| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0137/э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2019-07-24 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 133
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Нд холбогдох эрүүгийн 1930002720164 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг “Бадрах” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ч.Н.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ч.Н нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Бичигт боомтоор 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 7 килограмм хаягдал зэсийг 60-11 БНХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Истана маркийн автомашинаар 7 кг зэсийг хилээр гаргах гэж байгаад гаалийн байцаагчид баригдсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүүхдүүд маань хаягдал зэс түүгээд мөнгө болгоно гээд цуглуулж байсныг нь гайгүй байх гэж бодоод Улиастай руу авч гарч байгаад баригдсан юм. Надад оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгч А.С мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын байгаль хамгаалагч ажилтай юм. Сүхбаатар аймаг дахь Бичигт боомт дахь улсын хилээр Монгол улсын олон улсын их хурлын тогтоолд заасны дагуу хориглосон бараа болох 7 кг зэсийг 60-11 БНХ улсын дугаартай Истана маркийн авто машинд нууж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргаж байгаад хуулийн байгууллагад шалгагдаж байгаа асуудалд миний бие сум орон нутгаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Миний бие орон нутгаас тогтоосон үнийн дүнгээр хохирлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ний 6 дугаар хуудас/
Гэрч З.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би бичигт боомтын гаалийн улсын байцаагч ажилтай бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил үүргийн дагуу хяналт шалгалт хийж байх үед 60-11 БНХ улсын дугаартай Истана маркийн авто машинд жолооч Ч.Н нь авто машины зорчигчийн суудлын доод талд 5 литрийн маслын саванд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 7 кг зэсийг хяналтын гаргах чиглэлд ирүүлсэн юм. Үүнийг илрүүлж цагдаагийн байгууллагад эд мөрийн баримтын хамт хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 7-р х /
Гэрч Р.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 60-11 БНХ улсын дугаартай Истана маркийн авто машиныг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Улаанбаатар хотоос хүнээс 5 000 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Ингээд би мал худалдан авах болон хөдөө унаж байтал машин эвдэрсэн юм. Ингээд танил дүү Нарантуул би худалдаж авья гээд 2019 оны 06 дугаар сарын 01-ний орчимд 4 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч надаас аваад явсан. Мөнгийг нь бага багаар өгч байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 33 х /
Хураан авсан эд зүйлийг шилжүүлэх тухай /хх-ийн 04/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 05/
Дорнод аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын Ч.Нын ам бүл оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 17/
Бараа хүлээлцэх тухай акт /хх-ийн 25/ Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 37-39/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20/
“Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар Улсын их хурлын тогтоол, хавсралт /хх-ийн 28-29/
Шүүгдэгч Ч.Нын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Н нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Бичигт боомтоор 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох хаягдал зэс 7 килограммыг 60-11 БНХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Нын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.Сайханжаргал, гэрч З.Б, Р.Б нарын мэдүүлэг, “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар Улсын их хурлын тогтоол, түүний хавсралт, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Нд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Н нь дээрх гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал тэрээр хууль,1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын их хурлын тогтоолын хавсралтад заасан улсын хилээр гаргахыг хориглосон бараа болох зэсийг гадаад улсад зарж борлуулах ашиг олох зорилгоор цуглуулан 60-11 БНХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд нууж Монгол улсын хилээр нэвтрүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Ч.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан Хууль, Монгол Улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, Гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хийгээд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ч.Нын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Н нь дээрх 7 кг хаягдал зэсийг хог хаягдлаас цуглуулсан зэсийг өөрийн мөнгөөр бусдаас худалдан авсан болох нь түүний “ .. Хүүхдүүд маань хаягдал зэс түүгээд мөнгө болгоно гээд цуглуулж байсныг нь гайгүй байх гэж бодоод Улиастай руу авч гарч байгаад” ...гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримтын үзлэгээр хаягдал зэс болох нь тогтоогдож байх тул түүнийг орон нутагт хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд зэсний үнийг орон нутгийн ханшаар тооцож, орон нутгийн санд оруулж өгнө үү гэсэн иргэний нэхэмжлэгч Х.Сайханжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Нын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Л.Амартүвшингийн эзэмшлийн 00-64 ДОР улсын дугаартай, “Истана” маркийн машин нь шүүгдэгчийн эзэмшлийн машин биш болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, 01510718 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул машины үнэ 3 000 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 кг зэсийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримт байхгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 5/25 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 60-11 БНХ улсын дугаартай Истана маркийн машины хууль ёсны эзэмшигч Л.Амартүвшинд буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Ныг Хууль, Монгол Улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ныг 450 / дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Х.Сайханжаргалын 7 кг зэсний үнийг орон нутгийн ханшаар тооцож, орон нутгийн санд оруулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ч.Нын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60-11 БНХ улсын дугаартай Истана маркийн машины үнэ болох 3 000 000 төгрөг мөн, улсын хилээр хууль бусаар гаргасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 кг зэс зэргийг тус тус хурааж улсын орлого болгосугай.
6. Н.Энхбаярын эзэмшлийн 60-11 БНХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 5/25 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Л.Амартүвшинд буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай
. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР