Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/00603

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01183 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 24,072,511.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч ******* нь 2018 оны 05 сарын 25-ны өдөр *******тай ЗГ1905122935 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан.

1.2. Зээлдэгч ******* нь ЗГ1905122935 болон хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй ба 2022 оны 05 сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан.

1.3. 2025 оны 11 сарын 28-ны байдлаар 1256 хоногийн хугацаа хэтэрсэн, үндсэн зээлийн төлбөрт 11,328,390.71 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 11,061,515.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,682,604.53 төгрөг, нийт 24,072,511.19 төгрөг.

1.4. Зээлдэгч *******аас *******тай байгуулсан ЗГ1905122935 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 24,072,511.19 төгрөгийг гаргуулж *******анд олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нь *******ны харилцагч бөгөөд 2012, 2013 оноос *******наас зээл авч төлөлтийг хуваарийн дагуу төлж явсаар 2018 оны 05 сард зээлээ хаасан байдаг. Ийнхүү өмнөх зээлээ хаахдаа хэрэгт авагдсан 2018 оны 05 сарын 25-ны өдрийн зээлийн хэдэн төгрөгийг өмнөх зээлд зарцуулсан, банк хариуцагчийн гар дээр нь хэдэн төгрөг олгосон, өмнө хэдэн удаа хэдэн төгрөгийн зээл өгсөн зэрэг нь тодорхойгүй байх ба өмнө авсан зээлийн үлдэгдэл зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд хэрхэн тооцогдсон тодорхой байна.

2.2. Хариуцагч нь сүүлийн төлөлтийг 2021 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаар зээлд 8,671,809.29 төлөгдсөн /үлдэгдэл 11,328,390.71 мөнгө/ хүүд 6,514,201.69 төлөгдсөн /үлдэгдэл 1,543,008.38 төгрөг/ нэмэгдүүлсэн хүүд 68,770.28 төгрөг, нийт 15,254,581.26 төлсөн байна.

2.3. Зээлийн хугацаанд дэлхий нийтэд үүссэн Ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас хэвийн төлөлт доголдож, хорио цээрийн дэглэм, хязгаарлал болон бусад олон давагдашгүй хүчин зүйлээс ажил төрөл орлого алдагдаж амьдрахад хүнд нөхцөл байдал үүссэн байдаг.

2.4. Дээрх нөхцөл байдлаас гэрээний үүргээ биелүүлэх явцад хариуцагчийн хүсэл зориг, хяналтаас гадуур гэнэтийн урьдчилан таамаглах даван туулах сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй болж зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул банканд хандаж зээлийн үлдэгдэл 11,328,390.71 төгрөгийг төлөх талаар санал хүсэлтээ бичгээр гаргаж танилцуулсан боловч ямар ч хариу өгөөгүй, хариуцагч тогтсон бүртгэлтэй хаягтаа оршин суусаар байхад ******* 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 018190300 мэдэгдэл хүргүүлэх тухай бичиг хүргүүлсэн мэтээр шүүхэд хандсан мөн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 192/Ш32025/26087 дугаар шүүгчийн захирамжаар Хариуцагчийг албадан ирүүлэх захирамж гаргуулсан нь үүрэг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаа алдсанаа хүлээн зөвшөөрч хийсэн ажиллагаа гэж бодож байна.

2.5. Иймд хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа /өргөдөлд/ үндсэн зээлийн үлдэгдэл 11,328,390.71 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч хүү 11,061,515.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,682,604.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дугаар зүйлд зааснаар хариуцагч *******аас 20,094,853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,977,658 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258,424 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Харилцагч *******тай байгуулсан ЗГ1905122935 тоот гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус заасан хуулийн шаардлагуудыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм.

4.2. Мөн талууд ЗГ1905122935 дугаартай зээлийн гэрээний 3.1.1-т заасны дагуу Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хавсралт №1-д дурдсан графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй., гэж харилцан тохиролцож байгуулсан.

4.3. Түүнчлэн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасны дагуу ******* зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг харилцагчийн ******* тоот харилцах данс руу шилжүүлэн үүргээ биелүүлсэн. Харин ******* гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарьт заасан төлбөрийг хугацаанд нь шударгаар төлж барагдуулаагүй тул дээрх хуулийн заалтыг удирдлага болгон хүүгийн дүнгээс хассан нь нийцэхгүй гэж үзэж байна.

4.4. Зээлдэгч ЗГ1905122935 тоот Зээлийн гэрээний 3.1.5-д заасны дагуу өөрийн оршин суух хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл өөрчлөгдсөн даруйд банканд мэдэгдэх үүрэгтэй ч энэ үүргээ биелүүлээгүй. Банк зээлдэгчийн зээл авахдаа банканд бүрдүүлсэн зээлийн хувийн хэрэг, анкет дээрх хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.5. Иймээс банк Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулж, эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гармагц шийдвэрийг шүүхээс цагдаагийн байгууллагад хүргүүлдэг бөгөөд уг хугацаанд цагдаагийн байгууллагаас дээрх шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох ажиллагааг хийхээр хуульчилсан байх тул шүүхийн үндэслэл хэсэгт тусгаад буй хэзээ хариуцагчийн хаягийг олсон нь тодорхойгүй, улмаар шүүхэд 2025 онд хандсан байх ба энэ хугацааны хооронд ямар учир шалтгааны улмаас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй нь ойлгомжгүй тул хүү өсөхөд нөлөөлсөн байна гэж үзээд 2,000,000 төгрөгийг хассан гэх шүүхийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна.

4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасан байдаг.

4.7. Банк хэдий тус шүүх хуралдаанд оролцоогүй ч хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан цааш үргэлжилж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлж, зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах боломж бүрэн байсан.

4.8. Нөгөөтээгүүр Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 192/ШЗ2025/39058 дугаар шүүгчийн захирамжид шүүгч ЗГ905122935 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хангуулах тухай тодорхойлсон агуулга байхгүй байх тул зээлийн гэрээг цуцалсан гэж үзэхгүй.

4.9. Уг захирамжаар тухайн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний харилцааг дүгнээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байхад зээлийн гэрээний үүргийн биелэлтээс үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүнгээс 2,000,000 төгрөг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

4.10. Мөн зээлдэгч ******* нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах эрх нь байсаар байтал ийнхүү зөвхөн зээлдүүлэгч зээлийн төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,072,511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ХК болон ******* нарын хооронд 2018 оны 05 сарын 25-ны өдөр 1905122935 дугаар Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 20,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүг буцаан төлөх, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* дугаар харилцах дансны орлогыг барьцаалахаар харилцан тохиролцсон байна./хх-8-10/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

4. Зээлдүүлэгч ******* ХК нь 2018 оны 05 сарын 25-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөгийг зээлдэгч *******ын дансанд шилжүүлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн, мөн хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүд нийт 15,254,581 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, эрх бүхий этгээдээс олгож байгаа зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв болжээ.

 

6. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон атлаа хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалт буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, зээлийн хүүг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

6.1. Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно, 13 дугаар зүйлийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч тал 2022 оны 04 сарын 26-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гарснаас хойш хэзээ хариуцагчийн хаягийг олсон нь тодорхойгүй, улмаар шүүхэд 2025 онд хандсан байх ба энэ хугацааны хооронд ямар учир шалтгааны улмаас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй нь ойлгомжгүй байхаас гадна энэ хугацаа нь хүү өсөхөд нөлөөлсөн байна гэж үзээд 2,000,000 төгрөгийг хассан болно. гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний системчлэлийн алдаатай болжээ.

Иргэний хуулийн 44 дүгээр бүлэг, Хоёрдугаар дэд хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэж тусгай зөвшөөрлийг үндэслэн зээл олгох мэргэжлийн арилжаа эрхлэгчээс олгох зээлийн гэрээний харилцааг зохицуулжээ. Уг зохицуулалт нь тусгай харилцааг зохицуулсан гэрээний тусгай төрөл тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэхгүй.

 

6.2. Анхан шатны шүүх ... нэхэмжлэлийн үнийн дүн 24,072,511 төгрөг болж өссөн нь хариуцагчаас шалтгаалаагүй байгааг харгалзах учиртай. Улмаар 22,094,853 төгрөг нэхэмжлэх эрхтэй байгаагаас 2,000,000 төгрөгийг хасаж, 20,094,853 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв. гэсэн дүгнэлт үндэслэлгүй.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн тохиролцоо зээлдүүлэгчид шаардах эрх үүсэхгүй. Харин, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчил гарч, зээлийн хэтэрсэн хугацааны хүү нэмэгдсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, үүнд хариуцагч буруугүй гэж дүгнэж зээлийн гэрээний үүргийн хэмжээг 22,094,853 төгрөг гэж тогтоосон нь буруу байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

6.3. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 11,328,390 төгрөг, зээлийн хүүд 11,061,515 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,682,604 төгрөг, нийт 24,072,511 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01183 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 24,072,511 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 258,424 ... гэснийг ... 278,313 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,593 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД  Н.ОЮУНТУЯА

 

 

С.ЭНХБАЯР