Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00639

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШШ2026/00813 дугаар шийдвэртэй,

 

******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 113,934,761.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Зээлдэгч *******, ******* нар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ, ******* тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, нийт 98,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар авсан.

Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул зээлийн гэрээний 10.2, 10.2.2 дахь заалтуудыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч *******, ******* нар өнгөрсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүнд нийт 77,564,197.39 төгрөг төлсөн, харин төлөгдөөгүй үүрэг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 75,282,598.17 төгрөг, зээлийн хүү 35,954,414.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,675,749.51 төгрөг, нотариатын зардал 22,000 төгрөг, нийт 113,934,761.85 төгрөг болсон. Иймд, хариуцагч нараас 113,934,761.85 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Фидуцийн зүйлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хурааж авсан хэдий ч үнэлэхэд 76,550,000 төгрөг болсон тул үүгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

...******* ББСБ ХК-аас 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байрны гаднаас УНЭ тоот улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч явсан байсан бөгөөд энэ талаараа *******ы *******, дугаарт зурвас үлдээж мэдэгдсэн.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.11-д ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлснийг гэж, 10 дугаар зүйлийн 10.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, зээлийн үндсэн өр хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй гэж, 10.2.2-т гэрээний заалтыг ноцтой зөрчсөн бол гэж заасан.

Дансны хуулга харвал хариуцагч нар 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс үүргээ зөрчиж эхэлсэн ба 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 2,500,000 төгрөг төлснөөс хойш төлөлт хийгээгүй.

Нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сард хүүгээ зогсоогоод шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээг аль аль тал нь биелүүлэх үүрэгтэй. Энэ нөхцөл байдлыг харахаар хүүг нь жил гаруйн хугацаанд гүйлгээд одоо машиныг нь хурааж авсан байна. Бид нар зээлээ төлж чадахаа болилоо, тээврийн хэрэгслийг ав гэж хэлээд байхад авахгүй бага, багаар төл гэж явж байгаад таг алга болоод гэнэт тээврийн хэрэгслийг авсан. Гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй хүү гүйлгэсэн асуудал байна.

Хоёрдугаарт, фидуцийн харилцаа үүссэн. Тээврийн хэрэгслийг бодитоор хураагаад авчихсан. Фидуцийн зүйлийн өмчлөл нэхэмжлэгчид байгаа. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үндсэн зээл болон фидуфийн гэрээ дууссан, үүрэг бүрэн биелсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 113,934,761.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 727,624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

... Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ******* дугаар үндсэн зээлийн гэрээний үүрэг шаардсан, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ нь зээлийн гэрээний үүрэг хангагдсан гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, *******/01 гэрээ нь ******* дугаар гэрээг байгуулсантай холбогдож гарсан дагавар гэрээ юм.

Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь зээлийг бүрэн хааж хүрэхгүй тул хариуцагчид *******/01 гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийг буцаагаад өгөхөд татгалзах зүйлгүй гэж анхан шатны хуралдаанд хэлсэн.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс хойш огт зээлийн төлбөрт мөнгө төлөөгүй, зээлийг хугацаа хэтрүүлснээс хойших хугацаанд нэхэмжлэгчийн шаардлагаар зээлийн гэрээний зөрчигдсөн төлбөрийг бүрэн, хэсэгчлэн төлөлт хийж зөрчлөө арилгах хугацааг олгосон. Нэхэмжлэгчийн анхны шаардлагаар УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн бол үүнийг худалдан борлуулж, зээл хаагдах боломжтой байсан. Тээврийн хэрэгслийг хоёр ч удаа нэхэмжлэгч нь авах гэж шаардлага тавих үед хариуцагч нар өгөхгүй гэж маргаан үүсгэж байсан.

Хариуцагч нар зээлийг хугацаа хэтрүүлсэн үед л асуудлыг шийдсэн бол нэхэмжлэгч тал шүүхэд хандахгүй байсныг шүүх харгалзан үзэх нь зүйтэй. Иймд, хариуцагч нараас 113,934,761.85 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Хариуцагч нь тухайн автомашины зээлийг төлж чадахаа больж цаашид гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон учир автомашиныг хурааж ав гэж нэхэмжлэгч талд мэдэгдсэн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч маргаан бүхий автомашиныг хурааж авсан. Бодит байдал дээр хариуцагч нь маргаан бүхий автомашиныг хурааж авах үйл ажиллагаанд саад учруулсан үйл баримт байдаггүй. Бид нэхэмжлэгчид анх худалдаж авсан, чанарын шаардлага хангахуйц автомашиныг хүлээлгэж өгсөн. Автомашиныг хүлээлгэн өгч, авч байгаа үйл баримт нь фидуцийн гэрээгээр зохицуулагдсан. Автомашиныг хүлээлгэж өгснөөр фидуцийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дахь хэсэгт зааснаар бодитоор гаргуулж авсан үүрэг нь биелэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ харилцаа дууссанаар зээлийн гэрээний харилцаа давхар дуусна гэсэн үг. Мөн нэхэмжлэгчид 77,564,197 төгрөг өгсөн учир хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 113,934,761.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******, ******* нар зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, нийт 98,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар зээлсэн, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй учир бид зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээл 75,282,598.17 төгрөг, зээлийн хүү 35,954,414.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,675,749.51 төгрөг, нотариатын зардал 22,000 төгрөг, нийт 113,934,761.85 төгрөгийг гаргуулна, фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг үнэлүүлэхэд 76,550,000 төгрөг болсон тул үүгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж байна... гэсэн бол,

хариуцагч нар ...бид нар 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс үүргээ зөрчиж эхэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 2,500,000 төгрөг төлснөөс хойш төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сард хүүгээ зогсоогоод шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэрээг аль аль тал нь биелүүлэх үүрэгтэй, гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй хүү гүйлгэсэн асуудал байна..., мөн талуудын хооронд фидуцийн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг бодитоор хураагаад авсан тул үүрэг бүрэн биелэгдсэн... гэжээ.

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч *******, ******* нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар 98,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирч, /х.х-ийн 8-11/

 

3.2. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар УНН улсын дугаартай Toyota land cruiser 150 маркийн тээврийн хэрэгслийг 98,000,000 төгрөгөөр үнэлж, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан байна. /х.х-ийн 13-14/

 

3.3. Улмаар фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийн улсын дугаар өөрчлөгдсөн гэх үндэслэлээр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, мөн үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээг шинэчлэн байгуулжээ. /х.х-ийн 16-18/

 

3.4. Түүнчлэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үлдэгдэл 76,025,869.86 төгрөг болохыг дурдаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. /х.х-ийн 19-20/

 

Зохигч, талуудын хооронд зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан, фидуцийн зүйлийг зээлдэгч нар эзэмшиж, ашиглаж байсан болон үндсэн зээл 75,282,598.17 төгрөг, зээлийн хүү 35,954,414.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,675,749.51 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргаагүй, харин фидуцийн зүйлийг нэхэмжлэгч нь хураан авснаар зээлийн гэрээ дуусгавар болж, гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

 

4. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

 

Талуудын тайлбараар нэхэмжлэгч нь фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг энэхүү нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргахаас урьд өмнө буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хураан авсан үйлдлийг зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох зорилгоор бодитоор гаргуулан авсан гэж шууд үзэх үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,

 

4.1. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана гээд 231.1.6-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэж заажээ.

 

Тайлбарлавал, үүргийн гүйцэтгэлийг хангах арга бол зохигчийн хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсгэсэн үндсэн гэрээ /зээлийн гэрээ/-ний дагалдах эрх бөгөөд түүгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэхийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч /нэхэмжлэгч/ шийдвэрлэх эрх эдэлнэ.

 

Энэ талаар дээр дурдсан хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заасан.

 

4.2. Хариуцагч нар нэхэмжлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75,282,598.17 төгрөг, зээлийн хүү 35,954,414.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,675,749.51 төгрөг, нийт 113,912,761.85 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, мөн фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 76,550,000 төгрөг болж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч нь үүгээр шаардлагаа хангуулах эсэх буюу тээврийн хэрэгслийн үнэлгээнээс хамаарч бодитоор гаргуулан авах, улмаар зөрүүг шаардах, аль эсхүл авахгүйгээр зээлийн гэрээний үүргийг мөнгөөр шаардах эсэхээ өөрөө шийдвэрлэнэ. /х.х-ийн 45-49/

 

Нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийн үнэ зээлийн гэрээний үнийн дүнд хүрэхгүй гэсэн үндэслэлээр тээврийн хэрэгслийг авахаас татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр шаардсан агуулгатай тайлбар гаргасан. Ийнхүү мөнгө шаардах, аль эсхүл үүргийн гүйцэтгэлийг өөр аргаар хангахыг сонгох нь зээлдүүлэгч /нэхэмжлэгч/-ийн эрх хэмжээний асуудал юм.

 

Тиймээс нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг хураан авсан үйлдлийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах /хаах/-аар өөрийн өмчлөлд шилжүүлж авсан гэж үзэхгүй тул зээлийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. ... гэж, мөн Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

Хэргийн баримтаар хариуцагч *******, ******* нар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүнд 3,550,000 төгрөгийг тогтмол төлсөөр 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 98,000,000 төгрөгийг 70,385,782.56 төгрөгийн хүүгийн хамт төлөх үүрэг хүлээжээ.

 

Гэвч зохигчийн тайлбараар зээлдэгч нар зээлийн гэрээний хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй учир төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдлээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар хариуцагчийн зүгээс маргаагүй тул шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Иймд, хариуцагч нар зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөр тооцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй учир энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.

 

6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас гарсан зардал буюу нотариатын зардалд 22,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. /х.х-ийн 14/

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь нотариатын зардалд 22,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******, ******* нараас үндсэн зээл 75,282,598.17 төгрөг, зээлийн хүү 35,954,414.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,675,749.51 нийт 113,912,761.85 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

7. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар талууд зээлийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан бөгөөд үүний дараа 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байгаагаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжоор хангаж байсан гэж үзэхээр байна.

 

Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг хугацаанд нь төлөх ёстой бөгөөд зээлдүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах нь түүний эрх болохоос үүрэг биш бөгөөд хэргийн баримтаар нэхэмжлэгч нь зээлийг буцаан шаардах эрхээ шударга бусаар хэрэгжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын ...гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй хүү /ихэсгэсэн/ гүйлгэсэн асуудал байна... гэх татгалзал үндэслэлгүй.

 

Үүнээс гадна хариуцагч нар зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу зохих ёсоор төлөөгүйгээс зээлийн хэмжээ багасаагүй учир түүний үлдэгдлээс зээлийн хүү бодогдож, хуримтлагдсан явдалд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШШ2026/00813 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дүгээр зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 113,912,761.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...56.1 гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******, ******* нараас 727,514 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 727,624 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД  Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

Б.МАНДАЛБАЯР