Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 673

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОТ61110875, Гавьяат овогт Бат-Өлзийгийн Баяраагийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

           Нэхэмжлэгч Б.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Би Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1983 оноос эхлэн тракторчнаар ажиллаж байсан ба 1992 онд нэгдэл хувьчлагдаж “Бадрал” ХК болоход мөн л тракторчнаар ажиллаж байсан. Одоо хүнд нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас тракторчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Бадрал нэгдэл болон “Бадрал” ХК-д 1983 оны 7 дугаар сараас 1993 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд тракторчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан С.Далхсүрэн, Б.Сайнбилэг нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Баяраа нь 1983 оны 7 дугаар сараас 1993 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл болон “Бадрал” ХК-д тракторчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

        Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Бат-Өлзийгийн Баяраагийн 1983 оны 7 дугаар сараас 1993 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл болон “Бадрал” ХК-д тракторчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

     Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаар лавлагаанд: “”Бадрал” ХК нь 1992 оны 4 дүгээр сарын 17-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэжээ.

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Далхсүрэн, Б.Сайнбилэг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Далхсүрэнгийн “Миний бие нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл болон “Бадрал” ХК-д 1978 оноос 1993 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Б.Баяраа нь 1983 онд Бадрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн ба 1993 он хүртэл тус нэгдэлд ажилласан. Тухайн үед Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргаар Дүгэржав, Орших, Буянтогтох гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Б.Сайнбилэгийн “Миний бие нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1973 оноос 1993 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. Б.Баяраа нь 1983 оноос Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн ба тухайн үед тракторын жолооч нар нь хадлан хадаж, өвс тэжээлийг зөөж тээвэрлэж малчдад хүргэж өгдөг байсан ба өвлийн улиралд уурын зуухны болон айлуудын нүүрсийг тээвэрлэдэг байсан. Б.Баяраа нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд нэгдэл татан буугдах хүртэл ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

       Нэхэмжлэгч Б.Баяраа нь 1983 оны 7 дугаар сараас 1993 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл болон “Бадрал” ХК-д тракторчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаар лавлагаа, гэрч С.Далхсүрэн, Б.Сайнбилэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

       Иймд нэхэмжлэгч Б.Баяраагийн хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 7 дугаар сараас 1993 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл болон “Бадрал” ХК-д тракторчнаар 10 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.      

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Гавьяат овогт Бат-Өлзийгийн Баяраагийн 1983 оны 7 дугаар сараас 1993 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл болон “Бадрал” ХК-д тракторчнаар 10 /арав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.     

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Б.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ