Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0391

 

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.М нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 он/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “иргэн Ц.Ц, Ц.Ч нарыг 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэрлэлтийн бүртгэлийн 2080 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн улсын бүртгэл”-ийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Ц.Цэндсүрэн нь 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэрлэлтийн бүртгэлийг 2080 дугаарт бүртгэснийг энэ л өдрөөс мэдсэн бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч төрийн захиргааны байгууллага болон хүү Ч.Б төрж 2016 оны 03 дугаар сарын 06-ны төрсний гэрчилгээг авахад гэр бүлийнхээ баталгааг үзүүлж авч байсан.  Япон улсад сургуульд явахдаа ч гэсэн гэр бүлийн байдлаа нөхөр хүүхдээ бичиж визний материалаа гадаад паспорт авахдаа ч гэр бүлийн хүнээ Ц.Ч-ыг бичиж бөглөсөн байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэрлэлтийн бүртгэлийг 2080 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийн улсын бүртгэлийг нэхэмжлэгч Ц.Ц бүрэн сайн мэдэж ухамсарлан үүнийгээ хүлээн зөвшөөрч 14 жил явсан.  Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэсний дагуу нэхэмжлэгч Ц.Ц нь төрийн захиргааны байгууллага болон өөрт хэрэгтэй үед нөхөр Ц.Ч-ыг мэдүүлдэг болно. Ц.Ч миний бие нь 2006 оны 10 дугаар сард эхнэр Ц.Ц-г Баянгол дүүргээс Орхон аймгийн Баян-Өндөр сум руу шилжүүлэхэд Ц.Ц цуг Баянгол дүүрэг дээр ирж материалаа авч цуг Орхон аймаг орж бүртгүүлээд гэр бүлээ батлуулсан. Иймд Ц.Ц гэрлэлтийг сайн мэдэж ойлгож, сайн дурын үндсэн дээр гэрч н.У-ын хажууд батлуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Ц нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэрлэлтийн бүртгэлийн 2080 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “100 хувийн хараагүй хөгжлийн бэрхшээлтэй хүний гэрлэлтийг бүртгэхдээ өөрийг нь болон гэрчийг хамт байлцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэхийг тодорхойлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэхийг хүсэгчид нь гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 он/ 13 дугаар зүйлийн 13.1-д “Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ...”, 13.3-т “Иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна. Гэрлэхийг хүсэгчдийн хүсэлтээр насанд хүрсэн гэрч, төрөл садангийн хүнийг оролцуулж болно” гэж бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Гэрлэлт бүртгүүлэх тухай өргөдөл болон гэрлэлтийн 2080 дугаартай бүртгэлд нэхэмжлэгч Ц.Ц гарын үсэг зураагүй болох нь нотлогдож байгаа ч гагцхүү энэ үйл баримт Ц.Цэндсүрэнг гуравдагч этгээд Ц.Ч-тай сайн дурын үндсэн дээр гэр бүл болоогүй гэж үзэх үндэслэл болж чадахгүй байна.

Зүй нь тухайн өдөр нэхэмжлэгч Ц.Ц өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад очсон эсэх үйл баримтыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд нэхэмжлэгч нь гэрлэлт бүртгүүлэхэд очоогүй гэж, гуравдагч этгээд нь хоёулаа очиж бүртгүүлсэн гэж зөрүүтэй тайлбарлан маргаж байхад энэ үйл баримтыг тогтоолгүйгээр хариуцагчийг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

Хэдийгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Брайль бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайль бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” гэсэн зохицуулалт зөрчигдөж гэрлэлт бүртгүүлсэн талаарх мэдээллийг брайль бичиг ашиглан аваагүй болох нь нотлогдож байгаа ч тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүн гэрлэлтээ бүртгүүлэхдээ өөрийн биеэр очсон, бүртгэлийн байгууллагын ажилтан амаар тайлбарлаж ойлгуулсан, хамт байсан гэрч н.У нь Ц.Ц-ийн өмнөөс гарын үсэг зурж байгааг тэрээр мэдсэн, өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуруулсан нөхцөл байдал нотлогдож тогтоогдох тохиолдолд брайль бичгээр мэдээлэл өгөөгүй нь бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулан шалгаж, мөн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахыг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Д.Оюумаа      

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН