Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1138

 

 

 

 

С.Сэрээнэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02109 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Сэрээнэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Одмөнхөд холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Хариуцагч А.Одмөнхийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч С.Сэрээнэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун, Туул гол гудамж 56 а байрны 13 тоот 87 м.кв 3 өрөө орон сууцанд иргэн А.Одмөнх амьдарч байгаа бөгөөд дээрх 3 өрөө орон сууц нь 000414175 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-220604067 дугаартай, С.Сэрээнэнгийн нэр дээр бүртгэлтэй юм. Гэвч иргэн А.Одмөнх нь уг орон сууцанд дур мэдэн амьдрах болсон бөгөөд орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг хэлэн орон сууцыг суллаж өгөхгүй байна. Иймд А.Одмөнхийг орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Одмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун Туул гол гудамж 56 а байр 13 тоотод амьдардаг. Тус байрыг 3 жилийн өмнөөс манай хүргэн Г.Гантулга худалдаж авсан. Тэгээд Герман улс руу явсан. Г.Гантулга нь Герман улс Монгол улс хоёрын хооронд ирж, очин байдаг болохоор байраа харж, хамгаалуулахаар намайг тус байранд суух эрхийг өгсөн. Би ээж Н.Шоовдортой тус байранд амьдарч, сар бүрийн байрны холбогдох зардлыг төлж ирсэн. Гэтэл С.Сэрээнэн албадан нүүлгэх хүсэлт өгсөн байна. Миний бие жинхэнэ байрны өмчлөгч биш тул энэ талаар хүргэн Г.Гантулгад хэлсэн. Тэрээр одоо Герман улсад байгаа. Ажлаа зохицуулаад ирж, энэ асуудлыг шийдвэрлэх болно гэж хэлсэн учраас хэргийг түр түдгэлзүүлэх хүсэлтэй байна. Мөн энэхүү байртай холбоотой хэрэг залилангийн шинжтэй гэсэн маргаантай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа тул жинхэнэ өмчлөгч нь ирэх хүртэл хугацаагаар хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Одмөнхийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун Туул голын гудамж 56а байр, 13 тоот 87 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцнаас албадан гаргаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Одмөнхөөс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Сэрээнэнд олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч А.Одмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Г.Гантулгыг Монгол Улсад ирэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг  шүүх хүлээж аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан тохиолдолд гомдол гаргах эрхтэй юм. Гэтэл шүүх гомдол гаргах эрхийг хязгаарлаж хэргийг хянан хэлэлцсэн. Мөн тайлбар татгалзлал түүнийг нотлох баримт цуглуулах эрхийг хангаагүй. Нэхэмжлэгч нь уг байрыг суллаж өгөх талаар өмнө нь шаардаж байгаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч С.Сэрээнэн нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун, Туул гол гудамжны 56а байрны 13 тоот 87 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг хариуцагч А.Одмөнхийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…хүргэн Г.Гантулгын зөвшөөрлөөр уг байранд сууж байгаа. Энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь би биш. Г.Гантулгыг Герман улсаас иртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэх ёстой. Түүнчлэн С.Сэрээнэнд залилуулсан тул эрүүгийн  хэрэг үүссэн “ гэх үндэслэлүүд дурдаж татгалзжээ. 

Нэхэмжлэгч С.Сэрээнэн нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун Туул гол гудамжны 56а байрны 13 тоот 87 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206040673 дугаарт бүртгэлтэй, 000414175 дугаартай  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ. /х.х-ийн 4 дүгээр хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор  биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө сонгох, хэнийг хариуцагчаар татахаа өөрөө шийдвэрлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн сууцанд хууль болон гэрээнд заасан ямар нэгэн үндэслэлгүйгээр  А.Одмөнх оршин сууж байгаа нь тогтоогдсон тул түүнийг энэ хэргийн хариуцагч мөн гэж үзэж  хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн сууцанд хууль болон гэрээнд заасан ямар үндэслэлээр оршин сууж байгаагаа  баримтаар нотлож, нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадаагүй байна. Өөр этгээдээс буюу хүргэн Г.Гантулгаас эрх олгогдсоны дагуу тухайн сууцанд сууж байгаа гэх боловч хууль эрх зүйн ямар үндэслэлтэй болох, мөн хэнд холбогдох эрүүгийн хэрэг ямар үндэслэлээр үүссэн талаарх баримтуудыг гаргаагүй, зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл нотлогдоогүй байна.

Хариуцагч А.Одмөнх нь уг орон сууцыг хүргэн Г.Гантулга худалдан авсан, түүнийг Монгол улсад иртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн агуулгатай тайлбар, хүсэлтийг гаргажээ. Хэргийн оролцогч биш этгээдэд холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалт  байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Одмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “А.Одмөнхийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                                Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                    Ш.ОЮУНХАНД