжил зэргийг бодож сайн сайхан амьдрах боломж байсан ч харамсалтай нь миний хувьд олон жил гэр бүлийн дарамтад байж, доромжлуулах, зодуулах, толгой тархиндаа гэмтэл авч, эмчлүүлэн бариачаар бариулах зэрэг нь зөвхөн захын үзэгдэл гэж хэлж болно. Арван жил хамт амьдрах хугацаанд таарамжгүй үе олон байсан. Баттулгын доромжлох, зодох үйлдлийг нь тэвчиж, сүүлдээ тэсч чадалгүй аав, ээж, ах, дүү, эгч нартаа хэлээд 5 удаа салж нийлж байсан. Баттулга нь дутагдлаа хүлээн зөвшөөрч нэг удаа уучлалт гуйж байгаагүй, би тухайн үед Баттулгын дарамт шахалт зодуурыг тэвчиж чадалгүй аав, ээж, ах, дүү дээрээ очиж байсан ч хоёр хүүхдээ бодоод санаа зовоод буцаад Баттулгын гэрт очдог байсан. Миний байдлыг Баттулга болон хадмууд буруу ойлгож, дуртай үедээ явж, хүссэн үедээ ирдэг гэж үзээд намайг Баттулгаар доромжлуулж зодуулж байдгийг ер нь мэддэггүй. Би зөвхөн Баттулгын эхнэр гэсэн нэрнээс цаашгүй эхнэр, нөхрийн хайр, халамж эрх мэдэл гэх зүйл огт байхгүй. Олон жил аав, ээж, ах, дүү нар чи үлдсэн залуу насаа айдас түгшүүргүй амьдар гэж олон удаа надад сануулж хэлдэг байсан. Эцэст нь би 2 хүүхдээ бодоод Баттулгад хөөгдөж 10 жил амьдарч ирсэн боловч тэсэхээ байж 2016 оны 5 дугаар сард Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандаад дараагийн шат болох Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдлын улмаас гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдүүдээ тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхийг хүсэж байна” гэжээ.
Хариуцагч Б.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2002 онд Тэс сумын иргэн Н.Оюунгэрэлтэй гэр бүл болж охин, хүү хоёртой болсон. 2006 онд эхнэр Оюунгэрэл охиноо 2 настай байхад гэр бүлийн маргаанаас болж сална гэж яваад өөрийн өмчид байсан бүх малаа аваад явсан. 2 дахь салалт нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байхад мөн гэр бүлийн маргаанаас болж хүү Бадар-Ууганыг 2 настай байхад нь мөн 21 үхрээ салгаж туугаад аваад явсан. Оюунгэрэл нь ямар нэгэн зодоон цохион болоогүй зөвхөн ам муруйх төдийд шалтаглан гэр бүлийн хамаг хөрөнгөө аваад өөрийн аавынд оччихдог байсан. Үүнээс болж би хоёр хүүхдээ харж халамжлах, амьдралаа зогсоохгүйн тулд өөрийг нь удаа дараа очиж гуйж байж гэртээ ирүүлдэг байсан. Гэр бүлийн маргаанд хадам ээж, хадам дүү байнга оролцож салгах л арга хэмжээ авч намайг удаа дараа хэл амаар доромжилдог байсан. Би өдий хүртэл мал маллах хугацаандаа хоёр хүүхдээ өөрийн ах, эгч нарын гэрт байлгаж сургуульд нь явуулж байсан. Гэр бүл болсноос хойш 14 жилийн хугацаанд нийт 39 үхэр салж байна гэж гэр рүүгээ авч яваад эргэж ирэхдээ 17 үхэртэй ирсэн. Энэ болгонд би уучилж ирсэн. 2013 онд би Хушаат суманд байдаг өөрийнхөө дүүгийн гэр лүү адуугаа хүргэж өгөх гээд явсан хойгуур манай гэр шатаж бид 4 өмссөн хувцастайгаа үлдэж ах, дүү нарын дэмжлэгээр 6 ханатай гэртэй болсон. Намайг янз бүрээр гүтгэж бичсэн байна. Би эхнэрээ мориор хөөж үзээгүй, гар хүрч үзээгүй, харин ам зөрж л байсан. Би сэтгэлээрээ хадам талдаа тусалж баз Бат-Эрдэнэд 3.500.000 төгрөгийн зээл авч өгөөд одоо хүртэл хохирлоо гаргуулаагүй байна. Энэ удаагийн салалт нь энэ хүмүүс чинь мөнгөө өгөхөд яадаг юм бэ, малдаа өвс тэжээл авч өгмөөр байна гэснээс болсон. Би үхрээ хайгаад явсны хойгуур Оюунгэрэл нь ямар ч үг хэлгүйгээр аавынх руугаа явсан байсан. Надаас Хүлтээ ах 1 эм үхэр аваад юу ч өгөөгүй. Дамжин ах 1 гунжин, 1 гунан үхэр аваад юу ч өгөөгүй. Хадам ээж биднийг салахад охиноо л өмөөрч сал гэж ятгадаг байсан. Энэ өвөл би өөрийн аавын тэтгэврээр амьдарч малд хэрэгтэй өвс тэжээлээ авлаа. Хадмын талынхан намайг янз бүрээр доромжилж утсаар байнга дарамталж байсан. Оюунгэрэл нь аавынхаа гэрт аав, ээж, ах дүү зэрэг 10-аад хүмүүстэй хамт байдаг, хүүхдүүд минь тэр хүмүүстэй хамт байх боломжгүй, охин Б.Сувд-Эрдэнэ, хүү Б.Бадар-Ууган нар цаашид надтай хамт амьдарна гэсэн тул хүүхдүүдээ өөрөө авч өсгөх саналтай байна. Манайх 2015 онд 27 мал тоолуулсан боловч хэрэгцээндээ зарцуулсан, хорогдсон, хүнсэндээ хэрэглэсэн зэргийг хасаад одоо 12 мал байгаа. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Оюунгэрэл нь хариуцагч Б.Баттулгаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Н.Оюунгэрэл, Баттулга нар 2004 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Сувд-Эрдэнэ, 2008 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Бадар-Ууган нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаанууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2016 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Н.Оюунгэрэл, Баттулга нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Сувд-Эрдэнэ, 2008 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Бадар-Ууган нарыг хэн хэн нь өөрийнхөө асрамжид байлгах шаардлага гаргасан ба Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Увс аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч нарын хамтран гаргасан 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн нөхцөл байдлын үнэлгээнүүд болон хүүхдүүдийн саналыг харгалзан охин Б.Сувд-Эрдэнэ, хүү Б.Бадар-Ууган нарыг эцэг Б.Баттулгын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэмэлт тайлбар гаргахдаа Н.Оюунгэрэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн тайлбар гаргасан боловч хариуцагч нь энэ шаардлагыг дэмжиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгчээс гаргуулах боломжгүй байна.
Шүүх хүүхдийг эцэг Б.Баттулгын асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан ба Б.Баттулга нь 2015 онд 27 тооны мал тоолуулсан боловч одоо 12 тооны мал байгаа бөгөөд уг малын тоог үндэслэн хөрөнгө үнэлгээний “Увс финанс аудит” ХХК нь 12 тооны мал нь 8.650.000 төгрөгийн үнэтэй болох талаарх үнэлгээ гарган ирүүлсэн байна.
Иймд 12 тооны малын үнэлгээ болох 8.650.000 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлэн хувааж, хүүхдүүдийг эцэг Б.Баттулгын асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Б.Баттулга, охин Б.Сувд-Эрдэнэ, хүү Бадар-Ууган ногдох хувь болох 6.487.500 төгрөгийг хариуцагч Б.Баттулгад, 2.162.500 төгрөгийг нэхэмжлэгч Н.Оюунгэрэлд олгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Оюунгэрэлд олгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаанд ногдох улсын тэмдэгтийн хураамж 153.350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Харагчууд овогт Нацагийн Оюунгэрэл, Шангас овогт Баатарын Баттулга нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Сувд-Эрдэнэ, 2008 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Бадар-Ууган нарыг эцэг Б.Баттулгын асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2 дахь хэсэгт зааснаар Б.Баттулга, Н.Оюунгэрэл, Б.Сувд-Эрдэнэ, Б.Бадар-Ууган нарын хамтран өмчлөх дундын өмч 12 тооны малын үнэлгээ болох 8.650.000 төгрөгийн Б.Баттулга, Б.Сувд-Эрдэнэ, Бадар-Ууган ногдох хувь болох 6.487.500 төгрөгийг хариуцагч Б.Баттулгад, 2.162.500 төгрөгийг нэхэмжлэгч Н.Оюунгэрэлд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Оюунгэрэлд олгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаанд ногдох улсын тэмдэгтийн хураамж 153.350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ