Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ХШТ/89

 

Д.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батцэрэн, Н.Батзориг, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 374 дүгээр магадлалтай, Д.Т-т холбогдох 2310000000311 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа машин худалдаалах ажилтай, ял шийтгэлгүй, С овогтой Д-ын Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон нийт 205 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дэх хэсгийн 508.4.1 дэх заалт, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Т-оос 184,581,696 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-д олгуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлээс 549,558,520 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т-т оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай“ гэж,

4 дэх заалтын “... цагдан хоригдсон нийт 205 хоногийг ...” гэснийг “цагдан хоригдсон нийт 296 /хоёр зуун ерэн зургаа/ хоногийг...“ гэж,

8 дахь заалтын “...түүний эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай” гэснийг “... түүний эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж,

шүүгдэгч Д.Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-д 20,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болохыг дурдаж, шүүгдэгч Д.Т-ын цагдан хоригдсон 103 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/831 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/374 дугаартай магадлалтай Д.Т-ын өмгөөлөгч миний бие танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэлээр гомдол гаргаж байна.

Д.Т-т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялыг, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

1.Д.Т нь 2023 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө амь хохирогчийг хутгалж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дэх хэсгийн 508.4.1 дэх заалт, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон Д.Т-оос нийт 184,581,696 төгрөг /тэтгэмжийн зөрүү 19,581,696 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 165,000.000 төгрөг/ гаргуулахаар шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхээс магадлалын 9 дэх талд: Хэдийгээр Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан боловч энэхүү хэргийн хувьд ... гэмт хэргийн улмаас тэдгээрийн сэтгэцэд хор уршиг учирсан гэж дүгнэж, хүний амь нас хохирсны улмаас учирсан сэтгэл санааны болон бусад хохирлын нөхөн төлбөрт гаргуулан олгож шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрүүдийг харгалзаж, Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх замаар хүний амь нас хохирсны улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 165,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэр нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ХШТ/38 дугаартай тогтоолд “Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан болохыг... анхаарч үзээгүй байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү ашигтай журмыг тогтоосноос бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн ерөнхий зарчим үйлчилнэ.

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хууль нь агуулгаараа гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, төлбөр хариуцах этгээд, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон шинжтэй байх тул тус хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасан хугацаагаар ойлгоно. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой шинээр батлагдсан хуулиудад өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсгүүдэд заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд буцаж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байхад хоёр шатны шүүх хуулийг буцааж хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчиж гэм хорын асуудлыг шийдвэрлэжээ” гэж дүгнэн шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн тогтоолоос ... хуулийг өөрөөр хэрэглэсэн гэж үзэхээр байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

2.Д.Т нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байгаа, хэрэгт авагдсан бодит хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчийн ар гэрээс давж заалдах шатны шүүхийн шатанд 20,000,000 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг анхааран үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Дашдорж хэлсэн саналдаа Бусдын орон байранд гаднаас нэвтрэн орж амь хохирогчийг хутгалж алсан шүүгдэгч Д.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчлэх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс санал хүсэлт гаргаж байсан. Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан.

Мөн шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл санааны хохирол, амь хохирогчийн бага насны хүүхэд бүтэн өнчин үлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан сэтгэл санааны хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.Т нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20,000,000 төгрөгийг өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маш их гомдолтой байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тус шүүх хуралдаанд прокурор Г.Эрдэнэ хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Хэрэгт нотолбол зохих зүйлийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгаж тодруулсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүхээс шүүгдэгч Д.Т-ыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүгдэгчийн гэм бурууд тохирчээ.

Харин анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар, хор уршгийг арилгуулах зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бий болсон харилцаанд хамааралтай эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буцаан хэрэглэж, амь хохирогчийн насанд хүрээгүй буюу 8 настай хүүхэд Б.А-ын сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 165,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтад энэ талаар өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоос “хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох прокурорын дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Т-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүгдэгч Д.Т нь 2023 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн үед ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... хорооллын ... дугаар байрны ... тоотод амь хохирогч А.Б-ийн цээжинд нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

3.Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Д.Т-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Т-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, амь хохирогчийн ар гэрт 20,000,000 төгрөг нэмж төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан 12 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй болно.

4.Шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгчээс 165,000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.

Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Т-т холбогдох хэрэг нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн хяналтын журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг хангаж, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, харин шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Т нь анхан шатны шүүх хуралдааны дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20,000,000 төгрөг төлсөн баримт 4 дэх хавтасны 67 дугаар хуудсанд бэхжүүлэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Т-оос 165,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дэх хэсгийн 508.4.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Т-оос 19.581.696 /арван ёсөн сая таван зуун наян нэгэн мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү овогт Г-ийн Д-д олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 374 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Д.Т нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад эдийн болон эдийн бус хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоос шүүгдэгч Д.Т-т шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

               ДАРГАЛАГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

               ШҮҮГЧИД                                                     Б.БАТЦЭРЭН

                    Н.БАТЗОРИГ

                    М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                           Б.ЦОГТ