| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0079/э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 78
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сад холбогдох 1930000000106 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Ө гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй Б.С
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Б. Сүхбат нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Ө гэх газарт хохирогч А.Рг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй гэв.
Эрүүгийн 1930000000106 дугаартай хэргээс: Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед найз Н.Гын гэр рүү очиж, Н.Гтай нэг шил архи хувааж уусан. Гэтэл 19-20 цагийн орчим Н.Гын найз гэх Б нь миний танихгүй А.Р гэх залуутай хамт ирсэн. Тэгээд Бийн авчирсан 2.5 литрийн 2 пиво хувааж ууж байтал А гэх залуу гэртээ ирэхгүй байна гэж эхнэр нь Н.Г руу залгахаар нь А.Б, Н.Г, Рэнцэн бид 4 хайхаар явсан. Гэрт нь очоод байж байтал А нь худаг дээр мотоцикл эвдэрсэн гээд явган ирсэн. Тэгээд бид нар буцаад Н.Гын гэр рүү нь очтол Н.Гын эхнэр хүүхэд нь байхгүй, Нэргүй гэдэг айл руу яваад өгсөн байсан. Н.Г эхнэр хүүхдээ авчирна гээд Бтой хамт явсан. Харин А.Р бид хоёр машинаас нь буугаад үлдсэн. Тэгээд би А.Ртэй маргалдаж муудаж байгаад биед нь хохирол учруулсан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/
Хохирогч А.Р мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн орчим аймгаас гарч 20 цаг гэж Өлгий гэх газарт очсон. Н.Гын гэрт А.Б тэр хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой халамцуухан байж байтал Н.Г, А.Б хоёртой архи уусан А гэдэг хүн гэртээ ирээгүй байна гэж Агийн эхнэр нь Н.Г руу залгасан. Тэгээд Аг согтуу гэртээ очоогүй болохоор нь замдаа янз бүр болсон байж магадгүй гээд Агийн гэр рүү А.Бийн машинтай явсан. Тэгээд очоод байтал А худаг дээр мотоцикл нь болохгүй болсон гээд явган хүрээд ирэхээр нь бид нар буцаад Н.Гын гэр рүү иртэл Н.Гын эхнэр нь хүүхдээ аваад саахалт айл руугаа яваад өгсөн байхаар нь Б.С бид хоёр машинаас бууж үлдэж А.Б, Н.Г хоёр явсан. Гэтэл гэнэт Б.С нь миний нүүр рүү гараараа цохиж, намайг газар унагаж нүүр рүү олон удаа хөлөөрөө өшиглөөд байсан. Нэг мэдсэн чинь Н.Гын гэрт ороод ирсэн байсан. Тухайн үед би өөрөө ухаан алдсан байсан. Удалгүй Н.Г нь эхнэр хүүхдээ аваад А.Бийн хамт ирсэн. Тэгээд А.Б намайг зодуулсныг мэдээд аймагт авчирч эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/
Гэрч Н.Гын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: “...2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хөдөө гэртээ эхнэр хүүхэд болон Б.С гэдэг найзтайгаа байхад манай багын найз болох А.Б нь Рэнцэн гэх найзтайгаа хамт ирсэн. Ирэхдээ 2.5 литрийн 2 пиво авчирсан бөгөөд тэрийг нь Рэнцэн, Сүхбат, Б бид 4 хувааж ууцгаасан. Манай эхнэр Төгсөө нь саахалт айл болох Нэргүй гэх айл руу орой 20 цагийн орчим явсан бөгөөд 21 цаг өнгөрөөгөөд Б бид хоёр манай эхнэрийг айлаас авахаар машинтай яваад 10-20 минут болоод буцаад гэртээ хүрээд ирэхэд Рэнцэн, Сүхбат хоёр хоорондоо зодолдсон бололтой Рэнцэнгийн нүүр ам нь цус болчихсон, зүүн нүд нь хавдсан бололтой харагдаж байсан. Тэгээд Б нь Рэнцэн гэгчийг аймаг руу аваад явсан. Зүүн нүд нь хавдчихсан хамрыг нь цохисон юм уу гэж харсан. Би Рэнцэнг сайн хараагүй удалгүй шууд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/
Гэрч А.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: “...2019 оны 4 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн орчим найз Рэнцэнгийн хамт Н.Гын хөдөө гэр рүү явж очсон. Тухайн үед Н.Г нь эхнэр хүүхэдтэйгээ болон найз гэх Сүхбаттай сууж байсан. Тэгээд би аймгаас авч очсон 2.5 литрийн 2 пиво хувааж ууцгаасан юм. Орой 20 цаг өнгөрөөгөөд Н.Гын эхнэр Төгсөө нь саахалт айл болох Нэргүй гэдэг айл руу яваад өгсөн байсан бөгөөд Төгсөөг Н.Г бид хоёр орой 22 цагийн үед очиж авахаар яваад 10-20 минут болоод буцаад иртэл Н.Гын гэрт үлдсэн Рэнцэн, Сүхбат хоёр нь хоорондоо зодолдсон байдалтай Рэнцэнгийн нүүр ам нь хавдчихсан байсан. Юунаас болж тэр хоёр хоорондоо маргалдаж муудсан талаар би мэдээгүй. Уг нь өмнө нь пиво ууж байхад тэр хоёр хоорондоо маргалдаж муудсан зүйл огт болоогүй. Н.Г бид хоёрыг Нэргүй гэх айл руу яваад ирэх хооронд л тэр хоёр хоорондоо зодолдсон байсан. Аль нүд гэдгийг нь санахгүй байна. Нэг нүд нь хавдаж улайсан, нүүр нь энэ тэндээ халцарсан, хавантай, байсан. Хөдөөнөөс ирж байхдаа надад толгой өвдөөд байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 216 дугаартай А.Ргийн биед тархи доргилт, дух, зүүн гарын шууны хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод, зовхины цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Сын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/
Хохирогч А.Ргийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ А.Ргийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39 дүгээр хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Ө гэх газарт хохирогч А.Рг зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух зүүн гарын шууны хэсгийн зулгаралт зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч А.Р, гэрч А.Б, Н.Г нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн 216 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Сад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно
. Шүүгдэгч Б.Сын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч Б.Сын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Сын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Сад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Сад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Б.Сын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Рд эмчилгээний зардал 600 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхбатыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сад оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Рд эмчилгээний зардал 600 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА