| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/04674/И |
| Дугаар | 210/МА2026/00605 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/00605
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01180 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
21,348,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* ХК нь ******* ХК-тай 2023 оны 08 сарын 01-ний өдөр 0232026037 тоот Даатгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж, ******* ХК-ийн хавсралтад дурдсан тээврийн хэрэгслүүдийг даатгасан.
1.2. Дээрх гэрээний хавсралтад дурдагдаж, даатгагдсан ******* ХК-ийн өмчлөлийн ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, 80,000,000 төгрөгийн үнэлгээтэй Lexus-570 маркийн автомашиныг хариуцагч ******* нь жолоодон явж байхдаа буюу 2024 оны 01 сарын 07-ны өдрийн 10-11 цагийн үед ******* хорооны нутаг дэвсгэрт авто замын тусгаарлах зурвасыг давж 4 ширхэг мод мөргөн зам тээврийн осол гаргасан.
1.3. Зам тээврийн ослын улмаас даатгалын зүйл болох автомашинд учирсан хохирол нь ******* ХХК-ийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан-аар 23,720,000 төгрөг болох нь тогтоогдсон юм.
1.4. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 210/МА2025/00412 дугаар магадлалаар ******* ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 21,348,000 төгрөгийг гаргуулан ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн.
1.5. Даатгалын тохиолдол бий болсон нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 2024 оны 01 сарын 07-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр ******* улсын дугаартай, Lexus-570 маркийн автомашиныг жолоодож явсан ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогджээ.
1.6. Ингэснээр даатгуулагч ******* ХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн автомашинд учирсан хохирлыг *******аас гаргуулахаар шаардах эрх үүссэн байна.
1.7. Гэтэл даатгуулагч ******* ХК нь *******аас гэм хорын хохирлоо шаардаагүй, даатгалаас нөхөн төлбөрт 21,348,000 төгрөг гаргуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн. Иймд *******аас 21,348,000 төгрөгийг гаргуулан ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* ХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021-2023 онуудад ******* ХК-д даатгуулж тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, эрсдэлээ даатгуулж байсан.
2.2. Хариуцагч нь ******* ХК-д жолоочоор ажилладаг бөгөөд тээврийн хэрэгслийн даатгалд даатгагдсан ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явах үед тухайн осол болсон бөгөөд миний хувьд хурд хэтрүүлээгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, тухай ослыг зориудаар бий болгоогүй, харин аюулыг зайлуулах арга хэмжээ авсан боловч замын мөстсөн хэсэг дээр халтиргаа үүссэний улмаас жолоодлого алдаж замын хашлага давсны улмаас таримал бут мөргөж тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан. Иймд хариуцагчийн буруутай үйлдлээс болоогүй тул нөхөн төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй.
2.3. ******* ХК болон ******* ХК-ийн хооронд байгуулагдсан Даатгалын гэрээний 1.1.17-д зааснаар буруутай этгээд гэдэгт даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн этгээдийг ойлгохоор заасан байх ба зам тээврийн осол гадаад орчны нөхцөл байдлаас буюу надаас үл шалтгаалах нөхцөл байдлаас үүссэн учир буруутай этгээдэд хамаарахгүй гэж үзэж байна.
2.4. Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт нь Хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны нөхцөлийг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзжээ.
2.5. Замын хөдөлгөөний дүрмийн энэхүү заалт нь тухайн болсон осолтой шалтгаант холбоогүй бөгөөд жолооч замын хөдөлгөөнд оролцож эхлэхдээ аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох тухай агуулгатай заалт учир тухайн болсон осолд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 19,213,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,134,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 254,016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* ХК болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тайлбарлаж, дүгнэж байгаа хуулийн зүйл заалт хариуцагч *******ын ослын үйл баримтад хамаарах эсэх дээр анхан шатны шүүх буруу, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
4.2. Учир нь ******* ХК болон ******* ХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 08 сарын 01-ний өдрийн D232026037 тоот Даатгалын гэрээний Бүлэг-1, Тээврийн хэрэгслийн даатгалын даатгуулагчийн хүлээн хариуцлага хэсэгт өөрийн буруугаас учирсан хохиролд 10 хувь байна, мөн гэрээний 13.6.6-т даатгалын тохиолдол нь даатгуулагчийн өөрийн буруугаас учирсан тохиолдолд олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагад ногдох дүнг хасаж олгоно. гэж, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 05115 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 00412 дугаар магадлал болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 9-т ... Гэвч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 05115 дугаар шийдвэрт хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 23,720,000 төгрөгөөс Даатгалын гэрээний 13.6.6-д зааснаар 10 хувийг хасаж тооцон 21,348,000 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч нь уг хохирлын дүнгээс 10 хувийг хасаж, ******* ХК-д нөхөн төлбөрийг шилжүүлсэн нь үндэслэлгүй боловч нөхөн төлбөрт олгогдсон 19,213,200 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна. гэж тус тус дүгнэлт хийжээ.
4.3. Өөрөөр хэлбэл Даатгалын гэрээний хувьд ******* гуравдагч этгээд биш харин даатгуулагчийн статусыг эдэлнэ. ******* нь Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр даатгалын зүйл болох ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажлын зориулалтаар зориулалтын дагуу ашиглаж байхад бий болсон даатгалын тохиолдол болно.
4.4. ******* ХК-ийн зүгээс яагаад даатгалын гэрээ байгуулаад, ямар эрсдэлээ хамгаалуулж, нөхөн төлүүлэх зорилготой вэ зэргээс улбаалан тухайн гэрээний хувьд буруутай этгээд, гуравдагч этгээд хэн байх вэ, ямар тохиолдлын улмаас даатгалын зүйлд хохирол учирсан бэ гэдэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
4.5. Даатгалын тохиолдол бий болсон шалтгаан, буруутай этгээд нь хариуцагч ******* гэж шууд тогтоосон эрх бүхий этгээдийн тогтоол шийдвэр байхгүй байхад анхан шатны шүүх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн гаргасан тайлбарыг үндэслэн шууд тогтоосон нь үндэслэлгүй байна.
4.6. Учир нь хариуцагч *******ын хувьд тухайн зам тээврийн ослоос үүдэлтэй зөрчлийн хариуцлага хүлээгээгүй бөгөөд зөвхөн тухайн зам тээврийн ослын үед байгалийн мод гэмтсэнтэй холбоотой торгуулийн төлбөр төлснөө тайлбарласан. Эсрэгээрээ хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн дарга *******ийн 2026 оны 01 сарын 27-ны өдрийн 17-1к/88 тоот албан бичигт Тус хэлтсийн архивд *******/РД: *******/-ын 2024 оны 01 сарын 17-ны өдөр гаргасан зам тээврийн осолд холбогдох зөрчлийн хэргийн бүртгэлийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт(шийтгэврийн хуудас), эрх бүхий албан тушаалтны магадалгаа байхгүй болно. гэсэн лавлагаа авагдсан бөгөөд тус эрх бүхий этгээдийн тодорхойлолт лавлагаанаас харахад ******* нь 2024 оны 01 сарын 17-ны өдөр гаргасан зам тээврийн осолтой холбоотой хариуцлага хүлээсэн эсхүл буруутай болохыг тогтоосон баримт байхгүй байна.
4.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслээд байгаа Зам тээврийн ослын газрын үзлэг, Зам тээврийн осол дээр тогтоосон акт зэрэг нь тухайн зам тээврийн осол ямар нэг 1 хэлбэрээр гарсан болохыг зөвхөн нотлох, өөрөөр хэлбэл даатгалын тохиолдол бий болсон болохыг нотлох л баримт болохоос биш хариуцагч *******ыг буруутай болохыг нотлох хууль зүйн баримт огтоос биш юм. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Иргэний хууль болон Даатгалын тухай хуульд заасан гуравдагч этгээдэд ******* хамаарахгүй гэх агуулгыг дурдсан. 2023 оны 08 сарын 01-ний өдөр ******* ХК болон ******* ХК-ийн хооронд даатгалын гэрээ байгуулагдсан. ******* ХК-д хариуцагч ******* нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг учраас гуравдагч этгээдэд хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. ******* ХК болон ******* ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 1.1.17-д буруутай этгээдийн талаар тодорхойлсон.
5.2. Мөн тус гэрээний талууд нь ******* ХК болон ******* ХК юм. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан гуравдагч этгээдэд ******* ХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг *******ыг хамааруулахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасан. Даатгалын гэрээний 8.9-д дээрх заалтыг мөн адил тусгасан. Дээрх үндэслэлээр хариуцагч нь гуравдагч этгээдэд хамаарна.
5.3. Хэрэгт Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2024 оны 01 сарын 07-ны өдрийн зам тээврийн ослыг тогтоосон акт нотлох баримтаар авагдсан. Тус актын 3 дахь хуудаст хариуцагч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөн талаар дурдсан. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
5.4. Мөн уг хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед хариуцагчийн гаргасан зам тээврийн ослын талаар шүүх бүрэлдэхүүн тодруулахад, зөрчил үйлдэж 100,000 төгрөгөөр торгуулсан гэж хэлсэн.
5.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид хүсэлт гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс *******д холбогдуулан гарсан шийтгэлийн хуудас, шийтгэвэр, эрх бүхий албан тушаалтны магадалгаа зэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шинэ архивын ажилтан ирсэн гэх үндэслэлээр шүүхийн тогтоолын биелэлт хангагдаагүй. Үүний дараа дээрх баримт олдохгүй байгаа гэх агуулга бүхий албан бичиг ирсэн.
5.6. Тухайн албан бичгээс үл хамааран хэрэгт авагдсан зам тээврийн ослыг тогтоосон актаар ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан жолоочийн үүргийг зөрсөн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянаж гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 21,348,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* ХК нь ******* ХК-тай 2023 оны 08 сарын 01-ний өдөр D32026037 дугаар даатгалын гэрээ байгуулж, гэрээгээр ******* ХК-ийн жолоочийн болон 44 тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай даатгуулж, даатгалын төлбөрийг төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгохоор харилцан тохиролцсон. /хх-6-23/
3.2. Хариуцагч ******* нь 2024 оны 01 сарын 07-ны өдөр ******* хорооны нутаг дэвсгэрт ******* ХК-ийн эзэмшлийн ******* улсын дугаартай Lexus LX-570 маркийн автомашиныг жолоодож явахдаа 4 ширхэг мод мөргөж зам тээврийн осол гаргаж, улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан зөрчил гаргасан үндэслэлээр *******ыг 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
3.3. ******* ХХК-ийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлангаар ******* улсын дугаартай Lexus LX-570 маркийн автомашинд 23,720,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон./хх-24-32/
3.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/05115 дугаар шийдвэрээр ******* ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 21,348,000 төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 210/МА2025/00412 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх-33-44/
3.5. ******* ХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, ******* ХК-д даатгалын нөхөн төлбөрт 19,213,200 төгрөгийг шилжүүлсэн.
4. Анхан шатны шүүх хариуцагч *******аас 19,213,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
4.1. Нэхэмжлэгч нь ... ******* ХК-тай 2023 оны 08 сарын 01-ний өдөр D32026037 дугаар Даатгалын гэрээний дагуу даатгуулагчид хохирлыг хууль буюу гэрээнд зааснаар нөхөн барагдуулсны дараа буруутай этгээдээс шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлийг, хариуцагч нь ... замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, тухайн ослыг зориудаар бий болгоогүй, аюулыг зайлуулах арга хэмжээ авсан боловч замын мөстсөн хэсэгт халтиргаа үүсэж, улмаар замын хашлага давж, таримал бут мөргөсөн ... гэж нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.
4.2. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж зааснаар даатгагч нь даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрөө гэм буруутай этгээдээс шаардаж болох бөгөөд энэ нь гэм хорын эрх зүйгээр зохицуулагдах юм.
Гэм хорын даатгалын хувьд даатгуулагч нь учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гэм буруутай, хууль бус үйлдэл, /эс үйлдэхүй/ гаргасан гуравдагч этгээдэд эсхүл даатгагчид алинд ч гаргаж болох бөгөөд хэрэв даатгагчаар нөхөн төлүүлсэн тохиолдолд даатгагчид өөрийн хохирлыг гуравдагч этгээдээс шаардах эрх шилжинэ.
Тодруулбал, гэм хор учруулсан этгээд нь даатгалын компани, эсхүл даатгуулагчтай аливаа гэрээний харилцаа үүсгээгүй гуравдагч этгээд байна. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхэд даатгуулагч нь учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдол ихэнхдээ даатгуулагч ба гуравдагч этгээдийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гуравдагч этгээдийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой буюу үүргийн зөрчилтэй холбоотой байдаг. Энэ үед даатгагч даатгуулагчид хохирлыг төлж, шаардах эрхийг гэрээ болон хуульд зааснаар шилжүүлж авдаг.
Анхан шатны шүүхийн гэм хорын даатгалын шаардах эрх шилжсэн талаар эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.3. Хариуцагчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан зөрчил гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллага нь гэм хорын даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсөн 19,213,200 төгрөгийн хэмжээгээр ******* нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
4.4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан зөрчлийг ******* гаргасан буруутай гэж 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй атлаа ... тээврийн хэрэгслийг ажлын зориулалтаар ашиглаж байхад даатгалын тохиолдол бий болсон ... гэм буруугүй ... гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Хариуцагч нь шүүх хуралдаанд ... 100,000 төгрөгөөр торгуулсан ... гэсэн тайлбар гаргасан атлаа ... уг зөрчилд хариуцлага хүлээгээгүй ... гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь утга зүйн алдаатай байх тул гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх ******* ХК-д даатгалын нөхөн төлбөр олгосон бодит үнийн дүнгээр тооцож, нэхэмжлэлээс 2,134,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцсэн ба энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдав.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
С.ЭНХБАЯР